Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 ны дөрөвдүгээр сарын 24-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

“20 минутын хот” стандартыг бий болгох эрх зүйн шинэчлэл хийнэ
Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай болон эдгээр хуулийн төсөлтэй дагалдан боловсруулсан хууль, УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Эрх зүйн эдгээр шинэчлэл нь “20 минутын хот” буюу иргэд оршин суугаа бүсдээ төрийн үйлчилгээг 20 минутад авдаг стандарт руу чиглэх ёстойг Ерөнхий сайд Засгийн газрын хуралдааны үеэр онцоллоо.
Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар
-Улсын зэрэглэлтэй болон орон нутгийн зэрэглэлтэй хот, түүнчлэн тосгоны өөрийн удирдлагыг шинэчлэн зохион байгуулах, тэдгээр нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харилцаанд оролцох эрх зүйн үндэс бүрдэж, Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалт хэрэгжиж, хууль хоорондын уялдаа хангагдаж,  хэрэгжилтийг нэг мөр хангах нөхцөл бүрдэнэ;
-Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиар суурин газруудыг улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгон болгон байгуулах асуудлыг дэс дараалалтай хэрэгжүүлэх боломж бүрдэнэ;
-Улсын зэрэглэлтэй 4 /Дархан, Эрдэнэт, Багануур, Налайх/ хотыг, орон нутгийн зэрэглэлтэй 38 хотыг /нийслэлд 8, аймгуудад 30/, мөн дагуул хоёр хотыг байгуулж, бие даан хөгжүүлнэ;
-Хот, тосгон нь засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжээс тусдаа өөрийн удирдлагатай, санхүү, эдийн засгийн хувьд бие даан хөгжих нөхцөл бүрдэнэ;
-Хот, тосгон өөрийн оршин суугчдадаа төрийн үйлчилгээ буюу гагцхүү засаг захиргааны нэгжээр дамжин хэрэгжих үйлчилгээг хот, тосгоноор дамжуулан хэрэгжүүлэх, иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулна;
-Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас тодорхойлсон бүсчилсэн хөгжлийн болон Шинэ сэргэлтийн бодлого хэрэгжиж, Хот, хөдөөгийн сэргэлтийг дэмжих эрх зүйн орчин бүрдэнэ гэж үзэж байна.

“Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий хүрээнд хэрэгжүүлэх таван их наядын “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд хэрэгжүүлэх таван (тав) их наядын “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа.
“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэх хүрээнд мэргэжлийн дэмжлэг, туслалцаа үзүүлж, оролцогчдыг уялдаа, зохион байгуулалтаар хангаж ажиллах чиг үүргийг “Шинэ сэргэлтийн бодлого”-ын “Хурдасгуур төв”-д хариуцуулж, шаардагдах нэмэлт зардлыг Монгол Улсын 2024 оны батлагдсан төсөвт зохицуулалт хийх замаар санхүүжүүлэхийг Засгийн газрын холбогдох гишүүдэд даалгалаа.
Байгаль, цаг уурын өөрчлөлтөөс үүдэн бий болж байгаа сөрөг нөлөөллийг бууруулах, малчдыг дэмжих, ашиг орлоготой байх гарц нь эрсдэлд тэсвэртэй нүүдлийн, хагас суурин, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, малчдын хөдөлмөрийг  хорших, малчдын хоршоог олноор байгуулах, хоршоодыг төрөөс дэмжих, мал аж ахуйн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хоршоогоор дамжуулан эрхлэх нь зүйтэй гэж үзэж  “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийг боловсруулжээ.
Хоршоогоор дамжуулан малчин өрхийн амьжиргааг дэмжих, мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний мөнгөн урсгалыг тогтмолжуулж, малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилготой юм.

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлнэ
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, түүнтэй холбогдуулан бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүний үнэ, чанарын өнөөгийн байдалд хяналт шалгалт, үнэлгээ хийсэн.
Үнэлгээнд хамрагдсан эмийн 90 гаруй хувьд 45 хүртэл хувиар нэмэгдсэн, дотоодын үйлдвэрийн дийлэнх эмийн бөөний үнэ 40-өөс дээш хувиар нэмэгджээ. Иймд иргэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахдаа санхүүгийн эрсдэлд орохоос сэргийлэх, бууруулах зорилгоор эмийн үнийн зохицуулалтын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлага байна.
Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал, гамшгийн үеийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нөөцийн бэлэн байдлыг хангах, яаралтай горимоор тусламж үйлчилгээнд нэвтрүүлэх эм, эмнэлгийн хэрэгслийг бүртгэх, хадгалах, эмийн нөөц бүрдүүлэхтэй холбогдсон эрх зүйн зохицуулалтыг илүү оновчтой болгох  шаардлагатай байгааг 2020 оны  коронавируст халдварын цар тахлын сургамж харуулсан.
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хэрэгжиж эхэлснээр эм, эмнэлгийн хэрэгслийн зохицуулалт олон улсын жишигт хүрэх ач холбогдолтой гэж үзэж байна.

Онцгой байдлын байгууллагад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, техник, тоног төхөөрөмж, хувцас хэрэглэлийн хангалтын талаар танилцуулав
Онцгой байдлын байгууллагад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, техник, тоног төхөөрөмж, хувцас хэрэглэлийн хангалтын талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
-“Монгол Улсад зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоо, гамшгийн бэлэн байдлыг бэхжүүлэх төсөл”-ийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлэх,
-Улсын нөөцийн хүнсний бүтээгдэхүүн болон газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулах байгуулах төслийн санхүүжилтийг шийдвэрлэх,
-Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн сургалт, хөгжлийн төв байгуулах төслийг хэрэгжүүлэх, тусгай зориулалтын техник, тоног төхөөрөмж, хувцас хэрэглэлийн хангалтын төсвийг үе шаттай нэмэгдүүлэх
-Онцгой байдлын байгууллагын албан хаагчдын 50-70 гаруй хувь нь гэр хороололд амьдардаг. Цаашид салбарын албан хаагчдыг түрээслээд өмчлүүлэх орон сууцны хөтөлбөрт үе шаттай хамруулах,
-Онцгой байдлын байгууллагын аймаг, орон нутаг дахь гал унтраах, аврах ангийн зарим барилгыг шинэчилж барих нэн шаардлагатай хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэх
-Гамшгаас хамгаалах болон Галын аюулгүй байдлын тухай хууль, Монгол Улсад мөрдөгдөж буй стандартын дагуу аймаг, нийслэл, сум дүүрэгт гал унтраах, аврах анги, эрэн хайх, аврах салбар бүлгийг шинээр байгуулах асуудлыг үе шаттай шийдвэрлэх саналыг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

Товч мэдээ
·      Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
·      Улаанбаатар хот, аймаг, сумд болон улсын чанартай зам дагуу байршилтай, шатахуун түгээх 592 станцын стандартад нийцээгүй нүхэн жорлонг ариун цэврийн эко байгууламжаар шинэчлэх асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулан хэлэлцүүлж шийдвэрлүүлэхийг ЗГХЭГ-т даалгав.
·      Хүн малын халдварт өвчин дэгдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор зүй бусаар хорогдсон малын сэг зэмийг устгах, орчны цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйтгэлийг  ирэх  тавдугаар сарын 15-ны дотор улсын хэмжээнд зохион байгуулахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, БОАЖ, ХХААХҮ-ийн сайд нарт тус тус үүрэг болголоо.