Нийгэм
Олон улсын стандартыг хэрэгжүүлэгч “Шинь Шинь” компани
“Шинь Шинь” ХХК нь 2004 оны тавдугаар сард байгуулагдан, Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дэвсгэрт Улааны холимог металлын ордыг түшиглэн хүдэр олборлон, хар тугалга, цайрын баяжмал гаргах үйл ажиллагаа эрхэлж байгаа. Тэд шинэ технологи нэвтрүүлж, түүнийгээ нутагшуулж, анхдагч байж чаддаг. Тухайлбал, хаягдлын далан дээрээ усны түвшинг хэмжих буюу газар доорхи усны даралт, шүүрэл гээд бүхий зүйлийг хянах системийг монголд анхлан нэвтрүүлж, нутагшуулсан гэдгийг дахин хэлмээр байна. Мөн хаягдлын далан дахь усаа эргүүлэн ашиглаж, цэвэр ус хэмнэж, байгаль орчинд ээлтэй байх зарчмыг баримталсаар ирсэн. Нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутгийн хөгжил, боловсрол, эрүүл мэнд, автозам, үндсэн бүтээн байгуулалт гээд нэлээд асуудалд анхаарлаа хандуулсаар ирсэн.
Өнөө цагийн уул уурхайн салбарт үйл ажиллагаа, техник технологиороо манлайлан түүчээлж буй тус компани ISO стандартыг үйл ажиллагаандаахоёрыг зэрэг нэвтрүүлж, олон улсын стандартыг хэрэгжүүлэгч хамт олон боллоо. Олон улсын чанарын магадлан итгэмжлэл Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 болон Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн менежментийн тогтолцоо ISO 45001:2018 стандартыг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлж, Монгол улсын “МонСертф” ХХК болон Бүгд Найрамдах Франц Улсын Афнор группээс олон улсад хүлээн зөвшөөрөгдөх баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа.
Олон улсын итгэмжлэгдсэн “Монсертф” тохирлын үнэлгээний байгууллагаар итгэмжлүүлэн, стандартын шаардлагыг хэрэгжүүлэгч байгууллага болж, баталгаажилтын гэрчилгээ авснаар Монгол улсын уул уурхайн салбарын холбогдох хууль тогтоомж, стандартад нийцсэн үйл ажиллагааг тогтвортой явуулж, ОУ-ын стандартын шаардлага хангасан чанартай, найдвартай бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгч, харилцагчиддаа хүргэх томоос том хариуцлагын эзэд болж байна.
Баталгаажуулалтын гэрчилгээ гардуулах ёслолын арга хэмжээний үеэр
Сун Гүй Мин: Бид цаг ямагт хөдөлмөрийн аюулгүй байдал, үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагаа, эрүүл аюулгүй ажиллах шаардлагыг хангаж ажилласаар ирсэн
/Шинь Шинь ХХК-ийн Ерөнхий захирал/
-Манай компани Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 болон Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн менежментийн тогтолцоо ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлээд гэрчилгээгээ гардан авлаа. Компанийн засаглал, компанийн үйл ажиллагааны менежментийг сайжруулах нь энэ стандартыг нэвтрүүлэх анхны зорилго байлаа, өнөөдөр тэр зорилгоо биелүүлж чадлаа.
Өөрөөр хэлбэл компанийн менежментийг программчлах, бүх зүйлийг хууль, дүрэм журмын дагуу байлгах явдал юм. Бид цаг ямагт хөдөлмөрийн аюулгүй байдал/ХАБ/, үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагаа, эрүүл аюулгүй таатай орчинд ажиллах шаардлагыг хангаж ажилласаар ирсэн. Үүнийгээ улам сайжруулан, шаардлага, норм нормативээ биелүүлэн ажиллах болно. Эрсдэл үүсгэхгүйн тулд эхний ээлжинд ажилчдынхаа аюулгүй ажиллагааны талаарх мэдлэгийг сайжруулах, нөгөөтэйгүүр аюулгүй ажиллагааг хангах, бэхжүүлэх тухайд тогтмол хөрөнгө оруулалт хийсээр байгаа. Тухайлбал, хяналтын тоног төхөөрөмжөө сайжруулах, шинэ техник технологи нэвтрүүлэх гээд.
Бид олон улсын стандарт хангасан байгууллага хамт олон болж, түүнийг гэрчилсэн энэ гэрчилгээг авахын тулд хамт олноороо бүгд дор бүрнээ, шат шатандаа хичээнгүйлэн ажиллаж, түүний үр дүнд зорьсон зорилгоо биелүүлж чадлаа. Тиймээс хамт олондоо баярласнаа илэрхийлье. Энэ гэрчилгээг гардан авснаар нэг талаар нэр төрийн хэрэг боловч нөгөө талаараа нийгмийнхээ өмнө асар их хариуцлага хүлээж байна гэж харж байгаа. Тиймээс энэ их нэр хүнд, хариуцлагаа сэвтүүлэхгүй байхын төлөө бүгд хичээн ажиллах ёстой.
Монгол Улс хөдөлмөрийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааны норм норматив, стандарт, хууль дүрэм, журмыг маш сайн мөрдөж ажилладаг гэж бодож байна. Төрийн байгууллагууд нь ч үйлдвэрлэлийн аюулгүй байдлын тал дээр тогтмол хяналт тавьж ажилладаг. Түүнчлэн нийгмийн талаасаа ч хяналт сайтай. Компанийн хувьд нийт ажилчиддаа ХАБ-ын норм, дүрэм гээд бүх тал дээр тогтмол сургалт, семинар орж, тасралтгүй зааж сургадаг тогтсон уламжлал бий. Тэр хэрээрээ манай ажилчид ХАБ-ын тухайд нэлээд мэдлэгтэй, түүнийгээ ч сайн дагаж мөрддөг гэдгийг хэлэх нь зөв байх.
Цаашид бид бүтээгдэхүүний чанарыг улам нэмэгдүүлэн дээшлүүлж, Олон улсын түвшинд хүргэх зорилгоор өөрсдийн олон жилийн амжилт, ажлын туршлага, шинэ бүтээлч санаачлага, ур чадвар дээр үндэслэн Байгаль орчны менежментийн тогтолцоо ISO 14001:2015 стандартыг нэвтрүүлэхээр зорин, ажлаа эхлүүлээд байна.Үргэлж манлайлагч, түүчээлэгч байж, олон улсын чанарын тогтолцоог нэвтрүүлж чадсан хамт олноороо бахархаж байна.
Г.Билгүүн: Шинь Шинь компани олон улсын тогтолцоог үйл ажиллагаандаа нэвтрүүлж чадлаа
/МонСертф ХХК-ийн Ерөнхий захирал/
Манай компанийн тухайд Монгол Улсны анхны хувийн хэвшлийн баталгаажуулалтын байгууллагуудын нэг бөгөөд олон улсад итгэмжлэгдсэн цорын ганц компани юм. Монсертф Тохирлын үнэлгээний байгууллага нь найм дахь жилдээ баталгаажуулалтын үйл ажиллагааг эрхэлж байна. Өдгөө 400 гаруй ААН, байгууллагад ISO 9001:2015 Чанар, ISO 14001:2015 Байгаль орчин, ISO 22000:2018 Хүнсний аюулгүй байдал болон ISO 45001:2018 Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцооны 600 гаруй баталгаажуулалтын гэрчилгээг олгоод байна.
Мөн Монсертф компаний дэлхийн нэр хүнд бүхий баталгаажуулалтын байгууллагуудтай харилцан хүлээн зөвшөөрөх гэрээг байгуулан ажиллаж байна. Франц Улсын баталгаажуулалтын байгууллага болох Афнор групп болон бусад баталгаажуулалтыг хийх боломжтой, эрхтэй.
Аливаа байгууллага тогтолцоотой, хүн нь ур чадвартай, бүтээгдэхүүн үйлчилгээ нь баталгаатай байх ёстой.
Шинь Шинь компанийн тухайд Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 болон Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн менежментийн тогтолцоо ISO 45001:2018 гэсэн хоёр стандартыг нэвтрүүлсэн байна. Баталгаажуулалтын гэрчилгээ авснаар, тухайн байгууллагын менежментийн стандарттай холбоотой бүтээгдэхүүн үйлчилгээ нь чанартай мөн ажилчдынхаа эрүүл мэнд, аюулгүй ажиллагаан дээр анхаардаг гэдэг нь нотлогдож байгаа юм.
Тэд уг стандартыг эзэмшигч болохын тулд нэлээд ажил хийсэн төдийгүй хөндлөнгийн зөвлөх үйлчилгээг авсан байна. Түүнчлэн бүх ажилтан, албан хаагчдаа сургасан, бүх бичиг баримтаа олон улсын стандартын дагуу бэлтгэсэн байна. Тус компанид ажиллаж байгаа ажилтнууд өөрсдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд бүхэн итгэж болохоос гадна чанарын менежмент нэвтрүүлсэн учраас бүтээгдэхүүн үйлчилгээ нь чанартай гэж итгэж, ойлгож болно. Түүнийгээ ч баталгаажууллаа. Гэрчилгээ гурван жилээр олгогддог, түүний дараа уг компанийн өөрийнх нь байгууллагын соёл, стандарт нь тогтоно гэж харж байна. Тиймийн тулд тухайн байгууллага жил бүр магадландаа сайн хамрагдах хэрэгтэй. Тэгж байж өөрийн стандартыг тогтооно.
Жишээлбэл, Оюутолгой гэхэд 2016 онд бүх ISO стандартаа нэвтрүүлсэн. Харин өнөөдөр тэд ISO стандарт ярихаа болиод ОТ стандарт ярьдаг болсон. Түүнтэй л адил энэ компани ч тийм болох байх, тэгээд ч толгой компани нь өөрөө өндөр стандарттай юм билээ. ISO стандарт нэвтрүүлдэг энэ жишиг Монгол Улс даяар өрнөөсэй гэж би хүсч байна, учир нь толгой компанийн стандартыг шууд нутагшуулахад хэцүү байдаг, тогтолцоо нь унадаг. Ямартаа ч Шинь Шинь компани олон улсын тогтолцоог үйл ажиллагаандаа нэвтрүүлж чадлаа.
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.