Дэлхий дахинд
Монголын санхүүгийн боловсролын хөтөлбөр дэлхийд үнэлэгдлээ
Хот хөдөөгийн хаана амьдарч буйгаас үл хамааран иргэдийн хувьд санхүүгийн боловсрол улам бүр хэрэгтэй болж буй билээ. Тэгвэл Монгол Улс иргэддээ санхүүгийн мэдлэг, боловсрол олгох чиглэлд ихээр анхаарч, ахицтай ажлууд хийж байгааг Олон улсын хүүхэд, залуучуудын санхүүгийн боловсролын байгууллага үнэлж, дүгнэлээ. Тодруулбал, тус байгууллагын дээд хэмжээний 5 дугаар чуулга уулзалт Өмнөд Африкийн Бүгд найрамдах улсын Йоханнесбург хотноо болж, Дэлхий нийтийн санхүүгийн хүртээмж-2019” шагналтнуудыг тодруулахад манай Монгол Улс “Шилдэг түншлэл-2019” шагналыг хүртээд байна. Уг шагналыг олон нийтийн санхүүгийн боловсролыг амжилттай хэрэгжүүлсэн улс орнуудаас сонгон шалгаруулж олгодог уламжлалтай бөгөөд манай улс хоёр дахь удаагаа энэхүү шагналыг авч байгааг тодотгох нь зөв байх.
Иргэд, олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийг 2015 оноос хойш Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, БСШУЯ болоод хувийн хэвшлийнхэн хамтран хэрэгжүүлээд дөрөв дэх жилийнхээ нүүрийг үзэж байгаа юм. ОУВС, Дэлхийн банкны 2012 оны судалгаагаар манай улсын иргэд санхүүгийн боловсрол муутай байгаа нь ил болсон байдаг. Санхүүгийн бүхий л үйлчилгээ технологид суурилж, тэр хэрээр хэрэглэгчдээс мэдээлэлтэй байхыг шаардаж буй цаг үед иргэдийнхээ санхүүгийн мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх чиглэлд төр, хувийн хэвшлийн байгууллагууд хамтран ажиллах шаардлага нэгэнтээ үүссэн тул Монголбанк бусдыгаа манлайлан, хамтын хүчээр хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа гэхэд болно. Түүнчлэн хөтөлбөрийн хүрээнд сүүлийн дөрөв орчим жилийн хугацаанд олон нийтийн санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх чиглэлд олон арга хэмжээ зохион байгуулагдсан нь цаг үеэ мэдэрсэн, үр ашигтай зүйл болж буйг эдийн засагчид хэлдэг.