Нийгэм
Торгоор урладаг “Уран шувуу”
“БҮТЭЭЛЧ ЭЭЖ” цувралдаа цүнх урлаач бүсгүй С.Мөнхбаярыг урьсан юм. Тэрбээр торго арьсыг хослуулж, өөрийн гэсэн өвөрмөц загвартай цүнх, түрийвч, үүргэвч урлах болоод хоёр жил гаруй болж буй. Цүнх шаглаж, өрхийн орлогоо нэмэгдүүлэх сэдлийг авга эгч нь анх түүнд өгчээ. “Цагаан сарын өмнөхөн авга эгчийндээ очсон юм.
Тухайн үед эгч бэрдээ зориулж, торгоор цүнх урласан байсан. Их гоё загвартай, цэвэрхэн хийцтэй болохоор нүд өөрийн эрхгүй унасан. Тэгтэл “Дахиад хоёр торгон цүнх бий. Зургийг нь фэйсбүүкт оруулаад зараад өг” гэхээр нь “Уран бүсгүйчүүд” группт зар тавьсан юм. Гэтэл олон хүн урмын үг хэлж, захиалга өгсөн. Ингээд л эгч бид хоёр тэр загвараар цагаан сараар олон захиалга авч оёж эхэлсэн дээ” гэснээр бидний ярилцлагын суурь тавигдсан юм.
Түүний авга эгч нас сүүдэр 70 гарсан ч оёж шаглах үйлд хэнийг ч дагуулахгүй уран ажээ. С.Мөнхбаяр бүсгүй нэг хэсэг эгчтэйгээ хамтарч оёж, багагүй орлого олжээ. Цүнх оёх бүртээ эгчийнх рүүгээ явах нь гурван хүүхэдтэй ээжид тийм ч хялбар даваа биш ээ. Заримдаа үр хүүхэд, ажил төрлөө гэх үү, эсвэл үйл урлах ажлаа хийх үү гэдгээс эхлээд сонголттой тулгарах үе бишгүй гардаг байж. Тиймээс л бие даан ажиллахаар шийдсэн нь энэ. Үндсэн мэргэжлээр ажиллахаас гадна өрхийн орлогоо нэмэгдүүлэхийн тулд “Уран шувуу” хуудсыг нээж, захиалга авч эхэлсэн нь өдгөө арьсан оруулгатай торгон цүнхний монгол брэндийг нэвтрүүлж чадсан байна. Эмэгтэйчүүд гоё сайхан бүхэнд дуртай. Тиймээс өөр олон загварыг туршиж, хийх тусам худалдан авалт нь нэмэгдэж эхэлжээ.
Тэрбээр “Захиалга өгөхдөө ийм загвараар хийлгэж болох уу” гэдэг. Аль болох тухайн захиалагчийн хүссэн загвараар хийж өгөхийг боддог. Аливаа зүйлийг хийхэд алдаа, оноо хамт дэнслэгдэнэ. Хийж бүтээх тусам загвар хийц сайжирна. Шүүмжлэл бишгүй сонссон. Алдаагаа засаад л хийнэ. Хүмүүс захиалга өгөхөөр худалдааны төвөөс торгоо авна. Торго зардаг эгч нар сүүлдээ таньдаг болсон. Захиалга ч өгнө. Нэг удаа бор торгоор захиалга өгсөн эгчийн цүнхнээс болж хадам ээжид нь их загнуулж байлаа. Одоо бодоход сайхан дурсамж л даа. “Намайг хүрээд ир” гэхээр нь очтол өөдөөс айхтар загнаж билээ. Хүн зөв юм хэлж байхад юу хэлэх бил ээ. Ахиж л тийм алдаа гаргахгүй шүү гэж бодсон. Тэр эгч хэрхэн яаж оёбол гоё болох талаар их зүйлийг хэлсэн. Энэ ч их тус болсон доо” гэлээ.
Анхны бүтээл бүхэн алдаа оноо дагуулах нь мэдээж. Гэвч шүүмжлэлийг шагнал мэт хүлээж авч, засч залруулж чадвал амжилтын зүгт хөтөлдөг жамтай. Тиймдээ ч С.Мөнхбаяр зэмлэл хүртсэнийгээ одоо хэр нь дурсаж суугааг харахад чамин чанартай торгон цүнхийг чамбай хийх хэрэгтэйг хэдхэн хатуу үгээр дамжуулж хэлсэн нь түүнийг хурцалжээ. Захиалгчийнхаа хүссэн өнгө загвараар цүнх хийж өгөх нь түүний үүрэг. Захиалга ирэх бүрт худалдааны төв орж материал авна. Хэдэн метрээр нь биш см-ээр хэмжүүлж торгоо худалдаж авна. Худалдагч нар өөдөсхөн торго авахын төлөө хайчлуулах нь гээд тун дургүй. Тэглээ гээд тэрбээр шантраагүй.
Арга эвийг нь олоод л хүссэн торгоо авчихдаг найдвартай хэдэн хүнтэй болсон гэнэ. Эрс тэс уур амьсгалтай оронд амьдардаг бидний хувьд арьсан оруулгатай торгон цүнх зөв сонголт байж мэдэхээр. Жилийн дөрвөн улиралд өнгө загвараа сонгоод барихад хөлдөж, хугарахгүй. Угааж, цэвэрлээд ашиглахад арчилгаа багатай гэв. Түүнээс зарим асуултад хариулт авлаа.
-Цүнхний загвар, хийц их гоё юм. Ажиглаад байх нь ээ, багагүй ажиллагаа ихтэй юм шиг санагдлаа?
-Гар ажиллагаа ихтэй. Яг л хувцас оёохтой адил. Анх цүнхний доторлогоогоо яаж хийхээ төдийлөн мэддэггүй байв. Янз бүрийн туршилт хийсэн. Өөрийнхөө цүнхнүүдийг ханзалж үзэн хэрхэн, яаж хийснийг нь харна. Интернэтээр цүнхний талаарх мэдээллийг хайж уншина. Судалгаа хийх гээд багагүй хичээж байж хийж сурсан даа.
-Авга эгчээсээ цүнх хийх санааг авсан гэсэн. Таны багш гэж ойлгож болох нь ээ?
-Тэгэлгүй яахав. Авга эгч маань миний багш шүү дээ. Нас сүүдэр 70 гарсан ч үйл урлахдаа хэнийг ч дагуулахгүй. Яг одоогоор цүнх оёхгүй байгаа. Бие нь жаахан чилээрхээд байна.
-Өнгө загварын өргөн сонголттой хийж байгаа юм байна. Захиалагчид ихэвчлэн ямар өнгөөр хийлгэдэг вэ?
-Ихэвчлэн бараан өнгөөр хийлгэдэг. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалдаг байх л даа. Харин гадаадаас ирдэг захиалга нь голчлон тод өнгөөр байдаг. Олон төрлийн загвараар хийж байна. Хэрэглэгч захиалагчдынхаа саналыг сонсч, чанартай чамин цүнх хийж өгөхийг зорьдог.
-Мэргэжлээрээ ажиллахын хажуугаар өөрийн гэсэн өрхийн бизнес эрхлэж байна. Гурван хүүхэдтэй ээж энэ их ажлыг яаж амжуулдаг юм бэ?
-Миний хувьд нефтийн инженер мэргэжилтэй. 24 цаг ажиллаад гурван хоног амардаг. Гурван хоногийн амралт маань надад маш том боломжийг олгодог. Хүүхдүүдээ харж халамжлахын хажуугаар цүнхнийхээ захиалгыг авна. Эмэгтэйчүүд их бүтээлч болсон байна лээ. Интернэт орчныг зөв ашиглаж чадвал орлого олох боломжтой. Гэртээ хүүхдээ харангаа өөрийнхөө сонирхлыг хөгжүүлж, өрхийн орлого олдог олон ээж байдаг юм билээ. Тэднээр бахархаж, бас захиалгаар юм хийлгэдэг
-“Уран шувуу” пэйж хуудсаараа захиалга авахаас гадна хийсэн бүтээлээ олон нийтэд түгээж байгаа. Цаашид өөрийн нэрийн брэндээ хэрхэн өргөжүүлэх төлөвлөгөөтэй байна вэ?
-Үйлдвэрлэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах төлөвлөгөө бий. Давхар ажил хийдэг учраас зав чөлөө муу гардаг. Гэрийн эзэгтэй хүний хувьд хийж хэрэгжүүлэх ажил ар араасаа л ундардаг шүү дээ. Бүгдийг нь зохицуулаад л амьдарч байна даа.
-Аливаа ажлыг эхлүүлэхэд санхүүгийн асуудал тулгардаг. Уг нь ЖДҮ-ийн зээл гэж байдаг ч зорилтот бүлэгтээ төдийлөн очдоггүй гэсэн шүүмжлэл бий. Та санхүүгийн асуудлаа хэрхэн шийдсэн бэ?
-Өөрөө зохицуулсан. Эмээгийн оёдлын гар машин надад их хэрэг болсон. Эхний нэг жил эмээгийн машинаар цүнхээ оёсон. Олсон орлогоосоо хуримтлал үүсгээд машинаа шинэчилсэн. Өрхийн үйлдвэрлэл эрхэлж, цаг наргүй хөдөлмөрлөдөг хүмүүсийг төр засаг дэмжээсэй гэж боддог. Гэртээ биш үйлдвэрлэлийн хэмжээнд байр түрээслээд хийвэл цүнхний үнэ дагаад л нэмэгдэнэ. Одоохондоо гэрээрээ үйлдвэрлээд худалдаалж байна.
-Бензинийн үнэ нэмэгдэхэд бусад бараа бүтээгдэхүүний үнэ дагаад өсдөг. Үүн шиг торгоны үнэ нэмэгддэг үү?
-Торгоны үнэ баярын үеэр огцом өсдөг. Хоёр жилийн өмнөхтэй харьцуулахад 3000-4000 төгрөгөөр нэмэгдсэн байна лээ. Торгоны үнэ нэмэгдсэн гээд цүнхнийхээ үнийг нэмдэггүй. Түрээсийн байр ашигладаггүй болохоор үнийнхээ дүнг барихыг хичээдэг. Үндэсний үйлдвэрлэл гэхээр үнэтэй зардаг гэсэн шүүмжлэх их байдаг шүү дээ. Харин би бол үнийн дүнгээ цаашид барьж, монгол хүний хүч хөдөлмөр сэтгэл шингэсэн цүнхийг олон хүн хэрэглээсэй гэж боддог юм.
-Цүнхээ хэдэн төгрөгөөр зардаг вэ?
-25-65 мянган төгрөгийн үнэлгээтэй зардаг. Загвар, хэмжээнээсээ шалтгаална. Сүүлийн үед цүнх хийж зардаг хүмүүс олон болсон байна лээ. Олон байгаа нь сайн ч саар зүйлс ажиглагдаж байна. Хүний загварыг хуулбарлах тохиолдол их гардаг. Хийж байгаа хүн бүр өөр өөрсдийнхөө загвараар хийж хүмүүсийн хэрэгцээг хангавал нэмүү өртөг шингэсэн гадаадаас импортоор орж ирсэн цүнхийг худалдан авах шаардлагагүй болно.
Арьс, торгийг хослуулан өвөрмөц шийдэлтэй цүнх хийдэг бүсгүйтэй ярилцахад ийм байлаа. Тэс ондоо бүр нефтийн инженер мэргэжилтэй ч авга эгчийнхээ зааж, зөвлөснөөр эмэгтэйчүүдийн өдөр тутмын хэрэглээ болсон цүнх урлаад хоёр жилийг үджээ. 24 цаг тасралтгүй ажилладаг ч амралтын гурав хоног нь түүний хувьд хоёр дахь ажлаа амжуулах хугацаа нь. Цаашид өөрийн гэсэн ажлын байртай болж, үйлдвэрлэлийн хэмжээнд цүнх хийх нь ойрын зорилготой үйлчин бүсгүйдээ үйл нь уран байж, уран бүтээлийн олз омог арвин байхыг хүсэн ерөөе.
С.Ичинхорлоо
Нийгэм
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах 11 арга хэмжээ төлөвлөснөө 100 хувь бүрэн хангалаа.
Улсын чанартай авто замын халтиргаа гулгаа үүсдэг хэсэг, зам, даваанд ашиглах хуурай элс, үнс, давсыг нөөцлүүлэх, шуурхай ажлын хэсэгт ажиллах машин механизмын засвар үйлчилгээг хийлгэж, бэлтгэж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг зөвлөгөөнийг удирдан явууллаа.
Шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 22 дугаар шуурхай хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн явцыг Хяналт, үнэлгээний газрын дарга Ц.Рэгзэдмаа танилцууллаа.
Хуралдааны дэгийн дагуу өвөлжилтийн бэлтгэл, давс бодисын нөөцлөлт болон хадгалалт хамгаалалтын нөхцөлийг сайжруулах хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээлэл, инженерийн хангамжийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах команд штабын дадлага сургуулилтын үр дүн, ус хангамж, ариутгах татуурга, инженерийн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэл, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд 2025 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөлт, сургууль цэцэрлэгүүдийн халаалт, нүүрсний нөөцлөлт, бэлэн байдалд явуулсан үзлэг, нөхцөл байдлын талаарх мэдээлэл, хяналтын камерыг нэмэгдүүлэх, удирдлагын төвийг бий болгох чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох газрын удирдлагууд танилцуулж авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.Батзориг дүүрэг бүр хүлээсэн үүргийн дагуу цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг эрчимжүүлж дүүргийн харьяанд байгаа үйлчилгээний байгууллага, төлбөртэй зогсоолууд, томоохон зах худалдааны төвүүдэд хяналт хийж 50 метрийн цэвэрлэгээ үйлчилгээг байнга хийх дадлыг бий болгоход анхаарч, хариуцлагагүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийн хяналтыг сайжруулахыг анхаарууллаа.
Мөн хот нийтийн аж ахуй чиглэлээр ажиллаж байгаа техникийн хяналтыг сайжруулахад технологийн шийдлийг ашиглаж ажиллахыг чиглэл болгож, инженер хангамжийн чиглэлээр 3, хог хаягдал, менежментийг сайжруулах чиглэлээр 7, тохижилт ногоон байгууламжийн чиглэлээр 2, нийт 12 үүрэг даалгаврыг холбогдох чиг үүргийн байгууллагуудад өгч ажиллалаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Нийгэм
Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно
“Хийморь” төслийн хүрээнд зохион байгуулж буй дэлхийн хүчтэнүүд монгол үндэсний бөхөөрөө барилдах “Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан зохион байгуулагдах гэж байна.
1999 онд зохион байгуулагдсан тус барилдаан тэнцээгээр өндөрлөсөн бол ийнхүү 25 жилийн дараа энэ цагийн хүчтэнүүд хайнааг хагалах гэж байна.
“Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан 2024 оны 12 дугаар сарын 15-ны 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.
-
Нийгэм11 цаг өмнө
Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо
-
Нийгэм5 цаг өмнө
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
-
Нийгэм10 цаг өмнө
12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй
-
Улс төр12 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
-
Нийгэм13 цаг өмнө
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
-
Нийгэм7 цаг өмнө
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
-
Эдийн засаг13 цаг өмнө
“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо
-
Улс төр10 цаг өмнө
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ