Нийгэм
ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД ТҮР ХУГАЦААГААР АРХИ, СОГТУУРУУЛАХ УНДААГААР ҮЙЛЧЛЭХ БОЛОН ХУДАЛДАН БОРЛУУЛАХЫГ ХОРИГЛОН, ХЯНАЛТ ТАВИН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны А/19 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017 оны А/12 дугаар захирамжийн дагуу хяналт, шалгалтыг зохион байгуулах ажлын хэсгийг 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулан ажиллаж байна.
2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын /ахлах/ байцаагчид Цагдаагийн 1,2 дугаар хэлтсийн албан хаагчид хамтран дүүргийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаг болон түүгээр үйлчилдэг 274 хүнсний дэлгүүр, 27 бар, караоке, 30 ресторан, 1 архи, 1 спиртийн үйлдвэрт хяналт, шалгалт хийж, шалгалтын явцад 99 ширхэг архийг түр саатуулан, дүүргийн хэмжээнд түр хугацаагаар архи согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдан борлуулахыг хориглолоо.
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны 19 дүгээр тогтоол, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/12 тоот захирамжийг архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг болон түүгээр үйлчилдэг 274 хүнсний дэлгүүр, 64 хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагуудын эрх бүхий албан тушаалтнуудад танилцуулж, гарын үсгээр баталгаажуулан, хяналт тавин ажиллаж байна.
Дүүргийн Эрүүл мэндийн төвд архи согтууруулах ундаатай холбоотой хордлогын шинж илэрсэн тухай 2 дуудлага,мэдээлэл ирсэн ба тус иргэдэд хордлого тайлах эмчилгээ хийгдэн биеийн байдал нь сайжирсан тул эмнэлгээс гарсан. Одоогоор архи, согтууруулах ундаатай холбоотой хордлогын шинж илэрсэн тухай дуудлага, мэдээлэл ирээгүй байна.
Нийслэлийн шуурхай удирдлагын төв, НМХГ-ын шуурхай мэдээллийн төвд дүүрэгт зохион байгуулсан ажлын талаарх мэдээллийг тухай бүр тайлагнаж, facebook хуудас, цахим сайтаар ард иргэдэд зөвлөмж өгч ажиллаж байна.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан архи, согтууруулах ундаа болон спиртийн найрлагатай хүнсний бус ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн хэрэглэхгүй байхыг иргэдэд анхааруулж байна.
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.