Нийгэм
Амьдрал тэдэнд хойш суух “эрх олгосонгүй”
-Хүнд өвчний сүүдэрт дарагдсан ч хөдөлмөрөөрөө эмчилгээний зардлаа олж буй П.Билэгтсайханд тусалъя-
Хүний амьдралд өвчин зовлон гэдэг хэлж биш хийсч ирдэг. Хүнд өвчний сүүдэрт дарагдаж, хорт хавдар хэмээх өвчинд “дарлагдсан” ч хайртай хань, ирээдүйн гэрэл гэгээтэй амьдралын төлөө өвчинтэйгөө тэмцэж буй эгэл жирийн залуусын төлөөлөл П.Билэгтсайхантай хэсэгхэн хугацаанд уулзаж ярилцсан юм. Өөрт байгаа боломж бололцоогоороо буюу хөдөлмөрөөрөө эмчилгээний зардлаа олох гэж хичээж байгаа түүнийг хараад бахархах сэтгэл төрснөө нуух юун.
Учир нь, “Би өвчтэй. Надад туслаач. Эмчилгээний мөнгө олох хэрэгтэй байна” гэж тэрбээр хэн нэгнээс хандив гуйсангүй. Харин ч хагалгаанд ороод удаагүй бие нь гүйцэт тэнхрээгүй мөртлөө модон эдлэл хийж, бусдаас захиалга авч байна. “Эрдэнэт хотод эхнэрийнхээ хамт амьдардаг. Модон эдлэл хийж амьжиргаагаа залгуулдаг. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 14-нд хорт хавдраар өвдөж, хагалгаанд орж, ходоодоо авахуулсан. Одоогоор химийн эмчилгээ хийлгэж байна. Өрхийн тэргүүн учраас гэртээ зүгээр суух эрх байхгүй. Чадах ажлаа хийгээд, амьдралаа залгуулж байна. Зарж борлуулах бүхий л гарц гаргалгааг хайж, эмчилгээгээ таслахгүйн тулд арга чарга хайгаад ажиллаж байна” гэв.
Ид хөдөлмөрлөж явах залуу насандаа өвчин тусаад хэвтэнэ гэдэг дэндүү халагламаар. “Өөрийгөө хавдар тусчихна гэж төсөөлөөгүй явсан даа” хэмээн халаглан ярих П.Билэгтсайханы биед өнгөрсөн зуны долдугаар сард өөрчлөлт гарсан байна. Тодруулбал, хоол идэхэд гороож, тээглэх зовиур илэрсэн гэнэ. Цаг алдалгүй эмнэлэгт очиж, дурандуулахад ходоодны хорт хавдар туссанаа мэджээ. “Ходоодоо дурандуулчихаад ХСҮТ-д очиж дахин шинжилгээ өгөхөд хорт хавдрын гуравдугаар шат гэдгээ мэдсэн. Хагалгааны дараах хүндрэл гайгүй. Нурууны гэмтэлтэй байсан учраас тэрнээсээ шалтгаалж удаан сууж, алхаж чадахгүй байна. Химийн эмчилгээнээс шалтгаалаад ядарч, сульдаж, толгой эргэх тал ажиглагдах болсон” гэсэн юм.
Ходоод бол хүний хамгийн чухал эрхтний нэг. П.Билэгтсайхан хагалгаа хийлгээд хоёр сар болж байгаа. Уг нь биеэ тэнхрүүлээд, гам барьж эмчилгээгээ хийлгээд амарч байх үе. Гэвч амьдралын шаардлагаар ажиллахаас өөр сонголт түүнд байсангүй. Гарын дүйтэй тэрбээр зүгээр суусангүй. Урдаа тавьсан зорилгоо биелүүлж, эрүүл ирээдүйн төлөө чадах чинээгээрээ тэмцэж, модоор хийх боломжтой бүхнийг урлаж, цахим орчноор захиалга авч эмчилгээнийхээ зардалд нэмэрлэж байна. Өдгөө түүний хувьд ном, гутлын тавиур, хувцасны өлгүүр, бууз, баншны эко модон тавцан, соёмбо, гурил, махны иж бүрдлийг хосоор нь хийж байна.
Хийсэн бүтээгдэхүүнээ Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ, Хөвсгөлийн иргэдээс захиалга авч, замын унаанд дайж эзэнд нь хүргэх ажлыг эхлүүлсэн байна. Захиалга хэр байгааг асуухад “Хоолныхоо мөнгийг олоод л байна. Яваандаа захиалга нэмэгдэх байх. Миний төрсөн нутаг Дундговь аймаг. Нутгийн ахан дүүс эмчилгээгээ сайн хийлгээд эрүүл болоорой гээд захиалга өгч байна. Багаж тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдаагүй байгаа. Өөрт байгаагаа ашиглаад үйлчлүүлэгчдийнхээ сэтгэлд нийцэхүйц бүтээгдэхүүн хийхийг зорьж байна. Өвчнөө ялан дийлж, эрүүл саруул болж, элэг бүтэн амьдрахын тулд хөдөлмөрлөж байна. Залуу хүн байж бусдаас зүгээр хандив гуйх нь гэдэг эмгэнэл. Тиймээс чадах зүйлээ хийгээд эмчилгээнийхээ зардлыг олохыг зорьж байна” гэлээ.
Монгол Улсад аюулын харанга дэлдсэн хорт хавдар хэмээх аймшигт өвчнөөр өвдсөн хүмүүсийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Хагалгааны болон эмчилгээний зардлаа дийлэхгүй харамсалтайгаар хорвоогоос буцах тохиолдол олон. Гэхдээ өвчнөө ялан дийлж, эрүүл болох туйлын хүсэлтэй нь тэднээс олон. Мөнгөнд хөлөө тушуулж, яах учраа олохгүй өвчиндөө шаналж сууснаас орон байраа банкны барьцаанд тавьж, өндөр хүүтэй зээлээр эмчлүүлэх нэг ньч бий. Амьжиргааны боломж муу нэг нь хандивын аян өрнүүлээд ч болтугай хэдэн төгрөг олохоос аргагүйд хүрдэг. Тэднээс ялгаатай нь П.Билэгтайхан өөрсдийн хөдөлмөрөөрөө эмчилгээний зардлаа олохыг зорьж байна.
П.Билэгтсайханы эхнэр П.Гэрлээ сонсголын бэрхшээлтэй. Тэглээ гээд ханиа хайр халамжаар дутаалгүй өвдсөн үед нь түшиг нь болж байна. Тэрбээр “Ханийгаа ходоодны хорт хавдартайг дуулаад сэтгэлээр их унасан. Бид хоёр өвчинд бууж өгч, сөхрөхийг хүсээгүй. Амьдралаа авч үлдэхийн тулд хамтдаа тэмцсэн. Халамжаас 174 мянган төгрөгийн тэтгэмж авдаг. Хагалгааны зардлыг олоход “Босоо хөх Монгол”-ын хамт олон халуун гараа сунгасан. Ханиа хагалгаанд орох үед нь сэтгэл их түгшүүртэй, хэцүү байсан. Химийн хэмчилгээнд ороод хоёр хонож байгаа. Эмчилгээ хийлгээд хоёр хонож байгаа ч модон эдлэлээ хийж, зарж байна. Ханийн минь сэтгэлээ шингээж хийсэн эдлэлээс захиалаарай гэж монголчуудаасаа хүсмээр байна. Таны захиалсан бүтээгдэхүүний мөнгөөр эмчилгээ хийлгэж бид элэг бүтэн сайхан амьдрах боломжтой” гэв. Уг нь П.Билэгтсайхан эхнэрийнхээ сонсголыг эмчлүүлнэ гэж ярьдаг байсан ч харамсалтайгаар өөрөө өвдсөн байна.
Монголчууд задарснаа өмгөөлдөг төртэй ч, ядарснаа өмөөрдөг ард түмэн билээ. Хэвтрийн дэглэм баримтлах ёстой ч хүнд өвчнөө ялж, эмчилгээний зардлаа олохын тулд модон эдлэл хийж байгаа амьдралд дэндүү хайртай залуугийн хийж буй бүтээгдэхүүнээс захиалан авч, залуу гэр бүлд элэг бүтэн амьдрал бэлэглэцгээе. Буян буцаж ирэхдээ бороо мэт асгардаг. Захиалга өгөхийг хүсвэл 80051361, 99355395 утсаар холбогдох боломжтой.
С.Ичинхорлоо
Нийгэм
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах 11 арга хэмжээ төлөвлөснөө 100 хувь бүрэн хангалаа.
Улсын чанартай авто замын халтиргаа гулгаа үүсдэг хэсэг, зам, даваанд ашиглах хуурай элс, үнс, давсыг нөөцлүүлэх, шуурхай ажлын хэсэгт ажиллах машин механизмын засвар үйлчилгээг хийлгэж, бэлтгэж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг зөвлөгөөнийг удирдан явууллаа.
Шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 22 дугаар шуурхай хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн явцыг Хяналт, үнэлгээний газрын дарга Ц.Рэгзэдмаа танилцууллаа.
Хуралдааны дэгийн дагуу өвөлжилтийн бэлтгэл, давс бодисын нөөцлөлт болон хадгалалт хамгаалалтын нөхцөлийг сайжруулах хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээлэл, инженерийн хангамжийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах команд штабын дадлага сургуулилтын үр дүн, ус хангамж, ариутгах татуурга, инженерийн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэл, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд 2025 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөлт, сургууль цэцэрлэгүүдийн халаалт, нүүрсний нөөцлөлт, бэлэн байдалд явуулсан үзлэг, нөхцөл байдлын талаарх мэдээлэл, хяналтын камерыг нэмэгдүүлэх, удирдлагын төвийг бий болгох чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох газрын удирдлагууд танилцуулж авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.Батзориг дүүрэг бүр хүлээсэн үүргийн дагуу цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг эрчимжүүлж дүүргийн харьяанд байгаа үйлчилгээний байгууллага, төлбөртэй зогсоолууд, томоохон зах худалдааны төвүүдэд хяналт хийж 50 метрийн цэвэрлэгээ үйлчилгээг байнга хийх дадлыг бий болгоход анхаарч, хариуцлагагүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийн хяналтыг сайжруулахыг анхаарууллаа.
Мөн хот нийтийн аж ахуй чиглэлээр ажиллаж байгаа техникийн хяналтыг сайжруулахад технологийн шийдлийг ашиглаж ажиллахыг чиглэл болгож, инженер хангамжийн чиглэлээр 3, хог хаягдал, менежментийг сайжруулах чиглэлээр 7, тохижилт ногоон байгууламжийн чиглэлээр 2, нийт 12 үүрэг даалгаврыг холбогдох чиг үүргийн байгууллагуудад өгч ажиллалаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Нийгэм
Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно
“Хийморь” төслийн хүрээнд зохион байгуулж буй дэлхийн хүчтэнүүд монгол үндэсний бөхөөрөө барилдах “Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан зохион байгуулагдах гэж байна.
1999 онд зохион байгуулагдсан тус барилдаан тэнцээгээр өндөрлөсөн бол ийнхүү 25 жилийн дараа энэ цагийн хүчтэнүүд хайнааг хагалах гэж байна.
“Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан 2024 оны 12 дугаар сарын 15-ны 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.
-
Нийгэм9 цаг өмнө
Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо
-
Нийгэм8 цаг өмнө
12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй
-
Нийгэм3 цаг өмнө
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
-
Улс төр10 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
-
Нийгэм11 цаг өмнө
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
-
Эдийн засаг11 цаг өмнө
“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо
-
Улс төр8 цаг өмнө
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ
-
Нийгэм11 цаг өмнө
Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ