Нийгэм
“МИГ даатгал” даатгуулагчаа “мурижээ”
Өчигдөр надад сайн, муу хоёр мэдээ зэрэг шахам ирэв. Сонирхолтой нь хоёулаа даатгалын компанитай холбоотой. Эхнийх нь “Хаан даатгал”-ынх. Тус компаний оператор миний дугаар руу дөрвөн удаа залгаж. Ямар чухал хэрэг гарсан болоод дахин, дахин залгадаг билээ хэмээн сониуч зандаа хөтлөгдөн эргэн холбогдоход сонсоод л баймаар аалиар нэгэн бүсгүй “Хаан даатгал”-тай та холбогдлоо. Иргэн таны даатгалын гэрээний хугацаа 2020 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр дуусгавар болсныг албан ёсоор мэдэгдэж байна. Та манай үйлчилгээнд сэтгэл хангалуун байна уу. Хэрэв тийм бол бидний хамтын ажиллагаа цаашид үргэлжилнэ гэдэгт итгэл төгс байна. Бид таны цахим хаяг руу гэрээнийхээ маягтыг илгээсэн байгаа. Та гэрээний зүйл, заалттай танилцаад, өөрийн мэдээллээ бөглөснөөр гэрээ автоматаар цааш үргэлжлэх эрх нээгдэнэ” гэх нь тэр. Оператор бүсгүй намайг “үгүйлэн” санаж утас цохиогүйсэн бол даатгалын үйлчилгээ авах эрх хаагдсанаа мэдэхгүй л манаргаж явах байжээ. Тэгээд осол гаргах эсвэл бусдыг хохироож орхивол хэнээсээ тусламж авах билээ, үйлчилгээ хүндээ хүрнэ гэдэг энэ байх гэхчилэн “Хаан даатгал”-ыг жаал магтлаа. Үнэнийг өчихөд өнгөрсөн жил даатгал төлсөн хэдий ч бурхны авралаар үйлчилгээ авах шаардлага гараагүй тул үйлчлүүлэгчээ алдахгүй гэсэн марктингийнх нь бодлогыг хүндэтгэх бодол тө рөв. Монгол Улсад даатгалын систем жинхэнэ утгаараа хөгжиж буй. Бас хүчээр хөгжүүлж ч байгаа. Даатгалд хамрагдаагүй бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй гээд замын цагдаа алхам тутамд зогсоож торгон айлгадаг. Үүндээ албан журмын даатгал хэмээх гоё нэр өгснийг яана. Түүнчлэн даатгалд хамрагдаагүй бол орон сууцны зээлийн үйлчилгээний гэрээг үргэлжлүүлэн сунгахгүй хэмээн арилжааны банкууд дарамтлах нь бий. Ингээд хүссэн эс хүссэн ч заавал даатгалд хамрагдах ёстой болдог. Боломж нөхцөл ийн аятайхан тавигдаж байгаа юм чинь даатгалын компаниуд борооны дараахь мөөг шиг шил даран үүдээ нээх нь ч зүйн хэрэг. Дээр нь монгол хүний , Монголын аж ахуйн нэгжүүдийн хөрөнгөжсөн байдал хөгжлийн суурь болж байгааг өгүүлэх шаардлага байхгүй. Гагцхүү тэр суурийг даатгалын зарим компаниуд мөнгө олох хэрэгсэл болгож байгаа нь харамсалтай. Даатгалын үйлчилгээний ашиг тусын тухай олныг өгүүлж болно. Компаниа зөв сонгож чадсан нэг нь үр шимийг үзсэн л байлгүй яав гэж. Шинэ он гараад удаагүй байгаа болохоор даатгалын компаниуд амь орж, бужигнаж эхэлсэн. Жилийнхээ орлогыг хаврын гурван сард олж авдаг болохоор арга ч үгүй биз. Мэдээллийн бүхий л хэрэгслээр компаниуд сурталчилгаагаа өдөр бүр 5-10 удаагийн давтамжтайгаар цацаж буй болохоор аль гоё хийц хэлбэртэйд нь хөтлөгдөн сонголтоо хийж байж ч мэднэ. Бохир агаад хатуугаар хэлбэл, манай улсад даатгалын үйлчилгээ гэдэг нь үйлдвэрлэл явуулах бус иргэн, аж ахуйн нэгжийн хөрөнгөө хамгаалах сэтгэл, үйлдэл, шийдэл дээр нь “тоглолт” хийн хөнгөн хялбар мөнгө олдог тогтолцоо болчихоод байгаа нь нууц биш. Тийм биш эрсдэл өндөртэй салбар хэмээх хүн гарах л байх. Ерөөлөөр монгол хүний заяа төөрөг өөр аж. Арлын улс орнууд шиг байсхийгээд л газар хөдлөлт, гал усны аюул нүүрлэн сүйд болохгүй юм. Тиймээс гарч болох эрсдэл гэх зүйлийн нэгдүгээрт автомашины осол байдаг болов уу. Жолоочийн хариуцлагын даатгалыг хоёр тал хоёулаа хийлгэдэг болохоор хувь хүний зүгээс хэдэн арван саяар хохирол төлөх тохиолдол үгүй. Гэхдээ хөрөнгийн үнэлгээнээс ихээхэн хамааралтай гэдгийг энд хэлэх ёстой. Манайх гэхэд л орон сууц хийгээд автомашины даатгалд жилд 500 гаруй мянган төгрөг төлдөг. Дээр нь манай гэр бүлийн хүний гадаад томилолттой холбоотой амь насны даатгал жилд 4-6 удаа хийгддэг. Жирийн албан хаагч манай гэр бүлийн хувьд хөргөгч авах хэмжээний мөнгийг даатгалын компанид жил бүр хандивладаг байгаа биз. Яг үнэндээ бид ч өгөөд сурч, тэд ч аваад гаршчихаж. Харин осол эндэгдэл гарсан тохиолдолд нөгөөдүүл маань авсан шигээ өгдөг бол сайхан аа. Харамсалтай нь өгөх дээрээ тулахад тэд муриж эхэлдэг нь нууц биш. Энэ бол өдрийн 15 цагт муу мэдээний эхлэл. Алдарт МИГ ХХК даатгуулагчаа хуурсан тухай мэдээлэл ирсэн явдал. Баримт нь ч миний ширээн дээр дэлгээтэй байна. Хохирогч нь аж ахуйн нэгж тул нэрийг дурдах нь илүүц. Иргэн Б. Отгонбаярын унаж явсан 11-66 УНҮ улсын дугаар бүхий лексус 570 маркийн автомашин 2019 оны аравдугаар сарын 24-ний өдөр зам тээврийн осолд орж 43 сая төгрөгийн засвар үйлчилгээг хийлгэх шаардлагатай болж. Энэ тохиолдолд хэн бүхний толгойд юун түрүүнд даатгалын компанидаа хандах асуудал орж ирнэ. Иргэн Б.Отгонбаярын ажилладаг байгууллага МИГ ХХК-д бүхий л тээврийн хэрэгслээ даатгуулсан тул тэрбээр санаа амар байх нь мэдээж. 11-66 УНҮ дугаарын Лексус570 –д гэхэд дөрвөн сая төгрөг төлбөн байх жишээний. Гэрээний дагуу “МИГ” ХХК-д хандав. Гэрээнд заасны дагуу хохирлыг барагдуулах ёстой тул даатгалын үйлчилгээ авах хүсэлтээ гарган холбогдох материалыг бүрдүүлэн өгсөн байна. Харамсалтай нь “МИГ” ХХК гэрээгээ зөрчин нөхөн төлбөрийн 40 хувийг буюу 17 сая төгрөгийг 2020 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр шилжүүлчихээд үлдэгдэл дээрээ “новширсон” байх юм. Энэ бол даатгалын компаниудын бодит байдал. Үнэ цэнэтэй хөрөнгийг өндөр үнээр дааж авчихаад асуудал тулгарахаар мөнгөгүй гээд суучихдаг нь тэдний үнэн төрх. Аж ахуйн нэгжийн асуудалд ингэж хандаж байгаа юм чинь иргэдийг хэрхэн чирэгдүүлдэг нь ойлгомжтой. Хохирсон ихэнх иргэд өөрсдийнхөө хөрөнгөөр засвар үйлчилгээгээ хийлгэчихээд дараа нь мөнгөө олж авах гэж бөөн чирэгдэл болдгийг та бид мэднэ. Ялангуяа хөдөө, орон нутагт гарсан осол гэмтэл дээр даатгалын компаниуд 24 цагийн дотор гэдэг үгээр далим хийж иргэдэд нөхөн төлбөр өгөхөөс татгалздаг.Бодит амьдрал дээр ийм л байна. Олон жил үйл ажиллагаагаа явуулсан гэх МИГ даатгал ингэж үйлчлүүлэгчээ “муриж” байгаа юм чинь бусдад нь итгэх арга алга. Үйл явдал цааш хэрхэн өрнөхийг бид дараагийн дугаартаа сурвалжлан хүргэх болно. Даатгалын компаниас нөхөн төлбөрөө авч чадаагүй иргэд 24barimt.mn сайтад хандаарай. Бид таны өмнөөс гүйх болно.
Нийгэм
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах 11 арга хэмжээ төлөвлөснөө 100 хувь бүрэн хангалаа.
Улсын чанартай авто замын халтиргаа гулгаа үүсдэг хэсэг, зам, даваанд ашиглах хуурай элс, үнс, давсыг нөөцлүүлэх, шуурхай ажлын хэсэгт ажиллах машин механизмын засвар үйлчилгээг хийлгэж, бэлтгэж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг зөвлөгөөнийг удирдан явууллаа.
Шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 22 дугаар шуурхай хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн явцыг Хяналт, үнэлгээний газрын дарга Ц.Рэгзэдмаа танилцууллаа.
Хуралдааны дэгийн дагуу өвөлжилтийн бэлтгэл, давс бодисын нөөцлөлт болон хадгалалт хамгаалалтын нөхцөлийг сайжруулах хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээлэл, инженерийн хангамжийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах команд штабын дадлага сургуулилтын үр дүн, ус хангамж, ариутгах татуурга, инженерийн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэл, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд 2025 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөлт, сургууль цэцэрлэгүүдийн халаалт, нүүрсний нөөцлөлт, бэлэн байдалд явуулсан үзлэг, нөхцөл байдлын талаарх мэдээлэл, хяналтын камерыг нэмэгдүүлэх, удирдлагын төвийг бий болгох чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох газрын удирдлагууд танилцуулж авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.Батзориг дүүрэг бүр хүлээсэн үүргийн дагуу цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг эрчимжүүлж дүүргийн харьяанд байгаа үйлчилгээний байгууллага, төлбөртэй зогсоолууд, томоохон зах худалдааны төвүүдэд хяналт хийж 50 метрийн цэвэрлэгээ үйлчилгээг байнга хийх дадлыг бий болгоход анхаарч, хариуцлагагүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийн хяналтыг сайжруулахыг анхаарууллаа.
Мөн хот нийтийн аж ахуй чиглэлээр ажиллаж байгаа техникийн хяналтыг сайжруулахад технологийн шийдлийг ашиглаж ажиллахыг чиглэл болгож, инженер хангамжийн чиглэлээр 3, хог хаягдал, менежментийг сайжруулах чиглэлээр 7, тохижилт ногоон байгууламжийн чиглэлээр 2, нийт 12 үүрэг даалгаврыг холбогдох чиг үүргийн байгууллагуудад өгч ажиллалаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Нийгэм
Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно
“Хийморь” төслийн хүрээнд зохион байгуулж буй дэлхийн хүчтэнүүд монгол үндэсний бөхөөрөө барилдах “Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан зохион байгуулагдах гэж байна.
1999 онд зохион байгуулагдсан тус барилдаан тэнцээгээр өндөрлөсөн бол ийнхүү 25 жилийн дараа энэ цагийн хүчтэнүүд хайнааг хагалах гэж байна.
“Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан 2024 оны 12 дугаар сарын 15-ны 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.
-
Нийгэм13 цаг өмнө
Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо
-
Нийгэм7 цаг өмнө
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
-
Нийгэм12 цаг өмнө
12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй
-
Улс төр14 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
-
Нийгэм15 цаг өмнө
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
-
Нийгэм9 цаг өмнө
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
-
Эдийн засаг14 цаг өмнө
“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо
-
Улс төр12 цаг өмнө
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ