Нийгэм
Шаардлагатай бол АЙМАГ, СУМААС ГАРЧ БУЙ хөдөлгөөнийг ХЯЗГААРЛАНА
-Эмээлтийн товчооны шалган нэвтрүүлэх цэгт 16:00 цагийн байдлаар 5152 тээврийн хэрэгсэл, 15 мянга 910 зорчигч орж, гарчээ-
Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу сар шинийн өдрүүдэд хаасан Улаанбаатар хотоос гарах, орох болон орон нутаг хоорондын замын зорчих хөдөлгөөнийг өчигдөр өглөөний 06:00 цагт нээсэн. Ингэснээр өмнө нь шалган нэвтрүүлэх цэгүүдэд бүртгүүлж гарсан 40 гаруй мянган иргэн, 14 мянга орчим тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотод буцаж орж ирнэ гэж цагдаагийн байгууллага тооцоолж байгаа юм. Зорчих хөдөлгөөн нээсэнтэй холбоотойгоор бид Улаанбаатар хотын баруун захад байрлах Эмээлтийн товчоонд иргэд, тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөн хэрхэн үргэлжилж байгааг сурвалжиллаа.
Биднийг 11:30 цагт очиход хотоос гарах иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн их, орон нутгаас ирэх хөдөлгөөн харьцангуй бага байв. Постоор нэвтэрч буй зорчигч бүрээр 19 асуулт бүхий эрүүл мэндийн асуумж бөглүүлж, халууныг нь үзэн нэвтрүүлж байна. Тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарыг бүртгэн авч байлаа. Хотоос гарч байгаа автомашины дийлэнх УБ гэсэн сериал дугаартай автомашинтай байгаа бол сар шинийн өмнө Улаанбаатарт ирээд, орон нутаг руу гаа буцаж байгаа иргэд цөөнгүй байсан. Дархан-Уул аймгийг зорьж буй иргэн Н.Ууганбаяр эхнэр, хоёр хүүхдийн хамтаар явж байлаа. Тэрбээр эрүүл мэндийн асуумж өгөн “Цагаан сарын өмнө нийслэлд ирсэн. Энд манай ээж, аав байдаг юм. Сар шинийн баярын амралтаараа ээж аав дээрээ ирээд буцаж байна” гэв.
Сэлэнгэ аймгаас нийслэл рүү ирж буй иргэн Ө.Болд “Сэлэнгэ аймгаас гарахдаа аймгийн Онцгой байдлын газраасаа албан бичиг авсан. Нийслэл хүртэлх замд маш олон цагдаагийн пост гарсан байна. Пост болгон дээр цагдаа нар шалгаж, зааварчилгаа өгч байна. Ард иргэдийнхээ төлөө хичээнгүйлэн ажиллаж явж байгаа албан хаагчдаа хүндлээд асуудал үүсгэлгүй, болгоомжтой зорчихыг уриалж байна” гэсэн юм.
Шалган нэвтрүүлэх 98 цэгт хяналт, шалгалт хийж байгаа бөгөөд хяналтын цэг бүрд 15-20 хүний бүрэлдэхүүнтэй, эрүүл мэндийн байгууллага болон Мал эмнэлгийн газар, Онцгой байдлыг ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цагдаагийн албан хаагчдаас бүрдсэн баг ажиллаж байгаа аж. Түүнчлэн шалган нэвтрүүлэх долоон цэгт Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ажилчид 24 цагаар хоёр хоног үүрэг гүйцэтгэх бөгөөд нийслэл рүү чиглэсэн замын 50 километр тутамд орон нутгийн эмнэлгийн тусламжийн баг томилж, болзошгүй осол, зөрчлөөс сэргийлэн ажиллаж байна. Сонгинохайрхан дүүргийн Эмээлтийн товчоо болон Эмээлтийн шалган нэвтрүүлэх цэг хамгийн их ачаалалтай байна гэж Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, Цагдаагийн ахлах дэслэгч Ч.Чимэдбат хэллээ. Мөн тэрбээр “Аймаг, сум, нийслэлийн зам нээсэнтэй холбоотойгоор замын ачаалал нэмэгдэж, зам тээврийн осол хэрэг гарах магадлал нэмэгдэх учир цагдаагийн алба хаагчид байнгын 62, түр 36 буюу нийт 98 цэгт хяналт, шалгалт зохион байгуулан ажиллаж байна. Мөн хөдөлгөөнт байдлаар болон видео бичлэгээр замын хөдөлгөөнийг баримтжуулж байна. Орон нутгийн замд гарч байгаа нийт зам тээврийн ослын дийлэнх хувь тээврийн хэрэгслийн хурднаас шалтгаалдаг учир орон нутгийн замд зөөврийн хурд хэмжигчийг тодорхой хэмжээтэй зайд дараалуулан байрлуулсан байгаа. Сонгинохайрхан дүүргийн Эмээлтийн товчоонд нийт зургаан гарц нээж, тээврийн хэрэгслүүдийг ангилж оруулж эхэлсэн. Тодруулбал, том оврын автомашиныг нэг эгнээгээр, нийтийн тээврийн хэрэгслийг нэг эгнээгээр оруулан бусад эгнээгээр суудлын автомашиныг нэвтрүүлж байна. Нийслэлээс гарах иргэдийн хөдөлгөөн ихссэн. Үдээс хойш нийслэл рүү орох иргэдийн хөдөлгөөн ихсэх төлөвтэй байна” гэсэн юм.
Бөөгнөрөл, түгжрэл үүсгэхгүйн тулд Улаанбаатар хот руу нэвтэрдэг долоон
үндсэн хяналтын цэгт нэмэгдлээр найман урсгал нээж, нэг урсгалт хөдөлгөөнийг таван бүсэд хуваан ажиллаж байна. Тодруулбал, зүүн бүсийг Хэнтий аймаг, Хэрлэнгийн гүүр, Багануур дүүргийн байнгын хяналтын цэгт, урд чиглэлийг Багахангай дүүргийн шалган нэвтрүүлэх цэгт, баруун бүсийг Өвөрхангайн Тарнын гүүр, Төв аймгийн Лүн сумын шалган нэвтрүүлэх цэгт, хойд бүсийг Дархан, Баруунхараа, Төв аймгийн Баянчандмань сумын цэгт, өмнөд бүсийг Төв аймгийн Өндөр дов орчимд ажиллуулж байгаа юм.
Өдрийн 16:00 байдлаар Сонгинохайрхан дүүргийн Эмээлтийн товчооны шалган нэвтрүүлэх цэгээр нийт 5152 тээврийн хэрэгсэл, 15 мянга 910 зорчигч орж, гарсан байна. Үүнээс нийслэл рүү нэвтэрсэн 2637 тээврийн хэрэгсэл, 8265 зорчигч байгаа бол 2515 тээврийн хэрэгсэл, 7645 зорчигч нийслэлээс гарчээ. Нийслэлийн зүүн товчоо буюу Налайхын шалган нэвтрүүлэх цэгт мөн 16 цагийн байдлаар нийт 3033 тээврийн хэрэгсэл, 13 мянга 378 зорчигч орж, гарсан байна. Үүний 1750 тээврийн хэрэгсэл 10 мянга 950 зорчигч нийслэл рүү нэвтэрсэн бол 1283 тээврийн хэрэгсэл, 2425 зорчигч гарах хөдөлгөөн хийсэн байна. Харин хот хоорондын зорчигч, тээвэрлэлтийн мэдээллээр 16:30 цагийн байдлаар нийт 51 чиглэлд 164 тээврийн хэрэгслээр 6888 зорчигч зорчжээ. Үйлчилгээний заал болон тээврийн хэрэгслийн халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж, тээвэрлэлт эхлэхээс өмнө эмч нар зорчигчдын биеийн дулааныг хэмжиж, ариутгалын бодисоор ханган, асуумж бөглүүлэн ажиллаж байна. Жолооч болон зорчигчдын биеийн дулааныг нэг бүрчлэн хэмжсэн бөгөөд ямар нэгэн зөрчил илрээгүй гэдгийг албаныхан хэлж байлаа.
Түүнчлэн ойрын өдрүүдэд замын ачаалал нэмэгдэнэ гэж тооцоолж буй учир хөдөлгөөн зохион байгуулалт дээр Цагдаагийн байгууллага болон Улсын онцгой комисс цаг тухайд нь шийдвэрлэх аж. Тодруулбал, тээврийн хэрэгсэл ихээр зорчвол аймаг, сумаас гарч буй тээврийн хэрэгслийг хязгаарлах, тодорхой цагийн зайтай гаргах зэрэг арга хэмжээ авах учир ачаалал ихтэй энэ үед онцын шаардлагагүй бол нийслэлийг зорихгүй байхыг анхааруулж байв.
Нийгэм
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах 11 арга хэмжээ төлөвлөснөө 100 хувь бүрэн хангалаа.
Улсын чанартай авто замын халтиргаа гулгаа үүсдэг хэсэг, зам, даваанд ашиглах хуурай элс, үнс, давсыг нөөцлүүлэх, шуурхай ажлын хэсэгт ажиллах машин механизмын засвар үйлчилгээг хийлгэж, бэлтгэж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг зөвлөгөөнийг удирдан явууллаа.
Шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 22 дугаар шуурхай хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн явцыг Хяналт, үнэлгээний газрын дарга Ц.Рэгзэдмаа танилцууллаа.
Хуралдааны дэгийн дагуу өвөлжилтийн бэлтгэл, давс бодисын нөөцлөлт болон хадгалалт хамгаалалтын нөхцөлийг сайжруулах хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээлэл, инженерийн хангамжийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах команд штабын дадлага сургуулилтын үр дүн, ус хангамж, ариутгах татуурга, инженерийн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэл, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд 2025 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөлт, сургууль цэцэрлэгүүдийн халаалт, нүүрсний нөөцлөлт, бэлэн байдалд явуулсан үзлэг, нөхцөл байдлын талаарх мэдээлэл, хяналтын камерыг нэмэгдүүлэх, удирдлагын төвийг бий болгох чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох газрын удирдлагууд танилцуулж авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.Батзориг дүүрэг бүр хүлээсэн үүргийн дагуу цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг эрчимжүүлж дүүргийн харьяанд байгаа үйлчилгээний байгууллага, төлбөртэй зогсоолууд, томоохон зах худалдааны төвүүдэд хяналт хийж 50 метрийн цэвэрлэгээ үйлчилгээг байнга хийх дадлыг бий болгоход анхаарч, хариуцлагагүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийн хяналтыг сайжруулахыг анхаарууллаа.
Мөн хот нийтийн аж ахуй чиглэлээр ажиллаж байгаа техникийн хяналтыг сайжруулахад технологийн шийдлийг ашиглаж ажиллахыг чиглэл болгож, инженер хангамжийн чиглэлээр 3, хог хаягдал, менежментийг сайжруулах чиглэлээр 7, тохижилт ногоон байгууламжийн чиглэлээр 2, нийт 12 үүрэг даалгаврыг холбогдох чиг үүргийн байгууллагуудад өгч ажиллалаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Нийгэм
Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно
“Хийморь” төслийн хүрээнд зохион байгуулж буй дэлхийн хүчтэнүүд монгол үндэсний бөхөөрөө барилдах “Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан зохион байгуулагдах гэж байна.
1999 онд зохион байгуулагдсан тус барилдаан тэнцээгээр өндөрлөсөн бол ийнхүү 25 жилийн дараа энэ цагийн хүчтэнүүд хайнааг хагалах гэж байна.
“Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан 2024 оны 12 дугаар сарын 15-ны 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.
-
Нийгэм14 цаг өмнө
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
-
Нийгэм19 цаг өмнө
Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо
-
Нийгэм18 цаг өмнө
12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй
-
Улс төр21 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
-
Нийгэм22 цаг өмнө
Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ
-
Нийгэм22 цаг өмнө
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
-
Нийгэм15 цаг өмнө
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
-
Эдийн засаг21 цаг өмнө
“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо