Нийгэм
Covid-19-ийн халдвар авсан хоёр өвчтөнийг эмнэлгээс гаргана
Монгол Улсад Covid-19-ийн халдвар авсан 12 тохиолдол бүртгэгдээд байгаа. Тэдний эхний хоёр хүнийг эмнэлгээс гаргахаар болжээ. Covid-19-ийн халдвартай холбоотой цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2020.3.30/ ээлжит мэдээлэл хийхдээ энэ талаар мэдээлсэн юм.
СЭТГЭЛ ЗҮЙН ЭРҮҮЛ МЭНДЭД ОНЦГОЙ АНХААРАХ ШААРДЛАГАТАЙ
ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл:
-Дэлхийн 202 оронд өвчлөл бүртгэгдсэн байна. Мөн ОХУ-ын Эрхүүд анхны тохиолдол бүртгэгдлээ. АНУ, Испани, Итали, Иран, Швейцар зэрэг оронд эрсдэл өндөр байна. АНУ-д хоригдлууд өвчлөх тохиолдол их байна. Тиймээс дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл хоорондоо зай барьж, хурал цуглаанд оролцохгүй байх зэрэг арга хэмжээг авч байна. Тусгаарлалтад байгаа хүн нь биеэс гадна сэтгэцийн хувьд эрүүл байх нь чухал. Нөхцөл байдалтай холбоотойгоор хоёр сая гаруй хүн энэ сорилтод өртсөн. Эрүүл зөв хооллох, архины хэрэглээ, чихэрлэг ундаанаас татгалзах, тамхинаас татгалзах, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх, сэтгэл зүйн эрүүл мэндэд онцгой анхаарах шаардлагатай. Тиймээс хэвлэл мэдээллийн байгууллагууд хөтөлбөрийнхөө 40-өөс доошгүй хувьд танин мэдэхүй, өөдрөг байдалд уриалсан зүйлсийг гаргахыг уриалж байна. Эндээс БНСУ руу явах иргэн нь тэнд очоод 14 хоног тусгаарлагдана гэдгийг анхаараарай.
АНУ-Д НАС БАРАЛТ 100 МЯНГАД ХҮРНЭ
ЭМЯ-ны Гадаад харилцаа хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа:
-АНУ-д халдварын оргил үе хараахан болоогүй байгаа ч ирэх долоо хоногт идэвхжиж, нас баралт 100 мянгад хүрнэ. Зайнаас харилцах, олон хүн буюу 10-аас дээш хүн цуглахгүй байх зэрэг арга хэмжээ багтаж байна.
Германд халдварт авсан хүний тоо өдөрт 4000 бүртгэгдсэн байна. Японд 48 мянган хүнд шинжилгээ хийж 1700 гаруй халдварын тохиолдлыг илрүүлж, тохиолдлууд нэмэгдсээр байна. Одоогоор Японд 55 хүн уг халдварын улмаас нас барсан.
ТУСГААРЛАХ БАЙРАНД 337 ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТЭН АЖИЛЛАЖ БАЙГАА
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал:
-Улсын хэмжээнд 3886 хүнээс 2368 хүн тусгаарлагдаж байна. Үүний 43 нь жирэмсэн эмэгтэй, 56 нь тав хүртэлх насны хүүхэд. Тусгаарлах байранд 337 эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байгаа. Нөхцөл байдалтай холбоотойгоор 100, 103, зэрэг утсаар зөвлөгөө өгч байгаа. Зөвхөн 119 дугаарын утсанд 180 дуудлага ирсэн ч 18 дуудлага нь тоглосон байдлаар залгасан байна.
ХОЁР ӨВЧТӨНИЙГ ЭМНЭЛГЭЭС ГАРГАНА
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:
-Халдвар авсан эхний хоёр хүнийг эмнэлгээс гаргахаар болсон. Сүүлийн гурав хоногт таван зүйлийн сорьцод шинжилгээ хийхэд вирус илрээгүй, бүрэн эдгэсэн тул эмнэлгээс гаргана. Гэхдээ энэ хоёр хүн гэртээ очоод 14 хоног тусгаарлагдана. Эхний тохиолдлын ойрын хавьтал 59 хүнд гурав дахь удаагаа шинжилгээ хийхэд вирус илрээгүй. Энэ сарын 29-нд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй.
Нийгэм
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах 11 арга хэмжээ төлөвлөснөө 100 хувь бүрэн хангалаа.
Улсын чанартай авто замын халтиргаа гулгаа үүсдэг хэсэг, зам, даваанд ашиглах хуурай элс, үнс, давсыг нөөцлүүлэх, шуурхай ажлын хэсэгт ажиллах машин механизмын засвар үйлчилгээг хийлгэж, бэлтгэж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг зөвлөгөөнийг удирдан явууллаа.
Шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 22 дугаар шуурхай хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн явцыг Хяналт, үнэлгээний газрын дарга Ц.Рэгзэдмаа танилцууллаа.
Хуралдааны дэгийн дагуу өвөлжилтийн бэлтгэл, давс бодисын нөөцлөлт болон хадгалалт хамгаалалтын нөхцөлийг сайжруулах хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээлэл, инженерийн хангамжийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах команд штабын дадлага сургуулилтын үр дүн, ус хангамж, ариутгах татуурга, инженерийн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэл, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд 2025 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөлт, сургууль цэцэрлэгүүдийн халаалт, нүүрсний нөөцлөлт, бэлэн байдалд явуулсан үзлэг, нөхцөл байдлын талаарх мэдээлэл, хяналтын камерыг нэмэгдүүлэх, удирдлагын төвийг бий болгох чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох газрын удирдлагууд танилцуулж авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.Батзориг дүүрэг бүр хүлээсэн үүргийн дагуу цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг эрчимжүүлж дүүргийн харьяанд байгаа үйлчилгээний байгууллага, төлбөртэй зогсоолууд, томоохон зах худалдааны төвүүдэд хяналт хийж 50 метрийн цэвэрлэгээ үйлчилгээг байнга хийх дадлыг бий болгоход анхаарч, хариуцлагагүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийн хяналтыг сайжруулахыг анхаарууллаа.
Мөн хот нийтийн аж ахуй чиглэлээр ажиллаж байгаа техникийн хяналтыг сайжруулахад технологийн шийдлийг ашиглаж ажиллахыг чиглэл болгож, инженер хангамжийн чиглэлээр 3, хог хаягдал, менежментийг сайжруулах чиглэлээр 7, тохижилт ногоон байгууламжийн чиглэлээр 2, нийт 12 үүрэг даалгаврыг холбогдох чиг үүргийн байгууллагуудад өгч ажиллалаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Нийгэм
Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно
“Хийморь” төслийн хүрээнд зохион байгуулж буй дэлхийн хүчтэнүүд монгол үндэсний бөхөөрөө барилдах “Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан зохион байгуулагдах гэж байна.
1999 онд зохион байгуулагдсан тус барилдаан тэнцээгээр өндөрлөсөн бол ийнхүү 25 жилийн дараа энэ цагийн хүчтэнүүд хайнааг хагалах гэж байна.
“Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан 2024 оны 12 дугаар сарын 15-ны 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.