Улс төр
Парламентын цахим шилжилтийн талаар мэдээлэл хийв
УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал нар өнөөдөр (2020.10.07) парламентын цахим шилжилтийн талаар мэдээлэл хийлээ.
Хэвлэлийн бага хурлын эхэнд УИХ-ын дарга “Технологи бүр хүн төрөлхтөнд хөгжил дэвшлийг авч ирж байсан. XXI зуунд хөгжлийн асуудал нь технологийн дэвшилтэй хамт яригдана. Ийм учраас Улсын Их Хурал цахим шилжилт буюу цахим хувьсгалд анхаарал хандуулж, Инновац, цахим бодлогын байнгын хороог байгуулсан. Тус байнгын хорооны даргаар нь Н.Учрал гишүүн ажиллаж байна. УИХ, энэхүү Байнгын хорооны зүгээс парламентын үйл ажиллагааг цахимжуулах чиглэлд тодорхой ажлууд хийж байна” хэмээн танилцуулав.
Хуулийн төсөл боловсруулах, хэлэлцүүлэх, хууль сурталчлах цахим систем, мөн УИХ-ын албан хэрэгцээний өдөр тутмын цаасны хэрэглээг багасгахаар программ хангамж, системүүдийг хэрэглээнд нэвтрүүлж байгаа талаар тэрбээр мэдээлэл өглөө. Тодруулбал, хууль санаачлагч, төсөл боловсруулагчдад зориулсан lawmaker.parliament.mn, иргэд олон нийт хуулийн төсөлд санал өгөх, хэлэлцүүлэгт оролцох боломжийг бүрдүүлсэн lawforum.parliament.mn гэсэн үндсэн хоёр системийг нэвтрүүлж байгаа гэлээ.
Өнгөрсөн хугацаанд хууль санаачлагч, төсөл боловсруулагчид тус тусын компьютер дээр, хууль, тогтоолын төслийг боловсруулдаг байсан тул нэгдсэн загвар ашиглах, мэдээллийн нэгдсэн сан үүсгэх, төслийн боловсруулалтын явцын мэдээллийг хадгалах боломжгүй байсан юм. Түүнчлэн big data буюу их өгөгдөлд хуулийн төсөл, түүнтэй холбоотой мэдээллүүдийг нэгтгэн хадгалж, сан үүсгэх боломжгүй байв. Монгол Улсад УИХ-ын гишүүн, Ерөнхийлөгч, Засгийн газар гэсэн 78 субьект хууль санаачлах эрхтэй. lawmaker.parliament.mn системийг нэвтрүүлснээр хууль санаачлагч бүр стандарт загвар, нэгдсэн программ ашиглана. Ингэснээрээ хууль тогтоомжийн уялдааг хангах, хийдэл давхардал зөрчил үүсгэхгүй байх, хууль тогтоомжууд нэгдсэн стандарт, загвартай болох, эмхэрэх, цэгцрэх ач холбогдолтой гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцууллаа. lawmaker.parliament.mn системийг УИХ-ын гишүүд, тэдгээрийн ажлын алба төдийгүй Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, яамд, хуулийн төслийн ажлын хэсэг, эрдэмтэн судлаачид ашиглаж хуулийн төслийн мэдээллийн нэгдсэн санг үүсгэх юм байна.
УИХ-ын даргын санаачилгаар байнгын ажиллагаатай парламент үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ойн хүрээнд УИХ цаасгүй парламент, цахим парламент болох зорилт тавин ажиллаж байгааг УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал тэмдэглэн хэллээ. УИХ-ын даргын дээрх санаачилгын хүрээнд Инноваци, цахим бодлогын байнгын хороо, УИХ-ын Тамгын газар хамтран тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэжээ. Н.Учрал гишүүн “Технологийн дэвшил бүрийг бид өдөр тутам хэрэглэдэг. Цаасгүй парламент, цахим парламент зорилтын хүрээнд УИХ-ын даргын захирамжаар хууль, тогтоолын төсөл боловсруулах, хуулийг олон нийтэд сурталчлах системийг хэрэгжүүлж эхлэх үүрэг чиглэл өгсөн. Энэ дагуу ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийн үйл ажиллагааны үр дүнг өнөөдөр буюу 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр албан ёсоор танилцуулж байна” гэлээ.
Хууль санаачлагч болон төсөл боловсруулагчдад зориулсан lawmaker.parliament.mn систем нь төслийн үзэл баримтлал, тандалт судалгаа, хуулийн төслөө боловсруулах, тооцоолол зэргийг иж бүрэн хангасан цогц систем гэдгийг Н.Учрал гишүүн дэлгэрэнгүй танилцуулж, мэдээлэл өгөв. Систем нэвтэрснээр төсөл санаачлагч нэгдсэн форматын дагуу төслөө боловсруулж, төслийнхөө талаар олон нийт, холбогдох хэрэглэгчдэд шууд мэдээллээ илгээн, хамтран боловсруулах боломжтой аж. Ямар нэг өөр программ ашиглах шаардлагагүй, систем дотроо бүрдүүлбэрийг хангаад, төслийн боловсруулалтын явц дахь бүх талын оролцоог программ нэгтгэн, үр дүнг харуулах юм байна. Систем дэх бүрдүүлбэр бүрийг төсөлд хавсарган, бэлэн болгосноор төслөө УИХ-д өргөн мэдүүлэх бололцоотой гэлээ. Товчхондоо хууль тогтоомжийн төслийг олон нийттэй хамтарч боловсруулах боломж бүрдсэн гэдгийг Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга хэлж байв.
Хууль, тогтоомжийг санаачлах, боловсруулах ажиллагааны үндэслэл, чанарыг сайжруулах, түүнд олон нийтийн оролцоог хангах, хууль тогтоомжийн төсөлд тавих шаардлагыг тодорхойлох, хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр нөлөөг үнэлэх замаар хууль дээдлэх ёсыг бэхжүүлэх зорилт бүхий Хууль тогтоомжийн тухай хуулиар хууль тогтоомжийг төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээсээ өмнө заавал олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгуулж, холбогдох материалыг баримтжуулан, хууль тогтоомжийн төслийн бүрдүүлбэрт хавсаргадаг байх зохицуулалт тусгагдсан байдаг. Мөн хууль санаачлагч хуулийн төслөө УИХ-д өргөн мэдүүлэхээсээ өмнө албан ёсны цахим хуудаст төсөл, үзэл баримтлал, танилцуулга, хэрэгцээ шаардлагыг урьдчилан тандан судалсан талаар, тухайн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийсэн байдал, үр нөлөөг үнэлсэн байдал, холбогдон гарах зардал, төсвийн тооцооны тайланг бүрдүүлэх шаардлагатай байдаг бөгөөд өнгөрсөн хугацаанд хууль санаачлагчид эдгээр бүрдүүлбэрээ forum.parliament.mn цахим хуудаст байршуулж ирсэн юм. Гэвч энэхүү цахимд байршуулсан хууль тогтоомжийн төсөл дээр холбогдох саналуудыг авахад хүндрэл бэрхшээл багагүй тулгардаг талаар хууль санаачлагчид болоод олон нийт холбогдох санал хүсэлтээ ирүүлдэг байжээ. Одоо хэрэглэж буй forum.parliament.mn хуудаст төслийг бүхлээр нь байрлуулдаг. Ингэхээр төслийн тодорхой зүйл, заалттай холбоотой саналаа илэрхийлэх боломжгүй болдог аж. “Санал хүсэлт” хэсэгт иргэд нээлттэй саналаа үлдээдэг юм. Саналуудыг судлаач, эрдэмтэн, иргэн, мэргэжилтэн, төрийн байгууллагын төлөөлөл гэж ялгах боломжгүй юм. Хууль санаачлагч forum.parliament.mn цахим хуудас дахь төслийн “Санал, хүсэлт” хэсэгт бичсэн иргэдийн нийт саналыг буулгаж, бичээд төсөлдөө хавсаргадаг байна. Энэ мэт хүндрэл, дутагдлыг сайжруулан, боловсронгуй болгосон lawforum.parliament.mn системийг өнөөдөр танилцуулж байгаа хэмээн Н.Учрал гишүүн хэллээ.
lawforum.parliament.mn системийг иргэд, олон нийтэд зориулсан бөгөөд технологийн дэвшлийг ашиглан УИХ-ын гишүүд, Засгийн газар, Ерөнхийлөгчийн институттэй хамтран хуулийн төслийг боловсруулах, бичих боломж бүрдэж байгаа юм байна. Ингэснээр хууль тогтоомж бүр нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн байх шаардлага хангагдаж, амьдрал дээр бүрэн дүүрэн хэрэгжих нөхцөл бүрдэнэ хэмээн үзэж байгаа аж. lawforum.parliament.mn системийн хэрэглэгч болсноор иргэн хэзээ ч, хаанаас ч сонирхсон хууль тогтоомжийн төсөлд бүхэлд нь болон хэсэгчилсэн зүйл, заалт бүрээр нь санал өгөх боломжтой. Мөн хэрэглэгч бүрийн статусыг тодорхойлох тул сонирхолын бүлэг болгон ангилж, нэгтгэх юм байна. Тухайн бүлгийн сонирхсон хууль тогтоомжийн төслийн боловсруулалтын үед хийгдэж буй өөрчлөлт, хувилбарууд нь хадгалагдах аж. Хууль тогтоох үйл явцад олон нийтийн оролцоог хангах, мэдээлэл түгээх эдгээр платформ нь мэдээллийн аюулгүй байдлын халдашгүй байдал, нууцлал, бүрэн бүтэн байдал, хүртээмжтэй хэрэгцээт байдлыг нэгэн зэрэг хангасан “Майкрософт” корпорацийн хамгийн сүүлийн үеийн вэб технологийг ашигласнаараа давуу талтай болохыг Н.Учрал гишүүн танилцуулав.
Иргэд олон нийт цахим системд хэрэглэгчийн эрх үүсгэж, нэвтрэхээс гадна фэйсбүүк, гүүгл зэргийг ашиглан нэвтрэх боломжтой юм байна. УИХ-ын дарга Г.Занданшатар “Удахгүй танилт, нэвтрэлтийн “Дан” системд холбогдон e-mongolia цахим нэг цонхны үйлчилгээнд “Хуулийн төсөлд санал өгөх” гэсэн үйлчилгээ болж нэмэгдэнэ. Иргэн бүр сонирхсон салбар, хуулийн төслийг даган мэдээллийг шуурхай авч, төслийг бүхэлд нь болон бүлэг, зүйл, заалт тус бүрд нь санал өгч, төслийг боловсруулах үе шатанд оролцох боломж бүрдэнэ” гэлээ.
lawforum.parliament.mn системийг иргэд, олон нийтэд зориулан нэвтрүүлж байгаа бол lawmaker.parliament.mn системийг хуулийн төсөл санаачлагч, боловсруулагчдын техник ажиллагааг нэг загвар, стандартад оруулах зориулалтаар ашиглах аж.
Түүнчлэн цаасгүй парламент, цахим парламент зорилтын хүрээнд УИХ-ын Тамгын газрын дотоод үйл ажиллагааг цахимжуулан, “erp” системийг нэвтрүүлж байгаа юм.
Эл системийг нэвтрүүлснээр УИХ-ын Тамгын газрын дотоод үйл ажиллагааны нэгдсэн мэдээллийн сан үүсэх бөгөөд ажилтнууд олон систем, программ хангамж руу нэвтрэх шаардлагагүй. Тус системийг ашигласнаар ажилтнуудын хууль тогтоомж, мэдээ мэдээлэл, шуурхай нэг стандартаар хадгалагдах, мэдээлэл солилцох, албан хэрэг хөтлөх, хүний нөөцийн бүртгэл, цаг бүртгэл, үүрэг даалгавар, төлөвлөгөө, тайлан, зар мэдээ, дотоод месенжер гэсэн дэд системүүдийг ашилах юм байна. Чөлөө олгох, бараа материал шаардах хуудас, санхүүгийн тодорхойлолт, унаа захиалга, техник хэрэгслийн акт зэрэг цаасан дээр бичигдээд олон албан тушаалтан гарын үсэг зурснаар баталгааждаг байсан зөвшөөрлийн олон хуудсууд ийн цахим хувилбарт шилжснээр цаас бариад явдаг хэлбэр л халагдан, мэдээллээ шуурхай солилцоод, ажил хэргээ шуурхай явуулах боломж бүрдэж байгаа хэмээн УИХ-ын дарга Г.Занданшатар хэвлэлийн бага хурлын үеэр онцоллоо. Энэхүү систем нь цаашдаа жишиг болж, өргөжих боломжтойг мөн дурдсан.
Мөн УИХ-ын гишүүдийн албан хэрэгцээнд ашиглагддаг цахим системийг идэвхжүүлж, хэрэглээг нь нэмэгдүүлсэн байна. Энэ программыг гишүүдийн iPad төхөөрөмжид суулган нэгдсэн хуралдаан болон Байнгын, Түр, Дэд хороод, ажлын хэсгүүдийн хуралдааны хуваарь, хэлэлцэх асуудалтай холбоотой цаасаар тараагддаг бүх материалыг цахим хэлбэрээр байршуулж байгаа гэлээ. Ингэснээр УИХ-ын цаасны хэрэглээ эрс багасах ач холбогдолтойг Г.Занданшатар дарга хэллээ.
УИХ-ын бүхий л үйл ажиллагаа, УИХ-ын гишүүдийн бүх хэлсэн үг, яриа тэмдэглэл болж хөтлөгддөг. Эл ажиллагааг цахимжуулан “Чимэгэ” системийг ашиглах бөгөөд энэ хүрээнд цаас хэмнэхээс гадна хяналтын сайн систем тогтож байгаагаараа ач холбогдолтойг онцолсон.
Цаасгүй парламент, цахим парламент зорилтын хүрээнд цаашид УИХ-ын Байнгын хороодоос зохион байгуулж буй төрөл бүрийн хэлэлцүүлгүүдэд материалуудаа цахимаар түгээх арга буюу QR код бүхий цахим материалыг ашиглан зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа талаар Н.Учрал гишүүн мэдээлсэн. УИХ-ын энэхүү манлайлал нь бусад төрийн байгууллага, яам, Тамгын газар, хувийн хэвшлүүдэд уриалга, жишиг болж, нийтээрээ цахимжин цааснаас татгалзана гэдэгт найдаж буйгаа Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал хэвлэлийн бага хурлын үеэр илэрхийллээ.
Байнгын ажиллагаатай парламент үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ойн хүрээнд УИХ-ын даргын санаачилгаар УИХ-ын Инноваци, цахим бодлогын байнгын хороо, УИХ-ын Тамгын газрын Мэдээлэл, технологийн хэлтэс хамтран парламентын цахим шилжилтийг амжилттай хэрэгжүүлж байгааг тэмдэглэсэн.
Засгийн газар энэ сарын 01-ний өдрөөс төрийн 181 үйлчилгээг ухаалаг гар утаснаасаа авах “e-mongolia” платформыг ашиглалтад оруулсан. Одоо Мэдээллийн аюулгүй байдлын тухай, Өгөгдөл хамгааллын тухай, Төрийн цахим харилцааны тухай багц хуулийн төслийг Засгийн газар холбогдох байгууллагуудтай хамтран боловсруулж байгаа бөгөөд удахгүй УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байгааг Н.Учрал гишүүн мэдээлэв. Тэдгээр төслийг 2020 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хэлэлцэн, батлахаар төлөвлөжээ.
Хэвлэлийн бага хурлын төгсгөлд УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал нар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.
Улс төр
Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 06 минутад гишүүдийн 52.4 хувийн ирцтэй эхэлж, Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг үргэлжлүүллээ.
Улсын Их Хурлын чуулганы 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн хуралдаанаар санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 68 гишүүний олонх дэмжив. Иймд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүллээ.
Дараа нь Цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенц соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, соёрхон батлахыг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжив. Мөн Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, соёрхон батлахыг дэмжих эсэхээр санал хураалт явуулсан. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 76 гишүүний 70 нь дэмжин, баталлаа. Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлэг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар эхэлсэн бөгөөд өнөөдрийн хуралдаанаар санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 76 гишүүний 90.8 хувь нь дээрх хуулийн төслийг соёрхон батлахыг дэмжлээ.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3-т “Улсын Их Хурал энэ хуулийн 46.1.2-т заасан хууль, тогтоолын эцсийн найруулгатай танилцаж ёсчлохыг зөвшөөрөх” гэж заасны дагуу Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон хамт баталсан хуулиудын эцсийн найруулгыг сонсов.
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Монгол Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу танилцууллаа.
Улсын Их Хурлаас 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр баталсан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгч 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр бүхэлд нь хориг тавьсныг Улсын Их Хурал 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авсан.
Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хамтарсан хуралдаанаас Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан хоригийг Улсын Их Хурал хүлээн авсантай холбогдуулан хууль, тогтоолыг хэрхэн хэлэлцэх талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан юм. Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу ажлын хэсгийг ахалж, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Д.Ганмаа, М.Нарантуяа-Нара, П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир, Х.Тэмүүжин, Г.Уянгахишиг, Б.Хэрлэн нар ажиллажээ.
Ажлын хэсэг 2 удаа хуралдаж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан “Хуралдааны дэгээр зохицуулаагүй асуудлыг хэлэлцэх журам”-ыг баримтлан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс бүхэлд нь тавьсан хоригийг Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх дэгийн тухай хуулийн төсөл боловсруулан энэ сарын 28-ны өдөр Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаанд танилцуулжээ.
Дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр, Н.Наранбаатар, Л.Мөнхбаясгалан, С.Эрдэнэбат, Ц.Идэрбат, Х.Ганхуяг, Ж.Батжаргал, Д.Ганбат, Ц.Даваасүрэн, С.Амарсайхан, Д.Батлут, З.Мэндсайхан, М.Бадамсүрэн нар асуулт асууж, хариулт авсан. Гишүүд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулан, Ерөнхийлөгч төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан тохиолдолд шийдвэрлэх зохицуулалтыг тусгах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлж, энэ талаар ажлын хэсгийн ахлагч болон Байнгын хороодын дарга нараас хариулт, тайлбарыг авсан юм. Түүнчлэн орон нутгийн төсвийн хэлэлцүүлгийн цаглавартай холбоотой тодруулгыг Сангийн сайдаас асууж, хариулт авсан.
Дараа нь Байнгын хороодын саналаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Монгол Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг эцэслэн батлахыг дэмжих санал хураалт явууллаа. Санал хураалтад Улсын Их Хурлын 81 гишүүн оролцож, 55 нь дэмжив. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулах бөгөөд Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжсэн бол эцэслэн баталсанд тооцно” гэж заасан байдаг.
Хуулийн төсөл ийнхүү батлагдаагүй учир Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.8, 90.9 дэх заалтыг баримтлан Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хороо хамтарсан хуралдаанаа хийж, холбогдох асуудлыг хэлэлцэхийг даалгав. Үүгээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Улс төр
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил оролцоо-2024” үндэсний чуулган Төрийн ордонд эхэллээ.
Чуулганаар “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, оролцоог хангах төрийн бодлого, ололт амжилт, тулгамдсан асуудал”, “Эрх зүйн орчны шинэчлэл”, “Нийгмийн оролцоог хангахад иргэний нийгмийн байгууллагын үүрэг, хариуцлага,” “Тогтвортой хөгжилд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо-Олон улсын байгууллагын дэмжлэг, хамтын ажиллагаа” зэрэг сэдвийг хэлэлцэж, зөвлөмж гаргах юм.
Мөн салбар хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн үүрэг, оролцоо, төр, хувийн хэвшил болон төр, иргэний нийгмийн байгууллагын түншлэл, хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ.
Үндэсний чуулганыг Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нээж хэлсэн үгэндээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, хөгжил, хамгаалал, оролцоо нь Ерөнхийлөгч, төр, засгийн бодлого, үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл гэдгийг тэмдэглэлээ.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжих, тэдний сайн сайхан амьдралын төлөөх аливаа бодлого, шийдвэр, санал, санаачилга, үйл ажиллагааг бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
“Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Цагаан алт”, “Эрүүл монгол хүн” болон “Хархорум хот” үндэсний хөдөлгөөнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ гэдгээ хэлэв.
Манай улсад 111 мянга гаруй иргэн хөгжлийн бэрхшээлтэй. Эдгээрийн 84 хувь буюу 93 мянга нь хөдөлмөрийн насных хэдий ч 15 мянга нь л ажил хөдөлмөр эрхэлж байна.
Иймээс төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүд тэднийг ажлын байраар хангах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх, орлого, амьжиргааг нь сайжруулах, нийгмийн хамгаалал, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх нь чухал байгааг тэмдэглэлээ.
Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүрийг баялаг бүтээгч, үйлдвэрлэгч болгохын төлөө ажиллах, санхүүжилтээ нэмэгдүүлэх, онцлогт нь тохирсон ажил, хөдөлмөрийн шинэлэг хэлбэр, үйлчилгээг өргөжүүлэх шаардлагатайг онцлов.
Орон сууцны зээлийн нөхцөлийг сайжруулах, түрээсийн, нийтийн, амины орон сууцны хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн болон ахуйн осол, гэмтлээс шалтгаалсан олдмол хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаад дүгнэлт хийж ажиллахыг Засгийн газарт чиглэл болголоо.
2017-2021 оны Засгийн газар Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв байгуулах, Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалтын үйлдвэрийг Хөдөлмөр, сургалт, хөгжлийн төв болгон өргөтгөх шийдвэр гаргаж байлаа.
Сүүлийн жилүүдэд ч тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр цөөнгүй арга хэмжээ хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг нь тодорхой хувиар нэмж, танхимын сургалт болон хөгжлийн үйлчилгээнд хамрагдах боломжгүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дэмжих үйлчилгээг хөгжүүлэх, орон нутагт Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөгжлийн төв, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвүүдийг байгуулж байна.
Улс төрийн оролцоог нь нэмэгдүүлэхэд анхаарсны дүнд УИХ-д хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлсөн хоёр гишүүн сонгогдсон. Мөн манай тамирчид Паралимпын наадмаас нэг алт, гурван мөнгөн медаль авсан нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд ахиц дэвшил, үр дүн гарч байгаагийн илрэл гэж Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ дурдлаа.
Дэлхийн улс орнууд ирэх сард тохиох “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн олон улсын өдөр”-ийг “Хүртээмжтэй, тогтвортой ирээдүйн төлөөх хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн манлайллыг нэмэгдүүлье” уриан дор тэмдэглэх юм.
Улс төр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны арванхоёрдугаар сарын 1-9-нд Саудын Арабын Хаант Улсын Эр-Рияд хотноо зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд (UNCCD COP16) оролцох үеэр Саудын Арабын Хаант Улс болон Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал тус тус хийнэ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд тус хурлын дараагийн даргалагчийн хувиар оролцож, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтлын асуудлаарх Монгол Улсын Засгийн газрын байр суурийг илэрхийлж, үндэсний түвшинд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулахын зэрэгцээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Аким Штайнер нартай тус тус уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мөн бага хурлын үеэр болох Усны дээд түвшний уулзалтад оролцож, Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират Улсад ажлын айлчлал хийх үеэр тухайн орнуудын удирдлагатай уулзаж, хоёр талын харилцааг хөгжүүлэх, эдийн засгийн агуулгаар баяжуулах, чингэхдээ хот бүтээн байгуулалт, цахим хөгжил, хиймэл оюун ухаан, төрийн үйлчилгээ зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар дэлгэрэнгүй санал солилцоно.
-
Нийгэм4 цаг өмнө
Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо
-
Нийгэм7 цаг өмнө
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
-
Улс төр6 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
-
Нийгэм3 цаг өмнө
12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй
-
Нийгэм7 цаг өмнө
Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ
-
Эдийн засаг6 цаг өмнө
“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо
-
Энтертайнмент7 цаг өмнө
“Тунгалаг тамир” роман франц хэлээр хэвлэгдлээ
-
Нийгэм7 цаг өмнө
ГССҮТ Вьетнам улсын Ханой хотын Анагаах ухааны их сургуультай хамтарч ажиллана