Улс төр
Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэгт “Ариутгалын төвлөрсөн тасаг” ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан болон холбогдох албаныхан Сүхбаатар аймагт ажиллаж, аймгийн эрүүл мэндийн салбарын ажилтнуудтай уулзлаа. Түүнчлэн Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэгт шинээр ашиглалтад орж буй төвлөрсөн ариутгалын тасгийн барилга, тоног, төхөөрөмжийг хүлээлгэн өгөх ажиллагаа боллоо.
Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх цар тахлын эсрэг иргэдийнхээ эрүүл мэнд, амь насыг хамгаалахын төлөө бүх хүчээ дайчлан ажиллаж байгаад талархал илэрхийлэв. Монгол Улс эх, хүүхдийн эндэгдлийг бууруулж, Мянганы хөгжлийн зорилтоо биелүүлсэн есөн орны нэг болсон нь эрүүл мэндийн салбарын ажилтнуудын хүч хөдөлмөр, хичээл зүтгэл гэдгийг тэмдэглэв. Монгол Улсын Засгийн газар 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөртөө ковид цар тахлаас үүдэлтэй эдийн засаг, нийгмийн хүндрэлийг даван туулах бодлогыг нэн тэргүүнд хэрэгжүүлэхээр тодорхойлсон. Энэ ажлыг хэрэгжүүлэхэд эрүүл мэндийн салбарын та бүхний хичээл, зүтгэл юу юунаас чухал гэдгийг онцлон хэлье. Бидний нэгдүгээр зэргийн асуудал бол Коронавирусыг амжилттай даван туулах. Тиймээс Засгийн газраас ихээхэн анхаарч санхүүжилтийг тасралтгүй нэмэгдүүлсээр ирсэн. 2020 онд бид 133.7 тэрбум болгож, эрүүл мэндийн санхүүжилтийг нэмэгдүүлсэн. Энэ нь 2016 онтой харьцуулахад 2 дахин өссөн. Коронавирусын үед бид 200 тэрбумын санхүүжилтийг гаргасан. Мөн төсвийн тодотголоор 103.4 тэрбумын нэмэлт санхүүжилтийг эрүүл мэндийн салбартаа өгч байгаа. Эрүүл мэндийн салбарын шинэчлэлт явагдана. Цаашдаа эмч, ажилтнууд гүйцэтгэлээрээ санхүүждэг болно. Цаашид цар тахлын халдварын эрсдэл өндөртэй энэ үед шаардлагатай нөөц, бэлэн байдлаа хангах, Иргэдэд мэдээлэл, зөвлөгөө, зөвлөмж, сургалтыг байнга хүргэх, Хүнийг өвдсөн хойно нь бус өвдөхөөс урьдчилан сэргийлэх, Монгол хүн бүр эх орондоо өвчнөө оношлуулах, эмчлүүлэх боломжийг хангах, шинэ техник, технологи нэвтрүүлж, эмч, ажилтнуудаа давхар бэлтгэх, Эмнэлгийн ажилтныг Эрүүл мэндийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яам хамтран бэлтгэдэг байх, Сувилагчдын тоог нэмэгдүүлэх, Эмийн чанар, аюулгүй байдалд анхаарах – Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгох зэргийг чиглэл болголоо.
Уулзалтаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан салбарт хийгдэж буй шинэчлэлтийн ажлууд, авч хэрэгжүүлж буй бодлогоо аймгийн эрүүл мэндийн ажилтнуудад танилцууллаа. Мөн “Эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудал нэлээдгүй бий. Бид эрс шинэчлэлт хийхээр зорин ажиллаж байна. Шинэчлэлтийн ажлууд хийгдээд эхэлснийг та бүхэн харж байгаа байх. Гол бодлогын чанартай өөрчлөлт бол төвлөрлийг сааруулах , орон нутгийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах тал дээр онцгой анхаарч байна. Засгийн Газрын зүгээс тэргүүлэх чиглэлдээ оруулан ажиллаж байна. Энэ хүрээнд ажлуудаа хийгээд эхэлсэн. Одоо байгаа манай эрүүл мэндийн тогтолцоо нь хэт төвлөрсөн, 60 хувь нь Улаанбаатарт төвлөрсөн байдалтай байгаа. Тиймээс төвлөрлийг сааруулах, орон нутаг, нийслэл, дүүргийн хэмжээнд төвлөрлийг сааруулах, тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх бодлогыг барьж ажиллаж байна” хэмээн онцоллоо.
Сүхбаатар аймагт ажиллах үеэрээ Эрүүл мэндийн сайд нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагаатай танилцаж, мэс заслын тасагт шаардлагатай байгаа дурангийн мэс заслын багажаар хангах, мөн цаашдаа өрхийн эрүүл мэндийн төвийн барилгын асуудлыг судлан шийдвэрлэхээр болсон юм.
Мөн Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэгт Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Эрүүл мэндийн салбарын хөгжил, хөтөлбөр -5” төслийн хүрээнд төвлөрсөн Ариутгалын тасгийн барилгын их ажил, шинэчлэлтийн тоног, төхөөрөмжийг хүлээлгэн өгөх үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд болон холбогдох албаныхан оролцлоо.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Эрүүл мэндийн байгууллагын нэн тэргүүний зорилт нь эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд болон үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах, халдвараас сэргийлэх зэргээр үйлчлүүлэгчээ дээдэлсэн тусламж үйлчилгээнд чиглэгддэг. Өнөөдөр бид төслийн хүрээнд Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгийн төвлөрсөн ариутгалын тасгийн 271,8 сая төгрөгийн өртөг бүхий барилгын их засварыг хийж, 603,9 сая төгрөгийн 13 нэр төрлийн 15 ширхэг шинэ тоног төхөөрөмж, нийт 875,7 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг хүлээлгэн өгөх түүхэн тэмдэглэлт үйл ажиллагааг зохион байгуулж байна. Төслийн хүрээнд авч хэрэгжүүлсэн цогц үйл ажиллагаа нь Дэлхий нийтийн өмнө тулгамдаад байгаа Коронавируст цар тахлын халдвараас сэргийлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангахад ихээхэн хувь нэмэр оруулж байна. Ингэснээр үйлчлүүлэгчийн аюулгүй байдалд маш том дэвшил гарч байна. Мэс заслын шинэ төрлийг нэвтрүүлэхэд ариутгалын тасаг маш чухал учраас олон ажлын суурийг бэлдэж өгч байгаа юм” хэмээлээ.
Өнөөдрийн байдлаар Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Эрүүл мэндийн салбарын хөгжил, хөтөлбөр -5” төслийн хүрээнд УНТЭ, УХТЭ, ХСҮТ, ГССҮТ-д төвлөрсөн Ариутгалын тасгийн барилга, шинэ тоног, төхөөрөмжийг ашиглалтад оруулаад байна.
Улс төр
Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 06 минутад гишүүдийн 52.4 хувийн ирцтэй эхэлж, Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг үргэлжлүүллээ.
Улсын Их Хурлын чуулганы 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн хуралдаанаар санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 68 гишүүний олонх дэмжив. Иймд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүллээ.
Дараа нь Цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенц соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, соёрхон батлахыг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжив. Мөн Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, соёрхон батлахыг дэмжих эсэхээр санал хураалт явуулсан. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 76 гишүүний 70 нь дэмжин, баталлаа. Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлэг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар эхэлсэн бөгөөд өнөөдрийн хуралдаанаар санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 76 гишүүний 90.8 хувь нь дээрх хуулийн төслийг соёрхон батлахыг дэмжлээ.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3-т “Улсын Их Хурал энэ хуулийн 46.1.2-т заасан хууль, тогтоолын эцсийн найруулгатай танилцаж ёсчлохыг зөвшөөрөх” гэж заасны дагуу Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон хамт баталсан хуулиудын эцсийн найруулгыг сонсов.
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Монгол Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу танилцууллаа.
Улсын Их Хурлаас 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр баталсан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгч 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр бүхэлд нь хориг тавьсныг Улсын Их Хурал 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авсан.
Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хамтарсан хуралдаанаас Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан хоригийг Улсын Их Хурал хүлээн авсантай холбогдуулан хууль, тогтоолыг хэрхэн хэлэлцэх талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан юм. Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу ажлын хэсгийг ахалж, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Д.Ганмаа, М.Нарантуяа-Нара, П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир, Х.Тэмүүжин, Г.Уянгахишиг, Б.Хэрлэн нар ажиллажээ.
Ажлын хэсэг 2 удаа хуралдаж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан “Хуралдааны дэгээр зохицуулаагүй асуудлыг хэлэлцэх журам”-ыг баримтлан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс бүхэлд нь тавьсан хоригийг Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх дэгийн тухай хуулийн төсөл боловсруулан энэ сарын 28-ны өдөр Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаанд танилцуулжээ.
Дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр, Н.Наранбаатар, Л.Мөнхбаясгалан, С.Эрдэнэбат, Ц.Идэрбат, Х.Ганхуяг, Ж.Батжаргал, Д.Ганбат, Ц.Даваасүрэн, С.Амарсайхан, Д.Батлут, З.Мэндсайхан, М.Бадамсүрэн нар асуулт асууж, хариулт авсан. Гишүүд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулан, Ерөнхийлөгч төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан тохиолдолд шийдвэрлэх зохицуулалтыг тусгах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлж, энэ талаар ажлын хэсгийн ахлагч болон Байнгын хороодын дарга нараас хариулт, тайлбарыг авсан юм. Түүнчлэн орон нутгийн төсвийн хэлэлцүүлгийн цаглавартай холбоотой тодруулгыг Сангийн сайдаас асууж, хариулт авсан.
Дараа нь Байнгын хороодын саналаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Монгол Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг эцэслэн батлахыг дэмжих санал хураалт явууллаа. Санал хураалтад Улсын Их Хурлын 81 гишүүн оролцож, 55 нь дэмжив. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулах бөгөөд Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжсэн бол эцэслэн баталсанд тооцно” гэж заасан байдаг.
Хуулийн төсөл ийнхүү батлагдаагүй учир Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.8, 90.9 дэх заалтыг баримтлан Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хороо хамтарсан хуралдаанаа хийж, холбогдох асуудлыг хэлэлцэхийг даалгав. Үүгээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Улс төр
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил оролцоо-2024” үндэсний чуулган Төрийн ордонд эхэллээ.
Чуулганаар “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, оролцоог хангах төрийн бодлого, ололт амжилт, тулгамдсан асуудал”, “Эрх зүйн орчны шинэчлэл”, “Нийгмийн оролцоог хангахад иргэний нийгмийн байгууллагын үүрэг, хариуцлага,” “Тогтвортой хөгжилд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо-Олон улсын байгууллагын дэмжлэг, хамтын ажиллагаа” зэрэг сэдвийг хэлэлцэж, зөвлөмж гаргах юм.
Мөн салбар хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн үүрэг, оролцоо, төр, хувийн хэвшил болон төр, иргэний нийгмийн байгууллагын түншлэл, хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ.
Үндэсний чуулганыг Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нээж хэлсэн үгэндээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, хөгжил, хамгаалал, оролцоо нь Ерөнхийлөгч, төр, засгийн бодлого, үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл гэдгийг тэмдэглэлээ.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжих, тэдний сайн сайхан амьдралын төлөөх аливаа бодлого, шийдвэр, санал, санаачилга, үйл ажиллагааг бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
“Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Цагаан алт”, “Эрүүл монгол хүн” болон “Хархорум хот” үндэсний хөдөлгөөнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ гэдгээ хэлэв.
Манай улсад 111 мянга гаруй иргэн хөгжлийн бэрхшээлтэй. Эдгээрийн 84 хувь буюу 93 мянга нь хөдөлмөрийн насных хэдий ч 15 мянга нь л ажил хөдөлмөр эрхэлж байна.
Иймээс төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүд тэднийг ажлын байраар хангах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх, орлого, амьжиргааг нь сайжруулах, нийгмийн хамгаалал, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх нь чухал байгааг тэмдэглэлээ.
Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүрийг баялаг бүтээгч, үйлдвэрлэгч болгохын төлөө ажиллах, санхүүжилтээ нэмэгдүүлэх, онцлогт нь тохирсон ажил, хөдөлмөрийн шинэлэг хэлбэр, үйлчилгээг өргөжүүлэх шаардлагатайг онцлов.
Орон сууцны зээлийн нөхцөлийг сайжруулах, түрээсийн, нийтийн, амины орон сууцны хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн болон ахуйн осол, гэмтлээс шалтгаалсан олдмол хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаад дүгнэлт хийж ажиллахыг Засгийн газарт чиглэл болголоо.
2017-2021 оны Засгийн газар Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв байгуулах, Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалтын үйлдвэрийг Хөдөлмөр, сургалт, хөгжлийн төв болгон өргөтгөх шийдвэр гаргаж байлаа.
Сүүлийн жилүүдэд ч тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр цөөнгүй арга хэмжээ хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг нь тодорхой хувиар нэмж, танхимын сургалт болон хөгжлийн үйлчилгээнд хамрагдах боломжгүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дэмжих үйлчилгээг хөгжүүлэх, орон нутагт Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөгжлийн төв, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвүүдийг байгуулж байна.
Улс төрийн оролцоог нь нэмэгдүүлэхэд анхаарсны дүнд УИХ-д хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлсөн хоёр гишүүн сонгогдсон. Мөн манай тамирчид Паралимпын наадмаас нэг алт, гурван мөнгөн медаль авсан нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд ахиц дэвшил, үр дүн гарч байгаагийн илрэл гэж Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ дурдлаа.
Дэлхийн улс орнууд ирэх сард тохиох “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн олон улсын өдөр”-ийг “Хүртээмжтэй, тогтвортой ирээдүйн төлөөх хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн манлайллыг нэмэгдүүлье” уриан дор тэмдэглэх юм.
Улс төр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны арванхоёрдугаар сарын 1-9-нд Саудын Арабын Хаант Улсын Эр-Рияд хотноо зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд (UNCCD COP16) оролцох үеэр Саудын Арабын Хаант Улс болон Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал тус тус хийнэ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд тус хурлын дараагийн даргалагчийн хувиар оролцож, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтлын асуудлаарх Монгол Улсын Засгийн газрын байр суурийг илэрхийлж, үндэсний түвшинд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулахын зэрэгцээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Аким Штайнер нартай тус тус уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мөн бага хурлын үеэр болох Усны дээд түвшний уулзалтад оролцож, Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират Улсад ажлын айлчлал хийх үеэр тухайн орнуудын удирдлагатай уулзаж, хоёр талын харилцааг хөгжүүлэх, эдийн засгийн агуулгаар баяжуулах, чингэхдээ хот бүтээн байгуулалт, цахим хөгжил, хиймэл оюун ухаан, төрийн үйлчилгээ зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар дэлгэрэнгүй санал солилцоно.
-
Нийгэм6 цаг өмнө
Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо
-
Нийгэм5 цаг өмнө
12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй
-
Улс төр8 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
-
Нийгэм9 цаг өмнө
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
-
Эдийн засаг8 цаг өмнө
“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо
-
Нийгэм9 цаг өмнө
Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ
-
Улс төр5 цаг өмнө
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ
-
Энтертайнмент8 цаг өмнө
“Тунгалаг тамир” роман франц хэлээр хэвлэгдлээ