Улс төр
Төрийн албаны ёс зүй сахилга хариуцлагыг дээшлүүлж, цахим шилжилтийн тогтолцоог бий болгох хууль, эрх зүйн цогц орчныг бүрдүүлнэ
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос (2020.10.13) Төрийн албаны шинэтгэлийн үйл явцтай танилцах үйл ажиллагааг зохион байгууллаа. Уг үйл ажиллагаанд Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо, Нийгмийн бодлогын байнгын хороо, Инновац, цахим бодлогын байнгын хороо хамтран оролцов.
Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүд, холбогдох албаныхан Төрийн албаны шинэтгэлийн үйл явц, бодлого үйл ажиллагааны талаар танилцуулав.
Төрийн албаны тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш 651 хоног өнгөрч байна. Энэ хүрээнд УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч, Төрийн албаны зөвлөлөөс нийт 47 журам батлан хэрэгжүүлж байгаа. Өнөөдрийн байдлаар 198 мянга гаруй төрийн албан хаагчдын 60 орчим хувийг 1980 оноос хойш төрсөн залуучууд эзэлж байна. Залуу ахмад үеийн залгамж халаанд анхаарч, төрийн албаны үйл ажиллагааны арга барил, ойлголт, хандлагыг өөрчлөх шаардлага үүссэн. Чадахуйн /мерит/ зарчим, шатлан дэвших тогтолцоо, судалгаанд суурилсан шинэтгэлийг хийж байна. Төрийн албаны ерөнхий шалгалт 100 хувь цахим хэлбэрт шилжсэн, “Хүний нөөцийн удирдлагын мэдээллийн нэгдсэн систем”-ийг өргөтгөн “Цалингийн нэгдсэн систем”-тэй холбох ажлыг хэрэгжүүлж, мэдээллийн технологи, инновацыг нэвтрүүлсэн гэдгийг Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг онцлов.
Уулзалтын үеэр Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны чиглэлүүд болох Төрийн албан дахь Хүний нөөцийн аудитын газар, Маргаан хянан шалгах газар, Төрийн албаны сонгон шалгаруулалтын үйл явц, Төрийн албаны ерөнхий шалгалт, Төрийн албаны сургалт судалгааны талаар шинэ хуулийн хэрэгжилтийн хугацаанд хийсэн ажлын товч тайлангаа Төрийн албаны зөвлөлийн гишүүд, УИХ-ын байнгын хороодын дарга, гишүүд, төлөөлөгчдөд танилцууллаа.
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан:
“- Төрийн албаны шинэ хуулийг дагаж мөрдөөд хоёр жил өнгөрлөө. Энэ хууль урьдах хуулиас зарчмын хувьд цоо шинэ хууль болсон. Энэ хууль төрийн албан хаагчдад тавигдах шаардлага, төрд орж ажиллах иргэдэд тавигдах шалгуур өндөрссөн. Төрийн албан хаагчийн сахилга хариуцлага, ёс зүйг чангатгасан. Төрийн албаны томилгоо бүхэн зөвхөн шатлан дэвших зарчимд үндэслэж хийгдэхийг хуульчилсан, төрд хохирол учруулсан албан тушаалтан эдийн засгийн хариуцлага хүлээх болсон. Төрийн албаны зөвлөлийн бүрэн эрх бүтэц бүрэлдэхүүнийг өргөжүүлж хараат бус ажиллах нөхцөл бололцоог хангасан гэх мэт шинэ зохицуулалт бий болсон. Энэ хуулиар Монгол Улсад төрийн албыг чадавхжуулах, шударга төрийн албатай болох, иргэдийн төрд итгэх итгэлийг нэмэгдүүлэх зорилтыг тавьсан.
Өнөөдрийн байдлаар 198 мянган төрийн албан хаагч байна. Энэ дунд сайн, муу аль аль нь бий. Төрийн албаны хуулиар хэд хэдэн асуудлыг шийдэж чадсан. Гэхдээ цаашид эргэн харж, засаж сайжруулах зохицуулалт байгаа.
Өмнө нь хариуцлага алдсан төрийн албан хаагчдад хүлээлгэх хариуцлага тодорхой биш, сонгуулийн дараа төрийн албан хаагчдыг хоморголон ажлаас халдаг, хариуцлагагүй албан хаагчдаас болж төрд учирсан хохирлыг барагдуулах зэрэг олон тодорхойгүй асуудал байсныг өөрчилсөн. Төрийн алба анхан болон дунд шатандаа хүнд суртал ихтэй байгааг иргэд хэлдэг. Үүнийг хууль эрх зүйн орчны хүрээнд нь шийдээд явж байна.
Нөгөө талаар төрийн албан хаагчдынхаа нийгэм, эдийн засгийн асуудлыг нь бид шийдэх ёстой байгаа юм. Амьдрал дээр 400-500 мянган төгрөгийн цалин өгчихөөд хүний гар харахгүй, өдөр шөнөгүй ажил гэж шаардах нь учир дутагдалтай. Иймд төрийн албан хаагчдын ажлын гүйцэтгэлд суурилсан тогтолцоог нэвтрүүлэх шаардлагатай байгаа юм. Хэн илүү чадварлаг, бүтээмжтэй ажиллаж байна, тэр хэрээрээ өндөр цалин авдаг, нийгмийн баталгаа нь хангагддаг болох ёстой. Ингэж байж жинхэнэ утгаараа төрийн албаны шинэчлэл хийгдэнэ. Олон улсын сайн жишгийг харахад ч ийм байдаг. ”
Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ:
“- Энэ удаагийн парламентад УИХ-ын Ёс зүйн дэд хорооны үйл ажиллагааг өргөтгөж, Ёс зүй сахилга хариуцлагын байнгын хороог байгуулсан. Өнгөрөгч есдүгээр сард Улсын Их Хурал, Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран төрийн байгууллагуудын Ёс зүйн зөвлөлийн нэгдсэн зөвлөгөөнийг “Итгэл даах төрийн албаны төлөө” уриан дор зохион байгуулсан. 25-аас дээш албан хаагчтай төрийн албанд Ёс зүйн зөвлөл ажиллах ёстой. Улсын хэмжээнд нийт 600 гаруй Ёс зүйн зөвлөл үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд эдгээр зөвлөлүүдийн дүрэм журмыг нийтлэг үзэл баримтлалд оруулах шаардлага бий болж байна. Энэ асуудлыг бид нэгдсэн зөвлөгөөний үеэр нарийн хэлэлцэж, төсөл боловсруулсан. Төрийн бүх шатанд ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх хэрэгтэй. Манай байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд төрийн албаны бүх шатны ёс зүйн хорооны асуудлыг удирдлага, арга зүйн талаас нь хариуцаж ажиллах үүрэг ногддог.
УИХ-ын намрын чуулганаар Төрийн албаны Ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийн төслийг батлуулахаар ажиллаж байна. Одоогоор манай улсад улс төрийн албан хаагчдын ёс зүй, сахилга хариуцлагын чиглэлээр ямар нэг хуулийн зохицуулалт алга. Мөн төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудын удирдлагууд, албан хаагчдын ёс зүй, сахилга хариуцлагатай холбоотой асуудал орхигдсон байдаг. Энэ асуудлуудыг цогцоор нь шийдэхийн тулд хууль гаргах шаардлагатай байгаа юм. УИХ-ын гишүүдийн хариуцлагыг чангаруулсан. Тухайлбал, УИХ-ын гишүүд тангаргаасаа няцвал эгүүлэн татах зохицуулалтыг тусгасан. Түүнчлэн УИХ-ын гишүүдийн Ёс зүйн дүрмийн шинэчилсэн төслийг боловсруулаад дууссан. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор УИХ-ын тухай болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиудыг шинэчилж, гишүүдийн ёс зүй, сахилга хариуцлагын талаар зохицуулалтыг оруулсан. Улам сайжруулах асуудал бий.”
Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал:
“-Төрийн албаны зөвлөл өнгөрсөн хугацаанд тодорхой ажлуудыг хийж, үр дүнд хүрсэнд баяртай байна. Тухайлбал, төрийн албаны нэгдсэн санг цахимжуулах ажлыг өндөр түвшинд зохион байгуулсан. Цахим шилжилтийг үр дүнтэй хийснээр төрийн албаны шалгалтыг аваад шууд дүнг нь тэр даруй олон нийтэд танилцуулдаг болсон. Технологид суурилсан шалгалтыг авснаар төрийн албыг шударга, ил тод, нээлттэй болгоход тодорхой хувь нэмэр оруулж байна. Ёс зүйтэй, сахилга хариуцлагатай, инновац нэвтрүүлдэг, орчин үеийн техник технологийг ашиглаж чаддаг байх шалгуурууд төрийн албан хаагчдад зүй ёсоор тавигдаж байна. Мерит зарчмыг тухайн ажил дээрээ хэдэн жил болсноор нь дүгнэдэг буруу жишиг байсан. Бодит утгаараа бол тухайн ажил дээрээ хүлээн зөвшөөрөгдөж байгаа байдлыг хэлдэг. Мөн тухайн ажилтны зэрэг ахих асуудлыг зөвхөн ажилласан жилээр нь тооцдогийг болих хэрэгтэй. Тухайн ажил дээрээ хүлээн зөвшөөрөгдсөн, мэдлэг чадвараа дээшлүүлсэн, үр бүтээлтэй ажилласан байдлыг нь харгалзан үздэг тогтолцоог нэвтрүүлэх шаардлагатай. Төрийн албаны тухай хууль хэрэгжээд хоёр жил өнгөрсөн байна. Алдаа, оноотой зүйл бий. Гадаад, дотоодод нарийн мэргэжил эзэмшсэн залуучуудыг төрд ажиллуулах гэхээр Төрийн албаны хуулиар тогтоосон босгыг нь давдаггүй. Тухайлбал, парламентын цахим технологийг нэвтрүүлж, цаасгүй парламент болох эхлэлээ тавьсан. Засгийн газраас төрийн 180 гаруй үйлчилгээг цахимаар авдаг болголоо.
УИХ-ын намрын чуулганаар Төрийн цахим харилцааны тухай, Мэдээллийн өгөгдөл хамгааллын тухай, Мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэхээр бэлтгэж байна. Эдгээр хуулиудыг дагаад 60 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт орно. Эдгээр хуулиуд батлагдвал бидэнд мэдээлэл, технологийн нарийн мэргэжлийн ажилтнуудын хэрэгцээ их болно.
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд цахим шилжилтийг хийж байгаа. 21 аймаг, 330 сумдад шилэн кабель, 3G сүлжээ ороогүй газрууд олон бий. Тиймээс 2021 оны төсвийн хуулийн төсөлд орон нутгийн хатуу болон зөөлөн дэд бүтцийг сайжруулахад онцгой анхаарч, 23 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байгаа. Төрийн үйлчилгээний албан хаагчдад шаардлагатай тоног төхөөрөмж, технологийн асуудлыг нь шат дараатайгаар шийдээд явж байна. Тухайлбал, өнгөрсөн онд багш нарт шаардлагатай 6000 орчим зөөврийн компьютерыг шийдсэн. Эрүүл мэндийн байгууллагуудад хэрэгцээтэй тоног төхөөрөмжүүдийг өгч байна. Бид инновац, цахим шилжилтийн талаар хандлага, ойлголтоо өөрчлөх цаг болсон. Үндэсний хэмжээнд цахим соёлыг түгээхэд манай байнгын хороо манлайлж ажиллана. Цахим болон цаасан баримт бичгийг адил хэмжээнд хүлээн зөвшөөрдөг байдлыг хууль, эрх зүйн орчинд бий болгоно.”
УИХ-ын байнгын хороодын дарга нар Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ Төрийн албаны салбар зөвлөлийн цахим хуралд оролцож, үүрэг чиглэл өглөө. Уг хуралд яам, агентлаг, аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн төлөөлөл оролцож, хууль эрх зүйн орчны талаар санал солилцсон юм.
Улс төр
Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 06 минутад гишүүдийн 52.4 хувийн ирцтэй эхэлж, Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг үргэлжлүүллээ.
Улсын Их Хурлын чуулганы 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн хуралдаанаар санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 68 гишүүний олонх дэмжив. Иймд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүллээ.
Дараа нь Цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенц соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, соёрхон батлахыг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжив. Мөн Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, соёрхон батлахыг дэмжих эсэхээр санал хураалт явуулсан. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 76 гишүүний 70 нь дэмжин, баталлаа. Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлэг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар эхэлсэн бөгөөд өнөөдрийн хуралдаанаар санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 76 гишүүний 90.8 хувь нь дээрх хуулийн төслийг соёрхон батлахыг дэмжлээ.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3-т “Улсын Их Хурал энэ хуулийн 46.1.2-т заасан хууль, тогтоолын эцсийн найруулгатай танилцаж ёсчлохыг зөвшөөрөх” гэж заасны дагуу Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон хамт баталсан хуулиудын эцсийн найруулгыг сонсов.
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Монгол Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу танилцууллаа.
Улсын Их Хурлаас 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр баталсан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгч 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр бүхэлд нь хориг тавьсныг Улсын Их Хурал 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авсан.
Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хамтарсан хуралдаанаас Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан хоригийг Улсын Их Хурал хүлээн авсантай холбогдуулан хууль, тогтоолыг хэрхэн хэлэлцэх талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан юм. Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу ажлын хэсгийг ахалж, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Д.Ганмаа, М.Нарантуяа-Нара, П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир, Х.Тэмүүжин, Г.Уянгахишиг, Б.Хэрлэн нар ажиллажээ.
Ажлын хэсэг 2 удаа хуралдаж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан “Хуралдааны дэгээр зохицуулаагүй асуудлыг хэлэлцэх журам”-ыг баримтлан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс бүхэлд нь тавьсан хоригийг Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх дэгийн тухай хуулийн төсөл боловсруулан энэ сарын 28-ны өдөр Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаанд танилцуулжээ.
Дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр, Н.Наранбаатар, Л.Мөнхбаясгалан, С.Эрдэнэбат, Ц.Идэрбат, Х.Ганхуяг, Ж.Батжаргал, Д.Ганбат, Ц.Даваасүрэн, С.Амарсайхан, Д.Батлут, З.Мэндсайхан, М.Бадамсүрэн нар асуулт асууж, хариулт авсан. Гишүүд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулан, Ерөнхийлөгч төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан тохиолдолд шийдвэрлэх зохицуулалтыг тусгах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлж, энэ талаар ажлын хэсгийн ахлагч болон Байнгын хороодын дарга нараас хариулт, тайлбарыг авсан юм. Түүнчлэн орон нутгийн төсвийн хэлэлцүүлгийн цаглавартай холбоотой тодруулгыг Сангийн сайдаас асууж, хариулт авсан.
Дараа нь Байнгын хороодын саналаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Монгол Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг эцэслэн батлахыг дэмжих санал хураалт явууллаа. Санал хураалтад Улсын Их Хурлын 81 гишүүн оролцож, 55 нь дэмжив. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулах бөгөөд Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжсэн бол эцэслэн баталсанд тооцно” гэж заасан байдаг.
Хуулийн төсөл ийнхүү батлагдаагүй учир Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.8, 90.9 дэх заалтыг баримтлан Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хороо хамтарсан хуралдаанаа хийж, холбогдох асуудлыг хэлэлцэхийг даалгав. Үүгээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Улс төр
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил оролцоо-2024” үндэсний чуулган Төрийн ордонд эхэллээ.
Чуулганаар “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, оролцоог хангах төрийн бодлого, ололт амжилт, тулгамдсан асуудал”, “Эрх зүйн орчны шинэчлэл”, “Нийгмийн оролцоог хангахад иргэний нийгмийн байгууллагын үүрэг, хариуцлага,” “Тогтвортой хөгжилд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо-Олон улсын байгууллагын дэмжлэг, хамтын ажиллагаа” зэрэг сэдвийг хэлэлцэж, зөвлөмж гаргах юм.
Мөн салбар хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн үүрэг, оролцоо, төр, хувийн хэвшил болон төр, иргэний нийгмийн байгууллагын түншлэл, хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ.
Үндэсний чуулганыг Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нээж хэлсэн үгэндээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, хөгжил, хамгаалал, оролцоо нь Ерөнхийлөгч, төр, засгийн бодлого, үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл гэдгийг тэмдэглэлээ.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжих, тэдний сайн сайхан амьдралын төлөөх аливаа бодлого, шийдвэр, санал, санаачилга, үйл ажиллагааг бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
“Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Цагаан алт”, “Эрүүл монгол хүн” болон “Хархорум хот” үндэсний хөдөлгөөнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ гэдгээ хэлэв.
Манай улсад 111 мянга гаруй иргэн хөгжлийн бэрхшээлтэй. Эдгээрийн 84 хувь буюу 93 мянга нь хөдөлмөрийн насных хэдий ч 15 мянга нь л ажил хөдөлмөр эрхэлж байна.
Иймээс төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүд тэднийг ажлын байраар хангах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх, орлого, амьжиргааг нь сайжруулах, нийгмийн хамгаалал, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх нь чухал байгааг тэмдэглэлээ.
Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүрийг баялаг бүтээгч, үйлдвэрлэгч болгохын төлөө ажиллах, санхүүжилтээ нэмэгдүүлэх, онцлогт нь тохирсон ажил, хөдөлмөрийн шинэлэг хэлбэр, үйлчилгээг өргөжүүлэх шаардлагатайг онцлов.
Орон сууцны зээлийн нөхцөлийг сайжруулах, түрээсийн, нийтийн, амины орон сууцны хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн болон ахуйн осол, гэмтлээс шалтгаалсан олдмол хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаад дүгнэлт хийж ажиллахыг Засгийн газарт чиглэл болголоо.
2017-2021 оны Засгийн газар Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв байгуулах, Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалтын үйлдвэрийг Хөдөлмөр, сургалт, хөгжлийн төв болгон өргөтгөх шийдвэр гаргаж байлаа.
Сүүлийн жилүүдэд ч тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр цөөнгүй арга хэмжээ хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг нь тодорхой хувиар нэмж, танхимын сургалт болон хөгжлийн үйлчилгээнд хамрагдах боломжгүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дэмжих үйлчилгээг хөгжүүлэх, орон нутагт Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөгжлийн төв, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвүүдийг байгуулж байна.
Улс төрийн оролцоог нь нэмэгдүүлэхэд анхаарсны дүнд УИХ-д хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлсөн хоёр гишүүн сонгогдсон. Мөн манай тамирчид Паралимпын наадмаас нэг алт, гурван мөнгөн медаль авсан нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд ахиц дэвшил, үр дүн гарч байгаагийн илрэл гэж Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ дурдлаа.
Дэлхийн улс орнууд ирэх сард тохиох “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн олон улсын өдөр”-ийг “Хүртээмжтэй, тогтвортой ирээдүйн төлөөх хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн манлайллыг нэмэгдүүлье” уриан дор тэмдэглэх юм.
Улс төр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны арванхоёрдугаар сарын 1-9-нд Саудын Арабын Хаант Улсын Эр-Рияд хотноо зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд (UNCCD COP16) оролцох үеэр Саудын Арабын Хаант Улс болон Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал тус тус хийнэ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд тус хурлын дараагийн даргалагчийн хувиар оролцож, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтлын асуудлаарх Монгол Улсын Засгийн газрын байр суурийг илэрхийлж, үндэсний түвшинд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулахын зэрэгцээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Аким Штайнер нартай тус тус уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мөн бага хурлын үеэр болох Усны дээд түвшний уулзалтад оролцож, Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират Улсад ажлын айлчлал хийх үеэр тухайн орнуудын удирдлагатай уулзаж, хоёр талын харилцааг хөгжүүлэх, эдийн засгийн агуулгаар баяжуулах, чингэхдээ хот бүтээн байгуулалт, цахим хөгжил, хиймэл оюун ухаан, төрийн үйлчилгээ зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар дэлгэрэнгүй санал солилцоно.
-
Нийгэм6 цаг өмнө
Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо
-
Нийгэм5 цаг өмнө
12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй
-
Улс төр8 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
-
Нийгэм9 цаг өмнө
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
-
Эдийн засаг8 цаг өмнө
“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо
-
Нийгэм9 цаг өмнө
Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ
-
Улс төр5 цаг өмнө
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ
-
Энтертайнмент9 цаг өмнө
“Тунгалаг тамир” роман франц хэлээр хэвлэгдлээ