Улс төр
“АНУ Хятадтай муудвал Монголтой харилцах нь идэвхжинэ”
Америкийн нэгдсэн улс (АНУ)-ын Ерөнхийлөгчийн сонгууль дэлхий дахины анхаарлын төвд байна. Учир нь АНУ дэлхийн эдийн засгийн 24 хувийг дангаараа хангадаг том орон. Тийм ч учраас ямар ерөнхийлөгч гарах вэ гэдгээсээ хамаараад дэлхийн эдийн засаг, улс төрийн бодлогод АНУ маш хүчтэй нөлөө үзүүлнэ.
Үнэлгээний болон судалгааны байгууллагууд, стратегийн дүн шинжээчид АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар янз бүрийн урьдчилсан дүгнэлтүүд хийж байна. Урьдчилсан байдлаар Байдены рейтинг өндөр байгаа билээ.
АНУ-ын ард түмэн Дональд Трамп өмнөх сонгуулийн амлалтуудаа хэрхэн хэрэгжүүлэв гэдэгт хамгийн их анхаарал хандуулж байна. Трампын хувьд 2016 оны сонгуулиар дэвшүүлсэн гол гол бодлогуудаа ерөнхийд нь хэрэгжүүлсэн гэж үзэж буй. Барак Обамагийн хэрэгжүүлж байсан ихэнх бодлогыг тэрбээр буруушааж байсны хувьд Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь конвенцийн Парисын хэлэлцээрээс АНУ-ыг гаргасан.
Саяхан мэтгэлцээний үеэр тэрбээр энэ тухай хөндөж, “Энэтхэг, Хятад, ОХУ зэрэг олон сая хүн амтай том гүрнүүд асар их агаарын бохирдолтой атал эдгээр улс үүндээ дорвитой хөрөнгө гаргадаггүй. Харин АНУ хэдэн тэрбум ам.долларыг яагаад уур амьсгалын өөрчлөлтийн төлөө гаргах ёстой юм бэ” гэж хэлсэн.
АНУ дээрх хэлэлцээрээс гарснаар хаалттай байсан олон хориг актыг хүчингүй болгож, ялангуяа эрчим хүчний салбарт маш их хэмжээний ажлын байр бий болсон. Газрын тос, уул уурхайн чиглэлийн үйлдвэрүүд эрчимтэй ажилласнаар ажлын байр олноор нэмэгдүүлсэн.
Дональд Трампын шүүмжилдэг өөр нэг асуудал бол НАТО-гийн гишүүн орнууд дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 2 хүртэлх хувийг батлан хамгаалах чиглэлд зарцуулна гэсэн НАТО-гийн чуулганы шийдвэрийг хэрэгжүүлдэггүй явдал.
Гэтэл НАТО-гийн цэргийн эвслийн 60 гаруй хувийн санхүүжилтийг АНУ дангаараа гаргадаг. Тэрбээр “АНУ буяны байгууллага биш” гэж шүүмжилж байв.
Дональд Трамп олон улсын худалдаа, ялангуяа хойд Америкийн чөлөөт худалдааны бүсийн хэлэлцээрийг шинэчилсэн, Америк, Канад, Мексикийн чөлөөт худалдааны хэлэлцээрт 2018 оны аравдугаар сард ИХ-20-ийн дээд хэмжээний уулзалтаар гарын үсэг зурсан. Энэ нь АНУ-д маш их үр ашигтай чөлөөт худалдааны хэлэлцээр болсон гэж үздэг.
Дональд Трамп “Америкийг дахин агуу болгоно” гэж ярьдаг атлаа өөрийнх нь төлсөн өнгөрсөн гурван жилийн татвар дөнгөж 1500 ам.доллар байгаа нь яаж АНУ-ыг агуу болгох юм бэ гэсэн шүүмжлэлийг дагуулдаг.
Олон улс судлаачид АНУ-ыг дэлхийн хэмжээний манлайллаа алдсан гэж үзэж буй. Цар тахал намжсаны дараа дэлхийн шинэ дэг журам бий болж, Америкийн манлайлал буурна, Хятад, Америкийн сөргөлдөөн олон улсын харилцааны гол сөргөлдөөний тэргүүн талбар байх болно гэсэн урьдчилсан дүгнэлтүүд ч гарч байгаа юм.
АНУ-Д 8.9 сая хүн коронавирусийн халдвар авч, сүүлийн хоёр өдөр гэхэд 80 мянгаас дээш хүн шинээр халдвар авч, өчигдрийн байдлаар 215 мянган хүн нас барав.
Дональд Трамп мэтгэлцээний үеэр “Халдварын ид оргил үе өнгөрсөн” гэж хэлсэнд Жо Байден “Өөрийгөө болон гэр бүлээ коронавирусийн халдвараас сэргийлж чадаагүй байж яаж АНУ-ын ард иргэдийг хамгаалах юм бэ гэж хэлж, түүнд хариу барьсан.
Жо Байдены хувьд Дональд Трампын алдаан дээр гол тоглолт хийж байгаа гэж хэлж болно. Өчигдрийн байдлаар 58.7 сая хүн Ерөнхийлөгийн сонгуульд урьдчилан саналаа өгсөн нь 2016 оныхтой харьцуулахад 400 мянгаар илүү байна. Урьдчилан саналаа өгсөн нийт иргэдийн 30 сая орчим нь цахимаар саналаа өгчээ. Ерөнхийлөгч Дональд Трамп энэ сарын 24-ний өдөр Флорида мужийн Палм-Бич хотод саналаа урьдчилан өгсөн.
АЛЬ НАМААС ГАРСАН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ҮЕД МОНГОЛТОЙ ХАРИЛЦАА ИЛҮҮ САЙЖИРЧ БАЙВ?
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Гуравдагч хөршийн худалдааны тухай хуулийг анхааралдаа авна гэдгээ илэрхийлсэн. Хэрвээ АНУ-ын Конгресс энэ хуулийг баталбал худалдааны харилцааг тэлж, экспортын боломжийг дэмжинэ. Энэ хэрээр эдийн засагт том хувь нэмэр оруулна гэж үзэж байгаа билээ.
Дээрх хуулийн нөлөөгөөр 30 мянга гаруй ажлын байр шинээр бий болно гэж тооцож буй юм. Үүгээр ч зогсохгүй хөнгөн үйлдвэрийн чиглэл, ноос ноолууран бүтээгдэхүүнийг барууны зах зээлтэй холбоход чухал нөлөөтэй гэж судлаачид үзэж байгаа билээ.
АНУ Монгол Улсын импортын 3.5 орчим хувийг бүрдүүлж буй. Сүүлийн жилүүдийн дүнг харвал Монголоос АНУ-д хийж байгаа экспорт 2015 оноос хойш тасралтгүй буурчээ.
АНУ-ын Ерөнхийлөгч хэн байх, ямар намаас гарч байгаагаас тэр дундаа Хятадтай харилцах харилцаа ямар байхаас шалтгаалж Монгол Улстай хэр идэвхтэй харилцаатай байх нь хамаарна гэж судлаачид үздэг. Бүгд найрамдах намын Ерөнхийлөгчийн үед Монголтой харилцаа илүү идэвхтэй байж ирсэн гэдгийг олон улс судлаачид хэлж байна.
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль ба Монголын гадаад харилцааны талаар судлаачдын байр суурийг сонслоо.
ХИС-ийн Олон улсын харилцаа, Нийгэм судлалын сургуулийн захирал, доктор, профессор Д.УЛАМБАЯР:
Өнгөрсөн түүхээ харвал, Ардчилсан намын АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Хенри Эгард Уоллес 1944 оны долдугаар сард Монголд айлчилж байсан. БНМАУ үнэхээр бие даасан улс мөн үү гэдгийг нүдээрээ үзээд явсан. Ингээд 1945 оны Ялтын хэлэлцээрээр Ялтын холбоотон гурван гүрний тэргүүн нарын бага хурлын үеэр Японы эсрэг дайн, ЗХУ-ын хоригтой холбогдсон хэлэлцээр байгуулагдсан. Энэ хэлэлцээрийн нэгдүгээр зүйл нь БНМАУ-ын статус ковотыг хүлээн зөвшөөрөх асуудал байсан.
АНУ кМонголын статус ковотыг хүлээн зөвшөөрснөөр Монгол Улс олон улсын тавцанд бие даан гарах, түүнчлэн Зөвлөлт, Хятадын хэлэлцээрээр Монгол Улсын статус ковог оршин тогтнож байгаа бодит байдлыг хүлээн зөвшөөрснөөр 1945 оны аравдугаар сарын 20-нд Монгол Улсынхаа тусгаар тогтносон байдлыг ард нийтээрээ баталсан. Үүний түүхэн 75 жилийн ой саяхан тохиолоо. Өөрөөр хэлбэл, АНУ Монгол Улсын статус ковог хүлээн зөвшөөрөхөд чухал үүрэг гүйцэтгэсэн.
1987 оны Нэгдүгээр сарын 2-нд БНМАУ, АНУ-тай дипломат харилцаа тогтоосон. Тухайн үед АНУ-д Бүгд найрамдах нам Засгийн эрх барьж байсан.
1990 оны долдугаар сард АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жеймс Бейкер Монгол Улсад айлчилж, гурав дахь хөршийн үзэл санааг дэмжиж гаргаж ирсэн хүн. Жорш Бушыг Ерөнхийлөгч байхад 1990 онд болсон “Их-7”-гийн дээд хэмжээний уулзалтаас гарсан тунхаглалд Монголын ардчиллыг бүх талаар дэмжинэ гэж тусгасан.
1995 онд АНУ-ын Тэргүүн хатагтай Хиллари Клинтон Монголд айлчилсан.
Мөн 1997 онд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга манай улсад айлчилсан. Үүнээс хойш 2005 онд Бүгд найрамдах намын үед АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буш анх удаа Монголд хоёр орны стратегийн нийтлэг үнэт зүйлсийг харилцан дэмжих иж бүрэн түншлэлийн зарчмуудыг тунхагласан.
Ерөнхийлөгч асан Н.Багабанди 2004 онд АНУ-д айлчилсны дүнд Хамтарсан мэдэгдэл гаргасан. Барак Обамаг АНУ-ын Ерөнхийлөгч байх үед 2011 онд Дэд ерөнхийлөгч асан Жо Байден Монголд айлчилж, Монголын ардчиллыг дэмжих хоёр улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлыг хэлэлцсэн.
2018 онд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-д төрийн айлчлал хийж, хоёр орны харилцааг иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэсэн. Мөн эдийн засгийн хамтын ажиллагааны замын зурагт гарын үсэг зурсан.
2019 оны долдугаар сард Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д айлчилж, хоёр орны харилцааг стратегийн түншлэлд хүргэх тухай Вашингтоны тунхаглалд гарын үсэг зурсан. Энэ бол маш их чухал. Өөрөөр хэлбэл АНУ-ын аль ч засгийн газрын үед манай улс маш амжилттай ажиллаж байсан.
Ирэх сарын 3-ны өдөр болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд хэн нь сонгогдохоос үл хамаараад Монгол Улс бол АНУ-ын гуравдагч түнш гэдэг бодлого цаашид ч үргэлжилнэ. Хоёр тал өдгөө стратегийн түншлэл тогтоосон өндөр харилцаанд хүрсэн.
ГАДААД ХЭРГИЙН САЙД АСАН Л.ЭРДЭНЭЧУЛУУН: ХОЁР ОРНЫ УЛС ТӨРИЙН ХАРИЛЦАА ТОГТВОРТОЙ ӨСӨЖ ДЭВШИЖ ИРСЭН
АНУ-тай стратегийн түншлэл тогтоосон нь зөвхөн манай орноор зогсохгүй бүсийн хэмжээнд чухал нөлөөтэй байх болно гэж бодож байна. Манай улсын Гадаад бодлогын үзэл баримтлалд гуравдагч хөршийн тухай концепц тусгалаа олсныг хэн бүхэн мэдэж байгаа.
Энэ концепц хэрэгжсэнээр хоёр хөршөөс гадна гуравдагч хөршийн орнуудтай улс төр, эдийн засгийн ергөн хүрээтэй харилцааг бодлогоор хэрэгжүүлэх боломж нээгдэнэ. Улмаар бидний үйл ажиллагааны цар хүрээ тэлнэ. боломж бололцоо нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл, тэгш талтай гурвалжин адил харилцааг бий болгосноор манай улсын аюулгүй байдал бэхжин, эдийн засгийн биеэ даасан байдал бий болно..
Үүнтэй холбоотойгоор манай төр засгийн тэргүүнүүдийн АНУ-д хийсэн айлчлалуудын тухай баримт бичгүүдийг сөхөж үзлээ. 2004 онд Н.Багабанди Ерөнхийлөгч айлчилсны дүнд Хамтарсан мэдэгдэл гаргасан. Түүнд “Хамтын үнэт зүйлс болон стратегийн нийтлэг эрх ашигт тулгуурласан хамтын ажиллагаа, иж бүрэн түншлэлийн шинэ эрин үеийг зарлан тунхаглав” гэжээ.
Тэр үед бид стратегийн гэсэн тодотголтой болгоё гэж анхнаасаа санал болгоод явж байсан боловч яриа хэлэлцээний дүнд иж бүрэн түншлэл гэдэг үгийг авахаар тохиролцсон. АНУ-ын тал хоёр орны харилцаанд стратегийн элементүүд байгаа боловч тэр түвшинд хараахан хүрээгүй гэж үзсэн бололтой. 2007 онд Ерөнхийлөгч Н.Энхбаярын айлчлалын дүнд “Хоёр улсын ойр дотно хамтын ажиллагааны зарчмуудын тухай” тунхаглал гаргасан юм. Энэ Тунхаглалд хамтын ажиллагааны найман зарчмыг тусгаад зогсохгүй иж бүрэн түншлэлийн цар хүрээг өргөтгөх нь зүйтэй гэж үзсэн. Үүгээрээ ч өмнөх Тунхаглалаасаа онцлог байсан. Дараа нь 2011 онд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн айлчлалын дүнд Хамтарсан мэдэгдэл гаргажээ.
Түүнд иж бүрэн түншлэлийн тухай гаргасан өмнөх бичиг баримтуудыг нотолсон байна лээ. Уул нь түүндээ иж бүрэн түншлэлийг өргөтгөх тухай гэсэн санааг давтаж оруулсансан бол зүгээр байх байсан. Ер нь ингэж явах ёстой юм л даа. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн 2018 онд хийсэн айлчлалын дүнд гаргасан Хамтарсан мэдэгдэлд хоёр орны харилцаа өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн шинэ түвшинд хүрснийг тэмдэглэжээ.
Мөн эдийн засгийн өргөтгөсөн түншлэлийн тухай замын зураглалыг баталжээ. Энэ хоёр заалт бол шинэ зүйл юм. Ийнхүү явсаар энэ оны долдугаар сард Х.Баттулга Ерөнхийлөгчийн айлчлалын үр дүнд хамтарсан Тунхаглал гаргаж, түүндээ стратегийн түншлэлийн харилцаа тогтоосноо зарлалаа.
Эргээд харахад хоёр орны ялангуяа улс төрийн харилцаа тогтвортой өсч дэвшин, хөгжиж ирсэн нь тодорхой байна. Ер нь улс төрийн харилцааг эдийн засгийн үр ашигтай хамтын ажиллагаагаар баталгаажуулахгүйгээр ирээдүйн тухай бодох ч хэрэггүй биз ээ.
Өмнөх асуулттай холбогдуулаад хэлэхэд, бид гуравдагч хөрштэйгөө холбогдохын тулд заавал хоёр хөршөөрөө дамжиж харилцах болно. Энэ чиглэлээр манай Засгийн газар ихээхэн хүч чармайлт гаргаж, тодорхой үр дүнд хүрсэн. Энэ ажлаа цааш нь эрчимтэй үргэлжлүүлэх нь чухал.
МУИС-ийн Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургуулийн багш, доктор С.БАЯСГАЛАН:
“АНУ, ХЯТАДЫН ХАРИЛЦАА МУУДААД БАЙВАЛ МОНГОЛТОЙ ХАРИЛЦАХ НЬ ИДЭВХТЭЙ БОЛНО”
Ер нь АНУ дэлхийн тэргүүлэгч их гүрэн учраас түүний дотоодын үйл явц, тэр дундаа Ерөнхийлөгчийн сонгууль нь дэлхий даяар нөлөөлдөг. Тийм ч учраас улс орнууд ч гадаад бодлогоо явуулахдаа олон улсын харилцааны нөхцөл байдлыг харгалзан үзсэний үндсэн дээр тодорхойлон явуулдаг.
Тэдгээрийн гадаад бодлогод шууд нөлөө үзүүлэгч АНУ-ын Ерөнхийлөгч хэн байх, ямар бодлого явуулахыг мэдэх нь чухал, тэр ч байтугай зарим улс орнууд ерөнхийлөгч сонгогдохоос өмнө янз бүрийн хувилбар гаргадаг эсвэл Ерөнхийлөгч сонгогдсоны дараа АНУ-тай хэрхэн харилцах талаар судалгаа хийдэг.
АНУ-ын Ерөнхийлөгч хэн байх, ямар намаас гарч байгаагаас хамаарч түүний Ази, Номхон далайн бүс нутаг дахь бодлого тодорхойлогдоно. Тэр дундаа Хятадтай харилцах харилцаа ямар байхаас шалтгаалж Монголтой хэр идэвхтэй харилцаатай байх нь хамаарна гээд хэлчихвэл хэтрүүлэг болохгүй гэж бодож байна. Өөрөөр хэлбэл, АНУ Хятадтай харилцаа муудаад байвал Монголтой харилцах нь идэвхтэй болоод л байна.
АНУ-ын Монголтой харилцах харилцаанд сайжирсан эсвэл муудсан гэж ярих зүйл бол байхгүй л дээ, харин идэвхгүй байсан эсвэл идэвхжсэн гэсэн ойлголт байгаа. АНУ-ын зүгээс харах юм бол аливаа улс орнуудын нэгэн адил өөрийн ашиг сонирхлын үүднээс л харна.
Энэ утгаараа Монгол Улсад түлхүү анхаарлаа хандуулж байсан нь Бүгд найрамдах намын Ерөнхийлөгчийн үе байдаг. Ер нь АНУ-ын түүхэнд голдуу Бүгд найрамдах нам нь засаглаж байх үед гадаад бодлого нь илүү хүчтэй байж, Ардчилсан нам удирдах үед дотооддоо чиглэсэн бодлогоо түлхүү явуулж ирсэн.
Олон улсын харилцааны нөхцөл байдал, тэр дундаа Хятадтай харилцах харилцаа хэр хүчтэй байхаас Монголд хэр хэмжээний идэвхтэй бодлого явуулах нь хамаарна гэж ойлгож байна. Ардчилсан нам нь голдуу дотогшоо чиглэсэн бодлого баримталдаг гэдэг утгаараа Монгол зэрэг орнуудыг төдийлөн анхаарахгүй болов уу.
Харин Бүгд найрамдах нам нь гадаад бодлого идэвхтэй явуулдаг учраас Хятад, Орос гэсэн хоёр орны талаар явуулж байгаа гадаад бодлогын хүрээнд Монгол Улс ч гэсэн орно. Тиймээс хэдийгээр Дональд Трамп Монгол гэж ямар улс байдгийг мэдэхгүй байсан ч гэсэн Монголтой идэвхтэй харилцаа тогтоож явна гэж бодож байна.
Улс төр
Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 06 минутад гишүүдийн 52.4 хувийн ирцтэй эхэлж, Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг үргэлжлүүллээ.
Улсын Их Хурлын чуулганы 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн хуралдаанаар санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 68 гишүүний олонх дэмжив. Иймд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүллээ.
Дараа нь Цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенц соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, соёрхон батлахыг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжив. Мөн Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, соёрхон батлахыг дэмжих эсэхээр санал хураалт явуулсан. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 76 гишүүний 70 нь дэмжин, баталлаа. Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлэг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар эхэлсэн бөгөөд өнөөдрийн хуралдаанаар санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 76 гишүүний 90.8 хувь нь дээрх хуулийн төслийг соёрхон батлахыг дэмжлээ.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3-т “Улсын Их Хурал энэ хуулийн 46.1.2-т заасан хууль, тогтоолын эцсийн найруулгатай танилцаж ёсчлохыг зөвшөөрөх” гэж заасны дагуу Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон хамт баталсан хуулиудын эцсийн найруулгыг сонсов.
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Монгол Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу танилцууллаа.
Улсын Их Хурлаас 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр баталсан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгч 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр бүхэлд нь хориг тавьсныг Улсын Их Хурал 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авсан.
Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хамтарсан хуралдаанаас Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан хоригийг Улсын Их Хурал хүлээн авсантай холбогдуулан хууль, тогтоолыг хэрхэн хэлэлцэх талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан юм. Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу ажлын хэсгийг ахалж, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Д.Ганмаа, М.Нарантуяа-Нара, П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир, Х.Тэмүүжин, Г.Уянгахишиг, Б.Хэрлэн нар ажиллажээ.
Ажлын хэсэг 2 удаа хуралдаж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан “Хуралдааны дэгээр зохицуулаагүй асуудлыг хэлэлцэх журам”-ыг баримтлан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс бүхэлд нь тавьсан хоригийг Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх дэгийн тухай хуулийн төсөл боловсруулан энэ сарын 28-ны өдөр Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаанд танилцуулжээ.
Дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр, Н.Наранбаатар, Л.Мөнхбаясгалан, С.Эрдэнэбат, Ц.Идэрбат, Х.Ганхуяг, Ж.Батжаргал, Д.Ганбат, Ц.Даваасүрэн, С.Амарсайхан, Д.Батлут, З.Мэндсайхан, М.Бадамсүрэн нар асуулт асууж, хариулт авсан. Гишүүд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулан, Ерөнхийлөгч төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан тохиолдолд шийдвэрлэх зохицуулалтыг тусгах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлж, энэ талаар ажлын хэсгийн ахлагч болон Байнгын хороодын дарга нараас хариулт, тайлбарыг авсан юм. Түүнчлэн орон нутгийн төсвийн хэлэлцүүлгийн цаглавартай холбоотой тодруулгыг Сангийн сайдаас асууж, хариулт авсан.
Дараа нь Байнгын хороодын саналаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Монгол Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг эцэслэн батлахыг дэмжих санал хураалт явууллаа. Санал хураалтад Улсын Их Хурлын 81 гишүүн оролцож, 55 нь дэмжив. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулах бөгөөд Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжсэн бол эцэслэн баталсанд тооцно” гэж заасан байдаг.
Хуулийн төсөл ийнхүү батлагдаагүй учир Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.8, 90.9 дэх заалтыг баримтлан Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хороо хамтарсан хуралдаанаа хийж, холбогдох асуудлыг хэлэлцэхийг даалгав. Үүгээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Улс төр
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил оролцоо-2024” үндэсний чуулган Төрийн ордонд эхэллээ.
Чуулганаар “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, оролцоог хангах төрийн бодлого, ололт амжилт, тулгамдсан асуудал”, “Эрх зүйн орчны шинэчлэл”, “Нийгмийн оролцоог хангахад иргэний нийгмийн байгууллагын үүрэг, хариуцлага,” “Тогтвортой хөгжилд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо-Олон улсын байгууллагын дэмжлэг, хамтын ажиллагаа” зэрэг сэдвийг хэлэлцэж, зөвлөмж гаргах юм.
Мөн салбар хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн үүрэг, оролцоо, төр, хувийн хэвшил болон төр, иргэний нийгмийн байгууллагын түншлэл, хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ.
Үндэсний чуулганыг Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нээж хэлсэн үгэндээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, хөгжил, хамгаалал, оролцоо нь Ерөнхийлөгч, төр, засгийн бодлого, үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл гэдгийг тэмдэглэлээ.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжих, тэдний сайн сайхан амьдралын төлөөх аливаа бодлого, шийдвэр, санал, санаачилга, үйл ажиллагааг бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
“Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Цагаан алт”, “Эрүүл монгол хүн” болон “Хархорум хот” үндэсний хөдөлгөөнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ гэдгээ хэлэв.
Манай улсад 111 мянга гаруй иргэн хөгжлийн бэрхшээлтэй. Эдгээрийн 84 хувь буюу 93 мянга нь хөдөлмөрийн насных хэдий ч 15 мянга нь л ажил хөдөлмөр эрхэлж байна.
Иймээс төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүд тэднийг ажлын байраар хангах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх, орлого, амьжиргааг нь сайжруулах, нийгмийн хамгаалал, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх нь чухал байгааг тэмдэглэлээ.
Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүрийг баялаг бүтээгч, үйлдвэрлэгч болгохын төлөө ажиллах, санхүүжилтээ нэмэгдүүлэх, онцлогт нь тохирсон ажил, хөдөлмөрийн шинэлэг хэлбэр, үйлчилгээг өргөжүүлэх шаардлагатайг онцлов.
Орон сууцны зээлийн нөхцөлийг сайжруулах, түрээсийн, нийтийн, амины орон сууцны хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн болон ахуйн осол, гэмтлээс шалтгаалсан олдмол хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаад дүгнэлт хийж ажиллахыг Засгийн газарт чиглэл болголоо.
2017-2021 оны Засгийн газар Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв байгуулах, Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалтын үйлдвэрийг Хөдөлмөр, сургалт, хөгжлийн төв болгон өргөтгөх шийдвэр гаргаж байлаа.
Сүүлийн жилүүдэд ч тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр цөөнгүй арга хэмжээ хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг нь тодорхой хувиар нэмж, танхимын сургалт болон хөгжлийн үйлчилгээнд хамрагдах боломжгүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дэмжих үйлчилгээг хөгжүүлэх, орон нутагт Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөгжлийн төв, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвүүдийг байгуулж байна.
Улс төрийн оролцоог нь нэмэгдүүлэхэд анхаарсны дүнд УИХ-д хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлсөн хоёр гишүүн сонгогдсон. Мөн манай тамирчид Паралимпын наадмаас нэг алт, гурван мөнгөн медаль авсан нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд ахиц дэвшил, үр дүн гарч байгаагийн илрэл гэж Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ дурдлаа.
Дэлхийн улс орнууд ирэх сард тохиох “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн олон улсын өдөр”-ийг “Хүртээмжтэй, тогтвортой ирээдүйн төлөөх хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн манлайллыг нэмэгдүүлье” уриан дор тэмдэглэх юм.
Улс төр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны арванхоёрдугаар сарын 1-9-нд Саудын Арабын Хаант Улсын Эр-Рияд хотноо зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд (UNCCD COP16) оролцох үеэр Саудын Арабын Хаант Улс болон Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал тус тус хийнэ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд тус хурлын дараагийн даргалагчийн хувиар оролцож, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтлын асуудлаарх Монгол Улсын Засгийн газрын байр суурийг илэрхийлж, үндэсний түвшинд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулахын зэрэгцээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Аким Штайнер нартай тус тус уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мөн бага хурлын үеэр болох Усны дээд түвшний уулзалтад оролцож, Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират Улсад ажлын айлчлал хийх үеэр тухайн орнуудын удирдлагатай уулзаж, хоёр талын харилцааг хөгжүүлэх, эдийн засгийн агуулгаар баяжуулах, чингэхдээ хот бүтээн байгуулалт, цахим хөгжил, хиймэл оюун ухаан, төрийн үйлчилгээ зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар дэлгэрэнгүй санал солилцоно.
-
Нийгэм11 цаг өмнө
Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо
-
Нийгэм5 цаг өмнө
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
-
Нийгэм10 цаг өмнө
12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй
-
Улс төр12 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
-
Нийгэм13 цаг өмнө
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
-
Нийгэм7 цаг өмнө
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
-
Эдийн засаг13 цаг өмнө
“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо
-
Улс төр10 цаг өмнө
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ