Улс төр
БОХХААБХ: 2021 оны төсвийн тухай хуулиудын хоёрдугаар хэлэлцүүлгийг хийв
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2020.10.27) хуралдаан 12.00 цагт гишүүдийн 57,9 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Хуралдааны эхэнд Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Монгол Улсын 2021 оны төсвийн төсөлд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын багцын нийт зардал 186.9 тэрбум төгрөг тусгагдсан бөгөөд 2019 оны гүйцэтгэлээс 11.7 хувиар буюу 19.6 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн бол 2020 оны тодотголоор батлагдсан төсвөөс 48.5 хувиар буюу 176.1 тэрбум төгрөгөөр буурахаар тусгагджээ. Энэ нь УИХ-ын 2020 оны 32 дугаар тогтоолд Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор малчин өрхөд ноолуурын урамшуулал олгохоор тусгасныг хэрэгжүүлэхээр 175.6 тэрбум төгрөгийг урсгал шилжүүлгээр дамжуулан олгосон дүнгээр бууруулсантай холбоотой байна. 2020 оны тодотголоор батлагдсан төсөвтэй харьцуулахад урсгал зардлыг 171.0, хөрөнгийн зардлыг 6.4 тэрбум төгрөгөөр тус тус бууруулж төсөвлөсөн бол эргэж төлөгдөх төлбөрийг хассан цэвэр зээлийн хэмжээг 1.3 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн төсөвлөжээ.
Харин Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын багцын нийт зардлын төсөв 2021 онд 164 тэрбум төгрөгөөр төлөвлөгдсөн нь 2019 оны гүйцэтгэлээс 22.0 хувиар буюу 29,7 тэрбум, 2020 оны тодотголоор батлагдсан төсвөөс 4,2 хувиар буюу 6.6 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдсэн. 2021 оны төсвийн төсөлд урсгал зардлыг 7.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, хөрөнгийн зардлыг 0.5 тэрбум төгрөгөөр бууруулан төсөвлөсөн байна.
Засгийн газраас 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Засгийн газраас коронавируст халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх багц арга хэмжээнүүдийн үр дүнд нэмэгдсэн төсвийн алдагдлыг бууруулах, төсвийн орлогын бааз суурийг нэмэгдүүлэх, цахим, ил тод, үр ашигтай төсвийн бодлого хэрэгжүүлэх, өрийг оновчтой удирдах, эдийн засгийн өсөлтийг баримтлахаар төсвийн төсөлд тусгасан. Ирэх оны төсвийн төсөлд татварын хувь хэмжээг тогтвортой хадгалах, гааль татварыг хялбаршуулах, технологийн дэвшил ашиглан бүртгэл, хамрагдалтыг нэмэгдүүлэх, гааль татварын үйлчилгээг чирэгдэлгүй, түргэн шуурхай үзүүлэх, аливаа татвараас зайлсхийх явдлыг бууруулан татварын тэгш, шударга орчин бүрдүүлэх бодлогыг баримталсан гэж байв.
Түүнчлэн 2021 оноос Засгийн газраас эрүүл мэнд, боловсролын салбарын шинэчлэлийг эхлүүлснээр тус салбаруудын хүнд суртал, чирэгдэл, дараалал, чанаргүй үйлчилгээ, хувь хүнд учирдаг төлбөрийн дарамтыг бууруулж, харин үр дүн, гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлснээр үр шимийг нь монгол хүн бүрд хүртээх чиглэлд чухалчлан авч үзсэн гэдгийг онцоллоо.
Төрийн үйлчилгээг саадгүй, шуурхай хүргэх, бага зардлаар өндөр бүтээмж, үр ашигтай ажиллах бүхий л боломжийг ашиглах зорилгоор мэдээллийн технологийн хөгжилд суурилсан цахим төрийн үйлчилгээг нэвтрүүлэх ажлыг ирэх онд улам идэвхжүүлж, төрийн цахим үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх юм байна. Коронавируст халдварт цар тахлын аюул үргэлжилсээр байгааг тооцоолон, эрэлтийг дэмжих зорилгоор эмзэг бүлгийн иргэдийн орлогыг хамгаалах, аж ахуй эрхлэгчдийг дэмжих чиглэлээр 2020 онд хэрэгжүүлсэн зарим арга хэмжээг ирэх оны хагас жилд үргэлжлүүлэхээр төлөвлөжээ. Тухайлбал, 18 хүртэлх насны хүүхэд бүрт олгох мөнгөн тэтгэмжийг 100 мянган төгрөг болгож нэмэгдүүлсэн, нийгмийн халамжийн тэтгэвэр болон байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хүүхдийн амьжиргааг дэмжихэд сар бүр олгох мөнгөн тэтгэмжийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлж 288 мянган төгрөг болгож нэмэгдүүлсэн шийдвэрийг коронавируст халдварт цар тахлын хугацаанд буюу 2021 оны эхний хагас жил хэрэгжүүлэх юм байна. Түүнчлэн үйл ажиллагаа нь доголдсон боловч ажлын байраа хадгалсан аж ахуйн нэгжийн ажилтандаа олгодог цалин хөлснөөс ердийн үед 22-25 хувиар тооцож ногуулдаг байсан нийгмийн даатгалын шимтгэлийг чөлөөлж, хөнгөлсөн арга хэмжээг хэсэгчлэн үргэлжлүүлж 2021 оны эхний хагас 17 хувиар тооцохоор төлөвлөсөн байна.
Эдийн засгийн өсөлтийг улсын төсвийн хөрөнгөөр дэмжих бодлогын хүрээнд хүн амын хэрэгцээг хангах хотын инженерийн шугам, сүлжээ, гэр хорооллын дэд бүтэц, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, хот доторх автозам барих болон тусгай хэрэгцээт хүүхэд зориулсан цогцолбор, эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн нэн шаардлагатай барилгуудыг барих ажлуудыг төлөвлөсөн болохыг Ч.Хүрэлбаатар сайд танилцууллаа.
Дээрх бодлогын арга хэмжээний үр дүнд төсөлд төсвийн тэнцвэржүүлсэн орлого 2020 оны тодотголын түвшнээс 2.1 их наяд төгрөгөөр нэмэгдэж 11.8 их наяд төгрөгт, нийт зарлага 2020 оны тодотголоос 625.9 тэрбум төгрөгөөр буурч 13.9 их наяд төгрөгт хүрэх ба тэнцвэржүүлсэн тэнцэл 2.2 их наяд төгрөг буюу ДНБ-ий 5.1 хувьд хүргэж төсвийн үзүүлэлтүүдийг сайжруулсан гэж байлаа.
Энэ талаарх Үндэсний аудитын газрын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч бөгөөд тэргүүлэх аудитор С.Бүрэнбат танилцуулав.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2021 оны төсвийн нийт зарлага ба цэвэр зээлийн дүнг 164.3 тэрбум төгрөгөөр төлөвлөж 2020 оны тодотгосон төсвөөс 6.6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 33.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 19 төсөл, арга хэмжээний санхүүжилтэд 18.6 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор төсөвлөсөн. Өмнөх оноос шилжин хэрэгжиж буй 29.4 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 13 төсөл, арга хэмжээг 16.4 тэрбум, шинээр 4.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 6 төсөл, арга хэмжээг 2.2 тэрбум төгрөгөөр тус тус санхүүжүүлэхээр төлөвлөхийн зэрэгцээ шинээр хэрэгжих 2.0 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 200.0 сая төгрөгийн санхүүжих дүнтэй 1 барилга, байгууламжийн хувьд Төсвийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т тусгасан төсөвлөлтийн шаардлагыг хангаагүй байгааг тэргүүлэх аудитор танилцуулгадаа дурдсан.
Мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2021 оны төсвийн нийт зарлага ба цэвэр зээлийн дүнг 186.9 тэрбум төгрөгөөр төлөвлөсөн нь 2020 оны тодотгосон төсөвтэй харьцуулбал 176.1 тэрбум төгрөгөөр буюу 48.5 хувиар бууруулж тооцжээ. Төсвийн төсөлд урсгал зарлагыг 171.0 тэрбум, хөрөнгийн зардлыг 6.4 тэрбум төгрөгөөр тус тус бууруулж, эргэж төлөгдөх төлбөрийг хассан цэвэр зээлийг 1.3 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна.Төсвийн төсөлд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 41.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 36 төсөл, арга хэмжээний санхүүжилтэд 20.0 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор төсөвлөсөн байна. Шинээр хэрэгжих 15.1 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 5.4 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 6 барилга, байгууламжийн хувьд Төсвийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т тусгасан төсөвлөлтийн шаардлагыг хангаагүй байна гэж байлаа.
Үндэсний аудитын газраас нэгдсэн төсвийн төслийг боловсруулахдаа дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд бүрэн нийцүүлэх, төрийн байгууллагуудын бараа, ажил, үйлчилгээний худалдан авалтыг татварын цахим төлбөрийн баримтын системд бүрэн холбож, татварын орлогыг нэмэгдүүлэх, төсвийн байгууллагын сургалт семинар, хурал зөвөлгөөн, гадаад дотоод албан томилолтыг цахимаар зохион байгуулан, төрөөс иргэд, аж ахуйн нэгжүүдэд үзүүлдэг бүх төрлийн үйлчилгээ, тусгай зөвшөөрөл олголт, халамжийн цахим системийг бий болгож зардлыг бууруулах боломжтой байна гэж үзжээ. Түүнчлэн төсвийн төсөлд хөрөнгө оруулалтаар шинээр хэрэгжүүлэх зарим барилга, байгууламжийн зураг төсвийг батлуулаагүй, төсөвлөлтийн шаардлага хангаагүй тусгасан нь төсөл, арга хэмжээний гүйцэтгэл удаашрах, төсөвт өртөг нэмэгдэх, үр ашиг буурах, хуулийн хэрэгжилт хангагдахгүй байгааг анхаарч, төсвийн төлөвлөлтийн хариуцлагын талаарх эрх зүйн зохицуулалтыг бий болгох шаардлагатай байна. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын эрсдэл бүхий нөхцөлд хэрэгжих 2021 оны төсвийн төсөлд хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг ач холбогдол, зориулалт, хэрэгцээ, шаардлагаар нь эрэмбэлэн санхүүжүүлэх асуудлыг журамлан зохицуулах нь зүйтэй гэсэн дүгнэлтийг өгчээ.
Хуралдаанд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл болон холбогдох яамны албан тушаалтнууд оролцсон.
Хуулийн төсөл болон аудитын дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням, Ж.Бат-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ, Ж.Батжаргал, Н.Наранбаатар, Г.Ганболд, Г.Мөнхцэцэг, Г.Тэмүүлэн, Ц.Анандбазар, Ц.Цэрэнпунцаг нарын гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн Төсвийн байнгын хороонд танилцуулахаар тогтов.
Хөдөө аж ахуй салбарт хамаарах эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн талаар мэдээлэл хийлээ
Үргэлжлүүлэн Хөдөө аж ахуй салбарт хамаарах эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэл сонслоо. Энэ талаар салбарын сайд З.Мэндсайхан мэдээлэл хийлээ.
Тэрбээр мэдээлэлдээ Засгийн газрын 1997 оны 31 дүгээр тогтоолоор Хөдөө аж ахуйн яамны харьяанд ажиллаж байсан мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийг Хөдөө аж ахуйн их сургуулийн харьяанд шилжүүлснээр дипломын мэргэжилтэн бэлтгэх сургалтын байгууллага нь салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, урт, богино хугацааны захиалгат судалгааг хийлгэх, тодорхой үр дүнд хүрэх техник, технологийн судалгаа, нэвтрүүлэлтийг захиалах эрх, үүргийг хязгаарласан шийдвэр болсон байна. Эрдэм шинжилгээний байгууллагууд нь удирдлага, зохион байгуулалт, зохицуулалтын хувьд салбарын яамтайгаа уялдаа холбоогүй, шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааны тогтолцоо алдагдахад хүргээд байгааг онцоллоо.
Түүнчлэн сүүлийн 30 шахам жилд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн лабораторийн болон үйлдвэрлэл-туршилтын баазыг бэхжүүлэх талаар хэрэгжүүлсэн, томоохон арга хэмжээ, хөрөнгө оруулалт байхгүй, эрдмийн зэрэгтэй төрийн бодлогоор төлөвлөгөөтэй бэлтгэхээ больсон нь салбарын эрдэм шинжилгээний ажлын онол, арга зүйн түвшин орчин үеиин шаардлагаас ихээхэн хоцорч, Дорнод талын говийн, өндөр уулын бүс, баруун бүсийн хүрээлэнгүүдииг үндсэн чиг үүргээр нь ажиллуулахгүй, зарим салбар хүрээлэнгийн үйл ажиллагаа зогсонги байдалд орж, шинжлэх ухааныг үйлдвэрлэл, хөгжлийн бодлогоос нь хөндийрүүлсэн бодит ухралт бий болгож байна гэв.
Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогод хөдөө аж ахуйн салбарыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлэх зорилтыг дэвшүүлсэн Монгол Улсад хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг урт хугацаанд шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэх, шат дараалалтай харилцан уялдаатай бодлогыг хэрэгжүүлэх нь улс орны нийгэм, эдийн засгийн ирээдүйн хөгжилд нөлөөлөх бодит үр дагаварыг авчрахаар байна. Иймд газар нутгийн болон уламжлалт өв соёл нөөц баялаг, байгаль, цаг уурын өвөрмөц нөхцөлийн онцлогт суурилан Монгол улсыг олон тулгуурт эдийн засгийм бүтцээр хөгжүүлэхийн тулд алс хэтийн хараатай, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хөдөө аж ахуйн салбарын бодлогыг зөв чиглүүлэх хэрэгтэй байгааг салбарын сайд мэдээлэлдээ онцолсон.
Иймд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлийн хүрээлэнгүүдийг салбарын яамны харьяалалд шилжүүлэн ажиллуулж, салбарын тулгамдсан асуудлыг үе шаттай, эрэмбэлэн шийдвэрлэх, төлөвлөх, тогтвортой хөгжүүлэх, шинэ техник, технологи, инновацийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, эрдэм шинжилгээний байгууллагын хүчийг практик үйлдвэрлэлд бүрэн дайчлах, үр өгөөжийг дээшлүүлэх, шинжлэх ухаан, үйлдвэрлэлийг холбоог нягтруулж, үйл ажиллагааг зөв зохистой зохион байгуулах, нэгдмэл бодлогоор чиглүүлэх, салбар хоорондын уялдааг зорилтот түвшинд хүргэх шаардлагатай байгаа аж.
Салбарын сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, санал хэлэв. Гишүүдийн олонх нь эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяалалд шилжүүлснээр хүрээлэнгийн бүтэц, орон тоо өөрчлөгдөх эсэх энэ асуудлаар судлаач, эрдэмтдийн байр суурь ямар байгааг тодруулж байлаа.
Засгийн газрын гишүүн З.Мэндсайхан хариултдаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийг салбарын харьяалалд шилжүүлснээр бүтэц орон тоо, төсөвт өөрчлөлт, боловсон хүчний дутагдалд орохгүйг тодотгоод харьяалал шилжүүлэх асуудлаар Мал эмнэлгийн хүрээлэн, Ургамал, газар тариалангийн хүрээлэн, Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн удирдлагатай уулзахад бидний бодлогыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн гэж байлаа. Мөн тэрбээр, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийг салбарын яаманд харьяаллуулснаар нэгдмэл бодлогоор хангахад чиглэж байна гэв.
Мэдээлэлтэй холбогдуулан Байнгын хорооноос Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, Мал эмнэлгийн хүрээлэн, Ургамал, газар тариалангийн хүрээлэн, Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн Хөдөө аж ахуйн их сургуулийн харьяалалд байгааг өөрчилж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяанд шилжүүлэх асуудлыг судалж, танилцуулах талаар Монгол Улсын Засгийн газарт үүрэг болгож “Чиглэл өгөх тухай” тогтоолын төслийг дараагийн хуралдаанаар хэлэлцэн батлахаар боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Улс төр
Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 06 минутад гишүүдийн 52.4 хувийн ирцтэй эхэлж, Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг үргэлжлүүллээ.
Улсын Их Хурлын чуулганы 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн хуралдаанаар санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 68 гишүүний олонх дэмжив. Иймд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүллээ.
Дараа нь Цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенц соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, соёрхон батлахыг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжив. Мөн Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, соёрхон батлахыг дэмжих эсэхээр санал хураалт явуулсан. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 76 гишүүний 70 нь дэмжин, баталлаа. Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлэг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар эхэлсэн бөгөөд өнөөдрийн хуралдаанаар санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 76 гишүүний 90.8 хувь нь дээрх хуулийн төслийг соёрхон батлахыг дэмжлээ.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3-т “Улсын Их Хурал энэ хуулийн 46.1.2-т заасан хууль, тогтоолын эцсийн найруулгатай танилцаж ёсчлохыг зөвшөөрөх” гэж заасны дагуу Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон хамт баталсан хуулиудын эцсийн найруулгыг сонсов.
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Монгол Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу танилцууллаа.
Улсын Их Хурлаас 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр баталсан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгч 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр бүхэлд нь хориг тавьсныг Улсын Их Хурал 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авсан.
Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хамтарсан хуралдаанаас Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан хоригийг Улсын Их Хурал хүлээн авсантай холбогдуулан хууль, тогтоолыг хэрхэн хэлэлцэх талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан юм. Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу ажлын хэсгийг ахалж, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Д.Ганмаа, М.Нарантуяа-Нара, П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир, Х.Тэмүүжин, Г.Уянгахишиг, Б.Хэрлэн нар ажиллажээ.
Ажлын хэсэг 2 удаа хуралдаж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан “Хуралдааны дэгээр зохицуулаагүй асуудлыг хэлэлцэх журам”-ыг баримтлан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс бүхэлд нь тавьсан хоригийг Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх дэгийн тухай хуулийн төсөл боловсруулан энэ сарын 28-ны өдөр Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаанд танилцуулжээ.
Дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр, Н.Наранбаатар, Л.Мөнхбаясгалан, С.Эрдэнэбат, Ц.Идэрбат, Х.Ганхуяг, Ж.Батжаргал, Д.Ганбат, Ц.Даваасүрэн, С.Амарсайхан, Д.Батлут, З.Мэндсайхан, М.Бадамсүрэн нар асуулт асууж, хариулт авсан. Гишүүд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулан, Ерөнхийлөгч төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан тохиолдолд шийдвэрлэх зохицуулалтыг тусгах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлж, энэ талаар ажлын хэсгийн ахлагч болон Байнгын хороодын дарга нараас хариулт, тайлбарыг авсан юм. Түүнчлэн орон нутгийн төсвийн хэлэлцүүлгийн цаглавартай холбоотой тодруулгыг Сангийн сайдаас асууж, хариулт авсан.
Дараа нь Байнгын хороодын саналаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Монгол Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг эцэслэн батлахыг дэмжих санал хураалт явууллаа. Санал хураалтад Улсын Их Хурлын 81 гишүүн оролцож, 55 нь дэмжив. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулах бөгөөд Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжсэн бол эцэслэн баталсанд тооцно” гэж заасан байдаг.
Хуулийн төсөл ийнхүү батлагдаагүй учир Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.8, 90.9 дэх заалтыг баримтлан Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хороо хамтарсан хуралдаанаа хийж, холбогдох асуудлыг хэлэлцэхийг даалгав. Үүгээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Улс төр
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил оролцоо-2024” үндэсний чуулган Төрийн ордонд эхэллээ.
Чуулганаар “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, оролцоог хангах төрийн бодлого, ололт амжилт, тулгамдсан асуудал”, “Эрх зүйн орчны шинэчлэл”, “Нийгмийн оролцоог хангахад иргэний нийгмийн байгууллагын үүрэг, хариуцлага,” “Тогтвортой хөгжилд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо-Олон улсын байгууллагын дэмжлэг, хамтын ажиллагаа” зэрэг сэдвийг хэлэлцэж, зөвлөмж гаргах юм.
Мөн салбар хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн үүрэг, оролцоо, төр, хувийн хэвшил болон төр, иргэний нийгмийн байгууллагын түншлэл, хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ.
Үндэсний чуулганыг Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нээж хэлсэн үгэндээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, хөгжил, хамгаалал, оролцоо нь Ерөнхийлөгч, төр, засгийн бодлого, үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл гэдгийг тэмдэглэлээ.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжих, тэдний сайн сайхан амьдралын төлөөх аливаа бодлого, шийдвэр, санал, санаачилга, үйл ажиллагааг бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
“Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Цагаан алт”, “Эрүүл монгол хүн” болон “Хархорум хот” үндэсний хөдөлгөөнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ гэдгээ хэлэв.
Манай улсад 111 мянга гаруй иргэн хөгжлийн бэрхшээлтэй. Эдгээрийн 84 хувь буюу 93 мянга нь хөдөлмөрийн насных хэдий ч 15 мянга нь л ажил хөдөлмөр эрхэлж байна.
Иймээс төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүд тэднийг ажлын байраар хангах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх, орлого, амьжиргааг нь сайжруулах, нийгмийн хамгаалал, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх нь чухал байгааг тэмдэглэлээ.
Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүрийг баялаг бүтээгч, үйлдвэрлэгч болгохын төлөө ажиллах, санхүүжилтээ нэмэгдүүлэх, онцлогт нь тохирсон ажил, хөдөлмөрийн шинэлэг хэлбэр, үйлчилгээг өргөжүүлэх шаардлагатайг онцлов.
Орон сууцны зээлийн нөхцөлийг сайжруулах, түрээсийн, нийтийн, амины орон сууцны хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн болон ахуйн осол, гэмтлээс шалтгаалсан олдмол хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаад дүгнэлт хийж ажиллахыг Засгийн газарт чиглэл болголоо.
2017-2021 оны Засгийн газар Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв байгуулах, Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалтын үйлдвэрийг Хөдөлмөр, сургалт, хөгжлийн төв болгон өргөтгөх шийдвэр гаргаж байлаа.
Сүүлийн жилүүдэд ч тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр цөөнгүй арга хэмжээ хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг нь тодорхой хувиар нэмж, танхимын сургалт болон хөгжлийн үйлчилгээнд хамрагдах боломжгүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дэмжих үйлчилгээг хөгжүүлэх, орон нутагт Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөгжлийн төв, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвүүдийг байгуулж байна.
Улс төрийн оролцоог нь нэмэгдүүлэхэд анхаарсны дүнд УИХ-д хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлсөн хоёр гишүүн сонгогдсон. Мөн манай тамирчид Паралимпын наадмаас нэг алт, гурван мөнгөн медаль авсан нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд ахиц дэвшил, үр дүн гарч байгаагийн илрэл гэж Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ дурдлаа.
Дэлхийн улс орнууд ирэх сард тохиох “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн олон улсын өдөр”-ийг “Хүртээмжтэй, тогтвортой ирээдүйн төлөөх хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн манлайллыг нэмэгдүүлье” уриан дор тэмдэглэх юм.
Улс төр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны арванхоёрдугаар сарын 1-9-нд Саудын Арабын Хаант Улсын Эр-Рияд хотноо зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд (UNCCD COP16) оролцох үеэр Саудын Арабын Хаант Улс болон Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал тус тус хийнэ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд тус хурлын дараагийн даргалагчийн хувиар оролцож, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтлын асуудлаарх Монгол Улсын Засгийн газрын байр суурийг илэрхийлж, үндэсний түвшинд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулахын зэрэгцээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Аким Штайнер нартай тус тус уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мөн бага хурлын үеэр болох Усны дээд түвшний уулзалтад оролцож, Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират Улсад ажлын айлчлал хийх үеэр тухайн орнуудын удирдлагатай уулзаж, хоёр талын харилцааг хөгжүүлэх, эдийн засгийн агуулгаар баяжуулах, чингэхдээ хот бүтээн байгуулалт, цахим хөгжил, хиймэл оюун ухаан, төрийн үйлчилгээ зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар дэлгэрэнгүй санал солилцоно.
-
Нийгэм11 цаг өмнө
Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо
-
Нийгэм5 цаг өмнө
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
-
Нийгэм10 цаг өмнө
12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй
-
Улс төр12 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
-
Нийгэм13 цаг өмнө
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
-
Нийгэм7 цаг өмнө
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
-
Эдийн засаг12 цаг өмнө
“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо
-
Улс төр10 цаг өмнө
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ