Нийгэм
НҮБ: Монгол бол хуучин япон машины хамгийн том импортлогч
НҮБ-ын байгаль орчны хөтөлбөр (UNEP) байгууллага өчигдөр /2020.10.27/ хуучин автомашины экспортын томоохон судалгааныхаа тайлангаа танилцуулжээ. Европ, Япон, АНУ зэрэг томоохон үйлдвэрлэгч орнуудаас буурай хөгжилтэй улс орнуудад сая сая хуучин автомашин худалдаалагдаж байгаа нь тэдгээр орнуудын агаарыг бохирдуулах нэг том хүчин зүйл болж байгааг тус тайланд дурджээ. Дэлхийн нийт хуучин автомашины экспортын 54 хувийг Европ, 27 хувийг Япон, 18 хувийг АНУ эзэлж байна.
Монгол Улс 2017 онд 29,467 гибрид болон цахилгаан хөдөлгүүртэй хуучин автомашиныг Япон улсаас импортолсон бол 2018 онд 37,136 гибрид болон цахилгаан хөдөлгүүртэй автомашиныг импортлосон байна. Мөн Монгол Улсыг автомашины насжилтад хязгаар тавьдаггүй, агаарын бохирдлын стандартгүй, импортын автомашиныг зохицуулах бодлого сул хэмээн дүгнэсэн байна.
Монгол Улс нь 2017, 2018 онуудад Япон улсаас хамгийн олон гибрид болон цахилгаан хөдөлгүүртэй хуучин автомашин импортолсон улс болжээ. Монголын замын хөдөлгөөнд оролцож буй “Toyota Prius” загварын автомашинуудын 99 хувь нь Япон улсаас импортолсон хуучин машин байгаа бол тус улсаас импортолсон нийт автомашинуудын талаас илүү нь “Toyota Prius” байгаа аж. Түүнчлэн Монголд гибрид хөдөлгүүртэй хуучин автомашины импорт 2012-2016 онд гурав дахин өссөн бол дизель хөдөлгүүртэй автомашины тоо мөн хувиар буурсаныг онцолжээ. Үүний гол шалтгаан нь Монгол Улс импортын хуучин автомашинаас ямар нэг нэмэлт татвар авдаггүй явдал юм хэмээн бичсэн байна.
Дэлхий нийтийн хувьд 2015-2018 оны хооронд өндөр хөгжилтэй орнуудаас нийтдээ 14 сая орчим хуучин автомашиныг дундаас доош орлоготой орнууд импортолжээ. Үүний 80 орчим хувь нь суудлын автомашин байгаа аж. Хуучин автомашины хамгийн том экспортлогч нь Европын Холбоо бөгөөд нийтдээ 7.5 сая машиныг экспортолсон байна. Харин импортлогч орнууд нь ихэвчлэн умард болон баруун Африкийн улсууд байна.
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.