Улс төр
Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.11.05) нэгдсэн хуралдаан 09 цаг 08 минутад 52.7 хувийн ирцтэйгээр эхэлж, арван хоёр асуудал хэлэлцэхээр танилцуулав. Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т “Энэ хуулийн 20.1, 20.2-т заасны дагуу хууль, тогтоолын төслөө татан авах тохиолдолд тухайн төсөл нь хэлэлцүүлгийн аль шатанд байгаагаас үл хамааран хууль санаачлагч хууль, тогтоолын төслөө татан авах үндэслэлээ тусгасан албан бичгийг Улсын Их Хуралд ирүүлэх бөгөөд Улсын Их Хурлын дарга нэгдсэн хуралдаанд энэ тухай танилцуулснаар хууль санаачлагч хууль, тогтоолын төслөө татан авсанд тооцно” гэж заасны дагуу Засгийн газраас өргөн мэдүүлсэн Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Патентийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг төсөл санаачлагч эргүүлэн татаж буйг танилцуулсан.
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийг батлав
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг танилцуулав. Байнгын хороо төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай асуудлыг 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцжээ. Нэгдсэн хуралдаанаар тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг явуулах үед Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1 дэх заалтад заасны дагуу хуралдаан даргалагчаас төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулах чиглэл өгч, санал хураалгаагүй үлдээсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг Ажлын хэсэг “тогтоолын төслийн 2 дахь хэсэгт “Цар тахлаас үүдсэн эдийн засгийн хүндрэлийн үед импортыг орлох, экспортыг төрөлжүүлэх, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэлтийг нэмэгдүүлэх, эдийн засгийг идэвхжүүлэхэд чиглэсэн мөнгө, санхүү, төсвийн бодлого хэрэгжүүлэх” гэсэн заалт шинээр нэмэх” гэж өөрчлөх санал боловсруулсныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Байнгын хорооны хуралдааны эцсийн хэлэлцүүлгийн үеэр дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналын томьёолол болон тогтоолын төслийн эцсийн хувилбарын төслийг бэлтгэсэн байна.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан, Д.Ганбат, Н.Алтанхуяг, С.Одонтуяа, М.Оюунчимэг, Ч.Ундрам, С.Ганбаатар, Ц.Сандаг-Очир, Ж.Ганбаатар, Л.Энх-Амгалан, Б.Пүрэвдорж, С.Бямбацогт нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт, тайлбар, мэдээлэл авав. Дараа нь зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явууллаа. Тогтоолын төслийн 2 дахь заалтад “Цар тахлаас үүдсэн эдийн засгийн хүндрэлийн үед импортыг орлох, экспортыг төрөлжүүлэх, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэлтийг нэмэгдүүлэх, эдийн засгийг идэвхжүүлэхэд чиглэсэн мөнгө, санхүү, төсвийн бодлого хэрэгжүүлэх.” агуулга бүхий дэд заалт шинээр нэмэхийг дэмжсэн Байнгын хорооны саналыг дэмжих томъёоллыг хуралдаанд оролцсон 55 гишүүний 33 нь 60 хувийн саналаар дэмжив.
Монгол Улс 1921 оноос хойших 70 жилийн хугацаанд үйлдвэрлэгч орон болсноо 1990 оноос хойш уул уурхайн түүхий эд экспортолдог, үйлдвэрүүдээ дампууруулж, импортлогч орон бол өөрчлөгдсөн гэдгийг Улсын Их Хурлын дарга тэмдэглээд “Энэ өөрчлөлтийг засах шаардлагатай. Үүний тулд Улсын Их Хурал Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороог байгуулсан. Энэ хүрээнд бодлого ярьж, ажлаа ярилцах хэрэгтэй” гээд төслийг батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олон буюу 68.1 хувь нь дэмжин “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдлаа.
Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
Дараа нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт танилцуулав. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. Байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.1, 42.1.2 дахь заалтад заасны дагуу 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн хуралдаанаараа нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналуудыг төслийн холбогдох зүйл, хэсэг, заалтад нэмж тусган эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэжээ.
Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Б.Пүрэвдорж, С.Амарсайхан, Н.Алтанхуяг нар асуулт асууж, Байнгын хорооны дарга, төсөл санаачлагчаас хариулт, тайлбар авч, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн тул төслийг эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т “Долоо хоногийн Баасан гарагийн 10.00 цагт нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулна. Хуралдааны ирц хуулийн төсөл эцэслэн батлах шаардлага хангахаар бол бусад өдөр, цагт хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг явуулж болно.” гэж заасан.
Дараа нь Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд танилцууллаа. 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсгийн “Ерөнхийлөгч Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлд заасан үндсэн бүрэн эрхийнхээ хүрээнд хууль санаачилна.” гэсэн хэсэгт Монгол Улсын Ерөнхийлөгч 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хэсэгчлэн хориг тавьсаныг Улсын Их Хурал 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахаар шийдвэрлэсэн.
Иймд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.8, 88.9 дэх хэсэгт заасны дагуу Төрийн байгуулалтын байнгын хороо Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 1 дэх хэсгийг “Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдлэх бөгөөд энэхүү эрхийн хүрээ, хязгаарыг хуулиар тогтооно.” гэж; Гучин гуравдугаар зүйлийн 4 дэх хэсгийг “Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ зүйлд заасан хүрээнд хуулиар олгож болно.” гэж тус тус өөрчилсөнтэй уялдуулан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. Төрийн байгуулалтын байнгын хороо 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцлээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22-т заасны дагуу хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналыг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг асуулт асууж, хариулт авав. Төслийн зохицуулалтаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийн хүрээ нь Улсын Их Хурлын гишүүдийн хууль санаачлах эрхийн хүрээтэй адилхан болж, өргөжиж байгаа гэдэг тайлбарыг С.Бямбацогт гишүүн өглөө. Ийнхүү гишүүд асуулт асууж, төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн тул Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг мөн эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм.
Тогтоолын төслийг буцаахаар шийдвэрлэлээ
“Монгол Улсын Их Хурлын 30 жилийн ойн хүндэт медаль бий болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхээр нэгдсэн хуралдаан үргэлжлэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг танилцууллаа.
Монгол Улсад анх удаа ардчилсан, чөлөөт сонгуулиар Ардын Их Хурлыг байгуулж, тэр үеийн БНМАУ-ын Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуулиар Ерөнхийлөгчөө сонгож, танхимын зарчмаар ажиллах анхны Засгийн газрыг байгуулж, 1990 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Улсын Бага Хурал анхдугаар чуулганаа хуралдуулснаар Монгол Улсад байнгын ажиллагаатай парламентын ажиллагаа эхэлсэн түүхтэй хэмээн тэрбээр танилцууллаа. Улсын Бага Хурал хоёр жил хүрэхгүй хугацаанд ажиллахдаа шинэ нийгмийн харилцааны эрх зүйн үндсийг тогтоосон олон хууль тогтоомж, олон улсын гэрээ конвенцыг баталсан юм. Мөн Ардын Их Хурлаас даалгасны дагуу Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн төслийг хүн төрөлхтний түгээмэл үнэт зүйлсийн зарчимд тулгуурлан боловсруулж, өргөн барьсныг Ардын Их Хурлын депутатууд 76 хоног хэлэлцэж, 1992 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр баталсан. Ингэснээр Монгол Улс ардчиллын замаар эргэлтгүй замнасан парламентын засаглалтай Бүгд Найрамдах Улс болсон.
Түүнчлэн Улсын Бага Хурлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Улсын Бага Хурлын ажлын аппарат нь Улсын Бага Хурлын Тамгын газар мөн” хэмээн тодорхойлж, түүний бүтэц, орон тоо, дүрмийг Улсын Бага Хурлын дарга батлахаар заасан байсан юм. Ийнхүү төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллагын түүхэн зорилт, чиг үүргээ хэрэгжүүлэхэд мэргэжил арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх, хэвийн үйл ажиллагааг хангахад анхны парламенттай хамт Тамгын газар нь үүсгэн байгуулагдсан байдаг. Өдгөө тохиож буй байнгын ажиллагаатай парламент байгуулагдсан. Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд, Улсын Их Хурлын таван гишүүн Хууль тогтоомжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т үндэслэн Байнгын ажиллагаатай парламентын 30 жилийн ойн хүрээнд “Монгол Улсын Их Хурал 30 жил” гэсэн ойн хүндэт медаль бий болгох нь зүйтэй хэмээн үзэж холбогдох төслийг боловсруулсан байна. Тогтоолын төсөлд уг медалийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгохоор тусгасан байна.
Байнгын ажиллагаатай парламентын ой нь хувь байгууллагын ой биш, харин Монгол Улсын төрийн байгууллын том бүрэлдэхүүн хэсэг, шинэ зарчмаар, эрх зүйн шинэ орчинд ажиллаж эхэлсэн түүхэн үйл явдал гэдгийг Н.Энхболд гишүүн танилцуулагадаа онцолсон. Төрийн байгуулалтын байнгын хороо 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцээд, тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн шийдвэрлэсэн байна.
Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, Ц.Сандаг-Очир, Н.Алтанхуяг нар асуулт асууж, төсөл санаачлагчаас хариулт, тайлбар авав. Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулах үйлсэд хувь нэмрээ оруулсан төр нийгмийн зүтгэлтнүүд, олон улсын байгууллагын төлөөлөлд энэхүү хүндэт медалийг Ерөнхийлөгчийн зарлигаар олгох нь зүйтэй хэмээн үзэж, төслийг боловсруулсан гэв. Байгууллага бүр ойн хүрээнд хүндэтгэлийн медаль гаргадаг, зардлыг төсвөөс гаргадаг, тодорхой шалгуургүйгээр олгодог асуудлыг цэгцлэх нь зүйтэй, Улсын Их Хурал үүн дээр жишиг үзүүлэх ёстой гэдэг саналыг гишүүд хэлж байв. Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Т.Доржханд, Ж.Сүхбаатар нар одон медалийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, нийтийн эрх ашгийн төлөө онцгой гавьяа байгуулсан хүмүүсийг шагнах шалгуурыг бий болгох нь зүйтэй гэдэг саналыг хэлсэн. Түүнчлэн энэ төрлийн арга хэмжээг дотоод зохион байгуулалтынхаа хүрээнд шийдвэрлэдэг байх нь зүйтэй гэдэг санал хэлсэн. Байнгын ажиллагаатай парламентын ойн арга хэмжээ гэдэг зөвхөн Улсын Их Хурлын гишүүдэд хамаатай гэж ойлгох нь өрөөсгөл, парламентат ёсыг өнөөдрийг хүртэл бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулсан үе үеийн олон зуун мэргэжилтэн, албан хаагчид, Улсын Их Хурал дахь намын бүлгийн ажлын албаны ажилтнуудад талархал илэрхийлэх, хүндэтгэл үзүүлэх агуулгыг орхигдуулж болохгүй хэмээн Ж.Сүхбаатар гишүүн хэлсэн. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 47 гишүүний 66 хувь нь “Монгол Улсын Их Хурлын 30 жилийн ойн хүндэт медаль бий болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжсэнгүй. Иймд “Тогтоолын төсөл буцаах тухай” тогтоол батлагдаж, Улсын Их Хурлын дэд дарга Т.Аюурсайхан эцсийн найруулгыг танилцуулав.
Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
Дараа нь Засгийн газраас 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн танилцуулав. Тус Байнгын хороо 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулжээ. Монгол Улсын Их Хурлын даргын 2020 оны 40, 41 дүгээр захирамжаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан бөгөөд тус ажлын хэсгээс төслийн эдийн засгийн үндсэн үзүүлэлтэд тусгагдсан Нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээ 2021 онд “3,498.5 тэрбум төгрөг” гэснийг “3,540.7 тэрбум төгрөг” гэж, Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 2021 онд “8.3” гэснийг “8,4″ гэж, Нийгмийн халамжийн тухай хуульд заасны дагуу төсвөөс санхүүжүүлэх зардлын нийт хэмжээ 2021 онд “1,390.3 тэрбум төгрөг” гэснийг “1,363.8 тэрбум төгрөг” гэж, Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 2021 онд “3.3” гэснийг “3.2” гэж тус тус өөрчлөх санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 69.2 хувийн саналаар дэмжсэн гэв. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол нэг бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэсэн байна.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, Л.Энх-Амгалан нар асуулт асууж, Сангийн сайдаас хариулт мэдээлэл авав. Ирэх жилүүдэд том сорилтууд бидний өмнө бий ч Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс төсөлтэй холбоотой ирүүлсэн зөвлөмжийг анхаарах шаардлагатай гэдгийг хэлж байв. Тус зөвлөмжид 400 гаруй мянган тонн малын мах бэлтгэх, 30 гаруй мянган тонн хонины ноос боловсруулах, 10 гаруй мянган тонн ямааны ноолуурыг дахин боловсруулах, 15 саяас доошгүй тооны арьс шир бэлтгэх гэх зэрэг нөөц бололцоо бий бөгөөд эдгээрийг эдийн засгийн эргэлтэд оруулахад ойролцоогоор 3 их наяд төгрөг буюу 1.1 тэрбум ам.доллартай тэнцэх экспорт хийх дотоод нөөц, боломж бий гэжээ. Үүний тулд 500 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын бодлогыг төсвөөрөө дамжуулан хэрэгжүүлж чадвал ажлын байрыг нэмэгдүүлж, мал аж ахуйн салбарыг босгохоос гадна эдийн засгийг эрчимжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх бодит боломж байна гэдгийг Л.Энх-Амгалан гишүүн хэлэв.
Дараа нь зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулан шийдвэрлээд, төслийн эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
Үдээс өмнөх нэгдсэн хуралдааны төгсгөлд Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Малын тоо толгойн албан татварын тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох тухай, Малын генетик нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан танилцууллаа. Төсвийн байнгын хороо 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан юм. Улсын Их Хурлын Байнгын хороод эрхлэх асуудлынхаа хүрээнд хамаарах хуулийн төслүүдийгхэлэлцэн санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд ирүүлжээ. Монгол Улсын Их Хурлын даргын 2020 оны 40, 41 дүгээр захирамжаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан бөгөөд тус ажлын хэсгээс Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 2 дугаар зүйлд тусгагдсан хугацаагхүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуульд нийцүүлэн өөрчлөх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 70.6 хувийн саналаар дэмжсэн байна. Харин Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн төслийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Төсөвт төлсөн малын тоо толгойн албан татварын орлогыг бэлчээр хамгаалах, нөхөн сэргээх, цөлжилттэй тэмцэхэд зарцуулах” гэсэн санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 29.4 хувь, Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд хуулийн төслийн 8 дугаар зүйлд шинээр “Албан татварыг бэлчээр хамгаалах, нөхөн сэргээхэд зарцуулах” гэсэн санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 35.3 хувь нь дэмжиж, дээрх саналууд олонхын дэмжлэг аваагүй гэв. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед гарсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг олонхын дэмжлэг авсан, аваагүйгээр нь бүлэглэн холбогдох хэлэлцүүлэгт бэлтгэжээ.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, Төсвийн байнгын хорооны даргаас хариулт, тайлбар авснаар үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Улс төр
Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 06 минутад гишүүдийн 52.4 хувийн ирцтэй эхэлж, Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг үргэлжлүүллээ.
Улсын Их Хурлын чуулганы 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн хуралдаанаар санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 68 гишүүний олонх дэмжив. Иймд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүллээ.
Дараа нь Цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенц соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, соёрхон батлахыг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжив. Мөн Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, соёрхон батлахыг дэмжих эсэхээр санал хураалт явуулсан. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 76 гишүүний 70 нь дэмжин, баталлаа. Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлэг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар эхэлсэн бөгөөд өнөөдрийн хуралдаанаар санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 76 гишүүний 90.8 хувь нь дээрх хуулийн төслийг соёрхон батлахыг дэмжлээ.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3-т “Улсын Их Хурал энэ хуулийн 46.1.2-т заасан хууль, тогтоолын эцсийн найруулгатай танилцаж ёсчлохыг зөвшөөрөх” гэж заасны дагуу Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон хамт баталсан хуулиудын эцсийн найруулгыг сонсов.
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Монгол Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу танилцууллаа.
Улсын Их Хурлаас 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр баталсан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгч 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр бүхэлд нь хориг тавьсныг Улсын Их Хурал 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авсан.
Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хамтарсан хуралдаанаас Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан хоригийг Улсын Их Хурал хүлээн авсантай холбогдуулан хууль, тогтоолыг хэрхэн хэлэлцэх талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан юм. Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу ажлын хэсгийг ахалж, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Д.Ганмаа, М.Нарантуяа-Нара, П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир, Х.Тэмүүжин, Г.Уянгахишиг, Б.Хэрлэн нар ажиллажээ.
Ажлын хэсэг 2 удаа хуралдаж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан “Хуралдааны дэгээр зохицуулаагүй асуудлыг хэлэлцэх журам”-ыг баримтлан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс бүхэлд нь тавьсан хоригийг Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх дэгийн тухай хуулийн төсөл боловсруулан энэ сарын 28-ны өдөр Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаанд танилцуулжээ.
Дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр, Н.Наранбаатар, Л.Мөнхбаясгалан, С.Эрдэнэбат, Ц.Идэрбат, Х.Ганхуяг, Ж.Батжаргал, Д.Ганбат, Ц.Даваасүрэн, С.Амарсайхан, Д.Батлут, З.Мэндсайхан, М.Бадамсүрэн нар асуулт асууж, хариулт авсан. Гишүүд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулан, Ерөнхийлөгч төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан тохиолдолд шийдвэрлэх зохицуулалтыг тусгах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлж, энэ талаар ажлын хэсгийн ахлагч болон Байнгын хороодын дарга нараас хариулт, тайлбарыг авсан юм. Түүнчлэн орон нутгийн төсвийн хэлэлцүүлгийн цаглавартай холбоотой тодруулгыг Сангийн сайдаас асууж, хариулт авсан.
Дараа нь Байнгын хороодын саналаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Монгол Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг эцэслэн батлахыг дэмжих санал хураалт явууллаа. Санал хураалтад Улсын Их Хурлын 81 гишүүн оролцож, 55 нь дэмжив. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулах бөгөөд Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжсэн бол эцэслэн баталсанд тооцно” гэж заасан байдаг.
Хуулийн төсөл ийнхүү батлагдаагүй учир Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.8, 90.9 дэх заалтыг баримтлан Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хороо хамтарсан хуралдаанаа хийж, холбогдох асуудлыг хэлэлцэхийг даалгав. Үүгээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Улс төр
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил оролцоо-2024” үндэсний чуулган Төрийн ордонд эхэллээ.
Чуулганаар “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, оролцоог хангах төрийн бодлого, ололт амжилт, тулгамдсан асуудал”, “Эрх зүйн орчны шинэчлэл”, “Нийгмийн оролцоог хангахад иргэний нийгмийн байгууллагын үүрэг, хариуцлага,” “Тогтвортой хөгжилд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо-Олон улсын байгууллагын дэмжлэг, хамтын ажиллагаа” зэрэг сэдвийг хэлэлцэж, зөвлөмж гаргах юм.
Мөн салбар хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн үүрэг, оролцоо, төр, хувийн хэвшил болон төр, иргэний нийгмийн байгууллагын түншлэл, хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ.
Үндэсний чуулганыг Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нээж хэлсэн үгэндээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, хөгжил, хамгаалал, оролцоо нь Ерөнхийлөгч, төр, засгийн бодлого, үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл гэдгийг тэмдэглэлээ.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжих, тэдний сайн сайхан амьдралын төлөөх аливаа бодлого, шийдвэр, санал, санаачилга, үйл ажиллагааг бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
“Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Цагаан алт”, “Эрүүл монгол хүн” болон “Хархорум хот” үндэсний хөдөлгөөнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ гэдгээ хэлэв.
Манай улсад 111 мянга гаруй иргэн хөгжлийн бэрхшээлтэй. Эдгээрийн 84 хувь буюу 93 мянга нь хөдөлмөрийн насных хэдий ч 15 мянга нь л ажил хөдөлмөр эрхэлж байна.
Иймээс төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүд тэднийг ажлын байраар хангах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх, орлого, амьжиргааг нь сайжруулах, нийгмийн хамгаалал, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх нь чухал байгааг тэмдэглэлээ.
Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүрийг баялаг бүтээгч, үйлдвэрлэгч болгохын төлөө ажиллах, санхүүжилтээ нэмэгдүүлэх, онцлогт нь тохирсон ажил, хөдөлмөрийн шинэлэг хэлбэр, үйлчилгээг өргөжүүлэх шаардлагатайг онцлов.
Орон сууцны зээлийн нөхцөлийг сайжруулах, түрээсийн, нийтийн, амины орон сууцны хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн болон ахуйн осол, гэмтлээс шалтгаалсан олдмол хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаад дүгнэлт хийж ажиллахыг Засгийн газарт чиглэл болголоо.
2017-2021 оны Засгийн газар Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв байгуулах, Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалтын үйлдвэрийг Хөдөлмөр, сургалт, хөгжлийн төв болгон өргөтгөх шийдвэр гаргаж байлаа.
Сүүлийн жилүүдэд ч тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр цөөнгүй арга хэмжээ хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг нь тодорхой хувиар нэмж, танхимын сургалт болон хөгжлийн үйлчилгээнд хамрагдах боломжгүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дэмжих үйлчилгээг хөгжүүлэх, орон нутагт Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөгжлийн төв, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвүүдийг байгуулж байна.
Улс төрийн оролцоог нь нэмэгдүүлэхэд анхаарсны дүнд УИХ-д хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлсөн хоёр гишүүн сонгогдсон. Мөн манай тамирчид Паралимпын наадмаас нэг алт, гурван мөнгөн медаль авсан нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд ахиц дэвшил, үр дүн гарч байгаагийн илрэл гэж Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ дурдлаа.
Дэлхийн улс орнууд ирэх сард тохиох “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн олон улсын өдөр”-ийг “Хүртээмжтэй, тогтвортой ирээдүйн төлөөх хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн манлайллыг нэмэгдүүлье” уриан дор тэмдэглэх юм.
Улс төр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны арванхоёрдугаар сарын 1-9-нд Саудын Арабын Хаант Улсын Эр-Рияд хотноо зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд (UNCCD COP16) оролцох үеэр Саудын Арабын Хаант Улс болон Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал тус тус хийнэ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд тус хурлын дараагийн даргалагчийн хувиар оролцож, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтлын асуудлаарх Монгол Улсын Засгийн газрын байр суурийг илэрхийлж, үндэсний түвшинд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулахын зэрэгцээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Аким Штайнер нартай тус тус уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мөн бага хурлын үеэр болох Усны дээд түвшний уулзалтад оролцож, Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират Улсад ажлын айлчлал хийх үеэр тухайн орнуудын удирдлагатай уулзаж, хоёр талын харилцааг хөгжүүлэх, эдийн засгийн агуулгаар баяжуулах, чингэхдээ хот бүтээн байгуулалт, цахим хөгжил, хиймэл оюун ухаан, төрийн үйлчилгээ зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар дэлгэрэнгүй санал солилцоно.
-
Нийгэм12 цаг өмнө
Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо
-
Нийгэм6 цаг өмнө
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
-
Нийгэм11 цаг өмнө
12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй
-
Улс төр13 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
-
Нийгэм14 цаг өмнө
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
-
Нийгэм8 цаг өмнө
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
-
Эдийн засаг14 цаг өмнө
“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо
-
Улс төр11 цаг өмнө
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ