Улс төр
УОК ямар арга хэмжээ авч байна вэ?
Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар Монгол Улсад Covid-19-ийн халдвар бүртгэгдсэнтэй холбогдуулан Улсын онцгой комисс, Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр мэдээлэл өгөв.
НИЙТ 48068 ОБЪЕКТЫГ ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЖЭЭ
Улсын хэмжээнд 21 аймаг, нийслэлд давхардсан тоогоор нийт 48068 объектын нийт 15 746 325 мкв талбайд урьчилан сэргийлэх халдваргүйтгэл хийлгэж, хяналт тавьсан. Үүнд: Нийтийн эзэмшлийн зам талбай, хүүхдийн тоглоомын талбайн 10 331 707 мкв, худалдаа, үйлдвэр, үйлчилгээний газрын 6285 объектын 1 289 962 мкв, орон сууцны барилга, байгууламжийн 1233 объектын 432340 мкв, засвар үйлчилгээ, хоёрдогч түүхий эдийн цэгийн 808 объектын 183 933 мкв, эрүүл мэндийн байгууллагын орчны 361 объектын 128 190 мкв, малын хашаа, хороо, саравч болон эрчимжсэн аж ахуйн 10513 объектын 2 540 798 мкв, нүхэн жорлон, бохирын цооног 27813 объектын 839 395 мкв,
Нийтийн тээврийн болон хот хооронд зорчиж буй 99062 тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийж, эрүүл ахуйн шаардлага хангахгүй 31,740 тээврийн хэрэгслийг цэвэрлэгээ, халдваргүйтгэл хийлгэж, үйлчилгээнд гаргасан байна. Худалдаа, банк санхүүгийн болон бүх төрлийн үйлчилгээний байгууллагууд үйлчлүүлэгчдэд гар угаах нөхцөл бүрдүүлсэн эсэхэд давхардсан тоогоор 13760 (аймагт 8435, нийслэлд 5325) байгууллагыг хамруулан, хяналт хийхэд 11132 буюу 81 хувь (аймагт 6299 буюу 75 хувь, нийслэлд 4933) буюу 93 хувь нь гар угаах, бие засах нөхцөл бүрдүүлсэн байна. Хог хаягдлийн менежментийг сайжруулахаар ажиллаж байгаа бөгөөд олон улсын туршлагаас үзвэл Covid-19-nay хог хаягдлsг шатааж устгаж байгаа аж.
ТӨМРИЙН ХҮДЭР ЭКСПОРТЛОЖ ЧАДАХГҮЙ БАЙНА
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар боомтоор зөвхөн бараа, тээвэр нэвтрүүлэх горимоор ажиллаж байна. Дорнод аймгийн Эрээнцав төмөр замын боомтыг 2020 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдрөөс арванхоёрдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хаах шийдвэрийг арваннэгдүгээр сарын 18-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргасан. БНХАУ-тай хиллэж буй боомтууд, түүн дотроо уул уурхайн эрдэс бүтээгдэхүүний экспорт хийгдэж буй Гашуунсухайт, Шивээхүрэн, Замын-Үүд, Ховдын Булган, Хангимандал, Баянхошуу, Бичигт боомтуудын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Говь-Алтайн Бургастайн боомт “Алтайн Хүдэр” компанийн хүлээн авагч БНХАУ-ын компанитай төлбөр тооцооны маргааны улмаас төмрийн хүдэр экспортлогдохгүй байна.
ӨДӨРТ 1500 ОРЧИМ НҮҮРС ТЭЭВРИЙН МАШИН ХИЛ НЭВТЭРЧ БАЙНА
Экспорт: Уул уурхайн ашигт малтмал, эрдэс бүтээгдэхүүний экспорт хэвийн үргэлжилж байгаа бөгөөд таван өдөрт дунджаар 1500-1530 автомашин нүүрс, 96 машин зэсийн баяжмал, 13 машин төмрийн хүдэр экспортолсон. Энэ оны эхнээс 25.9 сая тонн нүүрс,1.2 сая тонн зэсийн баяжмал, 7.3 сая тонн төмрийн хүдэр экспортолсон байна.
Гашуунсухайт: БНХАУ-ын Ганц мод боомт нь 2020 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн задгай талбайд нүүрс буулгахгүй гэсэн шийдвэр гаргасан тул гурван аж ахуйн нэгж шинээр битүү агуулах барьж, нүүрс буулгалтын үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Шивээхүрэн: Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн өдрүүдэд хил нэвтэрсэн тээврийн хэрэгслийн тоо болон экспортлогдсон нүүрсний жингийн хэмжээг өмнөх өдөртэй харьцуулахад буураагүй бөгөөд гаалийн хяналт, бүрдүүлэлтийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.
СЭЛЭНГЭ АЙМГИЙН БООМТООР ТАВ ХОНОГИЙН ХУГАЦААНД 3,8 МЯНГАН ТОНН АЧАА ИМПОРТОЛЖЭЭ
Импортоор орж ирж буй хүнсний бүтээгдэхүүн, эм, эмийн зүйлс, эмнэлгийн хэрэгсэл, ариутгалын болон халдвар хамгааллын хувцас хэрэгсэл, бодис, түргэн муудаж гэмтэх, хадгалалт тээвэрлэлтийн тусгай нөхцөл шаардах барааны бүрдүүлэлтийг шуурхай зохион байгуулан ажиллалаа. Улаанбаатар хот дахь гаалийн газруудын бусад барааны импортын бүрдүүлэлтийг түр хугацаанд зогсоосон.
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн эхний тав хоногийн хугацаанд буюу 2020.11.12-2020.11.16-ны өдрүүдэд гол нэрийн бараа бүтээгдэхүүн болох автобензин, дизелийн түлш 29.4 мянган тонн, сүү сүүн бүтээгдэхүүн 26.6 мянган тонн, цагаан будаа 716.3 мянган тонн, жимс, хүнсний ногоо 1.7 сая тонныг тус тус импортолсон байна. ОХУ-аас Сэлэнгэ аймгийн Алтанбулаг автозамын боомтоор 2020 оны арваннэгдүгээр сарын 11-нээс 16-ны өдрүүдэд нийт 250 тээврийн хэрэгслээр 3.8 мянган тонн ачаа орж ирснийг гаалийн хяналтад авч, Сэлэнгэ, Улаанбаатар, Дархан, Орхон дахь гүний гаалийн газруудын гаалийн бүрдүүлэлтийг хийжээ.
ДЭЛХИЙН БАНКНЫ САНХҮҮЖИЛТЭЭР ВАКЦИН ХУДАЛДАЖ АВНА
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын хамгийн сүүлийн мэдээллээр нийт 202 вакцины судалгаа хөгжүүлэлтийг идэвхтэй хийж байгаагийн 47 нь эмнэл зүйн туршилтад, 155 вакцин эмнэл зүйн өмнөх буюу амьтны бие дээр турших шатандаа байна. Эмнэл зүйн туршилт, судалгааны 3-р үе шатанд 10 вакцин байгаа. Үүнээс БНХАУ-4, АНУ-4, ОХУ-1, Их Британи-1 (Оксфордын их сургууль+Астра Зенека) вакцин тус тус хөгжүүлж байна.
Вакцин дархлаажуулалтын глобал альянс (ГАВИ), ДЭМБ, Дэлхийн банк, Европын холбоо болон бусад олон олон улсын байгууллагуудын хамтран байгуулсан КОВАКС механизм (СОУАХ РасПКу) нь Covid-19-ийн эсрэг вакцины хөгжүүлэлтийг дэмжих, үйлдвэрлэсэн вакцины хүртээмжийг улс орнуудын хэрэгцээнд нийцүүлэн тэгш байдлаар бий болгох зорилготойгоор ажиллаж байгаа бөгөөд манай Засгийн газар 2020 оны долдугаар сарын 16-ны өдөр албан ёсоор уг механизмд нэгдэн орох хүсэлтээ хүргүүлж нэгдсэн.
Энэ механизмын хүрээнд тухайн орны нийт хүн амын 20 хүртлэх хувийг вакцинжуулалтад хамруулах тооны вакциныг үнэ төлбөргүй олгоно. Нэмэлтээр хүн амын 40 хувийг хамрах тооны вакциныг уг механизмын хүрээнд Дэлхийн банкны санхүүжилтээр худалдан авахаар төлөвлөж байна. Энэ худалдан авалтыг СО/АХ РасПКу механизмын хүрээнд хийхийн гол ач холбогдол нь худалдан авах вакцин нь гагцхүү ДЭМБ-ын чанар, аюулгүй байдлын гэрчилгээтэй байх, үнэ өртөг нь КОВАКС-ийн үнээр байх тул олон улсын зах зээлийн хөөрөгдсөн үнээс зайлсхийх явдал юм.
ЭМЯ-наас вакциныг тээвэрлэн авчрах, түгээх, хийх үндэсний төлөвлөгөөг 2020 оны долдугаар сараас боловсруулж эхэлсэн бөгөөд нэг хүнд ноогдох тун, хоногийн зай зэрэг мэдээлэл нь ДЭМБ-аас энэ оны арваннэгдүгээр сараас тодорхой болж байгаа. Тиймээс ямар төрлийн вакциныг худалдаж авахаа эцэслэн шийдвэрлэснээр уг төлөвлөгөөг Монгол Улсын Шадар сайдын тушаалаар батлуулах бэлтгэл ажил үндсэндээ хангагдсан.
Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банкнаас вакцин худалдан авах зориулалтаар 50,7 сая ам.долларын зээл авахаар хэлэлцээ хийж байна. Вакцин дархлаажуулалтын глобал альянс болон КОВАКС механизмд эцэслэсэн хүн тун вакцины технологийн сонголт хийсэн хүсэлтээ Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын гарын үсэгтэйгээр 2020 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдрөөс өмнө илгээх шаардлагатай тул уг хүсэлтийг илгээхээр ажиллаж байна.
Мөн тусгаарлалтаас гарсан иргэдийг гэртээ өөрийгөө 14 хоног тусгаарлах шийдвэрийг өнгөрсөн есдүгээр сараас эхлэн цуцлаад байсан бол эргэн сэргээжээ. Тодруулбал, ажиглалт, тусгаарлалтаас гарсан иргэдэд гэрийн 14 хоногийн тусгаарлалт хийх шаардлагыг сэргээн хэрэгжүүлж эхэлсэн байна.
Зарим судлаачид гэрийн 14 хоногийн дэглэмийг цуцалсан нь дотооддоо халдвар алдах эрсдэл болсон гэж үзэж байгаа юм. Тухайлбал, анхны тохиолдол болох жолооч Д тусгаарлалтаас гараад тоглолт үзсэн, гадуур явсан нь халдварын эрсдэлийг өндөр болгосон гэж үзэж байгаа ч сүүлийн өдрүүдийн тохиолдлуудыг харахад Сэлэнгэ аймаг, түүнийг дагасан төмөр замаар халдвар тархсан гэж урьдчилсан байдлаар тогтоож, арга хэмжээ авч эхэлсэн.
Сануулахад, нийслэлээс гадна Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр, Дорноговь зэрэг аймгуудад халдвар бүртгэгдэж, эдгээр аймгууд хатуу хөл хорио тогтоогоод байгаа юм.
Улс төр
Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 06 минутад гишүүдийн 52.4 хувийн ирцтэй эхэлж, Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг үргэлжлүүллээ.
Улсын Их Хурлын чуулганы 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн хуралдаанаар санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 68 гишүүний олонх дэмжив. Иймд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүллээ.
Дараа нь Цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенц соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, соёрхон батлахыг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжив. Мөн Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, соёрхон батлахыг дэмжих эсэхээр санал хураалт явуулсан. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 76 гишүүний 70 нь дэмжин, баталлаа. Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлэг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар эхэлсэн бөгөөд өнөөдрийн хуралдаанаар санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 76 гишүүний 90.8 хувь нь дээрх хуулийн төслийг соёрхон батлахыг дэмжлээ.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3-т “Улсын Их Хурал энэ хуулийн 46.1.2-т заасан хууль, тогтоолын эцсийн найруулгатай танилцаж ёсчлохыг зөвшөөрөх” гэж заасны дагуу Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон хамт баталсан хуулиудын эцсийн найруулгыг сонсов.
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Монгол Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу танилцууллаа.
Улсын Их Хурлаас 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр баталсан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгч 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр бүхэлд нь хориг тавьсныг Улсын Их Хурал 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авсан.
Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хамтарсан хуралдаанаас Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан хоригийг Улсын Их Хурал хүлээн авсантай холбогдуулан хууль, тогтоолыг хэрхэн хэлэлцэх талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан юм. Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу ажлын хэсгийг ахалж, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Д.Ганмаа, М.Нарантуяа-Нара, П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир, Х.Тэмүүжин, Г.Уянгахишиг, Б.Хэрлэн нар ажиллажээ.
Ажлын хэсэг 2 удаа хуралдаж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан “Хуралдааны дэгээр зохицуулаагүй асуудлыг хэлэлцэх журам”-ыг баримтлан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс бүхэлд нь тавьсан хоригийг Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх дэгийн тухай хуулийн төсөл боловсруулан энэ сарын 28-ны өдөр Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаанд танилцуулжээ.
Дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр, Н.Наранбаатар, Л.Мөнхбаясгалан, С.Эрдэнэбат, Ц.Идэрбат, Х.Ганхуяг, Ж.Батжаргал, Д.Ганбат, Ц.Даваасүрэн, С.Амарсайхан, Д.Батлут, З.Мэндсайхан, М.Бадамсүрэн нар асуулт асууж, хариулт авсан. Гишүүд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулан, Ерөнхийлөгч төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан тохиолдолд шийдвэрлэх зохицуулалтыг тусгах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлж, энэ талаар ажлын хэсгийн ахлагч болон Байнгын хороодын дарга нараас хариулт, тайлбарыг авсан юм. Түүнчлэн орон нутгийн төсвийн хэлэлцүүлгийн цаглавартай холбоотой тодруулгыг Сангийн сайдаас асууж, хариулт авсан.
Дараа нь Байнгын хороодын саналаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Монгол Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг эцэслэн батлахыг дэмжих санал хураалт явууллаа. Санал хураалтад Улсын Их Хурлын 81 гишүүн оролцож, 55 нь дэмжив. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулах бөгөөд Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжсэн бол эцэслэн баталсанд тооцно” гэж заасан байдаг.
Хуулийн төсөл ийнхүү батлагдаагүй учир Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.8, 90.9 дэх заалтыг баримтлан Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хороо хамтарсан хуралдаанаа хийж, холбогдох асуудлыг хэлэлцэхийг даалгав. Үүгээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Улс төр
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил оролцоо-2024” үндэсний чуулган Төрийн ордонд эхэллээ.
Чуулганаар “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, оролцоог хангах төрийн бодлого, ололт амжилт, тулгамдсан асуудал”, “Эрх зүйн орчны шинэчлэл”, “Нийгмийн оролцоог хангахад иргэний нийгмийн байгууллагын үүрэг, хариуцлага,” “Тогтвортой хөгжилд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо-Олон улсын байгууллагын дэмжлэг, хамтын ажиллагаа” зэрэг сэдвийг хэлэлцэж, зөвлөмж гаргах юм.
Мөн салбар хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн үүрэг, оролцоо, төр, хувийн хэвшил болон төр, иргэний нийгмийн байгууллагын түншлэл, хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ.
Үндэсний чуулганыг Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нээж хэлсэн үгэндээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, хөгжил, хамгаалал, оролцоо нь Ерөнхийлөгч, төр, засгийн бодлого, үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл гэдгийг тэмдэглэлээ.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжих, тэдний сайн сайхан амьдралын төлөөх аливаа бодлого, шийдвэр, санал, санаачилга, үйл ажиллагааг бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
“Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Цагаан алт”, “Эрүүл монгол хүн” болон “Хархорум хот” үндэсний хөдөлгөөнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ гэдгээ хэлэв.
Манай улсад 111 мянга гаруй иргэн хөгжлийн бэрхшээлтэй. Эдгээрийн 84 хувь буюу 93 мянга нь хөдөлмөрийн насных хэдий ч 15 мянга нь л ажил хөдөлмөр эрхэлж байна.
Иймээс төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүд тэднийг ажлын байраар хангах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх, орлого, амьжиргааг нь сайжруулах, нийгмийн хамгаалал, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх нь чухал байгааг тэмдэглэлээ.
Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүрийг баялаг бүтээгч, үйлдвэрлэгч болгохын төлөө ажиллах, санхүүжилтээ нэмэгдүүлэх, онцлогт нь тохирсон ажил, хөдөлмөрийн шинэлэг хэлбэр, үйлчилгээг өргөжүүлэх шаардлагатайг онцлов.
Орон сууцны зээлийн нөхцөлийг сайжруулах, түрээсийн, нийтийн, амины орон сууцны хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн болон ахуйн осол, гэмтлээс шалтгаалсан олдмол хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаад дүгнэлт хийж ажиллахыг Засгийн газарт чиглэл болголоо.
2017-2021 оны Засгийн газар Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв байгуулах, Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалтын үйлдвэрийг Хөдөлмөр, сургалт, хөгжлийн төв болгон өргөтгөх шийдвэр гаргаж байлаа.
Сүүлийн жилүүдэд ч тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр цөөнгүй арга хэмжээ хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг нь тодорхой хувиар нэмж, танхимын сургалт болон хөгжлийн үйлчилгээнд хамрагдах боломжгүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дэмжих үйлчилгээг хөгжүүлэх, орон нутагт Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөгжлийн төв, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвүүдийг байгуулж байна.
Улс төрийн оролцоог нь нэмэгдүүлэхэд анхаарсны дүнд УИХ-д хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлсөн хоёр гишүүн сонгогдсон. Мөн манай тамирчид Паралимпын наадмаас нэг алт, гурван мөнгөн медаль авсан нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд ахиц дэвшил, үр дүн гарч байгаагийн илрэл гэж Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ дурдлаа.
Дэлхийн улс орнууд ирэх сард тохиох “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн олон улсын өдөр”-ийг “Хүртээмжтэй, тогтвортой ирээдүйн төлөөх хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн манлайллыг нэмэгдүүлье” уриан дор тэмдэглэх юм.
Улс төр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны арванхоёрдугаар сарын 1-9-нд Саудын Арабын Хаант Улсын Эр-Рияд хотноо зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд (UNCCD COP16) оролцох үеэр Саудын Арабын Хаант Улс болон Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал тус тус хийнэ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд тус хурлын дараагийн даргалагчийн хувиар оролцож, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтлын асуудлаарх Монгол Улсын Засгийн газрын байр суурийг илэрхийлж, үндэсний түвшинд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулахын зэрэгцээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Аким Штайнер нартай тус тус уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мөн бага хурлын үеэр болох Усны дээд түвшний уулзалтад оролцож, Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират Улсад ажлын айлчлал хийх үеэр тухайн орнуудын удирдлагатай уулзаж, хоёр талын харилцааг хөгжүүлэх, эдийн засгийн агуулгаар баяжуулах, чингэхдээ хот бүтээн байгуулалт, цахим хөгжил, хиймэл оюун ухаан, төрийн үйлчилгээ зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар дэлгэрэнгүй санал солилцоно.
-
Нийгэм13 цаг өмнө
Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо
-
Нийгэм7 цаг өмнө
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
-
Нийгэм12 цаг өмнө
12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй
-
Улс төр15 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
-
Нийгэм16 цаг өмнө
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
-
Нийгэм9 цаг өмнө
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
-
Эдийн засаг15 цаг өмнө
“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо
-
Улс төр12 цаг өмнө
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ