Улс төр
Монгол, Хятадын парламент хоорондын гурав дахь удаагийн уулзалт боллоо
Монгол Улсын Их Хурал, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал (БХАТИХ) хоорондын байнгын уулзалтын механизмын гурав дахь удаагийн уулзалт өнөөдөр (2020.11.25) боллоо.
Уулзалтыг Монголын талаас Улсын Их Хурлын дэд дарга, УИХ дахь Монгол-Хятадын парламентын бүлгийн дарга Т.Аюурсайхан, БНХАУ-ын талаас БХАТИХ-ын Байнгын хорооны дэд дарга Байма Чилинь нар даргаллаа.
Хоёр улсын парламентын дарга нар 2014 онд гарын үсэг зурж, ёсчилсон хоёр орны парламент хоорондын байнгын уулзалтын механизмын 3 дахь удаагийн уулзалтыг энэ жил Монгол Улсад зохион байгуулахаар товлосон юм. Коронавирусийн цар тахлын улмаас энэ удаагийн уулзалтыг цахим хэлбэрээр зохион байгуулав.
УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан уулзалтын үеэр хэлсэн үгэндээ хоёр улсын Засгийн газар хооронд “Талын зам” болон “Бүс ба зам” санаачилгын бүтээн байгуулалтыг урагшлуулах тухай Санамж бичиг байгуулан, тусгай төлөвлөгөө гарган ажиллаж байгаа, хоёр орны худалдааны эргэлт КОВИД-19 цар тахлын нөлөөгөөр буурсан ч Монгол, Хятадын хилийн боомтын “Ногоон гарц” түр журам зэрэг арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлсэн нь худалдаа, эдийн засгийн харилцааг харьцангуй богино хугацаанд сэргээхэд чухал түлхэц үзүүлснийг онцлон тэмдэглэлээ.
Монголын талын төлөөлөгчдийн тэргүүн, УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан Монголбанк Хятадын Ардын банктай байгуулсан “Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох” своп хэлцлийн Монголын талын өрийг тэглэх, хөнгөлөх чиглэлээр Монгол Улсын Их Хурал болон Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал хамтарч ажиллах саналтай байгаагаа илэрхийлэв. Монгол Улс 2012-2016 онд нийт 12 тэрбум юань буюу 1,8 тэрбум ам.долларыг зарцуулжээ. 2016 оноос хойш хэлцлээс нэмж ашиглаагүй байна. Монголын тал Хятадын талд нийт 4,4 тэрбум юань буюу 660 сая ам.долларын хүү төлсөн бол 2021 онд 594 сая юань буюу 87 сая ам.долларын хүү төлөхөөр хүлээгдэж байгаа юм.
Мөн хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагаа, Засгийн газар хоорондын санаачилгыг дэмжих, коронавирусний халдвартай тэмцэхэд хамтран ажиллах, ОХУ-аас Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар санал солилцлоо.
Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дэд дарга Байма Чилинь хоёр улсын харилцаа улс төр, эдийн засаг, хүмүүнлэг гээд бүхий л салбарт эрчимтэй хөгжихийн зэрэгцээ иргэд хоорондын харилцаа өргөжиж байгааг тэмдэглээд, Монгол Улсад Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 30 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлсэн юм.
Тэрбээр Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын зүгээс Монгол Улсын Их Хуралтай хамтын ажиллагааг өргөжүүлэхэд өндөр ач холбогдол өгдөг. Цаашид харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад дараах санаачилгыг гаргаж байна гэв. Үүнд,
Нэгдүгээрт, улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлэх, Хоёрдугаарт, парламент хоорондын ажил хэрэгч хамтын ажиллагааг эрчимжүүлэх, Гуравдугаарт, цар тахлын халдварын эсрэг хамтран тэмцэх үйл ажиллагааг идэвхжүүлж, үр дүнд хүрэх, Дөрөвдүгээрт, олон талт үзлийг дэмжин, хамт хөгжих бодлогыг баримталж, олон улсын үйл ажиллагаанд харилцан дэмжлэг үзүүлэх хэрэгтэйг онцлон тэмдэглэлээ.
Уулзалтад УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун, Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан нар оролцон үг хэлж, байр сууриа илэрхийлэв.
Харин БНХАУ-ын талаас БХАТИХ-ын Үндсэн хууль, Хууль зүйн хорооны дэд дарга Ху Кэмин, БХАТИХ-ын Гадаад хэргийн хорооны дэд дарга Шү Кэ, БХАТИХ-ын Хөдөө аж ахуй, хөдөө нутгийн хорооны дэд дарга Цай Фан, БХАТИХ-ын Санхүү, эдийн засгийн хорооны гишүүн Жоу Сүнхэ, БХАТИХ-ын Байгаль орчин, нөөц баялгийг хамгаалах хорооны гишүүн Жао Юун, БХАТИХ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёл, эрүүл мэндийн хорооны гишүүн Ли Вэй нар оролцож, үг хэллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
УИХ-ЫН ДЭД ДАРГА Т.АЮУРСАЙХАНЫ МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛ, БҮХ ХЯТАДЫН АРДЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ИХ ХУРАЛ ХООРОНДЫН
БАЙНГЫН УУЛЗАЛТЫН МЕХАНИЗМЫН ГУРАВ ДАХЬ УДААГИЙН УУЛЗАЛТАД ХЭЛСЭН ҮГ
Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг нь БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх юм. Хөрш орнуудтай харилцах харилцаанд тэргүүлэх ач холбогдол өгөх бодлогын тухайд манай улсын улс төрийн бүх нам нэгдмэл байр суурь, ойлголттой байдаг.
Хятад Улсын зүгээс хөрш орнуудтайгаа харилцах харилцаанд онцгой ач холбогдол өгч, “найрсаг дотно, чин сэтгэлээсээ, нээлттэй, хүртээмжтэй хандаж, хамтын ажиллагааны үр ашгийг хуваалцах” бодлого баримталж ирсэн нь хоёр талын харилцаа эрчимтэй хөгжихөд чухал түлхэц болж байна.
Монгол, Хятадын харилцаа сүүлийн жилүүдэд бүх салбарт гүнзгийрэн хөгжиж, эдүгээ Иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрээд буйд Монголын тал сэтгэл хангалуун байдаг. УИХ-ын зүгээс хоёр улсын харилцааг улам бүр гүнзгийрүүлэх, нийгэм, эдийн засгийн хөгжил, ард иргэдийн ахуй амьдралд тустай бодит хамтын ажиллагааг урагшлуулах чиглэлээр Засгийн газруудын зүгээс хийж буй ажил, дэвшүүлсэн санал, санаачилгыг дэмжиж ирсэн, цаашид ч дэмжин ажиллах болно.
Хоёр орны дотоод, гадаад бодлогын үндсийг тодорхойлох чиг үүрэг бүхий хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагаа өргөжин идэвхжиж буйд баяртай байна. Цаашид байнгын уулзалтын механизмын уулзалтыг жил бүр хийхийн зэрэгцээ Монгол Улсын Их Хурал, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын удирдлага, Байнгын хороодын удирдлагын харилцан айлчлал, хоёр талын парламентын бүлгүүд, Тамгын газар хооронд туршлага солилцох арга хэмжээг тогтмолжуулах нь зүйтэй гэсэн саналтай байна.
Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Монгол Улсад 2013 оноос хойш айлчлаагүй байгаа тул Монгол Улсын Их Хурлын даргын урилгыг үүгээр дахин нотолж, БХАТИХ-ын Байнгын хорооны Ли Жаньшу даргыг ирэх онд Монгол Улсад албан ёсны айлчлал хийхийг урьсан манай талын урилгыг уламжилж өгнө үү.
Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй хөгжиж, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны гол тулгуур салбар болж ирлээ.
Хоёр улсын Засгийн газар хооронд “Талын зам” болон “Бүс ба зам” санаачилгын бүтээн байгуулалтыг урагшлуулах тухай Санамж бичиг байгуулан, тусгай төлөвлөгөө гарган ажиллаж байна.
2020 он гарсаар КОВИД-19 цар тахлын улмаас олон улсын нөхцөл байдал хүнд, дэлхийн эдийн засаг хямралын байдалд байна. Хоёр орны худалдааны эргэлт КОВИД-19 цар тахлын нөлөөгөөр буурсан ч Монгол, Хятадын хилийн боомтын “Ногоон гарц” түр журам зэрэг арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлсэн нь худалдаа, эдийн засгийн харилцааг харьцангуй богино хугацаанд сэргээхэд чухал түлхэц үзүүлснийг онцлон тэмдэглэхийг хүсэж байна.
Хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам бүр гүнзгийрүүлэх өргөн боломжтой гэж үздэг. Хоёр талын худалдааны эргэлтийг 2020 он гэхэд 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг биелүүлэхэд хүндрэлтэй болж буй хэдий ч хоёр талаас хамтран дэвшүүлсэн энэхүү зорилтод ойрын жилүүдэд хүрэхийн төлөө нягт хамтран ажиллах нь зүйтэй юм.
Хоёр хоногийн өмнө болсон Монгол-Хятадын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны үеэр худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар тодорхой тохиролцоонд хүрснийг хоёр улсын парламентын зүгээс дэмжиж ажиллах саналтай байна. КОВИД-19 цар тахал тодорхойгүй хугацаанд үргэлжлэх хандлагатай байгаа тул хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хэвийн явуулах үүднээс “Ногоон гарц” түр журмыг цаашид ч идэвхтэй хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.
Хоёр улсын аж ахуй нэгжүүдийн шууд харилцаа, хэлхээ холбоог өргөжүүлэх нь худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд тустай тул аж ахуйн нэгжүүдийн хооронд үзэсгэлэн яармаг, бизнес форум, сэдэвчилсэн хэлэлцүүлгийг тогтмол зохион байгуулах нь чухал юм.
Хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулан хөгжүүлэх, ялангуяа хөдөө аж ахуй, мал аж ахуй, тээвэр, дэд бүтцийн чиглэлээр гүнзгийрүүлэх, дамжин өнгөрөх тээврийг нэмэгдүүлэхэд хоёр орны хууль тогтоох байгууллагын зүгээс дэмжлэг үзүүлж ажиллахыг санал болгож байна.
Цахим худалдаа дэлхийн худалдааны ерөнхий чиг хандлага болж буйтай уялдуулан хил дамнасан цахим худалдааны эрх зүйн зохицуулалтыг сайжруулах шаардлага бий болж байна. Хятад Улс цахим худалдааны дотоодын болон олон улсын эрх зүйн зохицуулалтыг харьцангуй сайн хийсэн улс гэж тооцогддог тул энэ чиглэлд Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлаас туршлага судлах саналтай байна.
2014 онд байгуулсан “Төмөр замын дамжин өнгөрөх тээврийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг Хятадын тал соёрхон батлаагүй байгаагийн улмаас хэлэлцээр хүчин төгөлдөр болоогүй байгааг та бүхэн мэднэ. Энэ хэлэлцээрийг соёрхон батлах явцыг түргэтгэхэд дэмжлэг үзүүлэн анхаарал хандуулахыг Эрхэм хүндэт Байма Чилинь дарга Танаас хүсье.
Соёл, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаа идэвхтэй байгаа нь хоёр улсын иргэдийн харилцан ойлголцол, найрамдлыг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна.
Дэлхий дахиныг хамарсан КОВИД-19 цар тахалтай тэмцэх чиглэлээр Монгол, Хятад хоёр улс өндөр хариуцлагатай, нягт хамтран ажиллаж, харилцан дэмжлэг туслалцаа үзүүлж, мэдээлэл солилцсоны үр дүнд хоёр улсын хооронд халдвар зөөвөрлөгдсөн тохиолдол гараагүй бөгөөд энэхүү амжилтыг хадгалахын тулд цаашид ч нягт хамтран ажиллах сонирхолтой байна.
Манай улсын КОВИД-19 цар тахалтай тэмцэх хүч чармайлтад БНХАУ-ын Засгийн газар, ард иргэдийн зүгээс эд материалын тусламж үзүүлж, эмчилгээтэй холбогдох мэдээллийг шуурхай өгч ирсэнд талархал илэрхийлье.
“Монгол, Хятад, Оросын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хэрэгжилтэд тодорхой ахиц гарч буйд бид баяртай байна. Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг урагшлуулах гурван талын Ажлын хэсгийн дарга нарын уулзалтыг энэ сард амжилттай зохион байгуулж, цаашдын хамтын ажиллагааны асуудлуудыг ярилцаж тохиролцсон. Гурван улсын төрийн тэргүүн нарын ээлжит уулзалтыг энэ онд багтаан зохион байгуулах нь чухал ач холбогдолтой юм.
ОХУ-аас Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэхэд Хятадын талтай илүү идэвхтэй хамтран ажиллах сонирхолтой байгааг энэ завшааныг ашиглан илэрхийлье. Энэхүү төслийг урагшлуулахад хоёр улсын парламент, Засгийн газрын зүгээс бодлогын дэмжлэг үзүүлж ажиллахыг санал болгож байна.
Анхаарал хандуулсанд баярлалаа.
Улс төр
Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 06 минутад гишүүдийн 52.4 хувийн ирцтэй эхэлж, Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг үргэлжлүүллээ.
Улсын Их Хурлын чуулганы 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн хуралдаанаар санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 68 гишүүний олонх дэмжив. Иймд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүллээ.
Дараа нь Цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенц соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, соёрхон батлахыг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжив. Мөн Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, соёрхон батлахыг дэмжих эсэхээр санал хураалт явуулсан. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 76 гишүүний 70 нь дэмжин, баталлаа. Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлэг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар эхэлсэн бөгөөд өнөөдрийн хуралдаанаар санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 76 гишүүний 90.8 хувь нь дээрх хуулийн төслийг соёрхон батлахыг дэмжлээ.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3-т “Улсын Их Хурал энэ хуулийн 46.1.2-т заасан хууль, тогтоолын эцсийн найруулгатай танилцаж ёсчлохыг зөвшөөрөх” гэж заасны дагуу Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон хамт баталсан хуулиудын эцсийн найруулгыг сонсов.
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Монгол Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу танилцууллаа.
Улсын Их Хурлаас 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр баталсан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгч 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр бүхэлд нь хориг тавьсныг Улсын Их Хурал 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авсан.
Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хамтарсан хуралдаанаас Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан хоригийг Улсын Их Хурал хүлээн авсантай холбогдуулан хууль, тогтоолыг хэрхэн хэлэлцэх талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан юм. Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу ажлын хэсгийг ахалж, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Д.Ганмаа, М.Нарантуяа-Нара, П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир, Х.Тэмүүжин, Г.Уянгахишиг, Б.Хэрлэн нар ажиллажээ.
Ажлын хэсэг 2 удаа хуралдаж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан “Хуралдааны дэгээр зохицуулаагүй асуудлыг хэлэлцэх журам”-ыг баримтлан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс бүхэлд нь тавьсан хоригийг Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх дэгийн тухай хуулийн төсөл боловсруулан энэ сарын 28-ны өдөр Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаанд танилцуулжээ.
Дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр, Н.Наранбаатар, Л.Мөнхбаясгалан, С.Эрдэнэбат, Ц.Идэрбат, Х.Ганхуяг, Ж.Батжаргал, Д.Ганбат, Ц.Даваасүрэн, С.Амарсайхан, Д.Батлут, З.Мэндсайхан, М.Бадамсүрэн нар асуулт асууж, хариулт авсан. Гишүүд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулан, Ерөнхийлөгч төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан тохиолдолд шийдвэрлэх зохицуулалтыг тусгах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлж, энэ талаар ажлын хэсгийн ахлагч болон Байнгын хороодын дарга нараас хариулт, тайлбарыг авсан юм. Түүнчлэн орон нутгийн төсвийн хэлэлцүүлгийн цаглавартай холбоотой тодруулгыг Сангийн сайдаас асууж, хариулт авсан.
Дараа нь Байнгын хороодын саналаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Монгол Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг эцэслэн батлахыг дэмжих санал хураалт явууллаа. Санал хураалтад Улсын Их Хурлын 81 гишүүн оролцож, 55 нь дэмжив. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулах бөгөөд Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжсэн бол эцэслэн баталсанд тооцно” гэж заасан байдаг.
Хуулийн төсөл ийнхүү батлагдаагүй учир Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.8, 90.9 дэх заалтыг баримтлан Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хороо хамтарсан хуралдаанаа хийж, холбогдох асуудлыг хэлэлцэхийг даалгав. Үүгээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Улс төр
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил оролцоо-2024” үндэсний чуулган Төрийн ордонд эхэллээ.
Чуулганаар “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, оролцоог хангах төрийн бодлого, ололт амжилт, тулгамдсан асуудал”, “Эрх зүйн орчны шинэчлэл”, “Нийгмийн оролцоог хангахад иргэний нийгмийн байгууллагын үүрэг, хариуцлага,” “Тогтвортой хөгжилд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо-Олон улсын байгууллагын дэмжлэг, хамтын ажиллагаа” зэрэг сэдвийг хэлэлцэж, зөвлөмж гаргах юм.
Мөн салбар хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн үүрэг, оролцоо, төр, хувийн хэвшил болон төр, иргэний нийгмийн байгууллагын түншлэл, хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ.
Үндэсний чуулганыг Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нээж хэлсэн үгэндээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, хөгжил, хамгаалал, оролцоо нь Ерөнхийлөгч, төр, засгийн бодлого, үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл гэдгийг тэмдэглэлээ.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжих, тэдний сайн сайхан амьдралын төлөөх аливаа бодлого, шийдвэр, санал, санаачилга, үйл ажиллагааг бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
“Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Цагаан алт”, “Эрүүл монгол хүн” болон “Хархорум хот” үндэсний хөдөлгөөнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ гэдгээ хэлэв.
Манай улсад 111 мянга гаруй иргэн хөгжлийн бэрхшээлтэй. Эдгээрийн 84 хувь буюу 93 мянга нь хөдөлмөрийн насных хэдий ч 15 мянга нь л ажил хөдөлмөр эрхэлж байна.
Иймээс төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүд тэднийг ажлын байраар хангах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх, орлого, амьжиргааг нь сайжруулах, нийгмийн хамгаалал, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх нь чухал байгааг тэмдэглэлээ.
Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүрийг баялаг бүтээгч, үйлдвэрлэгч болгохын төлөө ажиллах, санхүүжилтээ нэмэгдүүлэх, онцлогт нь тохирсон ажил, хөдөлмөрийн шинэлэг хэлбэр, үйлчилгээг өргөжүүлэх шаардлагатайг онцлов.
Орон сууцны зээлийн нөхцөлийг сайжруулах, түрээсийн, нийтийн, амины орон сууцны хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн болон ахуйн осол, гэмтлээс шалтгаалсан олдмол хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаад дүгнэлт хийж ажиллахыг Засгийн газарт чиглэл болголоо.
2017-2021 оны Засгийн газар Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв байгуулах, Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалтын үйлдвэрийг Хөдөлмөр, сургалт, хөгжлийн төв болгон өргөтгөх шийдвэр гаргаж байлаа.
Сүүлийн жилүүдэд ч тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр цөөнгүй арга хэмжээ хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг нь тодорхой хувиар нэмж, танхимын сургалт болон хөгжлийн үйлчилгээнд хамрагдах боломжгүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дэмжих үйлчилгээг хөгжүүлэх, орон нутагт Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөгжлийн төв, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвүүдийг байгуулж байна.
Улс төрийн оролцоог нь нэмэгдүүлэхэд анхаарсны дүнд УИХ-д хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлсөн хоёр гишүүн сонгогдсон. Мөн манай тамирчид Паралимпын наадмаас нэг алт, гурван мөнгөн медаль авсан нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд ахиц дэвшил, үр дүн гарч байгаагийн илрэл гэж Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ дурдлаа.
Дэлхийн улс орнууд ирэх сард тохиох “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн олон улсын өдөр”-ийг “Хүртээмжтэй, тогтвортой ирээдүйн төлөөх хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн манлайллыг нэмэгдүүлье” уриан дор тэмдэглэх юм.
Улс төр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны арванхоёрдугаар сарын 1-9-нд Саудын Арабын Хаант Улсын Эр-Рияд хотноо зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд (UNCCD COP16) оролцох үеэр Саудын Арабын Хаант Улс болон Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал тус тус хийнэ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд тус хурлын дараагийн даргалагчийн хувиар оролцож, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтлын асуудлаарх Монгол Улсын Засгийн газрын байр суурийг илэрхийлж, үндэсний түвшинд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулахын зэрэгцээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Аким Штайнер нартай тус тус уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мөн бага хурлын үеэр болох Усны дээд түвшний уулзалтад оролцож, Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират Улсад ажлын айлчлал хийх үеэр тухайн орнуудын удирдлагатай уулзаж, хоёр талын харилцааг хөгжүүлэх, эдийн засгийн агуулгаар баяжуулах, чингэхдээ хот бүтээн байгуулалт, цахим хөгжил, хиймэл оюун ухаан, төрийн үйлчилгээ зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар дэлгэрэнгүй санал солилцоно.
-
Нийгэм14 цаг өмнө
Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо
-
Нийгэм8 цаг өмнө
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
-
Нийгэм13 цаг өмнө
12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй
-
Улс төр15 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
-
Нийгэм16 цаг өмнө
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
-
Нийгэм10 цаг өмнө
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
-
Эдийн засаг16 цаг өмнө
“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо
-
Улс төр13 цаг өмнө
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ