Юу болоод өнгөрөв өө. Хүүхдээ төрүүлээд дөнгөж гурав хонож байсан бүсгүйг хөхөө өвлийн хүйтэнд бараг хувцасгүйгээр зөөвөрлөн шилжүүлж байгаа дуулиан олон түмнийг талбай дээр гарч жагсахад хүргээд энэ ажлыг хариуцсан хүйтэн цэвдэг сэтгэлтэй эмч, эмнэлгийн удирдлагыг огцруулахад хүргэлээ гэсэн чинь бүр Засгийн газар, УИХ, Ерөнхийлөгчийн суудал сандлын асуудал болж хувирав уу.
Гэтэл асуудалд шууд холбоотой зарим нэгэн Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Нэгдүгээр төрөхийн дарга Баясгалан нар нь ёстой юу ч болоогүй юм шиг сандлынхаа түшлэг, хашлаганаас тас зуурчихаад хэвтээд байдаг.
Талбай дээр жагсагчид уг нь энэ л хүмүүсийг, УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатарыг, ЭМ-ийн сайд Т.Мөнхсайханыг л огцрохыг шаардсан. Тэр хүмүүс нь ч тэр эхээс, ард түмнээс уучлал гуйгаад албан тушаалаасаа огцрохооо мэдэгдэж Ерөнхий сайдад хүсэлтээ уламжилсан.
Засгийн газрын танхимаас буруутай сайд нь өөрөө хүсэлтээ гаргаад огцрох юм уу, Ерөнхий сайд нь тухайн хүнийг албан тушаалаас нь халж, чөлөөлөх бол аль ч улс оронд байдаг л үзэгдэл.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх үүний төлөө хариулага хүлээж танхимаараа огцоръё гэсэн санал гаргасан ч эрх баригч нам энэ хүний ажлыг үргэлжлүүлж, нэг жилийн өмнө амласан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийг даалгаж болох байлаа. Том зорилт зорилго тавьсан хүн гарман дээр морио сольдоггүй гэсэн үг байдаг даа. 2020-2024 онд хэрэгжүүлэх МАН-ын хөтөлбөрийн дөнгөж найман сар л явж байна шүү дээ.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн 2020 оны долдугаар сарын 2-нд УИХ-ын хуралдаанаар Засгийн газрын тэргүүнээр томилогдохдоо ард түмэнд хандаж хэлсэн үгэндээ өөрийн нь танхим дөрвөн том зорилтыг шийдвэрлэнэ гэсэн нь зөвхөн тэр хүний үг биш, МАН-ын бодлого байсан болов уу. Эндээ тэрбээр “Нэгдүгээрт, Импортлогч улсаас экспортлогч улс болцгооё!. Монгол Улсын эдийн засаг өрийн дарамтгүй, өрсөлдөх чадвартай, бүс нутгийн худалдааны идэвхтэй оролцогч болох арга зам бол экспортыг нэмэгдүүлэх явдал. Хоёрдугаарт, нийгэмд шударга ёсыг тогтоож, Цахим Монгол болцгооё. Миний бие сонгуулийн үеэр Эх орныхоо 20 аймаг, нийслэл хотын есөн дүүрэгт ажиллаж, 100 гаруй мянган иргэдтэй уулзахад хамгийн ихээр хүсэмжилж буй зүйл нь нийгэмд шударга ёс тогтоох асуудал байлаа. Гуравдугаарт, иргэдийнхээ амьдралын чанарыг дээшлүүлж, дундаж давхаргаа тэлье. Бид уул уурхай, байшин барилга, хөрөнгө мөнгө ярьсаар байгаад хүний хөгжлийн асуудал, ард түмнээ соён гэгээрүүлэх ажлыг орхигдуулсан тал бий. Тийм учраас манай засгийн газрын бодлогын гол цөм нь монгол хүн, монгол гэр бүлийн хөгжил байх болно. Дөрөвдүгээрт, хөдөөгийн хөгжлийн зохист тэнцвэрийг хангацгаая” гэж байсан нь мартагдаагүй, зарим нэг нь эхнээсээ ажил болоод явж байгаа.
Одоо энэ амлалт, энэ зорилт юу болсон бэ. Энэ хооронд дэлхий даяар тархаад байгаа коронавирусийн халдвар улсын эдийн засаг, нийгмийн амьдралд хүндээр тусч нөлөөлөөд байгаа ч Засгийн газар цар тахлын халдварыг тогтоон барих, эдийн засгийн хүндрэлийг даван туулах бололцоотой бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлэн чадлын хэрээр л ажиллаж байгааг хэн бүхэн харж, мэдэж байгаа. Замын дунд бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр юм уу, хүмүүнлэгийн талаар алдаа дутагдал гарсаар байсан ч энэ бүхнийг тухай бүр шийдэж, буруутай хүмүүст хариуцлага тооцоод явж болох байсан.
Харин Засгийн газрын танхим Ерөнхий сайдын хувьд дөрвөн жилийн алсыг харж, амласан амлалт, зорьсон зорилгоо биелүүлэх ёстой, яагаад огцров гэж сүүлийн хэдэн цагийн туршид олон нийт гайхаж, эргэлзэж, олон нийтийн сүлжээгээр бичсээр байна. Ард түмэн, олон нийт бол Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг, 2016 онд, 2020 оны долдугаар сард амласнаараа хийж бүтээнэ гэсэн бүхнээ гүйцээхийг хүсч байгаа нь энэ бүхнээс тодорхой байна. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ “ 2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүн бол Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувь хүний манлайлал, нэр хүндэд итгэж найдсан иргэд, сонгогчдын сонголт юм. Гэтэл эдийн засаг, цар тахлын нэн эрсдэлтэй цаг үед нийт ард түмний сонголт, итгэл найдварыг хөсөрдүүлэх эрх энэ хүнд байхгүй. Би Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхийг огт дэмжихгүй байна гэдгээ энэ индрээс мэдэгдье” гэв. Энэ бол улс орон, ард түмнээ бодооч ээ гэсэн санаа. Гэвч энэ хатуу, хэцүү үед эргэж харалгүй явах сонголтоо хийсэн У.Хүрэлсүх утсан улаан амиа бодсон, улс төрийн хүүхэлдэй мэт харагдаж байна.