Улс төр
НАМЫН ДАРГАД ӨРСӨЛДӨНӨ
Өнгөрөгч долоо хоногт УИХ-аар Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан билээ. Уг хуулийн талаар болон удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгууль, АН-ын дотоодод өрнөж буй үйл явцын талаар Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй ярилцлаа.
-Өнгөрөгч долоо хоногт УДШ АН-ын даргаар С.Эрдэнийг бүтгэхээс татгалзаж, Ц.Тувааныг цахим бүртгэлээс хассан юм байна. Мөн намын шинэчилсэн дүрмээ бүртгүүлэхийн тулд хоёр дахь удаагаа УДШ-д хандахаар боллоо. Үүнээс болоод АН ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эсэх нь бүрхэг боллоо хэмээн улс төр сонирхогчид бичиж байна. Энэ талаар таны байр суурь?
-Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд заасан нэр дэвшигчээ тодруулах хугацаанаас өмнө дүрэм журмаа эмхлээд, зохион байгуулалтынхаа асуудлыг шийдээд явбал асуудал байхгүй.
-Дээд шүүх дээр бүртгүүлэхэд хуулийн хугацаа бий юу?
-Хүсэлт өгсөнөөс хойш 30 хоногийн дотор шийдвэрлэх хугацаа байгаа байх. Нөхцөл байдлаас болоод одоогоор намын дүрэм дээр хоёр төрлийн маргаан гэх үү, байр суурь явж байна. Намын хуучин дүрэмд “Намын даргын болон Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг сунгаагаар тодруулна” гэдэг зарчим байгаа. Сая намын X их хурлаар баталж, Дээд шүүхэд бүртгүүлэхээр өгсөн дүрэмд “намын их хурлаас нэр дэвшигчээ тодруулана” гэж байгаа. Дээд шүүх намын шинэ дүрмийг бүртгэхгүй энэ байдлаар сунжирвал цар тахал, хөл хорионоос шалтгаалаад сунгаагаар Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулах нь АН-ын хувьд төвөгтэй болж магадгүй.
Бүх намууд адилхан хуулийн хугацаанд нэр дэвшигчээ тодруулна, зарлана. Тиймээс АН аль дүрмээр, ямар процессоор нэр дэвшигчээ тодруулахаа дотооддоо ярилцаж ойлголцох ёстой.
-Энэ сард АН-ын ҮБХ ээлжит бусаар цахимаар хуралдсан. Үүний дараа Ц.Оюунгэрэл гишүүн “Намын даргын сунгаа зарласан” гээд намын даргад нэрээ дэвшүүлж өрсөлдөхөө мэдэгдсэн. Тэгэхээр Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө намын даргын сонгууль болно гэсэн үг үү?
-Намын дарга эхлээд тодорч болно. Эсвэл маргагч талууд дундын хувилбараар үүрэг гүйцэтгэгч тавиад сонгуульд орж болно. Нам дотор аль ч хувилбараар явсан АН нэг тамгатай, нэг удирдлагатай, нэг зохион байгуулалттай болох нь чухал. Дээд шүүх дээр асуудал түр зогсонгуут Ц.Оюунгэрэлийн хувьд “Хуучин дүрмээрээ намын даргын сунгааг явуул, би өрсөлдөхөд бэлэн” гэж байх шиг байна лээ.
-Ер нь сунгаанаас яагаад татгалзах болсон юм бэ? Өмнө нэг удаа намын дарга, Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг сунгаагаар гаргасан шүү дээ?
-Нам дотор хоёр байр суурь гараад байгаа. Гишүүдийн зарим нь сунгааг одоо ч гэсэн дэмжиж байгаа. Гишүүддээ түшиглэсэн нам байна, аливаа шийдвэрийг гаргахдаа жирийн гишүүдээсээ асуух нь ардчиллын зарчимд илүү нийцнэ гэж тайлбарлаж байгаа хүмүүс бий. Нөгөө талаасаа “Сунгаа явуулах нь хэтэрхий өндөр өртөгтэй байна, гишүүдийн итгэл үнэмшлээс илүү мөнгөний зохион байгуулалтад ороод байна. Үзэл санаа, үнэт зүйлээ харахаас илүү хэн илүү мөнгө тараасанд санал өгч, худалдагдахад бэлэн наймааны пирамид гараад ирчихлээ” гэдэг шүүмжлэл ч байгаа. Энэ хоёр байр суурийн аль нь илүү үнэн, бодитой байна гэдэг дээр бид судалгаатай байж, шийдэл хайх хэрэгтэй байх.
Цөөнгүй хүнээс асууж тодруулахад, “нийт гишүүдээс гэдэг зарчим нь улс төр огт сонирхдоггүй, зөвхөн дов довон дээрээ нам болж тоглодог, цаашаа сонгогч олон нийтрүү ажилладаггүй, гаднаас хүн оруулж ирдэггүй зөвхөн өөрсдийн хамаатан садан, найз нөхдийн хаалттай бүтцийг бэхжүүлчихлээ. Мөнгөний сонирхолтой болчихсон учраас бизнесээ хамгаалаад гаднаас шинэ хүн оруулахгүй, хайрцаглаад намын цус сэлбэлтийг түгжчихжээ. Энэ байдал нь АН-ыг хатингаршиж, жижигрэхэд хүргэж байна” гэдэг шүүмжлэл байна. Оролцоог илүү өргөн болгосноор нам хатингаршиж байна гэдэг логик жаахан зөрчилтэй болов ч хариуцлага хүлээдэггүй сонголт аюултай гэдэг талаасаа бас бодууштай. Энэ бүхнээс болоод дүрмээ өөрчлөх үү, ямар хувилбар нь дээр вэ? гэдэг яриа, хэлэлцүүлэг өрнөөд явж байна.
-Мөнгөний хүчин зүйл бол маш их байх аа. Өнгөрсөн аравдугаар сард болсон орон нутгийн сонгуулиар ажилласан олон залуучууд ярьж байсан. “Анхан шатны намын гишүүд дээр очиход үнэхээр хүнд юм байна. Хүн болгон мөнгө нэхэж байна. Үзэл санаа, үнэт зүйлийн тухай хэн ч ярихгүй байна. Мөнгөгүй хүн, залуу хүн улс төр хийнэ гэж байхгүй юм байна” гээд…
-Улс төрийн нам байж чадаж байна уу, үгүй юу гэдэг дээрээ бид жаахан нухацтай, суурьтай ярилцахгүй бол төвөгтэй. 1990 оны тэр дэврүүн сэтгэл, итгэл үнэмшил, эр зориг одоо байна уу, эсвэл “клиентелист” буюу харилцан наймаалцдаг төлбөр тохиролцооны систем болоод хувирчихав уу? гэдгийг ярих ёстой. Мэдээж улс төрийн итгэл үнэмшилтэй, үзэл санааныхаа төлөө тууштай, зоригтой явдаг гишүүд байгаа. Тэднийг энэ намаас түлхдэг, холдуулдаг, шахдаг, санхүү эдийн засгийн сонирхолтой бүлгүүд ч бас байна. Тэгэхээр бид намаа дахиад нэг удаа эмхэлж, урам зоригтой, итгэл үнэмшилтэй урагшлах хүч болгож авах ёстой. Тэгэхгүй бол АН-ын үзэл санаа ялагдаад байгаа шалтгаан нь гадна байгаа өрсөлдөгчөөс илүү дотроо байгаа үл ойлголцол, хагарал бутрал, зөрчилдөөнөөс болж байна.
-Яг ингээд ярихаар АН дотор маш том мөнгөний сонирхол байгаа юм шиг харагдаад байдаг. Гэтэл гадна талд нь МАН гэж маш том худалдан авагч байна шүү дээ. Ялангуяа сүүлийн 4-5 жил засагласны дараа улам хүчтэй, мөнгөтэй болж байна. АН шиг нам дотроо ч биш, гадагшаа худалдан авалтууд хийж байна?
-Итгэл үнэмшилгүй, үзэл санаагүй, улс төрийн эр зориггүй мөртлөө улс төрийн нам болоод тоглож байгаа хүмүүс төлбөрийг нь төлбөл юуг ч худалдахад бэлэн байдаг. Шаардаж байгаа төлбөр нь АН-д байхгүй бол төлбөрийн чадвартай өөр хэн нэгэнд очоод намаа зарчихаж чадна. Төсвөөс хамгийн их хулгай хийдэг, уул уурхайгаар дамжуулаад улс төрийнхөө санхүүг босгож сонгуулийг мөнгөжүүлдэг хүмүүс МАН-д байгаа. Тэд авлигын мөнгөөрөө дуртай бүхнээ худалдаж аваад улс төрийн тоглоомныхоо нэг хэсэг болгодог тогтолцоог бүтээчихсэн. Тэгэхээр АН-д хоёр л зам байна. Нэг бол МАН-тай өрсөлдөж нэг хэсэг нь мөнгө хулгайлж, нөгөө хэсэг нь хувь хүртэх. Эсвэл авлига, хулгайгаар үр хүүхдийнхээ ирээдүйг сольж буй энэ тогтолцоог сөрж, дотор болно гадна байгаа сорилттойгоо нүүр тулах.
-Тийм сорилтыг туулж гарахад дахиад 20 жил болох юм шиг санагдаж байна?
-Хэцүү ч гэсэн улс төрийн шинэ зарчим ажиллахгүй бол Монголын ардчилал өөрөө хуурмаг, хариуцлагагүй болж байна.
-2016 оны сонгуулийн дараа С.Эрдэнэ АН-ын дарга болсон. Намын шинэчлэл гэж баахан яваад, хөдөө хотгүй хуралдаж чуулаад байсан ч өнгөрсөн хоёр сонгуулиар АН ялагдал хүлээсэн, С.Эрдэнэ намын даргаас буусан. Харин сая Ц.Туваанаас намынхаа тамгыг авсны дараа “Өө, ямартай ч Женкод намаа өгсөнгүй” гээд, тааламжгүй байсан хүмүүс ч таатай байх шиг байна лээ. Ингэхэд Х.Баттулгын фракц бүлэг АН дотор тийм их хүчтэй юм уу? Өмнө бол ҮБХ-ны гишүүдийг тэд нь Алтангадас, тэд нь МҮДН, МоАХ гээд нэрээр нь тоолчихдог байлаа шүү дээ…
-Өмнө бол манай намын бүлэг фракциуд дотор дор хаяж 4-5 лидерүүд байдаг, жигд дуу хоолойгоо гаргадаг, өрсөлддөг байлаа. Гэтэл сүүлийн жилүүдэд нөгөө олон лидер байхын зовлон алга болоод хүн дагасан бүлэг болж хувираад байгаа. Хэн өндөр эрх мэдэлтэй, илүү нөлөөтэй байна, түүний ард чирэгддэг чиргүүл маягийн бүтцүүд давамгайлж байгаа нь өөрөө АН-ыг сулруулж байна. Нэг хүний нам гэж яриа байдаг даа. Тэрний, энэний нам гэж ярьдаг, тэр хүн нь байхгүй бол нам нь алга болчихдог. Тийм халдвар сүүлийн жилүүдэд АН дотор маш хурдацтай явлаа. Анхан шатандаа төдийгүй, дээрээ хүртэл халдварлалаа. Нөгөө үзэл санаа нэгтэй, эгнээгээрээ, цулаараа байх тухай биш, нэг том толгойтой урт цувааны тухай яриа бодит биелэл болох шахлаа. Энэ бол АН-ын хувьд маш буруу соёл.
“Энэ нам дотор нөлөөтэй байхын тулд хэн нэг хүнд хадаг барьж очих ёстой” гэдэг ойлголттой, нэг хадагны ард бүгдээрээ чирэгдээд нэг том хүн рүү мөлхөж эхэлнэ гэдэг ардчиллын мөн чанартай, АН-ын амин сүнстэй байсан хүмүүсийн хувьд тэвчихийн аргагүй үзэгдэл. Яахаараа АН нэг хүний нам болдог юм, яахаараа хадган дээр тавиад хэн нэг хүнд бэлэглэж болдог, 30 жилийн түүхтэй АН-ыг хэн нэг нь мөнгө төлөөд худалдаад авчихаж болно гэж итгэдэг юм. Төрийн том эрх мэдлээр энэ намын үзэл санааг нь дараад хэвтэж болно гэж байгаа бол тийм юм байхгүй, тэлчлээд ч хамаагүй босно шүү гэдэг л АН-ын мөн чанар л даа, уг нь.
Ер нь АН-ын өөрийнх нь мөн чанар бол нэг хүний ард сүүл шиг дагаад явдаг нам биш шүү дээ. Итгэдэг үзэл санаагаа нам дотроо тээж авч явж чадахгүй бол АН гэж байгаад яах вэ дээ.
-Та оны өмнө, өнгөрсөн намар АН-ын дүрмийн ажлын хэсэгт ороод, нэлээд идэвхитэй яваад байх шиг байсан. Гэтэл өнгөрсөн арванхоёрдугаар сард АН-ын дүрмийг баталсан Х Их хуралд оролцож харагдаагүй. Сүүлд болсон ҮБХ-ны ээлжит бус хуралд ч гэсэн оролцоогүй юу?
-Залуучууд өмнө алдсан алдаанаасаа сургамж аваад намын дүрмээ шинэчлэх, сайжруулах гэж оролдож, хичээж байгаа. Маш олон залуучуудын санаа оноо орсон. Гэтэл төгсгөлд нь энэ дүрмийн өөрчлөлтийг хэн нэгэнд гишгүүр болгоод өгчихөж байгаа бол зөв зүйл биш.
-“Бүрэн эрх нь үргэлжилж байгаа Ерөнхийлөгч АН-аас дахин нэр дэвшихээр бол нам энэ асуудлыг шууд хэлэлцэж дэмжинэ” гэсэн тэр заалтыг намын дүрэмд хэн хэзээ оруулж ирсэн юм бэ?
-АН-д Үзэл баримтлал Үндсэн дүрмийн зөвлөл гэж бий. Гэхдээ хэзээ ч ажиллаж байгаагүй, тэнд ямар хүмүүс байдгийг нь ч мэдэхгүй. Гэнэт амь орохдоо гаргаж байгаа ганц санаачилга нь тэр. Олон хүний зүтгэж хийсэн олон сарын ажлыг нэг шөнийн дотор базаад хогийн сав руу шидчихлээ.
-Шууд хэлэлцэнэ гэдэг нь шууд нэр дэвшүүлнэ гэсэн үг үү?
-Мэдэхгүй, тэрийг санаачилсан эздээс нь асуусан нь дээр байх. Энэ улс оронд өрсөлдөөнийг авчирсан, өрсөлдөж байж эдийн засаг нь ч, улс төр нь ч, үзэл санаа нь ч эрүүл байдаг юм” гэдэг зарчим, үзэл баримтлалтай намд “өрсөлдөхгүй байж болно” гэдэг санаатай Үзэл баримтлал, Үндсэн дүрмийн зөвлөл байгаа нь гутамшиг.
-Үндсэн хуулийн өөрчлөлтөөр, хэрвээ Цэцийн дүгнэлт өөрөөр гарахгүй бол Х.Баттулга гэдэг хүн дахин нэр дэвших эрхгүй гэдэг нь гарцаагүй биз дээ?
-Цэц бол Үндсэн хуулийг л тайлбарлаж, Үндсэн хуульд бусад хуулийг нийцүүлэх үүрэгтэй. 2019 онд баталсан нэмэлт өөрчлөлтөөр Үндсэн хуульд Ерөнхийлөгчийг сонгохтой холбоотой хэд хэдэн өөрчлөлт орсон. Нэгдүгээрт 50 нас хүрсэн байх, хоёрдугаарт нэг хүн зөвхөн нэг удаа Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх, гуравдугаарт бүрэн эрхийн хугацаа зургаан жил байхаар өөрчилсөн. Шинээр орсон гурван нөхцлийн хоёр нь үйлчилнэ, нэг нь үйлчлэхгүй гэдэг зарчим хуульд байхгүй.
1992 оны Үндсэн хуульд жишээ нь нэг хүн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг найман жилээс дээш хэрэгжүүлж болохгүй гэсэн зарчим байсан. Ерөнхийлөгчийг дөрвөн жилээр сонгоно, нэг удаа улираан сонгож болно гэж бичсэн. Тэр хугацааг сая бууруулаад зургаан жил болгосон байхад нэг хүн тэнд “Би 10 жил бүрэн эрхээ хэрэгжүүлмээр байна” гээд 1992 оны Үндсэн хуулиас давсан мандатын бүрэн эрх яриад сууж болохгүй л дээ. Монгол Улс сая шинэ Үндсэн хууль батлаагүй. 1992 оны үндсэн хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа.
Жишээ нь, С.Ганбаатар гэдэг хүн энэ жил Ерөнхийлөгчид нэр дэвших гэсэн чинь 50 нас хүрээгүй байвал, “50 нас гэдэг заалт надад үйлчлэх ёсгүй. Өмнө нь би дэвшиж болж байсан, миний эрх зүйн байдлыг дордууллаа” гэж хэлбэл яах вэ? Ингэж ярьж байгаатай зарчим нь яг адилхан. Нэр дэвшигчид тавьж байгаа шалгуур ганц Х.Баттулга гэдэг хүнд үйлчлэхгүй. Зөвхөн нэг удаа, зургаан жилээр, тавин нас хүрсэн байх гэдэг шаардлага бүх нэр дэвшигчид ижил тавигдана. Энэ шаардлагаар Үндсэн хуулиа тайлбарлаж хэрэгжүүлэхгүй юм бол Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсны утга учир байхгүй.
Хоёрдугаарт, 62 суудалтай МАН УИХ-аар баталсан Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульдаа үүнийг маш тодорхой тайлбарлаж бичих ёстой. Хэрвээ тэрийг тайлбарлаж бичээгүй, бүрхэг байдлаар орхигдуулсан бол Цэц дээр л асуудал эцэслэх байх.
-Сая шинээр баталсан /2020.12 сар/ Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаатай холбоотой зохицуулалтыг бичээгүй байна лээ?
-Хэрэв хууль тогтоогчид нь Үндсэн хуульд байгаа шаардлагыг хуульд биччих зориггүй, асуудлаас зугтаж байгаа бол тэр бичсэн хуулиар нь бас сонгууль хийгдэж болно шүү дээ. Үндсэн хууль зөрчсөн буруу нь саналаа өгсөн иргэдэд биш, хуулиа дутуу түүхий баталсан, хууль тогтоох ажилдаа хариуцлагагүй хандсан, Үндсэн хуулийг санаатайгаар зөрчүүлэхэд хүргэсэн тэр хүмүүст л ирнэ. Баттулга гэдэг хүнийг ч энд буруутгаад байх юм байхгүй.
Жишээ нь, У.Хүрэлсүх гэдэг хүн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт үйлчлээд эхэлчихсэн байхад “Дагалдах хууль нь гараагүй” гээд Үндсэн хуулиа зөрчөөд явсан жишгийг өнгөрсөн оны тавдугаар сарын 25-нд тогтоочихсон. Тэрнийхээ төлөө лав хариуцлага хүлээгээгүй. Цэц ч гэсэн Үндсэн хуулийнхаа талд зогсоогүй.
-Гэтэл УИХ-ын дарга асан Р.Гончигдорж гуай маань саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Ерөнхийлөгчийн сонгуулийг 2023 онд явуулах ёстой. Тэгж байж Үндсэн хуульд бичигдсэн “нэг удаа зургаан жилээр сонгох” заалт хэрэгжинэ” гээд ярьсан байна лээ?
-Манай зарим нэг ардчиллын хараацайнууд өөрсдийгөө овоглодог ардчиллын суурь зарчмуудаасаа дандаа ухарсан, устгахад тусалсан зүйл ярьдаг болсон байна лээ. Их л явцуу, жижиг ашиг сонирхол оюун бодлыг нь хатгасны үндсэн дээр өөриинхөө амьдралын түүхийг үгүйсгэн барин ийм үг хэлэх байх. Үндсэн хуульт ардчиллын гол зарчим бол зөв ч бай, буруу ч бай Үндсэн хуулиа баримтал, ялагдсан ч бай, ялсан ч бай иргэдээрээ сонгуул гэдэг.
Тийм учраас нэгдүгээрт, төрийн байгуулалттай холбоотой асуудлаар Үндсэн хуульд байхгүй зүйлийг санаанаасаа зохиож болохгүй. Хоёрдугаарт, иргэд сонгохдоо хугацаатай мандат өгсөн байхад эрх мэдэлтнүүд “Би сунгамаар байна” гээд сунгаад байж болохгүй. Энэ зарчим эвдэгдвэл Бүгд найрамдах төр гэж байхгүй. Ямар ч тохиолдолд хуулийн хугацаандаа сонгууль явагдаж байх ёстой гэдэг чинь ардчиллын суурь зарчим.
-Ядаж МАН эрх барьж байгаа учраас тэр тал руу явуулахгүй байх л даа…
-МАН-аас ийм санаачилга гарсан бол “За яах вэ, коммунистууд юм даа. Сонгуулийг үл тоодог, иргэдийг үл тоомсорлодог, дээшээ гарчихаараа тэнгэрээсээ уяатай болчихлоо гэж боддог хүмүүсээс өөр юу л гараа аж” гэж болно. Гэтэл Монгол Улсад ардчиллыг авчирсан, иргэдэд эрх чөлөөг нь олгосон, ₮муу ч сайн ч хэн засаг барихыг иргэд нь шийддэг юм шүү₮ гэдэг үзэл санааг түүчээлсэн хүмүүс нь өөрсдөө үзэл санаа руугаа нулимаад эхлэхээр л ёстой игзаар хөдлөөд байна.
-Сая Ц.Оюунгэрэл гишүүн асан намын даргад өрсөлдөхөө зарлахдаа “Намын даргад өрсөлдөх 7-8 хүн байгаа” гэж мэдэгдсэн. Тэдний дотор таны нэр эчнээ явж байсан. Үнэхээр намын даргын сонгуульд өрсөлдөхөөр шийдчихсэн үү?
-Би “Дарга болно” гэж зүтгэж байгаагүй. Ачаа үүрэх, салхи сөрөхөөс бол буцаж байгаагүй. Одоо бол ардчилалд учирч байгаа сорилтууд, АН-ын байгаа байдал, МАН-ын дангаар эзэрхийлэх ирж байгаа цаг үеэ харахаар хойшоо суугаад байх шалтаг алга. Энэ нь, тэр нь хийчих болов уу гэж зам тавьж өгөхөөсөө илүү Монгол Улс “доголон ардчилалтай, сохор хуультай” байгааг хараад суух нь тэнэглэл шиг санагдаж байна. 1990 оноос хойш л иргэний талд зогсоно, төрөө иргэнжүүлнэ гэсэн хүмүүс төрд гарсан хойноо иргэнээ мартаад, төрөө цэрэгжүүлж, цагдаажуулаад, дарга нар нь хөлжиж феодалжаад л өнгөрлөө.
-Таны дараа үе хүртэл “Би намын дарга болно оо” гээд гараад зогсож байна шүү дээ?
-Улстөрч болгоны дотор үзэл санаагаа түүчээлэе, бодлогын манлайлагч байя гэдэг зориг, тэмүүлэл төрөх нь хэвийн үзэгдэл ш дээ. Байнга “Миний урд тэр байгаа. Тэр л хийчих болов уу” гээд бусдадаа найдаад яваад байвал үзэл санаа гэдэг зүйл улам бүр орхигдоно. Урагшлах байсан алхмууд зогсоно, унтана. Тийм учраас “Чи чадахгүй бол би чадна” гэсэн зоригтой байх нь улстөрчдийн төдийгүй иргэний ч үүрэг. Ардчилал угаасаа хүн болгонд энэ боломжийг олгодог. Юунд хүлээцтэй, хүлцэнгүй байх, юунд зориг хүч гаргах вэ гэдэг сонголт. Нам дотроо салхи хөдөлгөж, үзэл санааны тугаа хэдий чинээ намируулж чадна, төдий чинээ олныг дагуулна. АН-д тийм зүйл дутагдаж байж магад.
-Сая УИХ-аар баталсан Шүүхийн тухай хуульд анхаарал хандуулья. Их сайхан хууль болсон тухай Их хурлын дарга маань мэдэгдэл хийсэн байна лээ. Хуульчид ч бас их нааштай хүлээж авсан гэж харагдсан. Таны хувьд Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга зорилгодоо хүрч чадсан уу? Шүүхийг улс төрөөс, шүүгчийг шүүгчээс нь хараат бус байлгах зорилт биелсэн үү?
-Яригдаж байгаа суурь зарчмууд, дэвшилттэйд тооцогдож байгаа өөрчлөлтүүдийн дийлэнх нь 2012 онд баталсан шүүхийн багц хуульд туссан санаанууд. Зүйл заалт, хэм хэмжээний хувьд ч гэсэн зарчмын том өөрчлөлтүүд багатай.
2012 онд шүүхийн тухай таван багц хууль гарахад яг л ийм уур амьсгалтай байсан. Нийгэмд хүлээлт үүсчихсэн, баталсан хүмүүс нь ч гэсэн баяртай байсан. Том даваа давлаа даа л гэж ярьцгааж байсан. Гэхдээ тэр бол хийх ажлын дөнгөж эхлэл байсан. Түүнийг дагаад процессийн хуулиудаа гаргах, хуулийн байгууллагуудаа цэгцлэх, боловсон хүчний асуудлуудаа шийдэх ёстой байсан. Гэтэл зөвхөн шүүхийн хуульд орсон өөрчлөлтөөс болоод эрх мэдлээ алдчихсан, асуудал өөрсдийнх нь хүссэнээр яваагүй учраас заавал ч үгүй сөрөх ёстой гэх атгаг бодлоосоо болоод эдгээр хуультай ноцолдсоор байгаад 7-8 жилээ барсан хүмүүс байгаа. Тэд хуулийн зарим хэсгийг нь Цэц дээр унагасан, зарим хэсгийг нь УИХ дээр хууль өргөн бариад өөрчилсөн. Заримынх нь хэрэгжилтэн дээр нь өөрсдийнхөө хүмүүсийг тавьж байгаад завхруулсан. Тэгж эргэж буцсаар байгаад өнгөрсөн найман жил зүгээр л хий эргээд өнгөрсөн. Урагшаа нэг алхаад, хойшоо хоёр алхаж байсан.
Тийм учраас УИХ-аар хууль батлуулах нэг хэрэг. Тэр дундаа институцийн тухай хууль бол үндсэндээ хийгдэх гэж байгаа шинэчлэлт, өөрчлөлтийн 20 хувьд ч хүрэхгүй. Мэдээж өөрчлөлтийн эхний салхи мөн, зөв. Том амжилт. Харин одоо процессийн хуулиудаа өөрчилж чадах уу? Прокурор, цагдаа, мөрдөх албаны чиг үүрэгтэй байгууллагуудынхаа арга барил, зохион байгуулалтыг хийж чадах уу? Хүнээ сольж, боловсон хүчнээ өөрчилж дийлэх үү? гэдэг асуулт. Энэ бүх өөрчлөлтийн эсрэг явах хүч, хувь хүн зөндөө гарч ирнэ. Тэрний өмнө олуулаа, олонхиороо сөрөөд урт хугацаанд тууштай зогсч, бодлогын залгамж үлдээж чадах уу? Энэ бол маш том сорилт.
-Тэр зовлонг та өөрөө хэлж өгөх байх?
-Би сайн санаж байна. 2012 онд хууль батлах үед “Энэ чинь их зөв байна шүү” гээд зэрэгцээд кноп дарж байсан хүмүүс зургаахан сарын дараа “Өө, буруу байсан байна лээ” гээд нөгөө талд гараад кноп дараад эхэлдэг. Цагдаа, прокурорынхон, Дээд шүүхийнхэнтэй хэлхэлдээд “тэр хууль чинь буруу болсон гэж байна, бид засах гэж байна” гээд УИХ руу цаас бариад ороод ирдэг. УИХ дээр дийлэхгүй бол Цэцээр шийдвэр гаргуулаад ороод ирнэ. Ерөнхийлөгчтэй хамсаад ҮАБЗ энэ тэрээр хүч нэмээд ажиллана.
Анзаарсан бол 2012 онд яг саяных шиг “Шүүгчид хариуцлага тооцох тогтолцоог УДШ болон УДШ-ийн ерөнхий шүүгчид ерөөсөө өгч болдоггүй юм байна. Асуудалд орсон шүүгчийг “Чи миний талд орвол би чамайг үлдээе, миний талд орохгүй бол зайлуулаад өгье” гээд бүх шүүгчийг гартаа атгачихдаг юм байна. Тийм учраас шүүгчид хариуцлага тооцох тогтолцоог шүүхээс ангид байгуулах ёстой юм байна” гээд Хуульчдын холбооны дэргэд авчирсан. Шүүхийн багц хууль 2012 оны хавар УИХ-аар батлагдсан. Гэтэл намар нь Ш.Түвдэндоржоор ахлуулсан хэсэг гишүүд Шүүхийн тухай хууль өргөн бариад Хуульчдын холбоонд байсан шүүгчид хариуцлага тооцох эрх мэдлийг ШЕЗ-ийн дор аваад ирсэн. ШЕЗ болон Шүүгчийн ёс зүйн хорооны гишүүдийг бүгдийг нь Ерөнхийлөгч томилдог болгоод хуульд өөрчлөлт оруулчихсан.
-Тэр үед “Шүүгчийн мэргэжлийн хороо” гэж байсан уу?
-Хуучин бол Шүүгчийн мэргэшлийн хороо, Шүүгчийн ёс зүй хороо хоёулаа ШЕЗ-ийн дор байсан. 2012 онд тэрийг өөрчлөөд, Хуульчдын холбоог байгуулаад, Хуульчдын холбооны дэргэд Шүүгчийн хариуцлагын хороог байгуулсан. Тэгээд хууль хэрэгжих зохион байгуулалтаа хийгээд явж байх хооронд хууль санаачлаад ШЕЗ-ийн дор аваачсан. Ийм аргаар хууль хулгайлаад л эхэлнэ. Өнөөдөр баярлаад алга ташиж байтал гурван сарын дараа хэн нэг нь хууль бариад л ороод ирнэ. Хамгийн чухал амин сүнс болсон заалтыг нь л маажна. Хуулийн байгууллагад олон жил буглачихсан, улстөрчидтэй хэлхээ холбоотой болчихсон хүмүүс чинь өөрсдийнх нь эрх мэдэлд юу заналхийлж байна, ямар аюул тулгарч байна гэдгийг хамгийн овжин бөгөөд гярхай олж хардаг. Ямар заалтыг өөрчлөх, тэрийгээ хэнээр хийлгэхээ мэддэг, тэр лоббигоо ч маш сайн хийдэг. Хууль батлах нэг хэрэг, түүнийгээ манах, хамгаалах нь тэрнээс илүү хүнд ажил.
Тиймээс Шүүхийн тухай хууль бол зөвхөн эхлэл. Ард нь процессийн болон олон хууль батлах ёстой. Тэрийгээ хийх гээд явж байтал амжилттай батлуулсан гэж байсан хуулийг чинь нэг харахад хулгайлчихсан, бурууг нь шинэчлэлийг эхлүүлсэн хүмүүст өгчихсөн явж байдаг. Урдахаа хийх үү, ардахаа манах уу? гэж явсаар, араасаа түгжилдүүлж, урдаасаа нүдүүлсээр байгаад нурж унадаг. Түрүүчийн удаа тийм л зүйл болсон. Тэгэхээр шүүхийн хууль дээр ажилласан Ж.Сүхбаатар, Б.Энхбаяр нарын хувьд батлуулсан хуулиа манах нэг ажил, дараа дараачийнхаа хуулиудаа батлуулах бас том ажил хүлээж байна даа.
-Сая гэтэл батлуулсан хууль дотор чинь шүүгчид хариуцлага тооцдог Сахилгын хорооны шийдвэрийг УДШ-ээр хянуулахаар болчихсон юм биш үү?
-Тийм зүйл яригдаж байна лээ. Явсан замаараа дахиад яваад үзье гэж бодсон юм байлгүй дээ. 2012 онд шүүгчийн хариуцлагын тогтолцоо хөндлөнгийн байх зарчмыг хуульчилсан. Гэтэл Цэцээр шийдвэр гаргуулж байгаад Дээд шүүх өөртөө буцаагаад авсан. Үүнээс нь сургамж аваад Сахилгын хороог шүүхээс тусдаа, “тербунал” маягаар байгуулахын тулд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан шүү дээ. Гэтэл дахиад Сахилгын хорооны шийдвэрийг Дээд шүүхээр хянуулна гэвэл өмнөхөөсөө ялгараад байх юмгүй. Өмнө нь яг л тийм байсан шүү дээ. Тэрийг албажуулж, хуульчлахын тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан болж байна уу?
Сахилгын хорооны шийдвэрийг эцэслэх асуудал дээр Ерөнхийлөгчийн гаргасан санаа уг нь зөв байсан. Үндсэн хуульд нэгэнт Сахилгын хороо гэж бичсэн бол Сахилгын хороо нь дотроо хоёр шаттай, асуудлаа эцэслэдэг байвал яасан юм бэ гэсэн. Тийм зорилгоор л Сахилгын хороог Үндсэн хуулийн байгууллага болгож бичсэн. Гэтэл явцын дунд дахиад Дээд шүүхэд найр тавьж байна гэдэг чинь яриад байсан нөгөө шинэчлэлт өөрчлөлт маань нүд хуурсан будаг шунх л болж байна гэсэн үг.
-2012 Шүүхийн багц хуульд Шүүхийн тухай хууль, Шүүхийн захиргааны тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, дээр Иргэдийн төлөөлөгчийн тухай хууль, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль багтаж байжээ. Гэтэл сая бүгдийг нь нийлүүлээд нэг хууль болгоод баталчихлаа. Энэ хэр оновчтой юм бэ?
-Орчин үеийн нийгмийн харилцаа маш олон тийшээ салбарлаад, хөдөлмөрийн хуваарь нарийн хийгддэг болсон. Хэт мэдээлэлжсэн ийм нийгэмд харилцаа болгоныхоо агуулгаар асуудлыг харж шийдвэрлэхгүй бол хэтэрхий болхи, ухаалаг биш зүйл болно. Өнөөдөр цар тахалтай холбоотой төрийн шийдвэр, үйл ажиллагаанаас иргэд өдөр тутамдаа харж байна. Ялгаатай олон харилцааг нэг тушаал заавраар, цэрэгжсэн аргаар, иргэнийхээ эрхийг тооцохгүйгээр шийдэх гэсэн оролдлого болгон араасаа асуудал дагуулж байна.
Шүүхийн асуудал бол төрөлжсөн том харилцаа. Тэгж хараад 2012 онд шүүхийн тухай хуулиудыг төрөлжүүлэн салбарлуулж хийсан. Одоо бол бүгдийг нь нийлүүлээд нэг хууль болгочихлоо. “Төрөлжүүлэн нэгтгэх” гэж нэрлээд бүгдийг нь нэг шуудайд чихчихлээ. Нэг шуудайд хийж болохгүй байна аа гэдгийг 2012 онд судлаад, яриад шийдсэн хэрэг. Харамсалтай нь МАН-ынхан, тэр дундаа Ц.Нямдоржийн хууль хийдэг арга нь ийм. Бүгдийг хадаас болгож хараад нэг алханы дор хийх гэж оролддог, нийгмийн харилцааг хэт хялбарчилдаг, төрийн байгууллагын тухай хуулиар иргэний амьдралыг хэмжих гэж оролддог хүмүүс шүү дээ. Тэр хууль нь иргэнд ёстой падлий байхгүй. Бөөн дарга нарын цалин хангамж, дарга байх эрх мэдлийн цэс. Иргэнд үйлчлэх процесс нэг ч байхгүй.
“Иргэний эрхтэй огтолцох Хуул сахиулах ажиллагаа чинь тусдаа хуультай байх ёстой. Процессын зарчим шаардлагууд чинь шударга ёсны эхлэл шүү” гэхээр байгууллагын тухай хууль бичээд “дотор нь бүгд байгаа” гээд хуурчихна. Даргад дуртай хүмүүс байгууллагын тухай хуулиар бүгдийг орлуулах дуртай болчихдог юм билээ л дээ. Байгууллага бол институц. Институцийн хууль тусдаа, процесс буюу үйл ажиллагааны хууль тусдаа, институц дотор байгаа хүн буюу субектийн эрх зүйн байдал ч тусдаа хуультай байх ёстой. Хуулийн ийм хөгжингүй технологиос байнга зугтааж, өөрөөсөө бусдыг хадаас гэж хардаг, надад ганцхан алх байх ёстой гэдэг энэ хоцрогдол чинь манай хуулийн системийг урагш нь алхуулахгүй байна. Энэ бол хууль зүйн техникийн хувьд маш том ухралт.
Жирийн мужаан хүн хүртэл хэрэглэж байгаа багажных нь нэр төрөл олшрох тусам чанар, үр ашиг нь дээшилдэг биз дээ. Яг үүнтэй адилхан. Хуулиар зохицуулагдаж байгаа харилцаагаа бид зөв ялгаж, салгаж, таарсан таарсан арга хэрэгслийг нь тавихгүй л бол бид асуудлаа бүрэн шийдэж чадахгүй.
-Ц.Нямдорж сайд яах вэ, ийм хууль оруулж ирсэн юм байж. Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар хоёр тэр хуулийг нь хүлээж аваад батлуулчихжээ. Гэтэл 2012 оны шинэчлэл дээр ажиллаж байсан мэргэжлийн хуульчид өнөөдөр яагаад “Маш сайн хууль боллоо” гэж яриад, бичээд байгаа юм бэ? Шинжлэх ухаан гэдэг зүйл ингэж цагийн аясаар, алга урвуулахтай адил өөрчлөгдөж хувираад байдаг юм уу?
-Юуг алдаж, юуг олж авч байна гэдгээ дэнслэх гэж оролдож байгаа байх л даа. Техникийн шинжтэй ийм зүйлүүд дээр нь хэрүүл хийгээд яах вэ, ядаж хараат бус байдлыг нь сайжруулаад, хариуцлагыг нь дээшлүүлчихье. Ядаж л улстөрсдийн дохио зангаагаар хөдөлдөггүй болгочихьё л гэсэн байх. Хүссэн хүсээгүй дахиад 4-5 жилийн дараа төрөлжүүлэх, салбарлуулах тухай яриа гараад л ирнэ. Институцийн хуулийн нэг уутан дотор хувь хүний асуудал, чиг үүргийн хэрэгжилт, туслах дэд бүтэц гээд маш олон юмыг холиод хийж байгаа нь яг үнэнийг хэлэхэд маш мэргэжлийн бус. Өмнөх Засгийн газар нь ийм хэлбэрээр өргөн барьчихсан учраас өгсөн савных нь хэмжээнд асуудлаа шийдэх гэж үзэж байх шиг байна.
-Асуудлаа тэгээд хэдэн хувьтай шийдсэн гэж та бодож байна?
-Эцсийн найруулга гарч ирээд уншсаны дараа л хэлэхээс биш яг одоогоор тэдэн хувьтай гэж хэлж мэдэхгүй байна. Агуулгын хувьд 2012 оны эх хуультай харьцуулахад ухралтууд байгаа. Б.Энхбаярын хэлсэн үгэн дээр ч гарч байсан. Зарим дэвшилттэй томьёоллыг Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрүүдээс болоод шууд тэр утгаар нь бичиж, хуульчилж чадахгүй байгаа.
-Цэцийн ямар шийдвэрээс болоод?
-2012 оны шинэчлэлийн дараа Шүүхийн тухай хуулиуд болон эрх зүйн шинэтгэлийн үйл явцтай холбоотой гэж үзэхээр 20-иод маргаан Цэц дээр очсон. Тэр 20-иод маргааны 1/3 нь Үндсэн хууль зөрчөөгүй, 3/2 нь Үндсэн зөрчсөн гэж гарсан. Үндсэн хууль зөрчсөн гэж гарсан Цэцийн шийдвэрүүдээс болоод дэвшилттэй маш олон утга санаа зөв агуулга, хэлбэр, текстээрээ буухад зовлонтой болчихоод байгаа. Тэр Цэцийн шийдвэрүүдийн ард тухайн үеийн Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурор, Ерөнхийлөгчийн ил далд захиа даалгавар цөөнгүй хэрэгжсэн. Нэгэнт Цэцийн шийдвэр байгаа болохоор тэр чигээр нь буцааж оруулж ирж болохгүй тойроод байгаа. Үндсэн хуульд өөрчлөлтөөр орчихсан санаануудаа бол оруулж чадаж байгаа байх. Үндсэн хуульд өөрчлөлтөөр ороогүй санаануудаа бол аль болох тойруулсан хэлбэрээр оруулж байна.
-Ярилцсанд баярлалаа.
Улс төр
Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 06 минутад гишүүдийн 52.4 хувийн ирцтэй эхэлж, Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг үргэлжлүүллээ.
Улсын Их Хурлын чуулганы 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн хуралдаанаар санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 68 гишүүний олонх дэмжив. Иймд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүллээ.
Дараа нь Цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенц соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, соёрхон батлахыг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжив. Мөн Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, соёрхон батлахыг дэмжих эсэхээр санал хураалт явуулсан. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 76 гишүүний 70 нь дэмжин, баталлаа. Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлэг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар эхэлсэн бөгөөд өнөөдрийн хуралдаанаар санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 76 гишүүний 90.8 хувь нь дээрх хуулийн төслийг соёрхон батлахыг дэмжлээ.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3-т “Улсын Их Хурал энэ хуулийн 46.1.2-т заасан хууль, тогтоолын эцсийн найруулгатай танилцаж ёсчлохыг зөвшөөрөх” гэж заасны дагуу Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон хамт баталсан хуулиудын эцсийн найруулгыг сонсов.
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Монгол Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу танилцууллаа.
Улсын Их Хурлаас 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр баталсан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгч 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр бүхэлд нь хориг тавьсныг Улсын Их Хурал 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авсан.
Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хамтарсан хуралдаанаас Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан хоригийг Улсын Их Хурал хүлээн авсантай холбогдуулан хууль, тогтоолыг хэрхэн хэлэлцэх талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан юм. Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу ажлын хэсгийг ахалж, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Д.Ганмаа, М.Нарантуяа-Нара, П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир, Х.Тэмүүжин, Г.Уянгахишиг, Б.Хэрлэн нар ажиллажээ.
Ажлын хэсэг 2 удаа хуралдаж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан “Хуралдааны дэгээр зохицуулаагүй асуудлыг хэлэлцэх журам”-ыг баримтлан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс бүхэлд нь тавьсан хоригийг Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх дэгийн тухай хуулийн төсөл боловсруулан энэ сарын 28-ны өдөр Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаанд танилцуулжээ.
Дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр, Н.Наранбаатар, Л.Мөнхбаясгалан, С.Эрдэнэбат, Ц.Идэрбат, Х.Ганхуяг, Ж.Батжаргал, Д.Ганбат, Ц.Даваасүрэн, С.Амарсайхан, Д.Батлут, З.Мэндсайхан, М.Бадамсүрэн нар асуулт асууж, хариулт авсан. Гишүүд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулан, Ерөнхийлөгч төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан тохиолдолд шийдвэрлэх зохицуулалтыг тусгах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлж, энэ талаар ажлын хэсгийн ахлагч болон Байнгын хороодын дарга нараас хариулт, тайлбарыг авсан юм. Түүнчлэн орон нутгийн төсвийн хэлэлцүүлгийн цаглавартай холбоотой тодруулгыг Сангийн сайдаас асууж, хариулт авсан.
Дараа нь Байнгын хороодын саналаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Монгол Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг эцэслэн батлахыг дэмжих санал хураалт явууллаа. Санал хураалтад Улсын Их Хурлын 81 гишүүн оролцож, 55 нь дэмжив. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулах бөгөөд Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжсэн бол эцэслэн баталсанд тооцно” гэж заасан байдаг.
Хуулийн төсөл ийнхүү батлагдаагүй учир Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.8, 90.9 дэх заалтыг баримтлан Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хороо хамтарсан хуралдаанаа хийж, холбогдох асуудлыг хэлэлцэхийг даалгав. Үүгээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Улс төр
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил оролцоо-2024” үндэсний чуулган Төрийн ордонд эхэллээ.
Чуулганаар “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, оролцоог хангах төрийн бодлого, ололт амжилт, тулгамдсан асуудал”, “Эрх зүйн орчны шинэчлэл”, “Нийгмийн оролцоог хангахад иргэний нийгмийн байгууллагын үүрэг, хариуцлага,” “Тогтвортой хөгжилд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо-Олон улсын байгууллагын дэмжлэг, хамтын ажиллагаа” зэрэг сэдвийг хэлэлцэж, зөвлөмж гаргах юм.
Мөн салбар хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн үүрэг, оролцоо, төр, хувийн хэвшил болон төр, иргэний нийгмийн байгууллагын түншлэл, хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ.
Үндэсний чуулганыг Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нээж хэлсэн үгэндээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, хөгжил, хамгаалал, оролцоо нь Ерөнхийлөгч, төр, засгийн бодлого, үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл гэдгийг тэмдэглэлээ.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжих, тэдний сайн сайхан амьдралын төлөөх аливаа бодлого, шийдвэр, санал, санаачилга, үйл ажиллагааг бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
“Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Цагаан алт”, “Эрүүл монгол хүн” болон “Хархорум хот” үндэсний хөдөлгөөнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ гэдгээ хэлэв.
Манай улсад 111 мянга гаруй иргэн хөгжлийн бэрхшээлтэй. Эдгээрийн 84 хувь буюу 93 мянга нь хөдөлмөрийн насных хэдий ч 15 мянга нь л ажил хөдөлмөр эрхэлж байна.
Иймээс төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүд тэднийг ажлын байраар хангах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх, орлого, амьжиргааг нь сайжруулах, нийгмийн хамгаалал, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх нь чухал байгааг тэмдэглэлээ.
Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүрийг баялаг бүтээгч, үйлдвэрлэгч болгохын төлөө ажиллах, санхүүжилтээ нэмэгдүүлэх, онцлогт нь тохирсон ажил, хөдөлмөрийн шинэлэг хэлбэр, үйлчилгээг өргөжүүлэх шаардлагатайг онцлов.
Орон сууцны зээлийн нөхцөлийг сайжруулах, түрээсийн, нийтийн, амины орон сууцны хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн болон ахуйн осол, гэмтлээс шалтгаалсан олдмол хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаад дүгнэлт хийж ажиллахыг Засгийн газарт чиглэл болголоо.
2017-2021 оны Засгийн газар Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв байгуулах, Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалтын үйлдвэрийг Хөдөлмөр, сургалт, хөгжлийн төв болгон өргөтгөх шийдвэр гаргаж байлаа.
Сүүлийн жилүүдэд ч тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр цөөнгүй арга хэмжээ хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг нь тодорхой хувиар нэмж, танхимын сургалт болон хөгжлийн үйлчилгээнд хамрагдах боломжгүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дэмжих үйлчилгээг хөгжүүлэх, орон нутагт Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөгжлийн төв, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвүүдийг байгуулж байна.
Улс төрийн оролцоог нь нэмэгдүүлэхэд анхаарсны дүнд УИХ-д хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлсөн хоёр гишүүн сонгогдсон. Мөн манай тамирчид Паралимпын наадмаас нэг алт, гурван мөнгөн медаль авсан нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд ахиц дэвшил, үр дүн гарч байгаагийн илрэл гэж Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ дурдлаа.
Дэлхийн улс орнууд ирэх сард тохиох “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн олон улсын өдөр”-ийг “Хүртээмжтэй, тогтвортой ирээдүйн төлөөх хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн манлайллыг нэмэгдүүлье” уриан дор тэмдэглэх юм.
Улс төр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны арванхоёрдугаар сарын 1-9-нд Саудын Арабын Хаант Улсын Эр-Рияд хотноо зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд (UNCCD COP16) оролцох үеэр Саудын Арабын Хаант Улс болон Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал тус тус хийнэ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд тус хурлын дараагийн даргалагчийн хувиар оролцож, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтлын асуудлаарх Монгол Улсын Засгийн газрын байр суурийг илэрхийлж, үндэсний түвшинд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулахын зэрэгцээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Аким Штайнер нартай тус тус уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мөн бага хурлын үеэр болох Усны дээд түвшний уулзалтад оролцож, Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират Улсад ажлын айлчлал хийх үеэр тухайн орнуудын удирдлагатай уулзаж, хоёр талын харилцааг хөгжүүлэх, эдийн засгийн агуулгаар баяжуулах, чингэхдээ хот бүтээн байгуулалт, цахим хөгжил, хиймэл оюун ухаан, төрийн үйлчилгээ зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар дэлгэрэнгүй санал солилцоно.
-
Нийгэм14 цаг өмнө
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
-
Нийгэм20 цаг өмнө
Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо
-
Нийгэм19 цаг өмнө
12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй
-
Улс төр21 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
-
Нийгэм22 цаг өмнө
Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ
-
Нийгэм22 цаг өмнө
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
-
Нийгэм16 цаг өмнө
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
-
Эдийн засаг22 цаг өмнө
“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо