Улс төр
ОРЛОГОГҮЙ ИРГЭД БА ДҮЛИЙ ТӨР
Иргэд бэлэн мөнгөгүй болж гэр хороолол, орон сууцны дор байрлах хүнсний жижиг дэлгүүрүүдийн өрийн дэвтэр зузаарсаар байгаа. Энэ нь цаашлаад хүнсний зах, бөөний төвүүдийн лангуу түрээслэгч нарыг ч гинжин хэлхээндээ оруулж буй билээ. Иргэдийн мөнгөггүй болсон шалтгаан нь тодорхой. Ердөө л цар тахлын халдвараас сэргийлэх хөл хорио, төв банкнаас сүүлийн гурван жилд хэрэгжүүлж ирсэн мөнгөний хатуу бодлого юм. Ийм учраас Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Өрх бүрд нэг сая төгрөг” санаачлага гаргаж УИХ-д өргөн барьсан. Энэ санаачлагад нийт 900 орчим тэрбум төгрөг зарцуулах тооцоо гарсан байдаг. Уг мөнгөний 200 мянга нь бэлнээр үлдсэн 800 төгрөгт нь үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнээс худалдан авах эрхийн бичиг. Тэгэхдээ архи, тамхи согтууруулах ундаа орохгүй. Өөрөөр хэлбэл ажил, орлогогүй болсон иргэд, сульдаж доройтсон эдийн засагт шууд орж үндэсний үйлдвэрлэлээ дэмжих нэг чухал арга хэмжээ болох юм.
Ингээд Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын чуулганыг ээлжит бусаар хуралдуулах тухай албан бичиг УИХ-ын Тамгын газарт энэ сарын 1-нд хүргүүлсэн. Албан бичигт улс орны байдал хүнд байхад олон асуудлыг шийдвэрлэх шаардлагатайг онцолжээ. Тодруулбал:
-Цар тахлын үед өрх бүрд нэг сая төгрөг олгох, айл өрхүүдээр дамжуулан үндэсний үйлдвэрлэл, аж ахуйг дэмжих зорилготой УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх,
-Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх,
-Оюутолгойн ордыг тойрсон ноцтой баримт, мэдээллүүдийг шалгаж буй хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаа, уг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хамгаалах, хангуулах асуудлын хүрээнд УИХ-ын хаалттай хуралдаан зохион байгуулах шаардлагатай гэж үзсэн байна.
Гэтэл УИХ-ын дарга Г.Занданшатар үүнд тайлбар хийхдээ “Нэгдүгээрт, Өрх бүрд нэг сая төгрөг өгөх мөнгө байхгүй. Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу заавал Засгийн газраас санал авч байж төсвийн тодотгол, Төсвийн хууль санаачлах ёстой. Оффшороос мөнгө орж ирээгүй. Монгол Улс 837417 өрхтэй. Энэ бүх өрхөд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх нэг их наяд төгрөгийн оффшор, авлигын мөнгө орж ирээгүй. Мөнгө орж ирээгүй байхад мөнгө хуваарилах хууль УИХ батлах боломжгүй. Хоёрдугаарт, Ерөнхийлөгч зөвхөн тогтоолоор мөнгө хуваарилах санал оруулж ирсэн. Төсвийн тухай хуулиар заавал төсвийн тодотгол хийж төсвийн нэгдсэн санд орлого, зарлага нь бүртгэгдэж байж мөнгө олгоно. Тиймээс Үндсэн хууль, УИХ-ын тухай хууль, Төсвийн тухай хуулийн дагуу ээлжит бус чуулган хуралдаж энэ асуудлыг хэлэлцэх боломжгүй байна. Нэг сая төгрөг өгөхгүй гээд байгаа юм биш, мөнгө байхгүй. Байхгүй мөнгөний асуудлаар чуулган хуралдах боломжгүй” гэжээ.
Эндээс үзэхэд УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн хүсэлтэд хариу өгөхдөө хэлэлцвэл зохих гурван асуудлын зөвхөн нэгд нь хариулт өгсөн байгааг түүний байр сууриас харж болно. Тэгвэл үлдсэн хоёр асуудалд хэн хариулт өгөх вэ…
Монгол Улсын Ерөнхийлөгч Стратегийн ач холбогдол бүхий ордуудыг ашигладаг, ихээхэн хэмжээний гадаад валютын орлоготой үндэсний болон гадаадын хөрөнгө оруулалттай томоохон компаниудын мөнгөн гүйлгээ, төлбөр тооцоог Монгол Улсын банк, санхүүгийн байгууллагаар дамжуулан гүйцэтгэдэг эрх зүйн орчинг бүрдүүлэх зорилгоор Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 2018 онд санаачилсан. Энэхүү хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн ч өнөөг хүртэл хэлэлцээгүй байгаа юм. Мөн хаврын чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүдийн жагсаалтад ч ороогүй байна. Үүнийг хэзээ хэлэлцэх талаар УИХ-ын дарга ганц ч үг дугарч тайлбар хийсэнгүй. Тэгвэл Оюутолгойн хөрөнгө оруулалттай холбоотой асуудлыг УИХ-ын чуулганы индэр дээрээс Ерөнхийлөгч зарлаж, Сү.Батболд холбоотой гэх үг хэлсэн. Олон улс төрчийг хамаатуулан шалгаж буй энэ асуудал Ерөнхийлөгчийн үзэж буй шиг ноцтой хэмжээнд байгаа бол УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй гэж ард иргэд үзэж байгаа юм. Энэ тухай асуудал ч цахим ертөнцөөр өрнөж л байна.
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар Сангийн сайд байхдаа “Мөнгө байхгүй” гэж тоть шиг давтаж ирсэн. Харин Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Эрүүл мэндээ хамгаалж эдийн засгаа сэргээх 10 их наядын төлөвлөгөө гэж боловсруулснаа саяхан танилцуулаад байгаа. Тэгвэл ийм мөнгө хаана, хэнд байгаа юм бэ гэдэг асуулт өөрийн эрхгүй гарч ирж байна. Ажил, орлогогүй болсон иргэдэд нөхөн төлбөр болгож өрх бүрд нэг сая төгрөг олгоё, 900 орчим тэрбум төгрөгөөр эдийн засаг, үндэсний үйлдвэрлэлээ дэмжье гэхэд “Мөнгө байхгүй” гэж УИХ, Засгийн газраас мэдэгдчихээд 10 их наяд төгрөг яриад байгаа нь ойлгомжгүй байна.
Мөнгө эдийн засгийн цусны эргэлт гэдэг. Тэгвэл манай улсын эдийн засагт энэ цусны эргэлт нь тасалдсан учраас аж ахуйн нэгжүүдийн 96 хувийнх нь үйл ажиллагаа тасалдсан хэмээн МҮХАҮТ-аас хийсэн судалгаанд дурдсан билээ. Үүний цаана 152 мянган хүн ажилгүй болсон тооцоо гарсан. Үүнийг ч Засгийн газар хүлээн зөвшөөрөөд байгаа. Тухайлбал, Сангийн сайд Б.Жавхлан “Мөнгөний нийлүүлэлтийг хэвийн түвшинд авчрахын тулд 5-7 их наяд төгрөг хэрэгтэй. Ийм хэмжээний мөнгө эдийн засаг руу оруулах зайлшгүй хэрэгтэй байна. Эдийн засгийн хэвийн өсөлттэй жилүүдэд мөнгөний эргэлт 35 хувьтай байдаг. Харин өнгөрсөн онд 15 хувь болж буурсан. Өөрөөр хэлбэл сүүлийн нэг жилийн хугацаанд эдийн засгийг хүний биеэр зүйрлэвэл цусны эргэлт 60-70 хувь зогссон гэсэн үг. Тиймээс мөнгөний эргэлтийг сэргээж эдийн засгаа сэргээх бодлогыг хэрэгжүүлнэ” хэмээн мэдэгдээд байгаа юм.
Тэгэхээр улс орны эдийн засгийн нөхцөл байдал, иргэдийн аж амьдрал өдрөөс өдөрт хүндэрч, ядуурал газар авч буйг эрх баригчид мэдэхийн дээдээр мэдэж байна. Харин үндэсний үйлдвэрлэл, иргэдийн амьдралд нэн тэргүүнд тус дэм, эдийн засгаа сэргээх гол суурь болох арга хэмжээ авалгүй “Мөнгө байхгүй” гээд байгаа нь хачирхалтай. Мөн эрх баригчид улс орны гадаад валютын нөөц нэмэгдүүлэх, баялгийн зөв хуваарилалт хийх хуулийн төслийг хэлэлцэхгүй, ямар нэг хариу өгөхгүй таг чиг сууж байна. Уг нь Эрүүл мэндээ хамгаалж эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн эх үүсвэр нь гадаад валютын урсгалын хяналт, оффшор бүсэд нуусан мөнгө баймаар. Гэвч эрх баригчид ганц үг ган хийх сонирхолгүй байгаа нь харамсалтай.
#МонголынМэдээСонин #СондгойӨнцөг
Улс төр
Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 06 минутад гишүүдийн 52.4 хувийн ирцтэй эхэлж, Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг үргэлжлүүллээ.
Улсын Их Хурлын чуулганы 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн хуралдаанаар санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 68 гишүүний олонх дэмжив. Иймд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүллээ.
Дараа нь Цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенц соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, соёрхон батлахыг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжив. Мөн Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, соёрхон батлахыг дэмжих эсэхээр санал хураалт явуулсан. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 76 гишүүний 70 нь дэмжин, баталлаа. Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлэг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар эхэлсэн бөгөөд өнөөдрийн хуралдаанаар санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 76 гишүүний 90.8 хувь нь дээрх хуулийн төслийг соёрхон батлахыг дэмжлээ.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3-т “Улсын Их Хурал энэ хуулийн 46.1.2-т заасан хууль, тогтоолын эцсийн найруулгатай танилцаж ёсчлохыг зөвшөөрөх” гэж заасны дагуу Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон хамт баталсан хуулиудын эцсийн найруулгыг сонсов.
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Монгол Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу танилцууллаа.
Улсын Их Хурлаас 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр баталсан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгч 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр бүхэлд нь хориг тавьсныг Улсын Их Хурал 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авсан.
Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хамтарсан хуралдаанаас Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан хоригийг Улсын Их Хурал хүлээн авсантай холбогдуулан хууль, тогтоолыг хэрхэн хэлэлцэх талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан юм. Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу ажлын хэсгийг ахалж, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Д.Ганмаа, М.Нарантуяа-Нара, П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир, Х.Тэмүүжин, Г.Уянгахишиг, Б.Хэрлэн нар ажиллажээ.
Ажлын хэсэг 2 удаа хуралдаж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан “Хуралдааны дэгээр зохицуулаагүй асуудлыг хэлэлцэх журам”-ыг баримтлан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс бүхэлд нь тавьсан хоригийг Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх дэгийн тухай хуулийн төсөл боловсруулан энэ сарын 28-ны өдөр Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаанд танилцуулжээ.
Дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр, Н.Наранбаатар, Л.Мөнхбаясгалан, С.Эрдэнэбат, Ц.Идэрбат, Х.Ганхуяг, Ж.Батжаргал, Д.Ганбат, Ц.Даваасүрэн, С.Амарсайхан, Д.Батлут, З.Мэндсайхан, М.Бадамсүрэн нар асуулт асууж, хариулт авсан. Гишүүд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулан, Ерөнхийлөгч төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан тохиолдолд шийдвэрлэх зохицуулалтыг тусгах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлж, энэ талаар ажлын хэсгийн ахлагч болон Байнгын хороодын дарга нараас хариулт, тайлбарыг авсан юм. Түүнчлэн орон нутгийн төсвийн хэлэлцүүлгийн цаглавартай холбоотой тодруулгыг Сангийн сайдаас асууж, хариулт авсан.
Дараа нь Байнгын хороодын саналаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Монгол Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг эцэслэн батлахыг дэмжих санал хураалт явууллаа. Санал хураалтад Улсын Их Хурлын 81 гишүүн оролцож, 55 нь дэмжив. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулах бөгөөд Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжсэн бол эцэслэн баталсанд тооцно” гэж заасан байдаг.
Хуулийн төсөл ийнхүү батлагдаагүй учир Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.8, 90.9 дэх заалтыг баримтлан Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хороо хамтарсан хуралдаанаа хийж, холбогдох асуудлыг хэлэлцэхийг даалгав. Үүгээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Улс төр
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил оролцоо-2024” үндэсний чуулган Төрийн ордонд эхэллээ.
Чуулганаар “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, оролцоог хангах төрийн бодлого, ололт амжилт, тулгамдсан асуудал”, “Эрх зүйн орчны шинэчлэл”, “Нийгмийн оролцоог хангахад иргэний нийгмийн байгууллагын үүрэг, хариуцлага,” “Тогтвортой хөгжилд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо-Олон улсын байгууллагын дэмжлэг, хамтын ажиллагаа” зэрэг сэдвийг хэлэлцэж, зөвлөмж гаргах юм.
Мөн салбар хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн үүрэг, оролцоо, төр, хувийн хэвшил болон төр, иргэний нийгмийн байгууллагын түншлэл, хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ.
Үндэсний чуулганыг Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нээж хэлсэн үгэндээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, хөгжил, хамгаалал, оролцоо нь Ерөнхийлөгч, төр, засгийн бодлого, үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл гэдгийг тэмдэглэлээ.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжих, тэдний сайн сайхан амьдралын төлөөх аливаа бодлого, шийдвэр, санал, санаачилга, үйл ажиллагааг бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
“Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Цагаан алт”, “Эрүүл монгол хүн” болон “Хархорум хот” үндэсний хөдөлгөөнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ гэдгээ хэлэв.
Манай улсад 111 мянга гаруй иргэн хөгжлийн бэрхшээлтэй. Эдгээрийн 84 хувь буюу 93 мянга нь хөдөлмөрийн насных хэдий ч 15 мянга нь л ажил хөдөлмөр эрхэлж байна.
Иймээс төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүд тэднийг ажлын байраар хангах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх, орлого, амьжиргааг нь сайжруулах, нийгмийн хамгаалал, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх нь чухал байгааг тэмдэглэлээ.
Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүрийг баялаг бүтээгч, үйлдвэрлэгч болгохын төлөө ажиллах, санхүүжилтээ нэмэгдүүлэх, онцлогт нь тохирсон ажил, хөдөлмөрийн шинэлэг хэлбэр, үйлчилгээг өргөжүүлэх шаардлагатайг онцлов.
Орон сууцны зээлийн нөхцөлийг сайжруулах, түрээсийн, нийтийн, амины орон сууцны хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн болон ахуйн осол, гэмтлээс шалтгаалсан олдмол хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаад дүгнэлт хийж ажиллахыг Засгийн газарт чиглэл болголоо.
2017-2021 оны Засгийн газар Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв байгуулах, Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалтын үйлдвэрийг Хөдөлмөр, сургалт, хөгжлийн төв болгон өргөтгөх шийдвэр гаргаж байлаа.
Сүүлийн жилүүдэд ч тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр цөөнгүй арга хэмжээ хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг нь тодорхой хувиар нэмж, танхимын сургалт болон хөгжлийн үйлчилгээнд хамрагдах боломжгүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дэмжих үйлчилгээг хөгжүүлэх, орон нутагт Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөгжлийн төв, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвүүдийг байгуулж байна.
Улс төрийн оролцоог нь нэмэгдүүлэхэд анхаарсны дүнд УИХ-д хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлсөн хоёр гишүүн сонгогдсон. Мөн манай тамирчид Паралимпын наадмаас нэг алт, гурван мөнгөн медаль авсан нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд ахиц дэвшил, үр дүн гарч байгаагийн илрэл гэж Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ дурдлаа.
Дэлхийн улс орнууд ирэх сард тохиох “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн олон улсын өдөр”-ийг “Хүртээмжтэй, тогтвортой ирээдүйн төлөөх хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн манлайллыг нэмэгдүүлье” уриан дор тэмдэглэх юм.
Улс төр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны арванхоёрдугаар сарын 1-9-нд Саудын Арабын Хаант Улсын Эр-Рияд хотноо зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд (UNCCD COP16) оролцох үеэр Саудын Арабын Хаант Улс болон Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал тус тус хийнэ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд тус хурлын дараагийн даргалагчийн хувиар оролцож, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтлын асуудлаарх Монгол Улсын Засгийн газрын байр суурийг илэрхийлж, үндэсний түвшинд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулахын зэрэгцээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Аким Штайнер нартай тус тус уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мөн бага хурлын үеэр болох Усны дээд түвшний уулзалтад оролцож, Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират Улсад ажлын айлчлал хийх үеэр тухайн орнуудын удирдлагатай уулзаж, хоёр талын харилцааг хөгжүүлэх, эдийн засгийн агуулгаар баяжуулах, чингэхдээ хот бүтээн байгуулалт, цахим хөгжил, хиймэл оюун ухаан, төрийн үйлчилгээ зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар дэлгэрэнгүй санал солилцоно.
-
Нийгэм14 цаг өмнө
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
-
Нийгэм20 цаг өмнө
Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо
-
Нийгэм19 цаг өмнө
12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй
-
Улс төр21 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
-
Нийгэм22 цаг өмнө
Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ
-
Нийгэм22 цаг өмнө
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
-
Нийгэм16 цаг өмнө
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
-
Эдийн засаг21 цаг өмнө
“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо