Энтертайнмент
МҮОХ-НЫ ТЭРГҮҮН Н.ТҮВШИНБАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ
МҮОХ-ны тэргүүн Н.Түвшинбаярын мэндчилгээ
МҮОХ-ны эрхэм гишүүд,
Монголын олимпийн их гэр бүлийн гишүүд,
МҮОХ-ны үе үеийн эрхэм Ерөнхийлөгчид өө,
“Олимп” гэдэг үг Монголын үгсийн санг баяжуулж, “олимпизм” гэдэг үг олон нийтийн оюун ухаанд нэвтэрч, “Олимпийн хороо” гэдэг байгууллага Монгол оронд анх байгуулагдсан түүхт өдрөөс хойш 65 жил улиран одож, бид МҮОХ-ны 65 жилийн ойг хамтдаа тэмдэглэж буйдаа баяртай байна. Туурга тусгаар Монгол орон 1962 онд ОУОХ-нд бүрэн эрхт гишүүнээр элсэн орж, Иннсбрук-1964 өвлийн XI олимпийн наадам, Токио-1964 зуны XVIII олимпийн наадамд анх удаа оролцсон түүхтэй.
Улмаар Мехико-1968 олимпоос медалийн салхийг хагалан, чөлөөт бөхийн алдартнууд 1 мөнгө, 3 хүрэл медаль эх орондоо авчирснаас хойш Монголын 25 тамирчин 2 алт, 10 мөнгө, 14 хүрэл медаль хүртсэн бахдам амжилт гаргасан билээ.
МҮОХ нь өнгөрсөн 65 жилийн хугацаанд ОУОХ, Үндэсний олимпийн хороодын холбоо, Азийн олимпийн зөвлөл, Зүүн азийн наадмын холбоо зэрэг олон улсын байгууллагад өөрийн гэсэн өндөр байр сууриа эзэлж, дэлхийн спортын ертөнцөд нэр хүндтэй үнэлэгдэж буй билээ.
Олимпизм нь гаргасан зардлаасаа илүү их үр өгөөж, үр дүн өгдөг соёл, боловсрол, хүмүүжлийн цогц элемент билээ. Спорт олимпизмийн тугийг эх орондоо өндөрт өргөн, олимпизмийн үзэл санаагаар хүүхэд залуучуудыг хүмүүжүүлэн, өв тэгш ур чадвартай, ухаан сэтгэхүйтэй иргэн болгохын төлөө бид шургуу ажиллах болно.
Энэ жил Токио-2020 олимпод амжилттай оролцох, ирэх жил Бээжин-2022 өвлийн олимпод цана, тэшүүр, биатлоны тамирчдыг оролцуулах зорилт тулгараад байгаа бөгөөд үүнийг бид амжилттай даван туулах зориг эрмэлзэл дүүрэн байна.
МҮОХ-г 65 жилийн хугацаанд удирдсан үе үеийн Ерөнхийлөгчид, бүх зүтгэлтнүүддээ баярын мэнд хүргэн, олимпийн жавхаа хийморь, аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе!
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.