Улс төр
Д.БАТ-ЭРДЭНЭ: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛАХАД НИЙТ 40 ГАРУЙ МЯНГАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧ ОРОЛЦОНО
Сонгуулийн ерөнхий хорооны /СЕХ/ Хууль эрх зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэтэй Ерөнхийлөгчийн болон УИХ-ын 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн бэлтгэл ажлын талаар ярилцлаа.
-Ерөнхийлөгчийн болон УИХ-ын 28 дугаар тойргийн нөхөн сонгууль зургадугаар сард болно. Энэ сонгуулийн бэлтгэл ажил ямар шатанд явна вэ?
-Тус тусдаа хууль эрх зүйн орчинтой хоёр сонгуулийн санал авах өдрийг нэгтгэн товлосон. Сонгуулийн бэлтгэл ажлаа цаг хугацааны хуваарийн дагуу хангаад явж байна. Гэхдээ тус тусдаа эрх зүйн орчинтой учраас зохион байгуулалтын үйл ажиллагаа нь бас тусдаа явагдах учиртай. Иймд бэлтгэл хангах цаг хугацааны хуваарь нь ч тус тусдаа гарсан. Сонгууль зохион байгуулах анхан шатны нэгж нь хэсэг буюу нутаг дэвсгэр байдаг. Үүнийг сум, дүүргийн Хурлын тэргүүлэгчид тогтоох ёстой. Иймд бүх сум, дүүргийн Хурлын тэргүүлэгчид сонгуулийн хэсгийг гуравдугаар сарын 1-нээс өмнө байгуулаад мэдээллээ Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлсэн. СЕХ-ны хувьд энэ сард бүх шатны сонгуулийн байгууллагад ажиллах төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдад сургалт зохион байгуулж гэрчилгээ олгох ёстой. Сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан төрийн албан хаагчдад сонгууль зохион байгуулах эрх нь үүсдэг. Иймд өнөөдөр сургалт зохион байгуулах ажлаа илүү эрчимтэй явуулж байна.
-Сонгуулийн хэсгийн хороодод ажиллах хүмүүсийг хэрхэн сонгож томилох юм бэ?
-Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагч л сонгуулийн хороодод орж ажиллах ёстой. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухайд нэг онцлог өөрчлөлт орсон. Тэр нь сонгуулийн хороодын бүрэлдэхүүнд орж ажиллах төрийн албан хаагчдыг нээлттэй бүртгэсний үндсэн дээр сонгогчдоор шүүлгэдэг болсон. Энэ зарчмыг хэрэгжүүлэх гол аргачлалыг нь тайлбарлая. Тухайлбал, СЕХ-ны цахим хуудаст сонгуулийн хороодод ажиллахаар бүртгүүлж байгаа бүх хүмүүсийн бүртгэл нээлттэй байгаа. Үүнтэй олон нийт танилцаж болно гэсэн үг. Тэгээд сургалтад хамрагдаад гэрчилгээ авсны дараа аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороонд ажиллах хүмүүсийн бүртгэл бас нээлттэй харагдана. Энэ нээлттэй бүртгэлээс сонгуулийн хороодын бүрэлдэхүүнээ байгуулах ёстой. Тэгэхдээ тодорхой аргачлал, шаардлага тавьж байж бүрэлдэхүүнээ сонгох юм. Жишээлбэл, урьд нь сонгуулийн хороодод ажиллаж байсан эсэх, төрийн албанд ажилласан туршлага зэргийг шалгуур үзүүлэлт болгон батлаад үүний дагуу тухайн шатны сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг томилно. Хуульд зааснаар аймаг, нийслэлийн сонгуулийн хороо 7-9 хүний бүрэлдэхүүнтэй байх ёстой. Тэгвэл СЕХ-ноос Ерөнхийлөгчийн сонгуулийн цар хүрээг тооцон үзээд үүнийг есөн хүний бүрэлдэхүүнтэй байгуулна гэж үзэж байгаа. Энэ бүрэлдэхүүний гурвыг нь хуулиар тодорхой зааж өгсөн. Тухайн шатны Засаг даргын тамгын газрын дарга нь Сонгуулийн хорооны дарга байна гэж заасан. Үүнээс гадна тухайн шатны Улсын бүртгэлийн болон цагдаагийн байгууллагын төлөөлөл сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд заавал орно. Харин үлдсэн зургаан хүнийг нь дээр хэлсэн нээлттэй бүртгэлийн үндсэн дээр томилно.
-Тэгвэл сонгуулийн хороодод хэдэн хүн ажиллах тооцоо гарч байна вэ?
-Сонгуулийн хороодод төрийн албан хаагч 21 мянга гаруй хүн ажиллана. Үүн дээр Улсын бүртгэлийн байгууллагаас хэсэг бүрт итгэмжлэгдсэн ажилтан ажилладаг. Өөрөөр хэлбэл сонгогчдын нэрсийн жагсаалтыг хариуцдаг. Мөн сонгогчийн хурууны хээгээр тухайн хэсгийн сонгогч мөн үү, биш үү гэдгийг баталгаажуулдаг юм. Бас тухайн санал авах байрны аюулгүй байдлыг хангах зорилгоор цагдаагийн албан хаагч ажиллана. Дээрээс нь санал тоолох төхөөрөмжийн автоматжуулсан системийн үйл ажиллагааг хариуцсан мэдээлэл технологийн төрийн албан хаагчид байдаг. Эдгээрээс гадна өнгөрсөн онд болсон УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн тухайд цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулж тусгайлсан журам гаргаж ажилласан. Энэ хүрээнд онцгой байдал болон эмнэлгийн албан хаагчид ажиллаж байсан. Цар тахлын нөхцөл байдал, цаг үе ямар байхыг урьдчилан мэдэхгүй учраас яг энэ хүрээнд төлөвлөн ажиллаж байна. Ингээд тооцвол сонгууль зохион байгуулахад нийт 40 гаруй мянган төрийн албан хаагч оролцоно гэсэн ерөнхий төлөвлөгөө бий.
-Сонгогчдын нэрсийн жагсаалт хэдийд гарах юм бол. Сонгогчид үүнтэй танилцаж шалгаад бүртгэлээ баталгаажуулах ёстой биз дээ?
-Хуульд зааснаар сонгогчдын нэрсийн жагсаалтыг эхний байдлаар дөрөвдүгээр сарын 1-ний өдөр гэхэд Улсын бүртгэлийн ерөнхий газар өөрийн цахим хуудаст байршуулсан байх ёстой. Үүний бэлтгэл ажлыг сум, дүүргийн Хурлын тэргүүлэгчид сонгуулийн хэсэг байгуулсан мэдээллийг нэгтгээд гуравдугаар сарын 1-нээс өмнө Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлдэг. Үүнд үндэслээд сонгуулийн хэсгүүдэд сонгогчдын хаягийн нь дагуу байршуулдаг. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд орсон нэг өөрчлөлт бий. Сонгогчдын нэрсийн жагсаалтыг үйлдэх, давхардлыг арилгах, нягтлан шалгах үйл ажиллагааны ил тод байдлыг хангах, хяналттай байлгах чиглэлээр олон зохицуулалт орсон. Жишээ нь сонгогчид өөрийнх нь мэдээлэл зөв, буруу орсныг шалгана. Үүнээс гадна миний байнга оршин суух хаяг дээр гаднаас хүн байгаа эсэхийг шалгах боломжтой болсон. Урьд өмнөх сонгуулиудын үеэр манай хаяг дээр өөр хүмүүс бүртгүүлсэн байна гэдэг гомдол гардаг байсантай холбоотой. Тэгэхээр сонгогчийн нэрсийн жагсаалт тавигдсан үед нягтлан шалгаад оршин суух хаяг дээр нь өөр хүн бүртгүүлсэн асуудал гарсан бол Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандаж гомдол гарган засч залруулах боломж бүрдсэн гэсэн үг.
-Сонгуулийн үеэр гарсан гомдол маргааныг түргэн шуурхай шийдвэрлэхийн тулд ямар арга хэмжээ авч байна вэ?
-Сонгууль зохион байгуулах үйл ажиллагаа нь зөвхөн СЕХ эсвэл бүх шатны сонгуулийн байгууллагын ажил биш юм. Өөрөөр хэлбэл, хуулиар тодорхой чиг үүрэг хүлээсэн төрийн байгууллагууд бас оролцдог. Энэ оролцоог хуулиар улам илүү нэмэгдүүлж байгаа. Өмнө нь сонгуулийн хороод сонгуулиа зохион байгуулах үндсэн ажлын хажуугаар зөрчил, маргааныг шийдвэрлэх чиг үүрэг хүлээдэг байсан. Үүнийг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, УИХ-ын сонгуулийн тухай хууль, Орон нутгийн сонгуулийн тухай хуулиудаар харьцангуй цэгцлэж өгсөн. Тухайлбал, сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн эсэх асуудлыг зөвхөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу эрх бүхий есөн байгууллага, албан тушаалтан шийдвэрлэнэ. Үүнд цагдаа, тагнуул, шүүх, мэргэжлийн хяналт, шударга өрсөлдөөний, татварын байцаагч зэрэг эрх бүхий албан тушаалтан орно. Эдгээр байгууллагуудаас ажлын хэсэг гараад богино хугацаанд асуудлыг шийдвэрлэн ажилладаг. Тэгэхээр сонгуулийн хороо ямар нэг байдлаар зөрчлийг шийдвэрлэхгүй, зөвхөн сонгууль зохион байгуулахтай холбоотой асуудлаа хариуцна.
-Сонгууль зохион байгуулах үеэр намайг, тэрнийг бүртгэсэнгүй, бас хууль зөрчсөн нэр дэвшигчийг бүртгэчихлээ гэсэн маргаан нэлээд гардаг. Мөн сурталчилгааны хууль зөрчсөн тул нэрийг татах ёстой гэсэн асуудал гарах нь элбэг. Ийм асуудал гарвал хэрхэн шийдвэрлэх вэ?
-Гомдол маргаан шийдвэрлэх харьяалал журмыг тодорхойлж өгсөн байгаа. СЕХ бол Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг бүртгэх эсэх асуудлыг л шийдвэрлэнэ. СЕХ нэр дэвшигчийг бүртгэсэн, бүртгээгүй гэсэн шийдвэртэй холбоотой гомдлыг зөвхөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар хянан шийдвэрлэнэ. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа богинсох ач холбогдолтой юм. Бусад зөрчлийг холбогдох эрх бүхий байгууллагууд шийдвэрлэнэ. Ялангуяа сонгуулийн сурталчилгаатай холбоотой зөрчил гарсан эсвэл гараагүй гэсэн асуудлыг цагдаагийн байгууллага шалгах чиг үүрэгтэй.
-Сонгууль ажиглах, хяналт тавих журамд өөрчлөлт орсон гэсэн. Яг ямар өөрчлөлт орсон бэ?
-Сонгууль ажиглах журам өнгөрсөн онд батлагдсан. Энэ журмын дагуу УИХ-ын болон орон нутгийн сонгуульд энэ журмын дагуу ажиглагч нар ажилласан юм. Одоо нэмэлт өөрчлөлт оруулж байгаа. Учир нь Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд ажиглагчтай холбоотой хэд хэдэн эрх нэмж өгсөн. Тухайлбал, санал авах бүх байранд хяналтын камер байна. Мөн цар тахлын нөхцөл байдалтай холбоотой магадгүй хяналтын камераар дамжуулж ажиглалт хийх техникийн шийдэл бүрдүүлж өгөх шаардлага үүссэн. Бас ажиглагч хэсгийн хороонд очсон сонгогчийн нэрийн жагсаалттай танилцах эрхтэй болсон. Тэгэхдээ тухайн хэсгийн хороон дарга, итгэмжлэгдсэн ажилтны зааварчилгааны дагуу танилцана. Энэ нэмэлт өөрчлөлтийг СЕХ-ны энэ долоо хоногийн хуралдаанаар хэлэлцэн батлах төлөвлөгөөтэй байна. Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой нийт 25 журам, заавар батлагдах ёстой. Гэхдээ СЕХ-ноос баталсан журам, заавар зөвхөн нэг сонгууль гэлтгүй нийтлэг байдлаар ашиглахаар гардаг. Тэгэхээр өмнө нь ашиглаж байсан журам, зааврын зарим нь нэмэлт өөрчлөлт оруулна, шинэчлэн найруулна гэсэн үг. Энэ долоо хоногт багтаад уг ажил дуусна.
-Гадаадын болон олон улсын байгууллагын ажиглагч нар Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглах боломж бий юу. Сонгууль ажиглах хүсэлт гаргаж байна уу?
-Одоогоор хүсэлт тавьсан газар байхгүй. Сонгууль ажиглах журамд зааснаар гадаадын болон олон улсын байгууллагын ажиглагч нар ирж ажиллах эрх нь нээлттэй. Яаж хүсэлт тавих, ямар материал бүрдүүлэхийг нь тодорхой заасан байдаг. Өнгөрсөн онд болсон сонгуулиуд цар тахлын үед болж байсан учраас гадаадаас ямар нэг ажиглагч ирээгүй. Манай улсад ажиллаж байгаа Элчин сайдын яамд, дипломат төлөөлөгчийн газраар дамжуулж тодорхой төлөөллийг ажиглагчаар ажиллуулсан тохиолдол бий. Энэ удаагийн сонгуулийн үеэр цар тахлын нөхцөл байдал ямар байхыг мэдэхгүй байна. Одоохондоо улс орнуудын хил хаалттай байгаа шүү дээ. Олон улсын байгууллагууд цахимаар холбогдож сонгуулийн үйл явцын талаарх мэдээллийг шууд авдаг хэлбэр бий. Энэ хэлбэрээр явах боломжтой гэж харж байгаа.
-Та санал авах байруудад хяналтын камер байршуулна гэсэн. Ер нь санал авах байруудад ямар стандарт, шаардлага тавьж байгаа вэ?
-СЕХ-ноос санал авах байруудад ерөнхий шаардлага тогтоож өгөөгүй байсан. Энэ нь санал авах байр харилцан адилгүй байдагтай холбоотой. Тухайлбал, хөдөө багт ихэнхдээ монгол гэр барьдаг. Тэгээд сум, аймгийн төв нэг өөр гээд харилцан адилгүй тул стандарт тогтоох боломжгүй байсан. Гэвч СЕХ-ны гуравдугаар сарын 4-нд болсон хурлаар энэ удаагийн сонгуулиар санал авах байранд тавигдах ерөнхий шаардлагыг баталсан. Үүнд хөгжлийн бэрхшээлтэй иргэний орц, гарцыг МNS стандартын дагуу байх ёстой гэдгийг зааж өгсөн. Мөн санал авах байрны хамгийн бага хэмжээг гурван шатлалаар тогтоосон. Жишээ нь санал авах байр багийн төвд 20, сумын төвд 60, нийслэл, дүүрэгт 80 ам метрээс багагүй байх ёстой гэсэн ерөнхий шаардлага баталсан.
-Ерөнхийлөгчийн сонгуулиар гадаадад байгаа иргэдийн саналыг хэзээ, яаж авах юм бэ?
-Гадаадад байгаа иргэдийн санал авах төв болон салбар комисс ажилладаг. Энэ нь байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагын бүрэлдэхүүн хэсэгт багтдаг. Одоогоор төв комисс нь ажилдаа орсон. СЕХ-ны хуралдаанаар гадаадад байгаа иргэдээс санал авах өдрийн товыг тавдугаар сарын 30, 31 гэж тогтоосон. Гадаадад байгаа иргэд Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөх хүсэлтээ дөрөвдүгээр сарын 20-ноос тавдугаар сарын 9-ний өдөр хүртэл хугацаанд гаргана. Тэгэхдээ тухайн ажиллаж амьдарч байгаа улсад байгаа Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын цахим хуудсанд хандах, эсвэл цахим шуудан, өөрийн биеэр очиж бүртгүүлнэ.
-Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авдаг. Үүнийг хэрхэн зохион байгуулах юм бол. Мөн урьдчилж санал өгөх боломж бий юу?
-Хуульд урьдчилж санал өгөх тухай зохицуулалт байхгүй. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд зааснаар санал авах өдрийн өмнөх өдөр зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авна. Тэгэхдээ зөөврийн битүүмжилсэн хайрцгаар ямар хүмүүс санал өгөхийг тодорхой хуульчилсан. Жишээ нь, биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалж санал авах байрт очиж чадахгүй хүмүүс хамрагдана. Тэд хүсэлтээ гаргаад зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх боломжтой. Мөн цагдан хоригдсон, албадан саатуулагдсан хүмүүс хүсэлтээ гаргаад санал өгөх боломжтой байдаг. Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авахад нэг асуудал гардаг байсан. Тухайн нутаг орон, хорооны Засаг дарга, нийгмийн ажилтан намайг өөрийн биеэр очиж санал өгч чадахгүй гэдгийг мэддэг. Гэтэл надаас хүсэлтээ өгөөч гэж аваагүй учраас би санал өгч чадсангүй, сонгох эрхээ эдэлж чадсангүй гэдэг гомдол нэлээд гардаг байсан. Иймд сонгуулийн багц хуулиудад “Тухайн нутаг дэвсгэрийн Засаг дарга нутаг дэвсгэртээ амьдардаг өөрийн биеэр очиж сонгуульд санал өгөх боломжгүй хүмүүст хүсэлтийг нь урьдчилж дамжуулж өгөх үүрэг хүлээнэ” гэж заасан. Өөрөөр хэлбэл, зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх хүсэлтээ хэсгийн хороондоо гаргаж чадахгүй байна. Иймд тэр хүсэлтийг нь авч хэсгийн хороондоо дамжуулж өгөх чиг үүрэг хүлээж байгаа гэсэн үг.
-Санал авах техник хэрэгслийн бэлэн байдлаа хангасан уу?
-Монгол Улс 2012 оны сонгуулиас хойш сонгуулийн автоматжуулсан систем хэрэглэж байна. Сонгуулийн автоматжуулсан системийн тухай бие даасан хуультай. Энэ хуулиар тухайн сонгуульд уг системийг хэрэглэх эсэх талаар УИХ шийдвэр гаргадаг. Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд уг системийг ашиглах шийдвэрийг УИХ нэгдүгээр сарын 20-нд гаргасан. СЕХ-ноос санал тоолох төхөөрөмжийн үйл ажиллагааны талаар олон нийтэд таниулсан мэдээллийг хүргэхээр төлөвлөж байна. Олон нийтэд санал тоолох төхөөрөмж ямар ажиллагаатай, санал яаж тоолдог, дүнгээ хэрхэн гаргадаг талаар эргэлзээ байдаг. Гэвч 2012 оноос хойш зохион байгуулсан сонгууль бүрт санал төхөөрөмжөөс гарсан дүн, санал төхөөрөмжид уншигдсан саналын хуудас хоёрын дүн нэг ч ширхэг саналаар зөрсөн удаа байхгүй. Үүнд СЕХ хороо дүгнэлт хийж санал тоолох төхөөрөмжийн ажиллагааг олон нийтэд таниулах талаар анхаарч байна. Энэ удаад Ерөнхийлөгчийн сонгуулийг санал тоолох төхөөрөмжөөр авах ч зуун хувь гараар хяналтын тооллого хийж давхар баталгаажуулна. Урьд нь 50 хүртэлх хувийг нь сонгуульд оролцсон нам, эвсэл өөрсдөө сонгоод гараар, хяналтын тооллого хийдэг байсан.
-Тэгвэл УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрогт явуулах нөхөн сонгуулийг бас зуун хувь гараар хяналтын тооллого хийнэ гэсэн үг үү?
-УИХ-ын сонгуулийн тухай хуульд 50 хүртэлх хувьд нь гараар хяналтын тооллого хийнэ гэж заасан. Би дээр хэлсэн хоёр өөр эрх зүйн орчинтой, хоёр өөр сонгууль. Иймд 50 хүртэлх хувьд нь хяналтын тооллого хийнэ гэсэн үг. Хоёр сонгуулийг хольж явуулахгүй. Санал тоолох төхөөрөмж тус тусдаа байна. Нэг нь Ерөнхийлөгчийн сонгуулийнх, нөгөө нь УИХ-ын сонгуулийн санал авах төхөөрөмж байх юм. Ийм учраас УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрогт ажиллах техник тоног төхөөрөмж болон хүн хүчний хувьд яг нэг дахин нэмэгдэх тооцоо судалгаа бий.
#МонголынМэдээСонин #ЯрилцахТанхим
Улс төр
Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 06 минутад гишүүдийн 52.4 хувийн ирцтэй эхэлж, Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг үргэлжлүүллээ.
Улсын Их Хурлын чуулганы 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн хуралдаанаар санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 68 гишүүний олонх дэмжив. Иймд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүллээ.
Дараа нь Цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенц соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, соёрхон батлахыг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжив. Мөн Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, соёрхон батлахыг дэмжих эсэхээр санал хураалт явуулсан. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 76 гишүүний 70 нь дэмжин, баталлаа. Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлэг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар эхэлсэн бөгөөд өнөөдрийн хуралдаанаар санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 76 гишүүний 90.8 хувь нь дээрх хуулийн төслийг соёрхон батлахыг дэмжлээ.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3-т “Улсын Их Хурал энэ хуулийн 46.1.2-т заасан хууль, тогтоолын эцсийн найруулгатай танилцаж ёсчлохыг зөвшөөрөх” гэж заасны дагуу Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон хамт баталсан хуулиудын эцсийн найруулгыг сонсов.
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Монгол Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу танилцууллаа.
Улсын Их Хурлаас 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр баталсан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгч 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр бүхэлд нь хориг тавьсныг Улсын Их Хурал 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авсан.
Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хамтарсан хуралдаанаас Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан хоригийг Улсын Их Хурал хүлээн авсантай холбогдуулан хууль, тогтоолыг хэрхэн хэлэлцэх талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан юм. Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу ажлын хэсгийг ахалж, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Д.Ганмаа, М.Нарантуяа-Нара, П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир, Х.Тэмүүжин, Г.Уянгахишиг, Б.Хэрлэн нар ажиллажээ.
Ажлын хэсэг 2 удаа хуралдаж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан “Хуралдааны дэгээр зохицуулаагүй асуудлыг хэлэлцэх журам”-ыг баримтлан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс бүхэлд нь тавьсан хоригийг Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх дэгийн тухай хуулийн төсөл боловсруулан энэ сарын 28-ны өдөр Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаанд танилцуулжээ.
Дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр, Н.Наранбаатар, Л.Мөнхбаясгалан, С.Эрдэнэбат, Ц.Идэрбат, Х.Ганхуяг, Ж.Батжаргал, Д.Ганбат, Ц.Даваасүрэн, С.Амарсайхан, Д.Батлут, З.Мэндсайхан, М.Бадамсүрэн нар асуулт асууж, хариулт авсан. Гишүүд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулан, Ерөнхийлөгч төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан тохиолдолд шийдвэрлэх зохицуулалтыг тусгах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлж, энэ талаар ажлын хэсгийн ахлагч болон Байнгын хороодын дарга нараас хариулт, тайлбарыг авсан юм. Түүнчлэн орон нутгийн төсвийн хэлэлцүүлгийн цаглавартай холбоотой тодруулгыг Сангийн сайдаас асууж, хариулт авсан.
Дараа нь Байнгын хороодын саналаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Монгол Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг эцэслэн батлахыг дэмжих санал хураалт явууллаа. Санал хураалтад Улсын Их Хурлын 81 гишүүн оролцож, 55 нь дэмжив. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулах бөгөөд Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжсэн бол эцэслэн баталсанд тооцно” гэж заасан байдаг.
Хуулийн төсөл ийнхүү батлагдаагүй учир Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.8, 90.9 дэх заалтыг баримтлан Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хороо хамтарсан хуралдаанаа хийж, холбогдох асуудлыг хэлэлцэхийг даалгав. Үүгээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Улс төр
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил оролцоо-2024” үндэсний чуулган Төрийн ордонд эхэллээ.
Чуулганаар “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, оролцоог хангах төрийн бодлого, ололт амжилт, тулгамдсан асуудал”, “Эрх зүйн орчны шинэчлэл”, “Нийгмийн оролцоог хангахад иргэний нийгмийн байгууллагын үүрэг, хариуцлага,” “Тогтвортой хөгжилд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо-Олон улсын байгууллагын дэмжлэг, хамтын ажиллагаа” зэрэг сэдвийг хэлэлцэж, зөвлөмж гаргах юм.
Мөн салбар хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн үүрэг, оролцоо, төр, хувийн хэвшил болон төр, иргэний нийгмийн байгууллагын түншлэл, хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ.
Үндэсний чуулганыг Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нээж хэлсэн үгэндээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, хөгжил, хамгаалал, оролцоо нь Ерөнхийлөгч, төр, засгийн бодлого, үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл гэдгийг тэмдэглэлээ.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжих, тэдний сайн сайхан амьдралын төлөөх аливаа бодлого, шийдвэр, санал, санаачилга, үйл ажиллагааг бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
“Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Цагаан алт”, “Эрүүл монгол хүн” болон “Хархорум хот” үндэсний хөдөлгөөнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ гэдгээ хэлэв.
Манай улсад 111 мянга гаруй иргэн хөгжлийн бэрхшээлтэй. Эдгээрийн 84 хувь буюу 93 мянга нь хөдөлмөрийн насных хэдий ч 15 мянга нь л ажил хөдөлмөр эрхэлж байна.
Иймээс төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүд тэднийг ажлын байраар хангах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх, орлого, амьжиргааг нь сайжруулах, нийгмийн хамгаалал, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх нь чухал байгааг тэмдэглэлээ.
Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүрийг баялаг бүтээгч, үйлдвэрлэгч болгохын төлөө ажиллах, санхүүжилтээ нэмэгдүүлэх, онцлогт нь тохирсон ажил, хөдөлмөрийн шинэлэг хэлбэр, үйлчилгээг өргөжүүлэх шаардлагатайг онцлов.
Орон сууцны зээлийн нөхцөлийг сайжруулах, түрээсийн, нийтийн, амины орон сууцны хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн болон ахуйн осол, гэмтлээс шалтгаалсан олдмол хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаад дүгнэлт хийж ажиллахыг Засгийн газарт чиглэл болголоо.
2017-2021 оны Засгийн газар Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв байгуулах, Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалтын үйлдвэрийг Хөдөлмөр, сургалт, хөгжлийн төв болгон өргөтгөх шийдвэр гаргаж байлаа.
Сүүлийн жилүүдэд ч тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр цөөнгүй арга хэмжээ хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг нь тодорхой хувиар нэмж, танхимын сургалт болон хөгжлийн үйлчилгээнд хамрагдах боломжгүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дэмжих үйлчилгээг хөгжүүлэх, орон нутагт Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөгжлийн төв, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвүүдийг байгуулж байна.
Улс төрийн оролцоог нь нэмэгдүүлэхэд анхаарсны дүнд УИХ-д хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлсөн хоёр гишүүн сонгогдсон. Мөн манай тамирчид Паралимпын наадмаас нэг алт, гурван мөнгөн медаль авсан нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд ахиц дэвшил, үр дүн гарч байгаагийн илрэл гэж Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ дурдлаа.
Дэлхийн улс орнууд ирэх сард тохиох “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн олон улсын өдөр”-ийг “Хүртээмжтэй, тогтвортой ирээдүйн төлөөх хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн манлайллыг нэмэгдүүлье” уриан дор тэмдэглэх юм.
Улс төр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны арванхоёрдугаар сарын 1-9-нд Саудын Арабын Хаант Улсын Эр-Рияд хотноо зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд (UNCCD COP16) оролцох үеэр Саудын Арабын Хаант Улс болон Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал тус тус хийнэ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд тус хурлын дараагийн даргалагчийн хувиар оролцож, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтлын асуудлаарх Монгол Улсын Засгийн газрын байр суурийг илэрхийлж, үндэсний түвшинд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулахын зэрэгцээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Аким Штайнер нартай тус тус уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мөн бага хурлын үеэр болох Усны дээд түвшний уулзалтад оролцож, Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират Улсад ажлын айлчлал хийх үеэр тухайн орнуудын удирдлагатай уулзаж, хоёр талын харилцааг хөгжүүлэх, эдийн засгийн агуулгаар баяжуулах, чингэхдээ хот бүтээн байгуулалт, цахим хөгжил, хиймэл оюун ухаан, төрийн үйлчилгээ зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар дэлгэрэнгүй санал солилцоно.
-
Нийгэм10 цаг өмнө
Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо
-
Нийгэм5 цаг өмнө
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
-
Нийгэм9 цаг өмнө
12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй
-
Улс төр12 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
-
Нийгэм13 цаг өмнө
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
-
Нийгэм6 цаг өмнө
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
-
Эдийн засаг12 цаг өмнө
“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо
-
Улс төр9 цаг өмнө
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ