Улс төр
ДӨРВӨН СОНГУУЛЬ, ДӨРВӨН ВАКЦИН
Дарга сайд нараа, наад бодлого чинь буруу яваад байна. Нэрий нь цар тахалд , мөнгий нь сонгуульд зарж байна.
Г.Жамьян /Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч/
Коронавирус цар тахлаас найдвартай хамгаалж байгаа, олон улсын шалгарсан хоёрхон арга бий. Нэг нь хатуу хөл хорио 14-21 хоног. Нөгөө нь дээд зэргийн чанартай вакцинжуулалт. Энэ хоёр аргыг манайхан хэрэглэсэн. Тэгвэл коронавирус анх илэрснээс хойш өнөөдрийг хүртэл улам нэмэгдсээр хоногт 100-с дээш 177 тохиолдол хүртэл илэрлээ. Сүүлийн долоо хоногт халдварын тоо буурсангүй, улам л нэмэгдээд байна. Энэ нь гурван сая гаруйхан хүнтэй Монголд, нэг сая гаруйхан хүнтэй Улаанбаатарт бол хэтэрхий ахадсан тоо. Гамшгийн хамгийн хүнд зэрэглэл юу байдаг юм, түүнийг давчихаад байгаа. Өвчилсөн хүмүүс нь эмнэлгийн оргүй болж гэрээрээ эмчлүүлэх гэнэ. Энэ чинь, дийлэхээ болилоо. Гэртээ ор гэсэнтэй адил сонгогдож байна. Үхэл хичнээн болж байгаа юм, нуугаад л байгаа. Суурь өвчнөөр нас барсан ч гэх шиг.
Тэгэхэд “Мунхагийн дотор саруулхан” гэгчээр манай төр засгийн удирдагчид ер санаа зовсон янзгүй. Нам салж нийлэх “ Ерөнхийлөгчийн сонгууль”, “Бүтэх бүтэхгүй банкны зээл”…. яриад л явж байгаа. Энэ төр засгийн удирдлага , хотын дарга нар, Улс, нийслэлийн онцгой комиссын удирдлагуудыг ингэж хүнийрхүү хандана гэж даанч бодоогүй юмсан. Ямар хүйтэн цэвдэг сэтгэлээр хандана вэ?№ Зуд боллоо гээд малд өвс ачуулаад, ууланд зэрлэг амьтад үхлээ гээд тийш нь өвс тэжээл хүргэж байгаа хэрнээ, энэ хэдхэн хүнээ эрүүл байлгая, үхлээс аварья гэсэн сэтгэл даанч алга гэж үү?!! Би түрүү бичсэн хоёр зүйлээ л тайлбарлая!! Цагаа олоогүй, бэлтгэлээ хангаагүй “Хатуу хөл хорио” тогтоож өвчний тархалтыг бууруулах биш улам хөөрөгдсөн. Хэн нэг дарга нь хатуу хөл хорио тогтоогч , нөгөө дарга нь буулгачихдаг. Зөвхөн Ухань хотын туршлага л бидэнд хангалттай шүү дээ, хорин сая хүнийг хоёрхон сарын дотор хатуу хөл хориогоор аварч, өвчнийг “хоггүй ” дарна билээ. Хүн нь эрүүл болохоор эдийн засаг ч аяндаа сэргээд ирсэн.
Одоо Ухань хотын бүх үйлдвэр үйлчилгээ хэвийн явагдаж , БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн тэргүүн байранд явж байна. Хатуу хөл хорио гэдгийг бид эндээс л харсан. Дундаас доош орлоготой гэр бүлдээ бэлэн мөнгө тараасан. Эм тариа, хүнсний зүйлийг нь дэлгүүр, эмийн сангуудад хангалттай бэлдэж өгсөн. Эмнэлэг, дэлгүүр хоёр л ажиллаж байсан. Нэг л өглөө зарлалгүйгээр хатуу хорио цээрийн дэглэмд шилжүүлсэн. Орцных нь үүдээр буутай цэрэг цагдаа зогсоосон. Зөрчил, хэрэг гаргасан хүмүүсийг хатуу шийтгэх онцгой байдлын хууль үйлчилсэн.
Манайхан шиг эсэргүүцээд , оргож зугтаагаад байгаа хүмүүсийг тодорхой хугацаануудаар хорьж шийтгэсэн. Бүх төрлийн хөдөлгөөн тэг /00/ зогсолт хийсэн. Ингээд 14-60 хонгоийн дотор аймшигт тахлыг дарж авсан туршлага бий. Гэтэл манайхан яав? Өндөржүүлсэн бэлэн байдал, гамшгийн үеийн бүх нийтийн бэлэн байдал гэдэг нэрийн доор ард түмнээ 13 сар гэрийн хорионд байлгаад, одоо бүр халдварыг хяналтаас гаргачихсан. “Эмнэлгийн ор байхгүй шүү , гэрээрээ хувь заяагаа шийд” гэсэн шиг юм яриад сууж байгаа. Гэрээр эмчилнэ гэдэг чинь Улаанбаатарт бүхэлд нь халдвар тараана гэсэн үг. Хүний үг, энэ зовлонд нэрвэгдсэн ард түмнийхээ үгийг сонсоно гэж байхгүй , төрөл садан найз нөхдийн холбоотой хэдэн хүн л дураараа тонгочоод байгаа. Арван сар дотоодын халдвар гаргаагүй , туршлагатай удирдлагуудыг бүгдийг халж, оронд нь ямар ч мэргэжил туршлагагүй , өөрсдийнхөө хүмүүсийг тавиад энэ цар тахлыг хяналтаас гаргачихлаа шүү дээ. Хатуу хөл хориог цагаан сарын өмнөөс , сарын дараа 5-6 хоногт багтаагаад зарлах байсан юм. “Цагаан сарыг гэр бүлээрээ тэмдэглэ” гэж оройгүй зарлаад , архины бүх үйлдвэр худалдааг чөлөөтэй болгосноор өнөө жилийн цагаан сар бол Улаанбаатарт том найр наадам болоод л өнгөрсөн. Дарга сайд нар өөрсдийнхөө архины үйлвэр худалдаа, борлуулалтыг дэмжиж байгаа нь
Энэ Улаанбаатарт зөвхөн баар караоке 400 гаруй байгаа нь залуучуудаар пиг дүүрэн байсан гэнэ. Би дарга сайд нарын чихэнд дахиад хонх уяя!! Улаанбаатар хот, хоногт 200-540 хүнээ эрүүлжүүлж, 80-120 согтуу жолоочийг саатуулж байгаа өнөөгийн нөхцөлд “Коронавирусыг устгана, хориглоно” гэж үлгэр битгий ярь л даа. Энэ олон баар, караоке , архины үйлдвэр, худалдаа чинь та нарын хувийнх юм байна. Одоо ийм хүнд үед ард түмнээ нэг бодвол яасан юм?!! Хатуу хөл хорио гэдэг чинь ном журмаараа явагдвал хамгийн найдвартай арга байна. Манай 20 айлтай орцноос 3 айлын 7 хүн халдвар авч өвчилсөн. Зөвхөн манай орцны үүдэнд хэдэн давхар хэц татаж цагдаагийн машин 24 цагаар гэрлээ тусгаад 12 хоног зогсож байсан. Харамсалтай нь түрүүлж зарласан учраас залуучууд нь оргоод алга болсон. Гэрээс гарч чадахгүй хэд нь л үлдсэн дээ.
Ухань хотод зарлалгүй байгаад л нэг өглөө эрт, бүх барилгын үүдэн дээр цэрэг , цагдаа зогсож байсан нь зөв арга юм билээ. Сая Баянзүрх дүүргийн 26-р хороонд зарлалгүй хатуу хөл хорио тогтоолоо гээд залуучууд хэрүүл хийгээд байсан дунд, урьтаж мэдсэн бол алга болох хүмүүс байсныг үгүйсгэхгүй. Гамшгийн үеийн хатуу хууль байдаг л даа . манайд тийм хууль байдаг юм уу, үгүй юм уу мэдэхгүй. Хатуу хөл хорионы үед дэглэм зөрчсөн байгууллага, хувь хүмүүст хатуу арга хэмжээ авах ёстой юм. Гадна орчны тусгаарлагдсан нөхцөлд аюултай хог хаягдлыг байр, орц болгоноос өдөр бүр авч, ариутгал хийж байх ёстой юм билээ. Тэгтэл манай байрны хатуу хөл хорионы 12 хоногт , УОК-ын удирдлагууд шаардлага тавьж байж “илжирдэг”-ийн даваан дээр хогоо нэг удаа авахуулж ариутгуулж байгаа юм. Ийм байдалтай хатуу хөл хорио тогтооно гэвэл, зүгээр л дүр эсгэлт!!
Нийслэлийн удирдлага , НОК-ын нарийн зохион байгуулалт, шийдвэртэй удирдлагаар хийлгэх ажил билээ. Биднийг коронавирусээс хамгаалах нөгөө нэг зүйл нь вакцин. Уул нь монголчууд аль хэдийн вакцин тариулаад , өнөөдөр энх тунх ажиллаж амьдарч байх учиртай юм. Энэ төр засгийн удирдлага даанч хөдөлсөнгүй. Эдэнд хүний амь, эрүүл мэнд гэхээсээ сонгууль л чухал байсан. Цар тахлын нэр барьж, бидний нэр барьж ямар их мөнгө хураав?!! Азийн хөгжлийн банк , Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Япон, Солонгос … гэх мэт олон орны буцалтгүй тусламж, дотоодын төсөвт суусан мөнгө … гэхчлэн тав зургаан их наядын сураг гардаг. Зарлага бол байгаа л даа. Хэдэн оношлуур , эм тариа, эмнэлгийн аппарат хэрэгсэл авсан байх, тусгай үүргийн онгоцныхон өөрсдөө асар их зардал гарган эмчлүүлж тусгаарлагдсан байгаа.
Хотойтол нь идэж уучихсан юм байхгүй байх. Эрх баригчдын зүгээс “Нэг өвчтөнийг 8 сая төгрөгөөр эмчилж байгаа ” гэж яриад байсан. Тэгсэн тэнд хэвтэж эмчлүүлээд гарсан хүн “хэдэн витамин л өгдөг юм .Хоол нь ч гэж дээ… ?!!” хэмээн их л сэтгэл дундуур бичсэн байна билээ. Эмчлүүлсэн зарим хүн: “ Яаж ч бодсон найман сая байтугай, найман зуун мянга ч хүрэхгүй ” гэсэн байна билээ. Тэгвэл, тэр олон их наяд төгрөг хаачсан бэ? Хүмүүс бол: “Эрх баригчид тэр их мөнгийг ноднингийн хоёр сонгуульд зарсан. Одоо, хавар намрын хоёр сонгуульд зарах гэж сугандаа хавьччихаад байгаа” гэж харддаг. Ортой ч байж магадгүй. Ядарсан ард түмэндээ ганц ганц сая төгрөг өгөхгүй харамлаад байсан хэр нь сонгуулийн насны 5000 залуучуудад “сургалт” нэрээр нэг нэг сая төгрөг тараана гэнэ. Тэгээд, олоод ирчихсэн вакцины нь хар даа.
Хандивын үнэ хямд, баталгаагүй, вакцин нэртэй болгоныг хамаад оруулж ирж байгаа. Өөрсдийнхөө танил тал байгууллага, хүмүүст вакцин оруулах зөвшөөрөл өгчихсөн, тэд нь юу ч оруулж ирж байгаа юм бүү мэд. Нэг ёсондоо монголчууд коронагийн вакцины “туршилтын туулай” болчихоод байгаа. Тариулсан хүмүүс халуурч, бөөлжиж, толгой нь өвдөж, даралт нь ихэдлээ л гэсэн. Өнөөх зөвлөх баг, эрдэмтдийн бүлэг нь болохоор : ”Тэгдэг юм, аль ч вакцин тэгж үйлчилдэг юм” гээд тоохгүй байгаа. Яваа яваандаа ямар , аль вакцин нь ямар хор нөлөө үзүүлэхийг судалж мэдсэн монгол эрдэмтэн байгаа юу? Гадаад зарим орон шиг тариулсан хүмүүсийнх нь цус бүлэгнээд үхээд байвал хэн хариуцах юм?!!
Үхдэггүй юмаа гэхэд нүүрний саажилт өгч хацар ам нь тал дээрээ гарчихсан өчнөөн хүний зураг телевизээр гарсан. Хүнийхээ амь нас эрүүл мэндийн төлөө огт санаа тавилгүй явсаар цар тахлыг хяналтаас гаргасан эрх баригчид яаж зүгээр суухав гэж зүгээр л вакцинжуулж байгаа дүр эсгэлээ гэж гадуур шуугиж эхэллээ. Сүүлийн үед сайд дарга нар магтаад өөрсдөө хийлгээд байгаа вакцинуудынх нь учрыг ч олохоо больсон. Манайд эрт ирсэн ганц баталгаатай вакцин нь “Астразенека” вакцин. Тэгтэл ОХУ-ын тэргүүн В.Путин саяхан хийсэн мэдэгдэлдээ “Коронавирусын эсрэг оросын “Спутник-V” вакцин тариулсан хүмүүсээс ямар ч хүндрэл илрээгүй ” гээд Оросын вакцины хамгаалах чадамж 91,6 хувь бол Астразенека вакциных 61 хувь гэсэн байна. Манай төр засгийн удирдлага, УОК, НОК-ын сайд дарга нарын нууцлаад байдаг зүйлийн учир энд л байх шиг байна. 61 хувийн хамгаалах чадамжтай вакциныг хөөцөлдсөөр байгаад бэлгийн журмаар олоод ирж. Өөрсдөө хүнд байдалд байгаа хэрнээ Монгол нөхөддөө өгөөмөр гараа сунгаж 150 мянган тун вакцин бэлэглэсэн Энэтхэгийн засгийн газар , ард түмэнд үнэхээр баярлаж байгаа. Зовох цагт нөхрийн чанар л танигдах юм даа. Вакцинд зориулагдсан их мөнгөний тал хувь У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Л.Оюун-Эрдэнэ , Б.Жавхлан, С.Амарсайхан нарын суганд хавчуулаастай байгаа юу?!!
Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө баруун суганыхныгаа, намрын нөхөн сонгуульд зүүн суганыхныгаа гаргаж ирнэ. Түүнээс наана биднийгээ хааяа хөл хориогоор айлгачихаад, хэд хэдэн хандивын вакцинаар хавдаж улайтал тарих байх. 61 хувийн хамгаалах чадамжтай вакцинаар тариулаад, хамгаалах биш , халдвар аваад байгаа сураг байна гэж гадуур шуугиж эхэллээ. Бид чинь яах юм бэ, эрхэм дээдэс ээ? Хөл хорионд 13 сар суулаа. Ядарлаа, туйлдлаа. Нэг хэсэг нь ядуурч хоосорлоо. Бухимдал хэрээс хэтэрлээ. Зарим нь нас барлаа.
Өөрийгөө шатаалаа. Өндрөөс үсэрлээ. Та нар чихгүй, нүдгүй юм шиг л байгаа. Би нэг л зүйлийг та нараас гуйя. Дарга сайд нар минь та нар залуучууд. Сонгуулийн ялалт, албан тушаал, алдар хүнд, хөрөнгө мөнгө, хэзээ ч та нарт олдоно. Харин сонгогч ард түмний чинь эрүүл мэнд, амь нас, итгэл найдвар л эргэж олдохгүй байх. Ард түмнээ битгий хуур. Бүх зүйлийг ил тод болго. Та нарын хөтлөгдөөд байгаа “эрдэмтдийн баг”, “зөвлөхүүд” гэдэг чинь ямар хүмүүс байгаа юм , ил болгож харуул. Цар тахлын нэрээр цугларсан олон их наяд төгрөгийг хэрхэн зарсан, одоо хэрхэн зарах гэж байгаагаа иргэдийн оролцоотой ажлын хэсэг гаргаж шалгуул. Гамшгийн үед хариуцлага алдсан , гэмт үйлдэл хийсэн бүх хүнд хариуцлага тооцож ард түмэндээ мэдэгд. Энэ бол та нарын хэлдгээр зөвхөн “Зөнөг өвгөн”-ий чинь шаардлага бус, ард түмний дийлэнх олонхийн шаардлага гэж ойлгоорой.
Улс төр
Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 06 минутад гишүүдийн 52.4 хувийн ирцтэй эхэлж, Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг үргэлжлүүллээ.
Улсын Их Хурлын чуулганы 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн хуралдаанаар санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 68 гишүүний олонх дэмжив. Иймд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүллээ.
Дараа нь Цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенц соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, соёрхон батлахыг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжив. Мөн Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, соёрхон батлахыг дэмжих эсэхээр санал хураалт явуулсан. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 76 гишүүний 70 нь дэмжин, баталлаа. Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлэг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар эхэлсэн бөгөөд өнөөдрийн хуралдаанаар санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 76 гишүүний 90.8 хувь нь дээрх хуулийн төслийг соёрхон батлахыг дэмжлээ.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3-т “Улсын Их Хурал энэ хуулийн 46.1.2-т заасан хууль, тогтоолын эцсийн найруулгатай танилцаж ёсчлохыг зөвшөөрөх” гэж заасны дагуу Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон хамт баталсан хуулиудын эцсийн найруулгыг сонсов.
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Монгол Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу танилцууллаа.
Улсын Их Хурлаас 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр баталсан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгч 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр бүхэлд нь хориг тавьсныг Улсын Их Хурал 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авсан.
Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хамтарсан хуралдаанаас Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан хоригийг Улсын Их Хурал хүлээн авсантай холбогдуулан хууль, тогтоолыг хэрхэн хэлэлцэх талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан юм. Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу ажлын хэсгийг ахалж, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Д.Ганмаа, М.Нарантуяа-Нара, П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир, Х.Тэмүүжин, Г.Уянгахишиг, Б.Хэрлэн нар ажиллажээ.
Ажлын хэсэг 2 удаа хуралдаж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан “Хуралдааны дэгээр зохицуулаагүй асуудлыг хэлэлцэх журам”-ыг баримтлан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс бүхэлд нь тавьсан хоригийг Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх дэгийн тухай хуулийн төсөл боловсруулан энэ сарын 28-ны өдөр Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаанд танилцуулжээ.
Дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр, Н.Наранбаатар, Л.Мөнхбаясгалан, С.Эрдэнэбат, Ц.Идэрбат, Х.Ганхуяг, Ж.Батжаргал, Д.Ганбат, Ц.Даваасүрэн, С.Амарсайхан, Д.Батлут, З.Мэндсайхан, М.Бадамсүрэн нар асуулт асууж, хариулт авсан. Гишүүд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулан, Ерөнхийлөгч төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан тохиолдолд шийдвэрлэх зохицуулалтыг тусгах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлж, энэ талаар ажлын хэсгийн ахлагч болон Байнгын хороодын дарга нараас хариулт, тайлбарыг авсан юм. Түүнчлэн орон нутгийн төсвийн хэлэлцүүлгийн цаглавартай холбоотой тодруулгыг Сангийн сайдаас асууж, хариулт авсан.
Дараа нь Байнгын хороодын саналаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Монгол Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг эцэслэн батлахыг дэмжих санал хураалт явууллаа. Санал хураалтад Улсын Их Хурлын 81 гишүүн оролцож, 55 нь дэмжив. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулах бөгөөд Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжсэн бол эцэслэн баталсанд тооцно” гэж заасан байдаг.
Хуулийн төсөл ийнхүү батлагдаагүй учир Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.8, 90.9 дэх заалтыг баримтлан Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хороо хамтарсан хуралдаанаа хийж, холбогдох асуудлыг хэлэлцэхийг даалгав. Үүгээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Улс төр
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил оролцоо-2024” үндэсний чуулган Төрийн ордонд эхэллээ.
Чуулганаар “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, оролцоог хангах төрийн бодлого, ололт амжилт, тулгамдсан асуудал”, “Эрх зүйн орчны шинэчлэл”, “Нийгмийн оролцоог хангахад иргэний нийгмийн байгууллагын үүрэг, хариуцлага,” “Тогтвортой хөгжилд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо-Олон улсын байгууллагын дэмжлэг, хамтын ажиллагаа” зэрэг сэдвийг хэлэлцэж, зөвлөмж гаргах юм.
Мөн салбар хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн үүрэг, оролцоо, төр, хувийн хэвшил болон төр, иргэний нийгмийн байгууллагын түншлэл, хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ.
Үндэсний чуулганыг Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нээж хэлсэн үгэндээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, хөгжил, хамгаалал, оролцоо нь Ерөнхийлөгч, төр, засгийн бодлого, үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл гэдгийг тэмдэглэлээ.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжих, тэдний сайн сайхан амьдралын төлөөх аливаа бодлого, шийдвэр, санал, санаачилга, үйл ажиллагааг бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
“Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Цагаан алт”, “Эрүүл монгол хүн” болон “Хархорум хот” үндэсний хөдөлгөөнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ гэдгээ хэлэв.
Манай улсад 111 мянга гаруй иргэн хөгжлийн бэрхшээлтэй. Эдгээрийн 84 хувь буюу 93 мянга нь хөдөлмөрийн насных хэдий ч 15 мянга нь л ажил хөдөлмөр эрхэлж байна.
Иймээс төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүд тэднийг ажлын байраар хангах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх, орлого, амьжиргааг нь сайжруулах, нийгмийн хамгаалал, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх нь чухал байгааг тэмдэглэлээ.
Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүрийг баялаг бүтээгч, үйлдвэрлэгч болгохын төлөө ажиллах, санхүүжилтээ нэмэгдүүлэх, онцлогт нь тохирсон ажил, хөдөлмөрийн шинэлэг хэлбэр, үйлчилгээг өргөжүүлэх шаардлагатайг онцлов.
Орон сууцны зээлийн нөхцөлийг сайжруулах, түрээсийн, нийтийн, амины орон сууцны хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн болон ахуйн осол, гэмтлээс шалтгаалсан олдмол хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаад дүгнэлт хийж ажиллахыг Засгийн газарт чиглэл болголоо.
2017-2021 оны Засгийн газар Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв байгуулах, Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалтын үйлдвэрийг Хөдөлмөр, сургалт, хөгжлийн төв болгон өргөтгөх шийдвэр гаргаж байлаа.
Сүүлийн жилүүдэд ч тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр цөөнгүй арга хэмжээ хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг нь тодорхой хувиар нэмж, танхимын сургалт болон хөгжлийн үйлчилгээнд хамрагдах боломжгүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дэмжих үйлчилгээг хөгжүүлэх, орон нутагт Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөгжлийн төв, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвүүдийг байгуулж байна.
Улс төрийн оролцоог нь нэмэгдүүлэхэд анхаарсны дүнд УИХ-д хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлсөн хоёр гишүүн сонгогдсон. Мөн манай тамирчид Паралимпын наадмаас нэг алт, гурван мөнгөн медаль авсан нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд ахиц дэвшил, үр дүн гарч байгаагийн илрэл гэж Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ дурдлаа.
Дэлхийн улс орнууд ирэх сард тохиох “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн олон улсын өдөр”-ийг “Хүртээмжтэй, тогтвортой ирээдүйн төлөөх хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн манлайллыг нэмэгдүүлье” уриан дор тэмдэглэх юм.
Улс төр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны арванхоёрдугаар сарын 1-9-нд Саудын Арабын Хаант Улсын Эр-Рияд хотноо зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд (UNCCD COP16) оролцох үеэр Саудын Арабын Хаант Улс болон Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал тус тус хийнэ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд тус хурлын дараагийн даргалагчийн хувиар оролцож, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтлын асуудлаарх Монгол Улсын Засгийн газрын байр суурийг илэрхийлж, үндэсний түвшинд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулахын зэрэгцээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Аким Штайнер нартай тус тус уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мөн бага хурлын үеэр болох Усны дээд түвшний уулзалтад оролцож, Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират Улсад ажлын айлчлал хийх үеэр тухайн орнуудын удирдлагатай уулзаж, хоёр талын харилцааг хөгжүүлэх, эдийн засгийн агуулгаар баяжуулах, чингэхдээ хот бүтээн байгуулалт, цахим хөгжил, хиймэл оюун ухаан, төрийн үйлчилгээ зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар дэлгэрэнгүй санал солилцоно.
-
Нийгэм13 цаг өмнө
Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо
-
Нийгэм8 цаг өмнө
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
-
Нийгэм12 цаг өмнө
12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй
-
Улс төр15 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
-
Нийгэм16 цаг өмнө
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
-
Нийгэм9 цаг өмнө
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
-
Эдийн засаг15 цаг өмнө
“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо
-
Улс төр12 цаг өмнө
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ