Улс төр
Д.БАТ-ЭРДЭНЭ: СОНГОГЧИЙН ЖАГСААЛТАД 2,159,000 СОНГОГЧ БҮРТГЭГДЛЭЭ
Сонгуулийн ерөнхий хорооны Хууль, эрхзүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнээс удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлын талаар тодрууллаа.
-Энэ удаагийн сонгуулийн бэлтгэл ажил хэр явж байгаа вэ. Хуулиараа нэр дэвшигчид хэд хоногийн өмнө бүртгүүлж, сурталчилгааг хэд хоногт хийх ёстой вэ?
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажил хуулийн дагуу үргэлжилж, бэлтгэл хангагдаж байна. Сонгууль зохион байгуулалтын онцлог бол хуулиар нарийвчлан тогтоосон цаг хугацаанд хийгддэг процесс ажиллагаа тул хуульд заасан үйл ажиллагааг цаг хугацааны хуваарьт оруулан төлөвлөж, энэ төлөвлөгөөнийхөө дагуу ажил хэвийн үргэлжилж байна. Үүсээд байгаа цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор зарим ажлыг цахим хэлбэрт шилжүүлэн зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т заасны дагуу нэр дэвшүүлэх ажиллагаа 2021 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрөөс тавдугаар сарын 2-ны өдрийг дуусталх гурав хоногийн хугацаанд үргэлжилнэ. Сонгуулийн ерөнхий хороо хуульд заасан нэр дэвшигчийн талаарх холбогдох баримт бичгийг хүлээн авч бүртгэх эсэх асуудлыг Хуралдаанаараа хэлэлцээд 2021 оны тавдугаар сарын 24-ний өдөр нэр дэвшигчдийг нийтэд мэдээлж, нэр дэвшигчийн үнэмлэх олгоно. Нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс буюу тавдугаар сарын 24-ний өдрөөс эхлэн 15 хоногийн хугацаанд сонгуулийн сурталчилгаа үргэлжилнэ.
-Автоматжуулсан системийн бэлтгэл ажил хэр хангагдаж байгаа вэ. Ажиллах хүч, хүнээ бэлтгэсэн үү?
-Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Их Хурлын 2021 оны нэгдүгээр сарын 20-ны өдрийн 8 дугаар тогтоолоор ээлжит сонгуулийн санал авах, тоолох үйл ажиллагаанд сонгуулийн автоматжуулсан системийг хэрэглэх тухай шийдвэр гарсан. Сонгуулийн ерөнхий хороо болон Хорооны дэргэдэх мэдээллийн технологийн төвөөс санал тоолох төхөөрөмжийг сонгуульд бэлтгэх ажил хууль тогтоомж, цаг хугацааны хуваарийн дагуу хэвийн үргэлжилж, төхөөрөмжийн бэлтгэл, бэлэн байдлыг бүрэн ханган ажиллаж байна. Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд зааснаар санал тоолох төхөөрөмжийн ажиллагааг хэсгийн хороонд хариуцан ажиллах мэдээллийн технологийн баг, даамал нь төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчид байх бөгөөд Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх мэдээллийн технологийн төвөөс зохион байгуулсан сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан байх шаардлага тавигддаг. Дээр дурдсаны дагуу цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор сургалтын бүртгэл болон сургалтын үйл ажиллагааг бид цахим хэлбэрээр зохион байгуулж байна.
-Иргэдийн шилжих хөдөлгөөнийг зогсоосон байгаа байх. Энэ удаагийн сонгуульд хэдэн сонгогч саналаа өгөх вэ?
-Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасны дагуу санал авах өдрөөс 60 хоногийн өмнө иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжих хөдөлгөөнийг сонгууль дуусталх хугацаанд зогсоодог. Энэ хугацаа нь дөрөвдүгээр сарын 10-ны өдрөөс Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын тушаалаар хэрэгжиж эхлээд байна. Ер нь иргэний шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт хийгээд байдаг нь ямар учиртай вэ гэхээр сонгууль явуулах гол баримт бичгийн нэг нь сонгогчдын нэрийн жагсаалт байдаг, энэ жагсаалтыг давхардалгүй зөрчилгүй үйлдэх ёстой. Иргэний шилжилт хөдөлгөөнийг хязгаарласнаар сонгогчдын нэрийн жагсаалтыг хөдөлбөргүй, давхардалгүй хийх нэг боломж бүрддэг юм. Энэ үйл ажиллагааг хуульд зааснаар Улсын бүртгэлийн ерөнхий газар зохион байгуулж, улсын хэмжээнд нэгдсэн удирдлагаар хангаж ажилладаг.
Улсын бүртгэлийн ерөнхий газраас Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлсэн мэдээллээр нийт 2,159,000 гаруй сонгогч нэрийн жагсаалтад бүртгэгдээд байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд орсон нэг гол онцлог өөрчлөлт бол сонгогч зөвхөн өөрийн мэдээллийг нягтлан шалгах боломжтой байдаг байсныг энэ удаад өөрийнхөө болон байнга оршин суугаа хаягтаа бүртгэлтэй байгаа нийт сонгогчдын мэдээлэлтэй танилцаж, нягтлан шалгах боломжтой болгосон. Улсын бүртгэлийн ерөнхий газрын цахим хуудаст сонгогчдын нэрийн жагсаалтыг дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн байршуулсан бөгөөд www.burtgel.gov.mn цахим хуудаст хандаж мэдээллээ шалгах боломжтой.
-Гадаадад байгаа монголчууд маань хэрхэн саналаа өгөх вэ. Бүртгэлийг яаж хийх вэ?
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн нэг онцлог бол гадаад улсад байгаа Монгол Улсын сонгуулийн насны иргэд саналаа өгөх боломжтой байдаг. Гадаад улсад байгаа Монгол Улсын иргэдээсээ санал авах ажлыг Төв комисс зохион байгуулдаг. Сонгуулийн ерөнхий хорооны 2021 оны 05 дугаар тогтоолоор гадаад улсад байгаа Монгол Улсын иргэдээс санал авах ажлыг 2021 оны тавдугаар сарын 30, 31-ний өдрүүдэд зохион байгуулахаар тогтоосон. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд зааснаар гадаад улсад байгаа иргэдээс санал авах өдрөөс 40 хоногийн өмнөөс эхлэн 20 хоногийн хугацаанд буюу 2021 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн 2021 оны тавдугаар сарын 9-ний өдрийг дуусталх хугацаанд ажиллаж, амьдарч байгаа улсдаа байгаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газарт утас, и-мэйл хаяг, шуудан, факсаар мөн биечлэн очиж “би энд саналаа өгнө” гэдгээ илэрхийлж бүртгүүлэх хэрэгтэй юм.
-Сум, дүүргийн Сонгуулийн хороодыг байгуулж дууссан уу?
-Энэ сарын 10-ны өдрөөс өмнө сум, дүүргийн сонгуулийн хороодыг байгуулах хуулийн хугацаатай. Энэ дагуу сум, дүүргийн сонгуулийн хороод байгуулагдсан байгаа. Ер нь бүх шатны сонгуулийн байгууллагад ажиллах төрийн албан хаагчтай холбоотойгоор нэг онцлог зохицуулалт орсон нь нээлттэй бүртгэлийн тогтолцоо юм. Энэ нь ямар учиртай вэ гэхээр төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид Сонгуулийн ерөнхий хорооноос зохион байгуулж байгаа сургалтад хамрагдах бүртгэл төрийн албан хаагчдад нээлттэй байна. Сургалтад бүртгүүлсний дараа сорилын шалгалт өгч тэнцсэн тохиолдолд сонгуулийн хороодын бүрэлдэхүүнд ажиллах нээлттэй бүртгэлд бүртгүүлнэ. Ингээд энэ нээлттэй бүртгэлд бүртгэгдсэн төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль болон Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан ерөнхий болон тусгай шаардлага хангасан төрийн албан хаагчид бүх шатны сонгуулийн хороодын бүрэлдэхүүнд томилогдон ажиллах боломжтой.
Улс төр
Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 06 минутад гишүүдийн 52.4 хувийн ирцтэй эхэлж, Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг үргэлжлүүллээ.
Улсын Их Хурлын чуулганы 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн хуралдаанаар санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 68 гишүүний олонх дэмжив. Иймд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүллээ.
Дараа нь Цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенц соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, соёрхон батлахыг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжив. Мөн Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, соёрхон батлахыг дэмжих эсэхээр санал хураалт явуулсан. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 76 гишүүний 70 нь дэмжин, баталлаа. Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлэг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар эхэлсэн бөгөөд өнөөдрийн хуралдаанаар санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 76 гишүүний 90.8 хувь нь дээрх хуулийн төслийг соёрхон батлахыг дэмжлээ.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3-т “Улсын Их Хурал энэ хуулийн 46.1.2-т заасан хууль, тогтоолын эцсийн найруулгатай танилцаж ёсчлохыг зөвшөөрөх” гэж заасны дагуу Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон хамт баталсан хуулиудын эцсийн найруулгыг сонсов.
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Монгол Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу танилцууллаа.
Улсын Их Хурлаас 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр баталсан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгч 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр бүхэлд нь хориг тавьсныг Улсын Их Хурал 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авсан.
Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хамтарсан хуралдаанаас Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан хоригийг Улсын Их Хурал хүлээн авсантай холбогдуулан хууль, тогтоолыг хэрхэн хэлэлцэх талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан юм. Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу ажлын хэсгийг ахалж, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Д.Ганмаа, М.Нарантуяа-Нара, П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир, Х.Тэмүүжин, Г.Уянгахишиг, Б.Хэрлэн нар ажиллажээ.
Ажлын хэсэг 2 удаа хуралдаж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан “Хуралдааны дэгээр зохицуулаагүй асуудлыг хэлэлцэх журам”-ыг баримтлан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс бүхэлд нь тавьсан хоригийг Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх дэгийн тухай хуулийн төсөл боловсруулан энэ сарын 28-ны өдөр Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаанд танилцуулжээ.
Дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр, Н.Наранбаатар, Л.Мөнхбаясгалан, С.Эрдэнэбат, Ц.Идэрбат, Х.Ганхуяг, Ж.Батжаргал, Д.Ганбат, Ц.Даваасүрэн, С.Амарсайхан, Д.Батлут, З.Мэндсайхан, М.Бадамсүрэн нар асуулт асууж, хариулт авсан. Гишүүд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулан, Ерөнхийлөгч төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан тохиолдолд шийдвэрлэх зохицуулалтыг тусгах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлж, энэ талаар ажлын хэсгийн ахлагч болон Байнгын хороодын дарга нараас хариулт, тайлбарыг авсан юм. Түүнчлэн орон нутгийн төсвийн хэлэлцүүлгийн цаглавартай холбоотой тодруулгыг Сангийн сайдаас асууж, хариулт авсан.
Дараа нь Байнгын хороодын саналаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Монгол Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг эцэслэн батлахыг дэмжих санал хураалт явууллаа. Санал хураалтад Улсын Их Хурлын 81 гишүүн оролцож, 55 нь дэмжив. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулах бөгөөд Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжсэн бол эцэслэн баталсанд тооцно” гэж заасан байдаг.
Хуулийн төсөл ийнхүү батлагдаагүй учир Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.8, 90.9 дэх заалтыг баримтлан Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хороо хамтарсан хуралдаанаа хийж, холбогдох асуудлыг хэлэлцэхийг даалгав. Үүгээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Улс төр
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил оролцоо-2024” үндэсний чуулган Төрийн ордонд эхэллээ.
Чуулганаар “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, оролцоог хангах төрийн бодлого, ололт амжилт, тулгамдсан асуудал”, “Эрх зүйн орчны шинэчлэл”, “Нийгмийн оролцоог хангахад иргэний нийгмийн байгууллагын үүрэг, хариуцлага,” “Тогтвортой хөгжилд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо-Олон улсын байгууллагын дэмжлэг, хамтын ажиллагаа” зэрэг сэдвийг хэлэлцэж, зөвлөмж гаргах юм.
Мөн салбар хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн үүрэг, оролцоо, төр, хувийн хэвшил болон төр, иргэний нийгмийн байгууллагын түншлэл, хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ.
Үндэсний чуулганыг Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нээж хэлсэн үгэндээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, хөгжил, хамгаалал, оролцоо нь Ерөнхийлөгч, төр, засгийн бодлого, үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл гэдгийг тэмдэглэлээ.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжих, тэдний сайн сайхан амьдралын төлөөх аливаа бодлого, шийдвэр, санал, санаачилга, үйл ажиллагааг бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
“Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Цагаан алт”, “Эрүүл монгол хүн” болон “Хархорум хот” үндэсний хөдөлгөөнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ гэдгээ хэлэв.
Манай улсад 111 мянга гаруй иргэн хөгжлийн бэрхшээлтэй. Эдгээрийн 84 хувь буюу 93 мянга нь хөдөлмөрийн насных хэдий ч 15 мянга нь л ажил хөдөлмөр эрхэлж байна.
Иймээс төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүд тэднийг ажлын байраар хангах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх, орлого, амьжиргааг нь сайжруулах, нийгмийн хамгаалал, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх нь чухал байгааг тэмдэглэлээ.
Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүрийг баялаг бүтээгч, үйлдвэрлэгч болгохын төлөө ажиллах, санхүүжилтээ нэмэгдүүлэх, онцлогт нь тохирсон ажил, хөдөлмөрийн шинэлэг хэлбэр, үйлчилгээг өргөжүүлэх шаардлагатайг онцлов.
Орон сууцны зээлийн нөхцөлийг сайжруулах, түрээсийн, нийтийн, амины орон сууцны хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн болон ахуйн осол, гэмтлээс шалтгаалсан олдмол хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаад дүгнэлт хийж ажиллахыг Засгийн газарт чиглэл болголоо.
2017-2021 оны Засгийн газар Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв байгуулах, Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалтын үйлдвэрийг Хөдөлмөр, сургалт, хөгжлийн төв болгон өргөтгөх шийдвэр гаргаж байлаа.
Сүүлийн жилүүдэд ч тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр цөөнгүй арга хэмжээ хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг нь тодорхой хувиар нэмж, танхимын сургалт болон хөгжлийн үйлчилгээнд хамрагдах боломжгүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дэмжих үйлчилгээг хөгжүүлэх, орон нутагт Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөгжлийн төв, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвүүдийг байгуулж байна.
Улс төрийн оролцоог нь нэмэгдүүлэхэд анхаарсны дүнд УИХ-д хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлсөн хоёр гишүүн сонгогдсон. Мөн манай тамирчид Паралимпын наадмаас нэг алт, гурван мөнгөн медаль авсан нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд ахиц дэвшил, үр дүн гарч байгаагийн илрэл гэж Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ дурдлаа.
Дэлхийн улс орнууд ирэх сард тохиох “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн олон улсын өдөр”-ийг “Хүртээмжтэй, тогтвортой ирээдүйн төлөөх хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн манлайллыг нэмэгдүүлье” уриан дор тэмдэглэх юм.
Улс төр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны арванхоёрдугаар сарын 1-9-нд Саудын Арабын Хаант Улсын Эр-Рияд хотноо зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд (UNCCD COP16) оролцох үеэр Саудын Арабын Хаант Улс болон Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал тус тус хийнэ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд тус хурлын дараагийн даргалагчийн хувиар оролцож, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтлын асуудлаарх Монгол Улсын Засгийн газрын байр суурийг илэрхийлж, үндэсний түвшинд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулахын зэрэгцээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Аким Штайнер нартай тус тус уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мөн бага хурлын үеэр болох Усны дээд түвшний уулзалтад оролцож, Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират Улсад ажлын айлчлал хийх үеэр тухайн орнуудын удирдлагатай уулзаж, хоёр талын харилцааг хөгжүүлэх, эдийн засгийн агуулгаар баяжуулах, чингэхдээ хот бүтээн байгуулалт, цахим хөгжил, хиймэл оюун ухаан, төрийн үйлчилгээ зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар дэлгэрэнгүй санал солилцоно.
-
Нийгэм12 цаг өмнө
Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо
-
Нийгэм6 цаг өмнө
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
-
Нийгэм11 цаг өмнө
12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй
-
Улс төр13 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
-
Нийгэм14 цаг өмнө
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
-
Нийгэм8 цаг өмнө
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
-
Эдийн засаг14 цаг өмнө
“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо
-
Улс төр11 цаг өмнө
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ