Улс төр
МоАХ-НЫХОН 1990 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 27-НЫ ТҮҮХТ ӨДРИЙГ ЭРГЭН САНУУЛАВ
1990 оны дөрөвдүгээр сарын 24-нд МоАХ, МоАН-аас АИХ-ын Тэргүүлэгчдэд хандаж тулган шаардах бичиг илгээн “1.Ардын түр хурлыг нэн даруй байгуулах, 2. Ард түмний онц зөвлөлийг улс төрийн хүчнүүдийн тэгш оролцоотойгоор байгуулах, 3.МАХН-ын Төв хорооны бүрэлдэхүүнийг Засгийн газрын ордноос гаргаж, МоАХ, МоАН-ын ажиллах хэвийн нөхцөл хангаж байр олгох” гэж шаардан хариуг 27-ны өдрийн 12:00 цагт Сүхбаатарыг талбайд нийтэд уншиж танилцуулахыг хүсчээ. Харин дөрөвдүгээр сарын 26-нд АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга хариугаа хэвлэлээр өгөхдөө “МоАХ, МоАН-д МОНЦАМЭ агентлагийн “Монголия” сэтгүүл, “Новости Монголии” сонины редакцын байрлаж байгаа байрыг өгсөн боловч голоод авсангүй. МАХН эрх баригч нам учраас Төв хороог Засгийн газрын байрнаас гаргах хэрэггүй юм. Дөрөвдүгээр сарын 27 нь баасан гараг, ажлын өдөр тул жагсаал хийхгүй байхыг хүсье” гэсэн байна. Энэ хариуг хангалтгүй гэж үзсэн учраас МоАХ-ны жагсаал хийх шийдвэр хэвээр үлдсэн аж.
Ингээд “Монгол хүн бүр Монголынхоо төлөө шийдвэрлэх үгээ хэлэх цаг өнөөдөр боллоо. Иймээс эх орон нэгт та бүхнийг энэ сарын 27-ны 12:00 цагт Сүхбаатарын талбайд хүрэлцэн ирэхийг уриалан дуудаж байна” гэснээр жагсагчид өөр өөрийн дүүрэгт зохион байгуулалтад орж төв талбайд иржээ. Энэ үеэр Засгийн газрын ордныг цэрэг, цагдаагийн хамгаалалтад авсан байна. Эрх баригчид АИХ-ын Тэргүүлэгчдийн 86 дугаар зарлигийг давтан зөрчсөн хүмүүст хариуцлага тооцохоо чанга яригчаар зарлаж байсан гэдэг. Энэ өдрийн жагсаалд 100 гаруй мянган хүн оролцсон гэдэг мэдээ бий. Хүмүүс бие биеэ шахан урагшилж, эгнэн жагссан цэрэг, жагсаалд оролцогсдын хооронд зайгүй болж эхлэхэд МоАХ-ны зохицуулагч С.Зоригийн “Дэмжиж байгаа нь суугаарай, ухраад нэг, хоёр, гурав” гэсэн үгээр олны түрлэг саатаж цэрэг иргэдийн мөргөлдөөн гарахаас сэргийлсэн талаар бичигдсэн үлдсэн байдаг. Энэ түүхэн өдрийг тохиолдуулж Баянгол дүүргийн МоАХ-ны гишүүд үзэл бодлоо өчигдөр /2021.04.27/ илэрхийлсэн юм.
Баянгол дүүргийн МоАХ-ны дарга Л.Алтансүх.
-Өнөөдөр улс орны байдал туйлын хүнд байна. Нэг намын дарангуйлалд орох магадлал маш өндөртэй байгаа энэ цаг үед улс орны хэмжээнд иргэдийг хөл хорионд оруулаад улс төрийнхөө эрх чөлөөг эдлэх, эвлэлдэн нэгдэх, жагсах, бүх эрх чөлөөг хашсан. Энэ үед Баянгол дүүргийн Ардчилсан холбооноос эсэргүүцлээ илэрхийлэн тэмцэж байна. Өнөөдөр /2021.04.27/ түүхэн өдөр, дээрээс нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагыг бид бүхэн дэмжиж байгаа. МАН эрх барьж байгаа энэ олон жилүүдэд улс орныг маш хүнд байдалд оруулж явуулж буй бодлого шийдвэр иргэдийн аж амьдралыг олон арван жилээр хойш нь татлаа. Ийм бусармаг байдалтай бид тэмцэж байгаа. ЖДҮДС-гийн мөнгө хулгайлсан хүмүүс нь УИХ-д гардаг, 60 тэрбумын схемээр сонгогдсон хүмүүс нь төрийн эрх барьдаг, бүр эцэстээ цэрэгжих байдалд МАН орсон байна. Эдгээр нь Улс төрийн намын тухай хуульд зааснаар татан буугдах нөхцөл бүрдүүлсэн гэж үзэж байгаа. МАН ийм олон хууль зөрчсөн үйлдэл гаргасан учраас Монгол Улсын Ерөнхийлөгч захирамж гаргаж Улсын Дээд шүүхэд өргөн барьсан байгаа юм. Энэ бол хуулийн дагуу хэрэгжих ёстой. Хууль хэрэгжихгүй бол бид тэмцлийнхээ дараагийн хэлбэрт орно. Эрх баригчид ямар нэгэн байдлаар иргэдийн хөлийг хорьж, хөдөлгөөнийг хааж өөрсдийнхөө бусармаг байдлыг улам их лавшруулж байна. Мөн дээрээс нь иргэдийн амьдрал ахуй үндсэндээ маш хүндэрсэн. Сүүлийн 31 жилийн 26-д нь МАН эрх барьсан. Энэ хугацаанд иргэдийн амьдрал доройтож 98 хувь нь ядуу гэсэн ангилалд орчихсон, улс орны хөгжил туйлын хүнд байна. Ингээд зогсохгүй эцэстээ нэг намын дарангуйлалд орох магадлал маш өндөр болсон. Ийм учраас ахмадууд бид ирээдүйнхээ улс орны төлөө, ирээдүйнхээ үр хүүхдийнхээ төлөө жагсаж тэмцэх болно.
Баянгол дүүргийн МоАХ-ны гишүүн С.Эрдэнэцэцэг.
-Өнөөдөр дөрөвдүгээр сарын 27, МоАХ-ны хувьд 1990 оны дөрөвдүгээр сарын 27 ны өдөр Сүхбаатарын талбайд анхныхаа маш том жагсаал цуглаан хийж байсан юм. Энэ жагсаалаар Ардын түр хурал, Ард түмний онц зөвлөлийг байгуулах шаардлагуудынхаа хариуг нэхсэн юм. Иргэд энэ түүхийг мэдэж байгаа байх. Тухайн үед “С.Зориг агсан маань намайг дэмжиж байгаа нь суугаарай” гээд бүх хүмүүсийг талбай дүүрэн суулгаж байсан. Жагсаалд олон мянган хүн өөрийнхөө итгэл, сэтгэлээр нэгдсэн. Ардчилал, ардчилсан нийгмийг хүсэж, эрх чөлөөтэй үгээ хэлдэг, амьдралынхаа төлөө, ирээдүйнхээ төлөө тэр үед 20 хэдэн настай жагсаж байсан хүмүүс өнөөдөр ахмадууд болчихсон дахин тэмцээд зогсож байна. Энэ түүхэн өдрөөрөө МоАХ-ны Удирдах зөвлөл хууль хүчнийхэнд хандсан уриалга гаргаж, ард түмнийхээ талд байж авлигач, дарангуйлагч намын эрх баригчдад зориулж үгээ хэлж байгаа юм. Уриалгад ардчилал, эрх чөлөөний төлөө эвлэлдэн нэгдэж үгээ хэлж байгаа иргэдийн эсрэг үйл ажиллагаа явуулж хөөж тууж, тараахгүй байгаач ээ гэсэн байгаа. Манай Баянгол дүүрэгт ардчилал хөгжсөн, түүнийхээ хүчээр маш их олон том бүтээн байгуулалт хийсэн байдаг. Монгол Улс, үндэстнийхээ төлөө тэмцэгч Чингүнжавын хөшөөний дэргэд бид үгээ хэлж байна. Хуулийнхаа дээр гараад суучихсан МАН-ын захиалгаар, даалгавраар шүүх, Үндсэн хуулийн Цэц, цагдаа, хүчний байгууллага нь ч тэдэндээ үйлчилдэг болсон энэ муухай үзэгдлийн эсрэг бид уриалгаа бариад зогслоо. Харамсалтай нь Баянгол дүүргийн цагдаа нар хүч түрэмгийлээд бидийг тараалаа. Биднийг дэмжсэн иргэдийг байр байрных нь гадаа хорьж цагдсан. Өнөөдөр яг Гитлерийн үеийн фашист цагдаа нар шиг хандаж байна. Тэр үед Еврейчүүдийг яадаг байлаа даа, орон байрнаасаа гарсныг нь буудаж хөл гишгүүлдэггүй байсан шиг монголчуудыг МАН ийм байдалд хүргэчхэж. МАН татан буугдах ёстой. Монгол Улсын Ерөнхийлөгч захирамжаа гаргасан. Тэгэхээр татан буугдах ёстой дарангуйлагч намын даалгавраар цагдаа, хууль хүчнийхэн маань ажиллаад байгаа нь үнэхээр харамсалтай, гутамшигтай байна. Эх орондоо тангараг өргөхдөө ард түмнийхээ аюулгүй байдал сайн сайхны төлөө, тэднийг хамгаална гэж тангараг өргөдөг. Гэтэл МАН гэгч дарангуйлагч намын төлөө, энэ намын үүрэг даалгавар биелүүлэгчээр ажиллаж байгаа нь үнэхээр туйлын харамсалтай. Бид 31 жилийн өмнө залуу насандаа тэмцэж байж олж авсан ардчилал өнөөдөр алга болчихжээ. Монгол Улсад ардчилал байхгүй болсон байна, Ерөнхийлөгчийнхөө захирамжийг ч биелүүлдэггүй, дагадаггүй ийм хуультай, хуулийнх нь дээр нам гарчихсан улс орон болчхож. Монголчууд бид нэг тэнгэртэй, нэг газар шороотой, нэг хувь заяатай тийм болохоор бид сэрэх хэрэгтэй байна. Ардчиллыг дарангуйлсан байдалтай яг энэ чигээрээ байх юм бол үр хүүхэд, ач гуч тэдний маань ирээдүй бүрхэг боллоо. Бид аминдаа хайргүйдээ гудманд гараад зогсоод байгаа юм биш. Бүгд л энэ цар тахалтай тэмцэж байгаа. Гэхдээ бид ухамсартай улсууд шүү дээ, түүнээс хамгаалах, урьдчилан сэргийлэх бүх нөхцөл бололцоог хангаад хариуцлагаа ухамсарлаад 15 минутын лайв жагсаал хийе гэсэн юм. Үнэхээр биднийг эвлэлдэн нэгдэх, цуглахыг цагдаа нар хааж чадаж байна. Ийм нийгэмд үр ач, ирээдүй минь үлдэнэ гэхээр үнэхээр харамсалтай, гэртээ суух ямар ч аргагүй болсон юм. Гэртээ сууж байгаа хүмүүст хэлэхэд монголчууд коронагаар сөнөхгүй харин дарангуйлагчдын гарт, эрх чөлөөгүй байдалд орж ардчиллаа алдсанаараа мөхөл рүүгээ явж байна. Уул нь бид түүхэндээ мундаг тэмцэгч ард түмэн шүү дээ. Энэ тэмцэгч зан чанар маань хааччихваа. Ард түмэн минь бид нартай нэгдэн жагсах гэсэн боловч цагдаа нар үнэхээр хүлээж авсангүй. Нэг намын даалгавар гүйцэтгэгч болж. Үндсэн хуулийн Цэцийн гаднаас яаж хүмүүсийг баривчилж, ачиж байлаа, одоо бас тэгэх л байх. Жил бүхэн С.Зориг агсныхаа хөшөөнд цэцэг өргөж ирсэн. Харин энэ жил цэцэг өргөж чадаагүй. Монголд ардчилал байхгүй болжээ. Ард түмэн минь сэрээчээ, ардчиллаа аврах уу, устгах уу гэдэг иргэн бүрээс, хүн бүрээс шалтгаалахаар болсон байна.
#МонголынМэдээСонин 2021 оны дөрөвдүгээр сарын 28. Лхагва. №053 (5458)
Улс төр
Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 06 минутад гишүүдийн 52.4 хувийн ирцтэй эхэлж, Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг үргэлжлүүллээ.
Улсын Их Хурлын чуулганы 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн хуралдаанаар санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 68 гишүүний олонх дэмжив. Иймд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүллээ.
Дараа нь Цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенц соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, соёрхон батлахыг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжив. Мөн Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, соёрхон батлахыг дэмжих эсэхээр санал хураалт явуулсан. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 76 гишүүний 70 нь дэмжин, баталлаа. Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлэг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар эхэлсэн бөгөөд өнөөдрийн хуралдаанаар санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 76 гишүүний 90.8 хувь нь дээрх хуулийн төслийг соёрхон батлахыг дэмжлээ.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3-т “Улсын Их Хурал энэ хуулийн 46.1.2-т заасан хууль, тогтоолын эцсийн найруулгатай танилцаж ёсчлохыг зөвшөөрөх” гэж заасны дагуу Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон хамт баталсан хуулиудын эцсийн найруулгыг сонсов.
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Монгол Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу танилцууллаа.
Улсын Их Хурлаас 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр баталсан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгч 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр бүхэлд нь хориг тавьсныг Улсын Их Хурал 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авсан.
Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хамтарсан хуралдаанаас Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан хоригийг Улсын Их Хурал хүлээн авсантай холбогдуулан хууль, тогтоолыг хэрхэн хэлэлцэх талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан юм. Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу ажлын хэсгийг ахалж, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Д.Ганмаа, М.Нарантуяа-Нара, П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир, Х.Тэмүүжин, Г.Уянгахишиг, Б.Хэрлэн нар ажиллажээ.
Ажлын хэсэг 2 удаа хуралдаж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан “Хуралдааны дэгээр зохицуулаагүй асуудлыг хэлэлцэх журам”-ыг баримтлан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс бүхэлд нь тавьсан хоригийг Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх дэгийн тухай хуулийн төсөл боловсруулан энэ сарын 28-ны өдөр Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаанд танилцуулжээ.
Дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр, Н.Наранбаатар, Л.Мөнхбаясгалан, С.Эрдэнэбат, Ц.Идэрбат, Х.Ганхуяг, Ж.Батжаргал, Д.Ганбат, Ц.Даваасүрэн, С.Амарсайхан, Д.Батлут, З.Мэндсайхан, М.Бадамсүрэн нар асуулт асууж, хариулт авсан. Гишүүд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулан, Ерөнхийлөгч төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан тохиолдолд шийдвэрлэх зохицуулалтыг тусгах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлж, энэ талаар ажлын хэсгийн ахлагч болон Байнгын хороодын дарга нараас хариулт, тайлбарыг авсан юм. Түүнчлэн орон нутгийн төсвийн хэлэлцүүлгийн цаглавартай холбоотой тодруулгыг Сангийн сайдаас асууж, хариулт авсан.
Дараа нь Байнгын хороодын саналаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Монгол Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг эцэслэн батлахыг дэмжих санал хураалт явууллаа. Санал хураалтад Улсын Их Хурлын 81 гишүүн оролцож, 55 нь дэмжив. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулах бөгөөд Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжсэн бол эцэслэн баталсанд тооцно” гэж заасан байдаг.
Хуулийн төсөл ийнхүү батлагдаагүй учир Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.8, 90.9 дэх заалтыг баримтлан Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хороо хамтарсан хуралдаанаа хийж, холбогдох асуудлыг хэлэлцэхийг даалгав. Үүгээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Улс төр
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил оролцоо-2024” үндэсний чуулган Төрийн ордонд эхэллээ.
Чуулганаар “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, оролцоог хангах төрийн бодлого, ололт амжилт, тулгамдсан асуудал”, “Эрх зүйн орчны шинэчлэл”, “Нийгмийн оролцоог хангахад иргэний нийгмийн байгууллагын үүрэг, хариуцлага,” “Тогтвортой хөгжилд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо-Олон улсын байгууллагын дэмжлэг, хамтын ажиллагаа” зэрэг сэдвийг хэлэлцэж, зөвлөмж гаргах юм.
Мөн салбар хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн үүрэг, оролцоо, төр, хувийн хэвшил болон төр, иргэний нийгмийн байгууллагын түншлэл, хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ.
Үндэсний чуулганыг Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нээж хэлсэн үгэндээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, хөгжил, хамгаалал, оролцоо нь Ерөнхийлөгч, төр, засгийн бодлого, үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл гэдгийг тэмдэглэлээ.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжих, тэдний сайн сайхан амьдралын төлөөх аливаа бодлого, шийдвэр, санал, санаачилга, үйл ажиллагааг бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
“Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Цагаан алт”, “Эрүүл монгол хүн” болон “Хархорум хот” үндэсний хөдөлгөөнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ гэдгээ хэлэв.
Манай улсад 111 мянга гаруй иргэн хөгжлийн бэрхшээлтэй. Эдгээрийн 84 хувь буюу 93 мянга нь хөдөлмөрийн насных хэдий ч 15 мянга нь л ажил хөдөлмөр эрхэлж байна.
Иймээс төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүд тэднийг ажлын байраар хангах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх, орлого, амьжиргааг нь сайжруулах, нийгмийн хамгаалал, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх нь чухал байгааг тэмдэглэлээ.
Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүрийг баялаг бүтээгч, үйлдвэрлэгч болгохын төлөө ажиллах, санхүүжилтээ нэмэгдүүлэх, онцлогт нь тохирсон ажил, хөдөлмөрийн шинэлэг хэлбэр, үйлчилгээг өргөжүүлэх шаардлагатайг онцлов.
Орон сууцны зээлийн нөхцөлийг сайжруулах, түрээсийн, нийтийн, амины орон сууцны хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн болон ахуйн осол, гэмтлээс шалтгаалсан олдмол хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаад дүгнэлт хийж ажиллахыг Засгийн газарт чиглэл болголоо.
2017-2021 оны Засгийн газар Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв байгуулах, Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалтын үйлдвэрийг Хөдөлмөр, сургалт, хөгжлийн төв болгон өргөтгөх шийдвэр гаргаж байлаа.
Сүүлийн жилүүдэд ч тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр цөөнгүй арга хэмжээ хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг нь тодорхой хувиар нэмж, танхимын сургалт болон хөгжлийн үйлчилгээнд хамрагдах боломжгүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дэмжих үйлчилгээг хөгжүүлэх, орон нутагт Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөгжлийн төв, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвүүдийг байгуулж байна.
Улс төрийн оролцоог нь нэмэгдүүлэхэд анхаарсны дүнд УИХ-д хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлсөн хоёр гишүүн сонгогдсон. Мөн манай тамирчид Паралимпын наадмаас нэг алт, гурван мөнгөн медаль авсан нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд ахиц дэвшил, үр дүн гарч байгаагийн илрэл гэж Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ дурдлаа.
Дэлхийн улс орнууд ирэх сард тохиох “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн олон улсын өдөр”-ийг “Хүртээмжтэй, тогтвортой ирээдүйн төлөөх хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн манлайллыг нэмэгдүүлье” уриан дор тэмдэглэх юм.
Улс төр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны арванхоёрдугаар сарын 1-9-нд Саудын Арабын Хаант Улсын Эр-Рияд хотноо зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд (UNCCD COP16) оролцох үеэр Саудын Арабын Хаант Улс болон Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал тус тус хийнэ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд тус хурлын дараагийн даргалагчийн хувиар оролцож, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтлын асуудлаарх Монгол Улсын Засгийн газрын байр суурийг илэрхийлж, үндэсний түвшинд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулахын зэрэгцээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Аким Штайнер нартай тус тус уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мөн бага хурлын үеэр болох Усны дээд түвшний уулзалтад оролцож, Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират Улсад ажлын айлчлал хийх үеэр тухайн орнуудын удирдлагатай уулзаж, хоёр талын харилцааг хөгжүүлэх, эдийн засгийн агуулгаар баяжуулах, чингэхдээ хот бүтээн байгуулалт, цахим хөгжил, хиймэл оюун ухаан, төрийн үйлчилгээ зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар дэлгэрэнгүй санал солилцоно.
-
Нийгэм9 цаг өмнө
Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо
-
Нийгэм8 цаг өмнө
12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй
-
Нийгэм4 цаг өмнө
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
-
Улс төр11 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
-
Нийгэм12 цаг өмнө
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
-
Нийгэм5 цаг өмнө
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
-
Эдийн засаг11 цаг өмнө
“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо
-
Улс төр8 цаг өмнө
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ