Нийгэм
1970-аад оныхныг гоочлохыг зөвшөөрөхгүй
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр өчигдөр /2022.05.03/ тохиолоо . Одоогоос 30 жилийн өмнө “Африкийн чөлөөт, олон ургалч хэвлэл мэдээллийг хөхиүлэн дэмжих Виндхукийн тунхаглал”-ыг батлуулахаар Африкийн өнцөг булан бүрээс сэтгүүлч, редактор, хэвлэн нийтлэгчид цуглан байр сууриа нэгтгэснээр Олон улсын сэтгүүлчдийн эрхийг хамгаалах өдөр бий болсон түүхтэй. Монголын сэтгүүлчид энэ өдрийг тэмдэглэх болсоор овоо хэдэн жилийн нүүр үзэж буй. Энэ жилийн тухайд “Цахим дайралтад өртсөн сэтгүүл зүй” уриан дор тэмдэглэж өнгөрүүлэв. Нэр томъёоны тухайд хөндөх ёстой сэдэв мөнөөс мөн. Дижитал хөгжлийн эрин үе ноёлж буй энэ цаг дор хэн дуртай нь сэтгүүлчийн ажлыг гүйцэтгэх болсон. Тэр бүү хэл, “ Сэтгүүлч гэх мэргэжил байхын хэрэг байна уу. Микрофонтой байхад л хэн ч хийж чадах ажил юм биш үү” гэх ойлголтыг төрүүлээд зогсохгүй мунхаг зарим нь мөнгө олох хамгийн амархан хэрэгсэл гэж ойлгоод байх шиг байна. Нөгөөтэйгүүр, залуу сэтгүүлчид ахмад үе рүүгээ байсхийгээд л давшлах болж. Шулуухан хэлэхэд, 1970-аад оныхон сэтгүүл зүйн салбараас “арчигдсан” цагт л Монголын сэтгүүл зүй эрүүл саруул болох мэтээр аашлах юм. Арчаагүйдээ орон байргүй, хөл дүүжлэх унаагүй, халаас хоосон яваа юм байна, бид. Үгүй дээ, дүү нар минь. Цаг нь ирэх гэж нэг юм байдаг. Монголын сэтгүүл зүйн хөгжил энэ өндөрлөгт хүрэхэд бидний, биднээс өмнөх үеийн сэтгүүлчдийн буй болгосон хөрсний үржил шимийг залуучууд та бүхэн хүртэж байгаа гэдгийг ямагт санаж явахтун.
Сэтгүүлч хүн мэдлэгтэй, мэдрэмжтэй, бурууд хараа хурц бай хэмээн ахмад үе маань сургаж байснаас бусдыг буланд шах, ам руу нь микрофоноо “чих”, араас нь дагаад гүй, аргагүй байдалд оруул гэж хэлж , сургаж байсангүй. Тийм зүйл гаргах аваас тэр даруй энэ салбараас хөөгдөнө. Шүүхэд дуудагдаж, цагдаад байцаагдаж байгаагаа зовлон гэж ойлгож явсангүй ээ. Үүнийг давах тэнхээтэй байж гэмээнэ сэтгүүлч болж чадна, “бүү няц” гэнэ. Албан тушаал, авлигалын хэрэг зөвхөн өнөөдөр бий болсон зүйл биш. Байсан зүйл, байсаар ирсэн. Түүнийг нь илчлэх, баримтаар нотлох нь сэтгүүлчийн үүрэг. Эл үүргээ ажил гэж бодож байснаас хэн нэгэнд ялархаж явсангүй. Хүргэж өгөх унаа цуцааны тухайд саналтгүй. Хилийн заставт буун дуу гарахад хөөрхий сэтгүүлч замын унаа дамжин, сэтгүүлчийнхээ үнэмлэхээр нүүр хийж явсаар хэргийн газарт очдог байлаа. Гутлынхаа улыг ханзартал орчлон хорвоогоор бидэрч, кино зохиол цаашаа болтол мухарлаж ирсэн цаг үе, туршлага бидний үеийнхэнд бий юм шүү. Үйл явдлыг дүрсжүүлэх, газар дээрээс нь шууд харуулах ухаалаг гар утас энэ тэр байсангүй. Шулуухан хэлэхэд, 1970-аад оныхон дуулаагүй, туулж гарсан зам мөртэй юм аа. Бид хэзээ ч дээд үе рүүгээ дайрч давшилж, элдэвлэдэггүй. Харин ч тэднээс үлгэр дууриалал авч, тэдэн шиг нэртэй, мөртэй сэтгүүлч болохыг мөрөөдөж явлаа. Үүрийн таван жингээр редакцидаа ирж, үдшийн бүрий тасрахтай зэрэгцэн гэрээ бараа харна. Автобус зогсвол алхана. Хэдэн арван саяын шагнал ч гэж байсангүй. Оны шилдэг сэтгүүлчээр шалгарахад цаасан өргөмжлөл, 100 мянган төгрөг төдийхнөөр шагнаж урамшуулна. Шилдэг гэсэн үгэнд баясч түүгээрээ өөрийгөө гоёж явж дээ. Харин бардам хэлэхэд, бидэнд ёс зүй нь байсан юм шүү. Редакц нь сэтгүүлчээ хүмүүжүүлдэг, ирээдүйгээ тэндээс олж хардаг тийм л ертөнцөд ажиллаж, амьдарчээ, бид. Сайхан хамт олны тогоонд чанагдаж, өөрийгөө олж авсандаа баяртай явдаг юм аа, дүү нар минь. Чухам эндээс л хадаг барьсан багш, шавиуд төрдөг.
Философийн шинжлэх ухаанд “Хөгжил дороосоо дээшээ ороомог маягаар өгсдөг” хэмээнэ. Энэ хуулийг Монголын сэтгүүл зүй ч тойроогүй, жам гольдирлыг нь дагасаар буй. Харамсалтай нь өнөөдрийг хөгжил гээд байгаа зүйл чинь уламжлалыг уландаа гишгиж байх шиг байна. Сэтгүүл зүйд шинэ технологи нэвтэрч, шинэ үе төрж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ уламжлалыг хадгалж, ахмад сэтгүүлчид, редакцын бодлого, хувь сэтгүүлчийн болон хамт олны мэргэжлийн кодоо барих ёстой.
Миний, бидний мэргэжил сэтгүүлч. “Ой мод урттай богинотой, Сайнтай муутай сав дүүрдэг” нь хорвоогийн тавилан. Сайн сайхан яваа залуучууд олон байна. Тэднээр бахархах учиртай. Бие биеэ хэмлэх, ахмад үе рүүгээ дайрч давшлахдаа бус , үгийг нь сонсч өөртөө дүгнэлт хийж яваасай гэж хүсэх байна. Бид бэлтгэсэн мэдээнд минь итгэ гэж олон нийтийг уриалах нь утгагүй. Бас ийм замаар амжилтад хүрэхгүй гэдэг нь нэгэнт тодорхой болжээ. Олон нийтэд үнэн худал, мэдээллийг шүүж тунгаах боломжийг олгохын төлөө ажиллах цаг ирсэн байна. Уншигчид, сонсогчид, үзэгчдийн боловсрол маш өндөр болсон. Доод тал нь гурван хэлээр чөлөөтэй ярьдаг тэдний оюуны хэрэгцээ, шаардлагыг хангахын тулд бидэнд тэднээс сурах зүйл их бий. Тэдэнд гологдвол бидэнд нүүрээ хийх газар олдохгүй болж мэднэ. за, ийм л байна даа залуучууд минь.
Нийгэм
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах 11 арга хэмжээ төлөвлөснөө 100 хувь бүрэн хангалаа.
Улсын чанартай авто замын халтиргаа гулгаа үүсдэг хэсэг, зам, даваанд ашиглах хуурай элс, үнс, давсыг нөөцлүүлэх, шуурхай ажлын хэсэгт ажиллах машин механизмын засвар үйлчилгээг хийлгэж, бэлтгэж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг зөвлөгөөнийг удирдан явууллаа.
Шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 22 дугаар шуурхай хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн явцыг Хяналт, үнэлгээний газрын дарга Ц.Рэгзэдмаа танилцууллаа.
Хуралдааны дэгийн дагуу өвөлжилтийн бэлтгэл, давс бодисын нөөцлөлт болон хадгалалт хамгаалалтын нөхцөлийг сайжруулах хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээлэл, инженерийн хангамжийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах команд штабын дадлага сургуулилтын үр дүн, ус хангамж, ариутгах татуурга, инженерийн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэл, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд 2025 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөлт, сургууль цэцэрлэгүүдийн халаалт, нүүрсний нөөцлөлт, бэлэн байдалд явуулсан үзлэг, нөхцөл байдлын талаарх мэдээлэл, хяналтын камерыг нэмэгдүүлэх, удирдлагын төвийг бий болгох чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох газрын удирдлагууд танилцуулж авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.Батзориг дүүрэг бүр хүлээсэн үүргийн дагуу цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг эрчимжүүлж дүүргийн харьяанд байгаа үйлчилгээний байгууллага, төлбөртэй зогсоолууд, томоохон зах худалдааны төвүүдэд хяналт хийж 50 метрийн цэвэрлэгээ үйлчилгээг байнга хийх дадлыг бий болгоход анхаарч, хариуцлагагүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийн хяналтыг сайжруулахыг анхаарууллаа.
Мөн хот нийтийн аж ахуй чиглэлээр ажиллаж байгаа техникийн хяналтыг сайжруулахад технологийн шийдлийг ашиглаж ажиллахыг чиглэл болгож, инженер хангамжийн чиглэлээр 3, хог хаягдал, менежментийг сайжруулах чиглэлээр 7, тохижилт ногоон байгууламжийн чиглэлээр 2, нийт 12 үүрэг даалгаврыг холбогдох чиг үүргийн байгууллагуудад өгч ажиллалаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Нийгэм
Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно
“Хийморь” төслийн хүрээнд зохион байгуулж буй дэлхийн хүчтэнүүд монгол үндэсний бөхөөрөө барилдах “Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан зохион байгуулагдах гэж байна.
1999 онд зохион байгуулагдсан тус барилдаан тэнцээгээр өндөрлөсөн бол ийнхүү 25 жилийн дараа энэ цагийн хүчтэнүүд хайнааг хагалах гэж байна.
“Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан 2024 оны 12 дугаар сарын 15-ны 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.
-
Нийгэм13 цаг өмнө
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
-
Нийгэм19 цаг өмнө
Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо
-
Нийгэм18 цаг өмнө
12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй
-
Улс төр20 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
-
Нийгэм21 цаг өмнө
Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ
-
Нийгэм21 цаг өмнө
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
-
Нийгэм15 цаг өмнө
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
-
Эдийн засаг20 цаг өмнө
“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо