Нийгэм
“Эхийн алдар” хүртсэн ээжүүд
Энүүгээр тэрүүгээр гүйх балчир жаалууд, зарим нь аавдаа тэврүүлэн ээжийгээ нэхэн уйлагнах хүүхдүүд энэ хэдэн хоног Сүхбаатарын талбайг дүүргэж байлаа. Хэргийн учир нь Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан, Олон хүүхэд төрүүлж өсгөсөн ээжийг урамшуулах тухай хууль болон Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, алдарт эхчүүдэд одон гардуулж байгаа билээ. Энэ л бужигнаан дунд энгэртээ сайн, дэндүү сайн ээжийн одонгоо зүүн инээмсэглэн алхах ээжүүдийн дэргэдээс энэ удаагийн сурвалжилгаа бэлтгэлээ.
Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж дөрвөн хүүхэд төрүүлсэн эх II, зургаа болон түүнээс дээш хүүхэдтэй бол I зэргийн одон олгохоор хуульчилсан. Харин түрүүнд нь долоон хүүхэд төрүүлсэн бол нэг, таван хүүхэд төрүүлсэн бол хоёрдугаар зэргийн одон олгодог байсан юм.
Энэ жил алдарт эхийн одонгоор улсын хэмжээнд нийт 12.559 ээж, үүнээс I зэргийн одонгоор 912, II зэргийн одонгоор 11.647 ээжийг шагнах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарсан. Тодруулбал нийслэлийн есөн дүүргээс нийт 5429 ээж, үүнээс I зэргийн одонгоор 349, II зэргийн одонгоор 5080, 21 аймгаас нийт 7056 ээж, үүнээс I зэргийн одонгоор 560, II зэргийн одонгоор 6496, гадаадад оршин суугаа нийт 74 ээж, үүнээс I зэргийн одонгоор гурав, II зэргийн одонгоор 71 ээжийг тус тус шагнах юм байна. Одоогийн байдлаар Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул дүүрэгт оршин суудаг ээжүүдэд одонг нь гардуулан өгсөн байна. Харин даваа гарагт буюу өчигдөр Баянгол, Чингэлтэй, Налайх, Багануур, Багахангай дүүрэг, бол өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн ээжүүд алдарт эхийн одонгоо авч буй юм.
“Алдарт эх” одонг анх 1958 оноос эхлэн АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлигаар Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн олон хүүхэдтэй эхчүүдэд олгож ирсэн. Энд нэгэн судалгааг дурдахад 1958-2000 онд гэхэд л Улаанбаатар хотоос 42.489 эх энэ одонгоор шагнагджээ. Үндэсний төв архивт хадгалагдаж буй “Алдарт эхийн одон”-гийн холбогдох баримтыг цахим хэлбэрт шилжүүлснээр эхийн одонгийн лавлагааг хялбар түргэн олгох бололцоо бий болгож, 2005 оноос эхлэн байгууллага иргэдэд үйлчилсээр иржээ. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад Алдарт эхийн I, II зэргийн одонтой хоёр зуун мянга хол давсан ээжүүд бүртгэлтэй байна.
Хүүхэд бол аливаа үндэстний баяр баясгалан, ирээдүй, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, бат бөх холбоос. Хүүхэд бол бидний бүх үнэт зүйл. ХХ зууны эхээр 700 мянга хүрэхтэй үгүйтэйд тооцогдож, мөхөж байгаа үндэстний тоонд бичигдэж байсан монголчууд ХХ зууны сүүлч гэхэд хоёр сая дахь иргэнээ хүлээн авсан нь монгол төрийн олон зөв бодлогын нэг байсан юм. БНМАУ-ын үеэс Төрөөс олон хүүхэдтэй гэр бүлийг дэмжих бодлого явуулж “хүүхдийн мөнгө”-ийг тусгайлан олгох, “хүүхдийн жил”-ийг тусгайлан зарлах зэргээр хүн амаа өсгөх бодлогыг тууштай явуулсны үр дүнд бид өнөөдөр гурван сая гаруй иргэдтэй болсон билээ. Хүн ам зүйн үүднээс нэг гэр бүл хоёр хүүхэд төрүүлж, өсгөвөл нөхөн үржихүйн тэнцвэр хадгалагдаж, гурваас дээш хүүхэд төрүүлж, өсгөвөл хүн амын тоо өснө гэж үздэг ажээ. Алдарт эхийн одонг дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж, өсгөж, хүмүүжүүлж буй эхчүүдэд олгож байгаа нь Монголын төр үеийн үед хадгалж, дэмжиж, бэхжүүлж явах учиртай нандин уламжлал, залгамж бодлого юм.
Энгэртээ “Алдарт эх”-ийн одон гялалзуулсан залуухан ээжүүд Төрийн ордны урд хаалгаар гарч ирэхэд, тэднийг гэр бүл, хань ижил, үр хүүхдүүд нь сэтгэл догдлон хүлээн авч байлаа. Ингээд “Алдарт эх”-ийн одон авсан ээжүүдийн төлөөллийн сэтгэгдлийг нь хүргэе.
Э.Бямбажав: Эх орондоо гурван цэрэг нэг эмч төрүүлж өгсөн
Энэ өдөр төрийн ордонд, төрийн тэргүүнээсээ одонгоо гардаж авсандаа туйлын их баяртай байна. Яагаад ч юм баярлах, сандрах давхцаад одон авна гэдгээ сонссон өдрөөсөө л догдолж эхэлсэн. Манайх ам бүл зургуулаа, гурван хүү нэг охинтой эх орондоо гурван цэрэг нэг эмч төрүүлж өгсөн. Миний хань бид хоёр гурван хүүтэй болохоор охин хүүхэд их хүссэн тиймдээ ч одонгийн маань хүүхэд охин болж мэндэлсэн байх гэж боддог. Манай ээж мөн адил “Алдарт эх”-ийн хоёрдугаар одонтой тэр одон нь манай гэрт байдаг. Эргээд бодоход ээж минь намайг “Алдарт эх”-ийн одон аваасай гэж бэлгэдэж одонгоо надад хадгалуулдаг байсан юм байна гэж одоо бодогдож байна. Миний болон манай гэр бүлийн хувьд энэ өдөр гайхалтай, мартагдашгүй, дурсгалтай өдрүүдийн нэг болон өнгөрч байна.
С.Шинэхүү: “Алдарт эх”-ийн одон авсан мянга мянган ээжүүддээ баяр хүргэе
Дөрвөн хүүхдийн ээж болж төрийн ордонд аавынхаа нэрийг дуудуулж “Алдарт эх”-ийн одонгоор энгэрээ мялаасандаа маш их баяртай байна. Манай гэр бүл зургуулаа амьдардаг эхлээд гурван охин төрүүлсэн удаах одонгийн хүүхэд маань хүү болон мэндэлсэн. Нөхөр маань мөн адил ээждээ “Алдарт эх”-ийн одон авчирч тав дахь хүүхэд нь болон ирсэн. Энэ өдөр надтай адил “Алдарт эх”-ийн одон авсан мянга мянган ээжүүддээ баяр хүргэе.
Ч.Халиунаа: Эмээ шигээ одонтой ээж болохыг хүссэн
“Алдарт эх”-ийн хоёрдугаар одонгоо авсандаа маш их, бүр дэндүү жаргалтай байна. Би хүүхэд бага наснаасаа л дөрвөн хүүхэдтэй болно, болох болохдоо хүү охин, хүү охинтой болохыг хүсдэг байсан тэр бодол маань өнөөдөр биеллээ олсон. Энд нэгэн ярих хүн маань бол манай эмээ тэрбээр 15 хүүхэд өсгөн хүмүүжүүлж “Алдарт эх“-ийн I,II одонтой. Ийм л өнөр өтгөн айлын гишүүн болохоор би ч гэсэн эмээ шигээ одонтой ээж болохыг хүссэн.
Энэ бол хамгийн шударга шагнал, хамгийн нандин, бахархал төгс одон. Хүндэт эхчүүд, та бүхэнд сонины редакцын хамт олныхоо өмнөөс талархал илэрхийлье. Түүх болж үлдсэн эрт дээр цагаас өнөөдрийг хүртэл эхчүүд та нар минь монгол үндэстний бахархал, баяр баясгалан юм. Та бүхний үр хүүхдээ эрүүл саруул өсгөж, хүмүүжүүлж байгаа чин сэтгэл, цуцашгүй зүтгэлд талархаж байна. Монголын үрс маш олон болтугай. Монголын эхчүүдийн өлзий жаргалан үүрд уртад нэмэх болтугай. Алдарт эхийн одон бол ээж таны дундаршгүй хайр, алдар хүндийн илэрхийлэл хамгийн хүндтэй шагнал билээ.
Нийгэм
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах 11 арга хэмжээ төлөвлөснөө 100 хувь бүрэн хангалаа.
Улсын чанартай авто замын халтиргаа гулгаа үүсдэг хэсэг, зам, даваанд ашиглах хуурай элс, үнс, давсыг нөөцлүүлэх, шуурхай ажлын хэсэгт ажиллах машин механизмын засвар үйлчилгээг хийлгэж, бэлтгэж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг зөвлөгөөнийг удирдан явууллаа.
Шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 22 дугаар шуурхай хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн явцыг Хяналт, үнэлгээний газрын дарга Ц.Рэгзэдмаа танилцууллаа.
Хуралдааны дэгийн дагуу өвөлжилтийн бэлтгэл, давс бодисын нөөцлөлт болон хадгалалт хамгаалалтын нөхцөлийг сайжруулах хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээлэл, инженерийн хангамжийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах команд штабын дадлага сургуулилтын үр дүн, ус хангамж, ариутгах татуурга, инженерийн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэл, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд 2025 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөлт, сургууль цэцэрлэгүүдийн халаалт, нүүрсний нөөцлөлт, бэлэн байдалд явуулсан үзлэг, нөхцөл байдлын талаарх мэдээлэл, хяналтын камерыг нэмэгдүүлэх, удирдлагын төвийг бий болгох чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох газрын удирдлагууд танилцуулж авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.Батзориг дүүрэг бүр хүлээсэн үүргийн дагуу цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг эрчимжүүлж дүүргийн харьяанд байгаа үйлчилгээний байгууллага, төлбөртэй зогсоолууд, томоохон зах худалдааны төвүүдэд хяналт хийж 50 метрийн цэвэрлэгээ үйлчилгээг байнга хийх дадлыг бий болгоход анхаарч, хариуцлагагүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийн хяналтыг сайжруулахыг анхаарууллаа.
Мөн хот нийтийн аж ахуй чиглэлээр ажиллаж байгаа техникийн хяналтыг сайжруулахад технологийн шийдлийг ашиглаж ажиллахыг чиглэл болгож, инженер хангамжийн чиглэлээр 3, хог хаягдал, менежментийг сайжруулах чиглэлээр 7, тохижилт ногоон байгууламжийн чиглэлээр 2, нийт 12 үүрэг даалгаврыг холбогдох чиг үүргийн байгууллагуудад өгч ажиллалаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Нийгэм
Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно
“Хийморь” төслийн хүрээнд зохион байгуулж буй дэлхийн хүчтэнүүд монгол үндэсний бөхөөрөө барилдах “Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан зохион байгуулагдах гэж байна.
1999 онд зохион байгуулагдсан тус барилдаан тэнцээгээр өндөрлөсөн бол ийнхүү 25 жилийн дараа энэ цагийн хүчтэнүүд хайнааг хагалах гэж байна.
“Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан 2024 оны 12 дугаар сарын 15-ны 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.
-
Нийгэм9 цаг өмнө
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
-
Нийгэм14 цаг өмнө
Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо
-
Нийгэм13 цаг өмнө
12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй
-
Улс төр16 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
-
Нийгэм17 цаг өмнө
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
-
Нийгэм11 цаг өмнө
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
-
Эдийн засаг16 цаг өмнө
“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо
-
Улс төр13 цаг өмнө
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ