Дэлхий дахинд
Шри-Ланк бензингүй болж нийтийн тээврээ зогсоолоо
Шри-Ланкийн газрын тосны Цейлон корпорацийн мэдээлснээр тус улсын нөөцөд ердөө 7,5 мянган тонн дизель түлш, 1,1 мянган тонн бензин байгаа нь ердийн хэрэглээгээр тооцоход ганцхан хоногийн хэрэглээнд хүрэлцэхээр байна.
Үүнээс үүдээд Шри-Ланкийн сайд нарын танхим даваа гарагт хуралдаж онцгой нөхцөлд хэрэглэх нөөц үлдээхийн тулд шатахууныг эмнэлэг, хүнсний хангамжийн байгууллагаас бусдаар нийтэд худалдаалахыг хоёр долоо хоногоор зогсоох шийдвэр гаргасан байна. Мөн ойрын үед нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно гэдгийг Засгийн газрын албан ёсны төлөөлөгч Бандула Гунавардане анхааруулжээ. Тэр бас хувийн хэвшлийнхэн ажилтнуудаа гэрээс нь ажиллуулах хэрэгтэй гэсэн байна.
Тус улсад өнгөрсөн долоо хоногт төрийн бүх сургуулийг хаасан бол төрийн байгууллагууд хэсэгчлэн ажиллаж эхэлсэн юм.
Шри-Ланкад дундаж цалин ердөө 158 доллар байхад энэ сард литр бензин 1,52, дизель түлш 1,27 доллар болж өсөөд байгаа юм.
Ийнхүү Шри-Ланка тусгаар тогтнолоо зарласан 1948 оноос хойш эдийн засгийн хамгийн хүнд хямралд ороод байгаа нь энэ. Энэ хямралын гол асуудал нь асар их гадаад өрөө төлж дийлэхгүй болсон явдал. Засгийн газар 2009 онд Хятад, Япон, Энэтхэгээс асар их зээл авч үр ашиггүй төслүүд санхүүжүүлсэн. Үүний дараа тус улсын удирдлага химийн бордооны импортод хязгаар тогтоосон нь ургац эрс муудахад хүргэсэн юм.