Нийгэм
Шөнө явж буй жолооч нар минь гэрлээ шилжүүлж бие бие хүндэтгэе
Т.Эрдмаа
Энд тэнд хаасан замын ачааллыг эс тооцвол Улаанбаатарын түгжрэл ерөнхийдөө шингэрчээ. Өглөө ажил цуглах үеэр Таван шараас Багшийн их сургууль хүртэл төв замаар 40 орчим минут явж байна. Фейсбүүк ч амралтаа аваад аялал зугаалгад гарсан, байгалийн сайхныг биширч яваа хүмүүсийн зургаар давлагаалаад эхэлчхэж. Тээврийн цагдаагийн газраас ч “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” аян хэрэгжүүлээд эхлэв. хүмүүс ч үүнийг талархалтай хүлээн авч нэгийг санаж хоёрыг сэрж яваа аж.
Тодруулбал, цахим орчинд “Цагдаа дохив. Бичиг баримтаа үзүүлэх гэтэл Үнэмлэх яах вэ. Бууж кофе уунгаа биеийн чилээгээ гаргаад яв. Хэдэн цагт гарав. Нойр нь хүрээгүй биз гэж байна. Гэтэл өглөө 05:00 цагт хотоос 100 км-т жолооч нар ингээд бөөн инээд хөөр болоод кофегоор дайлуулж байдаг байгаа. Ийм гоё сэтгэл зүйтэй хөдөлж байгаа жолооч нар аажуухан аюулгүй явах нь эргэлзээгүй биз ээ. Ямар их сэтгэл, зүтгэл вэ. Баярлалаа цагдаа” гэсэн бичвэр олны анхаарлыг татаж байна.
Монголчууд ч аян замд гарч буй хүнээ “Сайн яваад ирээрэй” гэж хэлээд үддэг. Түүнээс биш “Хурдан яваад ирээрэй” гэж хэлдэггүй. Тэгэхээр аян замд жолоо мушгиж яваа нөхөд минь хурдаа тохируулж дүрмээ баримтлаад явбал хол зам туулж зорьсон хэргээ бүтээгээд аз жаргалтай гэртээ ирэх нь тодорхой. Гэхдээ манайханд дүрмээ баримталдаггүй дөргүй бух шиг зүтгэдэг хүмүүс бас бий. Ялангуяа шөнийн цагт гэрэл шилжүүлнэ гэсэн ойлголт зарим жолоочид огт байдаггүй.
Хотын төвд ч, хөдөө замд ч их гэрлээ бүр нэмэлт гэрэл асаагаад эсрэг урсгалд яваа жолоочийн нүдийг сохлом тусгаад хөндлөн гулд давхих нь яана. Ийм нөхцөлд зөрж буй машин нь замын хажуу руу шахаж зогсохоос өөр аргаггүй байдалд оруулах нь энүүхэнд. Энэ нь нөгөө “Би болж байвал бусад нь падлийгүй” гэсэн муухай монгол зан гэлтэй. Тэгэхээр шөнийн цагт машинтай зөрөхдөө гэрэл шилжүүлэх, нэмэлт гэрэл асаахгүй байх зөвлөгөө өгөх, гэрлийн тусгалыг ойлгуулсан аян зохиовол бас зүгээр санагдана. Шөнө замд явж байхад цувраа таван машин зөрөхөд нэг, хоёр нь гэрэл шилжүүлдэг. Бусад нь холын гэрэлтэй явдаг гэхэд хилсдэхгүй. Энэ байдал нь зөрж буй болон урд нь яваа жолоочид нэн төвөгтэй. Тодруулбал, зөрж буй жолоочид юу ч харагдахгүй. Урд нь яваа жолоочийн толинд гэрэл гялбаж харагдах орчныг хязгаарлаж орхидог талтай. Ингээд бас л цахим орчинд аль болох олон хүнд түгээхийг хүссэн нэгэн бичвэрээс хүргэе.
Үүнд “Хөдөөгийн замд шөнө гэрлээ шилжүүлсэн жолооч нартаа баярлалаа. Урд шөнө эхнэр, хүүхэдтэйгээ машинаа бариад гэрийн зүг жолоо залж ирлээ. Замд таарсан машинууд гэрлээ шилжүүлж байгаа нь гарын 10 хуруунд багтахаар цөөхөн юм. Зарим том тэрэг, Истана, Портерууд нь бараг албаар нэмэлт гэрлээ асааж улам гялбуулж байна. Тэр бүрд нь зогсож өнгөрүүлсээр гэртээ эсэн мэнд ирлээ. Бид цөөхүүлхнээ байж нэгэндээ ямар хайргүй юм бэ? Яагаад зүгээр л ганцхан удаа хуруугаа хөдөлгөөд хэн нэгний гэр бүлд, хэн нэгний хайртай хүнд эсэн мэнд зорьсон газартаа хүрэхэд нь тус болж болохгүй байгаа юм бэ? Хүмүүсээ нэгнээ хайрлаж гэрлээ шилжүүлдэг байцгаая гэж та бүхнээсээ хичээнгүйлэн гуйж байна” хэмээн өгүүлжээ. Гэрэл шилжүүлэхгүй байх, хурц гэрэл өөрт нь давуу байдал үүсэж буй мэт боловч ашиг гарахгүй. Учир нь эсрэг урсгалын машинтай “түс, тас” хийчихвэл яана. Хэн хэндээ зовлонтой л зүйл болно шүү дээ.
Онолын хувьд “Нартай үед орчны гэрэлтүүлэг 100 мянган люкс байдаг бол шөнийн харанхуйд 0,0001 люкс болтол буурч, хүний харах чадвар нэг тэрбум дахин багасдаг тул харанхуй үед замын хөдөлгөөнд оролцох нь хамгийн хүндрэлтэй байдаг” гэдгийг эрдэмтэд тогтоожээ.
Шулуун замд холын гэрэл нь 500-700 метр зайнаас сөрөг нөлөөгөө үзүүлж эхэлдэг гэсэн тооцоо бий. Өөрөөр хэлбэл чухам энэ зайнаас эхлэн өөдөөс ирж байгаа жолооч холын гэрлийг ойрынход шилжүүлэхийг танаас хүсэж эхэлдэг гэсэн үг юм. Иймд Замын хөдөлгөөний дүрмийн 15-р зүйлд “…Өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэл хүртэл 150 метрээс багагүй зайд буюу жолоочийг гялбуулж болзошгүй бусад тохиолдолд холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ. Мөн өөдөөс яваа жолооч гэрлээ үе үе шилжүүлэн дохивол зайн хэмжээг үл харгалзан холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ” гэж заасан байдаг. Замын хөдөлгөөний дүрэм гэдэг бол зүгээр хэн нэгэн нь хийх ажилгүйдээ зохиогоод гаргасан зүйл биш. Олон хүний цус, нулимсаар бичигдсэн гэдгийг ойлгох хэрэгтэй. Иймд дүрмээ баримтлаад шөнийн цагаар гэрлээ шилжүүлээд явцгаая. Аюулгүй зорчих бас нэг үндэс гэдгийг ах дүү монголчууд минь бие биеэ ойлгож, хайрлаж хүндэтгэлтэй хандъя даа.
Нийгэм
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг зөвлөгөөнийг удирдан явууллаа.
Шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 22 дугаар шуурхай хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн явцыг Хяналт, үнэлгээний газрын дарга Ц.Рэгзэдмаа танилцууллаа.
Хуралдааны дэгийн дагуу өвөлжилтийн бэлтгэл, давс бодисын нөөцлөлт болон хадгалалт хамгаалалтын нөхцөлийг сайжруулах хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээлэл, инженерийн хангамжийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах команд штабын дадлага сургуулилтын үр дүн, ус хангамж, ариутгах татуурга, инженерийн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэл, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд 2025 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөлт, сургууль цэцэрлэгүүдийн халаалт, нүүрсний нөөцлөлт, бэлэн байдалд явуулсан үзлэг, нөхцөл байдлын талаарх мэдээлэл, хяналтын камерыг нэмэгдүүлэх, удирдлагын төвийг бий болгох чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох газрын удирдлагууд танилцуулж авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.Батзориг дүүрэг бүр хүлээсэн үүргийн дагуу цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг эрчимжүүлж дүүргийн харьяанд байгаа үйлчилгээний байгууллага, төлбөртэй зогсоолууд, томоохон зах худалдааны төвүүдэд хяналт хийж 50 метрийн цэвэрлэгээ үйлчилгээг байнга хийх дадлыг бий болгоход анхаарч, хариуцлагагүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийн хяналтыг сайжруулахыг анхаарууллаа.
Мөн хот нийтийн аж ахуй чиглэлээр ажиллаж байгаа техникийн хяналтыг сайжруулахад технологийн шийдлийг ашиглаж ажиллахыг чиглэл болгож, инженер хангамжийн чиглэлээр 3, хог хаягдал, менежментийг сайжруулах чиглэлээр 7, тохижилт ногоон байгууламжийн чиглэлээр 2, нийт 12 үүрэг даалгаврыг холбогдох чиг үүргийн байгууллагуудад өгч ажиллалаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Нийгэм
Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно
“Хийморь” төслийн хүрээнд зохион байгуулж буй дэлхийн хүчтэнүүд монгол үндэсний бөхөөрөө барилдах “Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан зохион байгуулагдах гэж байна.
1999 онд зохион байгуулагдсан тус барилдаан тэнцээгээр өндөрлөсөн бол ийнхүү 25 жилийн дараа энэ цагийн хүчтэнүүд хайнааг хагалах гэж байна.
“Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан 2024 оны 12 дугаар сарын 15-ны 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.
Нийгэм
12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй
Энэ оны 11 дүгээр сарын байдлаар техникийн үзлэг, оношилгоонд ороогүй 159.038 тээврийн хэрэгсэл байна. Үүний 99.229 нь Улаанбаатар хотод бүртгэлтэй. Харин татвараа төлөөгүй нийт 408.684 тээврийн хэрэгсэл байгаагаас 231.397 нь Улаанбаатар хотод бүртгэлтэй байна.
Түгжрэлийг бууруулах, авто замын ачааллыг багасгах, зам тээврийн осол, гэмтлийг бууруулах ажлын хүрээнд 12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвараа төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахыг хязгаарлана.
Тодруулбал, Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн
- 3.7 зүйлд Жолоочид дараах зүйлийг хориглоно: Зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй, тэмдгийг буруу байрлуулсан, дугаар нь бүдгэрсэн, арилсан, түүнчлэн тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох;
- 27.2.Замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээд дараах үүргийг хүлээнэ: тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих стандартын шаардлага хангаагүй буюу энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй, эсвэл зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй, тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй, мөн энэ дүрмийн 3-р хавсралтад заасан шаардлагын дагуу зохих таних тэмдгийг байрлуулаагүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх гэж заасан байдаг.
Түүнчлэн, хуулиар оногдуулсан торгуулиа төлөөгүй 355.300 тээврийн хэрэгсэл бий гэсэн тооцоо гарчээ. Энэ нийт тээврийн хэрэгслийн 40 гаруй хувийг эзэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, нийслэлд хөдөлгөөнд оролцож буй гурван машин тутмын нэг нь торгуулиа төлөөгүй гэсэн үг.
Оргил цагийн үед Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн дундаж хурд 7-13 км/цаг байгаа бол түгжрэлийн урт 97.3 км хүрсэн. 2030 он гэхэд Улаанбаатар хотын нийт хүн ам хоёр сая хүртэх тооцоолол гараад буй. Үүнтэй зэрэгцээд Улаанбаатар хотод бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо өсвөл оргил цагийн үед тээврийн хэрэгслийн дундаж хурд таван км/цаг хүрч, түгжрэлийн урт 200 км хүрэх эрсдэл үүсээд байгаа юм.
-
Нийгэм4 цаг өмнө
Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо
-
Нийгэм7 цаг өмнө
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
-
Нийгэм7 цаг өмнө
Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ
-
Эдийн засаг6 цаг өмнө
“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо
-
Улс төр6 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
-
Нийгэм3 цаг өмнө
12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй
-
Энтертайнмент6 цаг өмнө
“Тунгалаг тамир” роман франц хэлээр хэвлэгдлээ
-
Нийгэм6 цаг өмнө
ГССҮТ Вьетнам улсын Ханой хотын Анагаах ухааны их сургуультай хамтарч ажиллана