Дэлхий дахинд
“ПУТИН НУУВЧИНД”: ОРОСТ ДАЙЧИЛГАА ЗАРЛАСНЫГ ЭСЭРГҮҮЦСЭН ДАВАЛГАА ӨРНӨЛӨӨ
ОХУ-ын Ерөнхийлөгч Вдадимир Путин лхагва гаргийн өглөөгүүр ард түмэндээ хандан орон даяар хэсэгчилсэн дайчилгаа зарлаж байгаагаа мэдэгдлээ. Тэрбээр энэ тухай зарлигт хэдийнээ гарын үсэг зуржээ. Энэ дайчилгаа өнөөдөр эхэлнэ гэж тэр мэдэгдсэн байна. Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу үүний дараа дайчилгаагаар бэлтгэлд байгаа 300 мянган хүнийг цэрэгт татна гэжээ.
“Өмнө нь зэвсэгт хүчний эгнээнд цэргийн алба хаасан,, цэргийн мэргэжилтэй, туршлагатай, өнөөдөр бэлттгэлд байгаа хүмүүсийг дайчилгаанд татна” гэж Путин хэлсэн байна. Владимир Путин ард иргэддээ хандаж хэсэгчилсэн дайчигаа явуулах тухай Батлан хамгаалах яам, жанжин штабын санаачлагыг дэмжихийг уриалсан байна. Тэр энэ бол хэсэгчилсэн дайчилгаа гэж онцолжээ.
Ийн орон даяар цэргийн хэсэгчилсэн дайчилгаа зарласны дараагаар Навальныйн хамтран зүтгэгчид, оросын сөрөг хүчнийхэн, дайныг эсэргүүцэгчид оросын ард түмнийг эсэргүүцлийн хөдөлгөөнд нэгдэхийг уриалснаар 30 орчим хотод эсэргүүцлийн цуглаан жагсаал болж хууль хүчнийхэн мянга гаруй хүнийг баривчлан саатуулсан байна. Цагдаагийнхан жагсагчдын эсрэг хэрцгийгээр хандаж байсныг хэвлэлүүд онцолж байна. Оройн 22:45 цагийн байдлаар нийт 38 хотод 1314 хүнийг саатуулаад байна гэж “ОВД-Инфо” хэвлэл мэдээллээ. Москвагийн прокурорын газраас бүр жагсаал эхлэхээс өмнө зөвшөөрөлгүй жагсаал цуглаанд оролцвол хариуцлага хүлээлгэнэ, 15 жил хүртэл хугацаагаар хорих болно гэж анхааруулсаар байжээ.
Их дээд сургуулиудад элдэв жагсаал цуглаанд оролцвол “нөхөж баршгүй аюултай үр дагаварт хүрнэ шүү” гэж анхааруулаад зарим сургуульд ректор нь поток лекц орохоор зохион байгуулсан байна. Тюмений Холбооны аюулгүй байдлын алба бүр жагсаалд оролцогсдыг шууд цэрэгт дайчилна гэж мэдэгдсэн байна.
Чеченийн тэргүүн Рамзан Кадыров “дайчилгааны эсрэг жагсаалд оролцсон хэн боловч “ардын дайсан” учраас тэднийг саатуулж “цэргийн тусгай ажиллагаа болж байгаа газар луу илгээнэ” гэж мэдэгджээ.
Москвад дайны эсрэг жагсаал цуглаан эхлэхийн өмнө идэвхтэн Владимир Салтевский Бүх холбоотын радио телевизийн компанийн дэргэд украины далбаа, дайныг эсэргүүцсэн уриа барьж ганцаараа эсэргүүцэл илэрхийлж байсныг тэр дор нь баривчилжээ.
Нийслэлийн Пушкины талбай, Хуучин Арбатад хүмүүс жагсан “Путин нуувчинд” хэмээн цагдаа нар луу “Гутамшиг” гэж хашгиралдаж байв. Цагдаагийнхан шуурхай ажиллаж жагсагчдыг баривчлан хөл гараас нь чирэн авто машинд ачиж байхад хүмүүс “Дайн хэрэггүй”, “Үр хүүхдүүдэд минь амьдрал хайрла” гэж хашгиралдаж байлаа. Цагдаагийнхны саатуулсан хүмүүсээс нэг нь ухаан алдаж унасан ч тэр чигт нь ачаад явлаа гэж “Автозак Live” телеграмм суваг мэдээлсэн байна.
Петербургт хэдэн зуун хүн Исаакиевскийн талбайд цугларсны дийлэнх нь эмэгтэйчүүд байв. Олон нийтийн сүлжээгээр түгэж байгаа дүрс бичлэгээс үзэхэд цагдаагийнхан тэднийг бороохойдож байна. Оройын 21,27 цаг гэхэд Петербургт 376 хүнийг саатуулан баривчилсан гэж “ОВД-Инфо” мэдээлжээ. Питерт бас Невскийн, Гостинныйд хэсэг бүлэг хүмүүс цуглаж эсэргүүцлээ илэрхийлсэн байна.
Буриадын нийслэл Улан-Үдэ хотод хэдэн арван хүн гудамжинд гарч дайн, дайчилгааг эсэргүүцсэнээс дөрвөн хүнийг саатууллаа гэж “ОВД-Инфо” мэдээлсэн байна. Украинд явуулж байгаа дайнд амь үрэгдэгсдийн тоогоор буриад хоёрдугаар байрт орж байгаа талаар Би-би-си нээлттэй эх сурвалжаас аван долдугаар сард мэдээлж байсан юм. Цугларагсад “Украин бидэнд бууж өглөө гэхэд бидэнд юу наалдах юм”, “Чөлөөт Буриад” сангийн цахим хуудсыг яагаад хаасан бэ?” гэж шаардаж байжээ.
Томск хотод цагдаагийнхан жагсагчдаас 35 хүнийг саатуулсан гэж “Тайга инфо” хэвлэл мэдээлсэн байна. Новосибирск хотод дайчилгааг эсэргүүцэж 100 гаруй хүн гудамжинд гарчээ. Хүмүүс төрөл бүрийн уриа, зурагт хуудас бариагүй ч цагдаагийнхан 35 хүнийг баривчилж, жагсагчдыг тараасан байна. “Би Путины төлөө, та нарын төлөө үхэхийг хүсэхгүй байна” гэж нэг залуу хашгирсныг цагдаагийхан хөлөөс нь дамжлан авч оджээ.
Эрхүүд 60 орчим хүн цугларсныг ОМОН-ыхон тарааж, 20 хүнийг нь саатуулсан байна. Красноярскт хүмүүс хотын гудамжаар явж эсэргүүцлээ илэрхийлснээс цагдаагийнхан 30 орчим хүнийг саатуулжээ. Барнаулд харин цагдаагийнхан хүмүүсийг баривчлаагүй гэнэ.
Екатеринбургт харин цагдаагийнхан их ширүүн байсан гэнэ. СОТА хэвлэлийн нийтэлсэн дүрс бичлэг дээр хүнийг засмал зам дээр нүүрээр нь дарж байгаад гавлаж байгаа нь харагдаж байна. Эсэргүүцлийн цуглаанд оролцсон нэгэн Сальвадора Далийн “Дайны дүр төрх” зургийг “Үүнд хэн дуртай вэ” гэсэн бичээстэй барьж явсныг цагдаагийнхан саатуулжээ.
Пермид лавтай 20 хүнийг цагдаагийнхан баривчилсан гэж орон нутгийн идэвхтнүүд мэдээлж байна. Цагдаагийнханд саатуулагдсан нэг эмэгтэй “Манай залуусыг тийшээ илгээхийг би хүсэхгүй байна. Энэ юу нь буруу гэж” машинд ачихын нь өмнө хэлж байжээ.
Уфад мөн л жагсагчдыг тараахдаа 22 хүнийг саатуулсан гэж СОТА хэвлэлд мэдээлсэн байна.
Белгородод орон нутгийн нэртэй идэвхтнүүдийг саатуулсан талаар мэдээлж байна. Энд “Белгородын дайны эсрэг хороо”-ны удирдагч Илья Костюковыг дайчилгааны эсрэг зурагт хуудас барьсны нь төлөө баривчилсан байна. Ижевск хотод гудамжны хөгжимчид “Бүгд төлөвлөгөөний дагуу л явж байна” гэсэн аялгуу тоглож дайныг эсэргүүцэгчид тойрчээ.
Самар хотноо цагдаагийнхан цуглаанд оролцогсдоос хоёр жаахан хүүхэдтэй эмэгтэйг баривчилсан талаар “Весна” хөдөлгөөнийхөн мэдээллээ.