Нийгэм
“Монгол Улсын Үндэсний атлас” бүтээлийг Боловсрол, шинжлэх ухааны сайдад өргөн барилаа
Шинжлэх ухааны Академийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэн “Монгол Улсын Үндэсний Атлас” бүтээлийг шинэчлэн боловсруулах ажлыг 2018 оноос эхлүүлэн дөрвөн жилийн хугацаанд боловсруулалт, шинэчлэлийн ажлыг хэрэгжүүлэн 2022 онд эцэслэн гаргасан бөгөөд тус бүтээлийг шинэчлэх, хэвлүүлэх ажлыг БШУЯ-наас дэмжин ажилласан.
“Монгол Улсын Үндэсний Атлас” бүтээл нь гурав дах удаагаа шинэчлэн зохиогдож байгаа бөгөөд нийт 246 сэдэвчилсэн зураг, судалгааны үр дүн, эрдэм шинжилгээний 30 орчим байгууллага, 160 гаруй эрдэмтэн, судлаачид оролцон ажилласан үндэсний хэмжээний бүтээл юм.
Тус бүтээл нь манай орны байгалийн нөхцөл нөөц, түүх археологи, хүн ам, нийгэм, эдийн засгийн талаарх сүүлийн үеийн судалгааны үр дүнгүүд, статистик тоо баримтыг өргөн цар хүрээтэй багтааж, тэдгээрийг зураг зүйн дүрслэлийн аргуудаар үзүүлэн монгол болон англи хэл дээр бэлтгэснээрээ онцлог болсон юм.
“Монгол Улсын Үндэсний Атлас” бүтээлийн дээжийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд тус бүтээлийн ерөнхий редактор, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Д.Доржготов, орлогч редактор Доктор Д.Баттогтох, Үндэсний атласын редакцын зөвлөлийн дарга ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, Редакцын зөвлөлийн орлогч дарга ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D) А.Дашцэрэн нар гардуулан өглөө.
Тус бүтээлийг олон нийтэд түгээх, шинжлэх ухаан, танин мэдэхүйн мэдлэг олгох зорилгоор цаашид цахим болгох боловсролын салбаруудад хэвлүүлэн түгээх тал дээр БШУЯ-аас дэмжин ажиллахаа илэрхийллээ гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.
Нийгэм
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах 11 арга хэмжээ төлөвлөснөө 100 хувь бүрэн хангалаа.
Улсын чанартай авто замын халтиргаа гулгаа үүсдэг хэсэг, зам, даваанд ашиглах хуурай элс, үнс, давсыг нөөцлүүлэх, шуурхай ажлын хэсэгт ажиллах машин механизмын засвар үйлчилгээг хийлгэж, бэлтгэж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг зөвлөгөөнийг удирдан явууллаа.
Шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 22 дугаар шуурхай хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн явцыг Хяналт, үнэлгээний газрын дарга Ц.Рэгзэдмаа танилцууллаа.
Хуралдааны дэгийн дагуу өвөлжилтийн бэлтгэл, давс бодисын нөөцлөлт болон хадгалалт хамгаалалтын нөхцөлийг сайжруулах хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээлэл, инженерийн хангамжийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах команд штабын дадлага сургуулилтын үр дүн, ус хангамж, ариутгах татуурга, инженерийн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэл, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд 2025 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөлт, сургууль цэцэрлэгүүдийн халаалт, нүүрсний нөөцлөлт, бэлэн байдалд явуулсан үзлэг, нөхцөл байдлын талаарх мэдээлэл, хяналтын камерыг нэмэгдүүлэх, удирдлагын төвийг бий болгох чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох газрын удирдлагууд танилцуулж авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.Батзориг дүүрэг бүр хүлээсэн үүргийн дагуу цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг эрчимжүүлж дүүргийн харьяанд байгаа үйлчилгээний байгууллага, төлбөртэй зогсоолууд, томоохон зах худалдааны төвүүдэд хяналт хийж 50 метрийн цэвэрлэгээ үйлчилгээг байнга хийх дадлыг бий болгоход анхаарч, хариуцлагагүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийн хяналтыг сайжруулахыг анхаарууллаа.
Мөн хот нийтийн аж ахуй чиглэлээр ажиллаж байгаа техникийн хяналтыг сайжруулахад технологийн шийдлийг ашиглаж ажиллахыг чиглэл болгож, инженер хангамжийн чиглэлээр 3, хог хаягдал, менежментийг сайжруулах чиглэлээр 7, тохижилт ногоон байгууламжийн чиглэлээр 2, нийт 12 үүрэг даалгаврыг холбогдох чиг үүргийн байгууллагуудад өгч ажиллалаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Нийгэм
Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно
“Хийморь” төслийн хүрээнд зохион байгуулж буй дэлхийн хүчтэнүүд монгол үндэсний бөхөөрөө барилдах “Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан зохион байгуулагдах гэж байна.
1999 онд зохион байгуулагдсан тус барилдаан тэнцээгээр өндөрлөсөн бол ийнхүү 25 жилийн дараа энэ цагийн хүчтэнүүд хайнааг хагалах гэж байна.
“Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан 2024 оны 12 дугаар сарын 15-ны 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.