Нийгэм
Ихэнхи гол мөрнүүдийн мөсний зузаан өмнөх 10 хоногоос 0-30 см-ээр нэмэгдээд байна
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр Хөвсгөл нуур битүү мөсөн бүрхүүлтэй болсон бөгөөд мөсний зузаан Хатгал тосгон болон Ханх сум орчимд 85-15 см байгаа нь Хатгал тосгон орчимд энэ үеийн олон жилийн дунджийн орчим, Ханх сум орчимд 10 см-ээр ахиу байна. Мөн мөсөн дээр 5 см зузаан цасан бүрхүүлтэй байна.
Хөвсгөлийн уулсаас эх авсан: Дэлгэрмөрөн, Үүр, Шишгэд, Бүгсий зэрэг томоохон гол мөрнүүд ажиглалт хийдэг хэсэгт битүү мөсөн бүрхүүлтэй болсон бөгөөд мөсний зузаан 40-120 см байгаа нь энэ үеийн олон жилийн дунджаас 5-10 см-ээр ахиу байна.
Хангайн нуруунаас усжих Идэр гол, Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэрмөрөн голын бэлчирээс Сэлэнгэ мөрөн гэж нэрлэгдэх Сэлэнгэ гол Тосонцэнгэл сумын Тээл баг орчимд битүү мөсөн бүрхүүлтэй, харзтай байгаа бөгөөд мөсний зузаан 50 см байгаа нь мөн үеийн олон жилийн дунджаас 5 см-ээр бага байна.
Хөвсгөл нуураас усжих: Эг гол Эрдэнэбулган сум орчимд битүү мөсөн бүрхүүлтэй болсон бөгөөд мөсний зузаан 35 см байгаа нь энэ үеийн олон жилийн дунджаас 15-25 см-ээр бага байна. Эг голын эх буюу Хатгал тосгон орчимд нуурын хоолой хэсэг битүү мөсөн бүрхүүлтэй болсон бөгөөд мөсний зузаан маш нимгэн байна.
Хангайн нуруунаас эх авсан: Идэр гол Галт сумын Зүрх баг орчимд битүү мөсөн бүрхүүлтэй болсон бөгөөд мөсний зузаан 100 см байгаа нь энэ үеийн олон жилийн дунджаас 10 см-ээр бага байна.
Анхааруулга: Битүү мөсөн бүрхүүл тогтсон гол мөрнүүдийн нийт уртын дагууд харилцан адилгүй мөсний үзэгдэл ажиглагдаж, мөсний даац хүн, мал болон авто тээвэр хийх хэмжээнд хүрч нягтшиж, бэхжээгүй байгаа тул нийт ард иргэд болон малчид, тээвэрчдийг цаг хожих, зам дөтлөх зорилгоор гол мөрөн, нуурын мөсөн дээгүүр явахгүй байхыг онцгойлон анхааруулж, баталгаат зам гүүр, гармаар зорчихыг зөвлөж байна гэж Хөвсгөл аймгийн онцгой байдлын газраас мэдээллээ.
Нийгэм
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах 11 арга хэмжээ төлөвлөснөө 100 хувь бүрэн хангалаа.
Улсын чанартай авто замын халтиргаа гулгаа үүсдэг хэсэг, зам, даваанд ашиглах хуурай элс, үнс, давсыг нөөцлүүлэх, шуурхай ажлын хэсэгт ажиллах машин механизмын засвар үйлчилгээг хийлгэж, бэлтгэж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг зөвлөгөөнийг удирдан явууллаа.
Шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 22 дугаар шуурхай хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн явцыг Хяналт, үнэлгээний газрын дарга Ц.Рэгзэдмаа танилцууллаа.
Хуралдааны дэгийн дагуу өвөлжилтийн бэлтгэл, давс бодисын нөөцлөлт болон хадгалалт хамгаалалтын нөхцөлийг сайжруулах хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээлэл, инженерийн хангамжийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах команд штабын дадлага сургуулилтын үр дүн, ус хангамж, ариутгах татуурга, инженерийн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэл, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд 2025 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөлт, сургууль цэцэрлэгүүдийн халаалт, нүүрсний нөөцлөлт, бэлэн байдалд явуулсан үзлэг, нөхцөл байдлын талаарх мэдээлэл, хяналтын камерыг нэмэгдүүлэх, удирдлагын төвийг бий болгох чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох газрын удирдлагууд танилцуулж авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.Батзориг дүүрэг бүр хүлээсэн үүргийн дагуу цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг эрчимжүүлж дүүргийн харьяанд байгаа үйлчилгээний байгууллага, төлбөртэй зогсоолууд, томоохон зах худалдааны төвүүдэд хяналт хийж 50 метрийн цэвэрлэгээ үйлчилгээг байнга хийх дадлыг бий болгоход анхаарч, хариуцлагагүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийн хяналтыг сайжруулахыг анхаарууллаа.
Мөн хот нийтийн аж ахуй чиглэлээр ажиллаж байгаа техникийн хяналтыг сайжруулахад технологийн шийдлийг ашиглаж ажиллахыг чиглэл болгож, инженер хангамжийн чиглэлээр 3, хог хаягдал, менежментийг сайжруулах чиглэлээр 7, тохижилт ногоон байгууламжийн чиглэлээр 2, нийт 12 үүрэг даалгаврыг холбогдох чиг үүргийн байгууллагуудад өгч ажиллалаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Нийгэм
Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно
“Хийморь” төслийн хүрээнд зохион байгуулж буй дэлхийн хүчтэнүүд монгол үндэсний бөхөөрөө барилдах “Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан зохион байгуулагдах гэж байна.
1999 онд зохион байгуулагдсан тус барилдаан тэнцээгээр өндөрлөсөн бол ийнхүү 25 жилийн дараа энэ цагийн хүчтэнүүд хайнааг хагалах гэж байна.
“Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан 2024 оны 12 дугаар сарын 15-ны 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.