Нийгэм
Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журамд оруулах нэмэлт, өөрчлөлтийн саналуудыг хэлэлцлээ
НИТХ-ын ээлжит XVII хуралдаан өнөөдөр болж байна. Уг хуралдаанаар Авто замын түгжрэлийг бууруулахтай холбоотой журамд нэмэлт өөрчлөлт оруулах санал, Улаанбаатар хотын хөгжлийн корпораци, Улаанбаатар спорт менежмент, Нийслэлийн Орон сууцны корпораци ХК-иудын дүрэмд өөрчлөлт оруулах, нийслэлийн өмчид үл хөдлөх хөрөнгө, барилга бүртгэн авах, Шашны байгууллагын зөвшөөрлийн хугацааг сунгах тухай тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг асуудлыг хэлэлцэж буй.
Иргэдээс ирсэн санал хүсэлтэд үндэслэн Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журамд оруулах нэмэлт, өөрчлөлтөд тусгах саналуудыг төлөөлөгчид хэлэлцлээ.
Тодруулбал, замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх үйлдлийг таслан зогсоох, замын хөдөлгөөнд оролцогчдын хэвийн, аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр тээврийн хэрэгслийг түр саатуулах, зөөж шилжүүлэхтэй холбоотойгоор иргэдийн зүгээс санал, шүүмжлэл, гомдол ирдэг. Үүнтэй холбогдуулан тээврийн хэрэгслийг түр саатуулах, зөөж шилжүүлэх, жолоочид сануулах, торгох шийдвэрийг бичгээр буюу цахимаар гаргах, мөн тухайн жилдээ анх удаа зөрчил гаргасан бол тээврийн хэрэгслийн жолооч, эзэмшигч, өмчлөгчид сануулах, давтан гаргасан бол цахимаар шийтгэл ногдуулах, гурав дахь удаагаа гаргасан бол цахимаар шийдвэр гаргаж, тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх бөгөөд үндсэн төлбөрийг төлүүлэн зөрчлийг арилгуулах зэрэг нэмэлт, өөрчлөлтийг журамд тусгах саналыг Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-ын захирал С.Адъяасүрэн танилцууллаа.
Мөн зөрчлийн зураг, дүрс бичлэгийг Замын хөдөлгөөний удирдлагын төв хүлээн авч, нэгдсэн цахим удирдлага, хяналтаар хангах, зөөж шилжүүлэхийн өмнө зөрчлийн талаарх мэдээллийг хянан баталгаажуулах зэрэг заалтыг тусгах саналыг тэрбээр онцолсон.
Төлөөлөгчдийн зүгээс тээврийн хэрэгслийг зөөж тээвэрлэх ажиллагааг хариуцаж буй ачилтын компаниудад хяналт тавих, мөн эдгээр нэмэлт, өөрчлөлтийг оруулснаар замын хөдөлгөөнд болон түгжрэлд хэрхэн нөлөөлөх талаар судлах, заалтуудыг илүү нарийвчлах зэргээр саналуудаа илэрхийллээ.
Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журамд оруулах нэмэлт, өөрчлөлтөд тусгах төлөөлөгчдийн болон иргэдийн саналуудыг нэгтгэн, тэмдэглэл гаргаж, Хууль зүй, дотод хэргийн сайдад хүргүүлэхээр боллоо.
Нийгэм
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах 11 арга хэмжээ төлөвлөснөө 100 хувь бүрэн хангалаа.
Улсын чанартай авто замын халтиргаа гулгаа үүсдэг хэсэг, зам, даваанд ашиглах хуурай элс, үнс, давсыг нөөцлүүлэх, шуурхай ажлын хэсэгт ажиллах машин механизмын засвар үйлчилгээг хийлгэж, бэлтгэж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг зөвлөгөөнийг удирдан явууллаа.
Шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 22 дугаар шуурхай хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн явцыг Хяналт, үнэлгээний газрын дарга Ц.Рэгзэдмаа танилцууллаа.
Хуралдааны дэгийн дагуу өвөлжилтийн бэлтгэл, давс бодисын нөөцлөлт болон хадгалалт хамгаалалтын нөхцөлийг сайжруулах хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээлэл, инженерийн хангамжийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах команд штабын дадлага сургуулилтын үр дүн, ус хангамж, ариутгах татуурга, инженерийн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэл, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд 2025 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөлт, сургууль цэцэрлэгүүдийн халаалт, нүүрсний нөөцлөлт, бэлэн байдалд явуулсан үзлэг, нөхцөл байдлын талаарх мэдээлэл, хяналтын камерыг нэмэгдүүлэх, удирдлагын төвийг бий болгох чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох газрын удирдлагууд танилцуулж авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.Батзориг дүүрэг бүр хүлээсэн үүргийн дагуу цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг эрчимжүүлж дүүргийн харьяанд байгаа үйлчилгээний байгууллага, төлбөртэй зогсоолууд, томоохон зах худалдааны төвүүдэд хяналт хийж 50 метрийн цэвэрлэгээ үйлчилгээг байнга хийх дадлыг бий болгоход анхаарч, хариуцлагагүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийн хяналтыг сайжруулахыг анхаарууллаа.
Мөн хот нийтийн аж ахуй чиглэлээр ажиллаж байгаа техникийн хяналтыг сайжруулахад технологийн шийдлийг ашиглаж ажиллахыг чиглэл болгож, инженер хангамжийн чиглэлээр 3, хог хаягдал, менежментийг сайжруулах чиглэлээр 7, тохижилт ногоон байгууламжийн чиглэлээр 2, нийт 12 үүрэг даалгаврыг холбогдох чиг үүргийн байгууллагуудад өгч ажиллалаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Нийгэм
Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно
“Хийморь” төслийн хүрээнд зохион байгуулж буй дэлхийн хүчтэнүүд монгол үндэсний бөхөөрөө барилдах “Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан зохион байгуулагдах гэж байна.
1999 онд зохион байгуулагдсан тус барилдаан тэнцээгээр өндөрлөсөн бол ийнхүү 25 жилийн дараа энэ цагийн хүчтэнүүд хайнааг хагалах гэж байна.
“Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан 2024 оны 12 дугаар сарын 15-ны 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.