Нийгэм
Сэндбоксын зохицуулалтын орчны журмын шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэв
Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан 2023 оны хоёрдугаар сарын 08-ны өдөр болж Сэндбоксын зохицуулалтын орчны журмын шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ.
Журмын шинэчилсэн найруулгаар сэндбоксод орох хүсэлтийг хугацаа харгалзахгүй хүлээн авах, сэндбоксын орчинд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг цаг алдалгүй турших боломж бүрдэж, оролцогчдод тавигдах шаардлага, үйл ажиллагаатай холбоотой харилцаа илүү тодорхой болох юм. Мөн одоо мөрдөж буй журмын санхүүгийн зохицуулагч байгууллагууд нь тус тусдаа сэндбоксын нэгжтэй байна гэсэн зохицуулалт нь журмын шинэчилсэн найруулгад Сэндбоксын албыг Санхүүгийн зохицуулах хороо хэрэгжүүлдэг байхаар тусгагдсан. Журмын төслийг Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч хамтран батална.
Засгийн газраас баталсан “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хөтөлбөр”-ийн хүрээнд хийх ажлын дийлэнх хувийг Санхүүгийн зохицуулах хороо дангаар болон бусад байгууллагатай хамтран хэрэгжүүлэх юм. Хэрэгжүүлэхдээ үр дүнтэйгээр буюу Ази, номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлэг /АНДБМУТБ/-ийн дараагийн шатны харилцан үнэлгээнд бэлтгэх, Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалттай салбаруудад мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээг сайжруулж, тасралтгүй байдлыг хангах хүрээнд “Санхүүгийн зохицуулах хорооноос Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө (2023-2030)”-г найман зорилгын хүрээнд боловсруулсныг хуралдаанаар баталлаа.
Мөн хуралдаанаар нэг хувьцаат компанийн үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулахаар, нэг тусгай зориулалтын компанийн гаргасан хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны жилийн хүүнд өөрчлөлт оруулахыг зөвшөөрөв. Түүнчлэн виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн санхүүгийн тайланд аудит хийх хуулийн этгээдээр хоёр компанийг, банк бус санхүүгийн зээл олгох үйл ажиллагаа эрхлэх болон хадгаламж, зээлийн хоршоо, үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус бүр нэг буюу нийт гурван компанид олгохоор, даатгалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нэг компанийн бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахаар, хоёр компанийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх болон нэг компанийн үл хөдлөх хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээхээр тус тус шийдвэрлэлээ.
Нийгэм
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах 11 арга хэмжээ төлөвлөснөө 100 хувь бүрэн хангалаа.
Улсын чанартай авто замын халтиргаа гулгаа үүсдэг хэсэг, зам, даваанд ашиглах хуурай элс, үнс, давсыг нөөцлүүлэх, шуурхай ажлын хэсэгт ажиллах машин механизмын засвар үйлчилгээг хийлгэж, бэлтгэж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг зөвлөгөөнийг удирдан явууллаа.
Шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 22 дугаар шуурхай хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн явцыг Хяналт, үнэлгээний газрын дарга Ц.Рэгзэдмаа танилцууллаа.
Хуралдааны дэгийн дагуу өвөлжилтийн бэлтгэл, давс бодисын нөөцлөлт болон хадгалалт хамгаалалтын нөхцөлийг сайжруулах хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээлэл, инженерийн хангамжийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах команд штабын дадлага сургуулилтын үр дүн, ус хангамж, ариутгах татуурга, инженерийн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэл, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд 2025 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөлт, сургууль цэцэрлэгүүдийн халаалт, нүүрсний нөөцлөлт, бэлэн байдалд явуулсан үзлэг, нөхцөл байдлын талаарх мэдээлэл, хяналтын камерыг нэмэгдүүлэх, удирдлагын төвийг бий болгох чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох газрын удирдлагууд танилцуулж авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.Батзориг дүүрэг бүр хүлээсэн үүргийн дагуу цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг эрчимжүүлж дүүргийн харьяанд байгаа үйлчилгээний байгууллага, төлбөртэй зогсоолууд, томоохон зах худалдааны төвүүдэд хяналт хийж 50 метрийн цэвэрлэгээ үйлчилгээг байнга хийх дадлыг бий болгоход анхаарч, хариуцлагагүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийн хяналтыг сайжруулахыг анхаарууллаа.
Мөн хот нийтийн аж ахуй чиглэлээр ажиллаж байгаа техникийн хяналтыг сайжруулахад технологийн шийдлийг ашиглаж ажиллахыг чиглэл болгож, инженер хангамжийн чиглэлээр 3, хог хаягдал, менежментийг сайжруулах чиглэлээр 7, тохижилт ногоон байгууламжийн чиглэлээр 2, нийт 12 үүрэг даалгаврыг холбогдох чиг үүргийн байгууллагуудад өгч ажиллалаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Нийгэм
Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно
“Хийморь” төслийн хүрээнд зохион байгуулж буй дэлхийн хүчтэнүүд монгол үндэсний бөхөөрөө барилдах “Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан зохион байгуулагдах гэж байна.
1999 онд зохион байгуулагдсан тус барилдаан тэнцээгээр өндөрлөсөн бол ийнхүү 25 жилийн дараа энэ цагийн хүчтэнүүд хайнааг хагалах гэж байна.
“Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан 2024 оны 12 дугаар сарын 15-ны 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.