Нийгэм
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын удирдах ажилтны сургалт-семинар болж байна
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт 2022 онд хэрэгжүүлсэн арга хэмжээ, 2023 оны гол зорилт, үйл ажиллагааг хэрэгжүүлэх талаар хэлэлцэж, нэгдсэн бодлого чиглэлээ илүү тодорхой болгох зорилготой “Удирдах ажилтны сургалт-семинар болж байна.
Энэхүү үйл ажиллагаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, Дэд сайд М.Ганхүлэг, Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Сайдын зөвлөх Б.Батбаатар, яамны, газар хэлтсийн дарга, харьяа байгууллагын дарга, захирал, 21 аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн дарга, Мал үржлийн албаны дарга нар оролцож байна.
Сайд Х.Болорчулуун тус үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Хөдөө аж ахуйн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоог хоршооны бүтцэд тулгуурлан бий болгох замаар үндэсний үйлдвэрийг чанартай түүхий эдээр тасралтгүй хангах, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, хүн амын хэрэгцээт гол нэрийн бүтээгдэхүүнийг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангах, алдагдаж буй боломжийг ашиглан экспортыг нэмэгдүүлэх зорилгыг хэрэгжүүлэхэд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч, хоршоологчдын оролцоо зайлшгүй чухал байгааг дурдаад хөдөө аж ахуйн салбарын өмнө байгаа томоохон зорилт, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшил, төрийн байгууллагуудын хамтын бүтээлч, санаачилгатай ажиллагаа нэн чухал байгаа”-г онцолсон юм.
Дэд сайд М.Ганхүлэг “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого,
Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт 2023 онд дэвшүүлсэн зорилт, орон нутагт хэрэгжүүлэх ажил,
Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Б.Санчирдорж аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газрын 2022 оны үйл ажиллагааны гүйцэтгэлд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнгийн тухай тус тус танилцуулж байна.
Эх сурвалж: ХХААХҮЯ
Нийгэм
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах 11 арга хэмжээ төлөвлөснөө 100 хувь бүрэн хангалаа.
Улсын чанартай авто замын халтиргаа гулгаа үүсдэг хэсэг, зам, даваанд ашиглах хуурай элс, үнс, давсыг нөөцлүүлэх, шуурхай ажлын хэсэгт ажиллах машин механизмын засвар үйлчилгээг хийлгэж, бэлтгэж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг зөвлөгөөнийг удирдан явууллаа.
Шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 22 дугаар шуурхай хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн явцыг Хяналт, үнэлгээний газрын дарга Ц.Рэгзэдмаа танилцууллаа.
Хуралдааны дэгийн дагуу өвөлжилтийн бэлтгэл, давс бодисын нөөцлөлт болон хадгалалт хамгаалалтын нөхцөлийг сайжруулах хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээлэл, инженерийн хангамжийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах команд штабын дадлага сургуулилтын үр дүн, ус хангамж, ариутгах татуурга, инженерийн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэл, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд 2025 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөлт, сургууль цэцэрлэгүүдийн халаалт, нүүрсний нөөцлөлт, бэлэн байдалд явуулсан үзлэг, нөхцөл байдлын талаарх мэдээлэл, хяналтын камерыг нэмэгдүүлэх, удирдлагын төвийг бий болгох чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох газрын удирдлагууд танилцуулж авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.Батзориг дүүрэг бүр хүлээсэн үүргийн дагуу цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг эрчимжүүлж дүүргийн харьяанд байгаа үйлчилгээний байгууллага, төлбөртэй зогсоолууд, томоохон зах худалдааны төвүүдэд хяналт хийж 50 метрийн цэвэрлэгээ үйлчилгээг байнга хийх дадлыг бий болгоход анхаарч, хариуцлагагүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийн хяналтыг сайжруулахыг анхаарууллаа.
Мөн хот нийтийн аж ахуй чиглэлээр ажиллаж байгаа техникийн хяналтыг сайжруулахад технологийн шийдлийг ашиглаж ажиллахыг чиглэл болгож, инженер хангамжийн чиглэлээр 3, хог хаягдал, менежментийг сайжруулах чиглэлээр 7, тохижилт ногоон байгууламжийн чиглэлээр 2, нийт 12 үүрэг даалгаврыг холбогдох чиг үүргийн байгууллагуудад өгч ажиллалаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Нийгэм
Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно
“Хийморь” төслийн хүрээнд зохион байгуулж буй дэлхийн хүчтэнүүд монгол үндэсний бөхөөрөө барилдах “Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан зохион байгуулагдах гэж байна.
1999 онд зохион байгуулагдсан тус барилдаан тэнцээгээр өндөрлөсөн бол ийнхүү 25 жилийн дараа энэ цагийн хүчтэнүүд хайнааг хагалах гэж байна.
“Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан 2024 оны 12 дугаар сарын 15-ны 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.