Нийгэм
Монгол Улс интернэт хаягжилтын IPV6 хувилбарт шилжинэ
Монгол Улсын Харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгчид болон холбогдох байгууллагуудын дунд IPv6 хаягийн нэвтрэлт 5-6 хувийн хооронд хэлбэлзэж байна. IPv6-д шилжих нь Монгол Улсын ирээдүйн хөгжилд, ялангуяа технологийн дэвшлийг нэвтрүүлэхэд чухал ач холбогдолтой. Тиймээс ЦХХХЯ, Харилцаа холбооны зохицуулах хороо, Ази номхон далайн бүсийн сүлжээ мэдээллийн төв (APNIC)-тэй хамтран “Монгол улсын интернэтийн сүлжээг IPv6 хаягжилтад шилжүүлэх төлөвлөгөө” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.
ХХЗХ-ны Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газрын дарга Б.Мягмарнаран: Интернэт протокол хувилбар IPv4 хаяглалтын нөөц 2015 онд дууссан, цаашлаад өсөн нэмэгдэж буй интернэт хэрэглэгчдийн тоо, үүрэн холбооны 4G болон 5G сүлжээний нэвтрэлт, түүнд суурилсан интернэтийн хөгжил, аюулгүй байдал зэргээс хамаараад Интернэтийн протокол хувилбар IPv6 хаягжилтыг яаралтай нэвтрүүлэх хэрэгцээ шаардлага тулгарч байна. Энэхүү шинэ хаягжилтыг нэвтрүүлэх үйл ажиллагааг гардан гүйцэтгэх, харилцаа холбоо, технологийн салбарын гол цөм болсон инженер, техникийн мэргэжилтнүүдэд сургалт хийж, хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа нь чухал ач холбогдолтой юм.
Ази номхон далайн бүсийн сүлжээ мэдээллийн төв /APNIC/-ийн Стратегийн газрын захирал Луис Пабло: Монгол улс IPv6 хаягт шилжихэд боловсон хүчин, техникийн хувьд бэлэн болжээ. IPv6 хаягт шилжихэд технологи, нууцлалын хувьд маш сайн шийдэлтэй болсон. IP хаяг бол хүн бүрт оноосон регистрийн дугаар биш. Энэ нь маш олон сая хаягаас байнга сольж, шинэчлэгдэж байдаг хаяг бөгөөд зөвхөн интернэт сүлжээн дахь төхөөрөмжүүд хоорондоо ярих хаяглалт юм.
Хэлэлцүүлэгт УБЕГ, И-Монгол академи УТҮГ, Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв, Интернэтийн үйлчилгээ эрхлэгчид, Үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчид, дата төвүүд, Банкуудын төлөөлөл оролцлоо гэж Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.
Нийгэм
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах 11 арга хэмжээ төлөвлөснөө 100 хувь бүрэн хангалаа.
Улсын чанартай авто замын халтиргаа гулгаа үүсдэг хэсэг, зам, даваанд ашиглах хуурай элс, үнс, давсыг нөөцлүүлэх, шуурхай ажлын хэсэгт ажиллах машин механизмын засвар үйлчилгээг хийлгэж, бэлтгэж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг зөвлөгөөнийг удирдан явууллаа.
Шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 22 дугаар шуурхай хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн явцыг Хяналт, үнэлгээний газрын дарга Ц.Рэгзэдмаа танилцууллаа.
Хуралдааны дэгийн дагуу өвөлжилтийн бэлтгэл, давс бодисын нөөцлөлт болон хадгалалт хамгаалалтын нөхцөлийг сайжруулах хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээлэл, инженерийн хангамжийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах команд штабын дадлага сургуулилтын үр дүн, ус хангамж, ариутгах татуурга, инженерийн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэл, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд 2025 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөлт, сургууль цэцэрлэгүүдийн халаалт, нүүрсний нөөцлөлт, бэлэн байдалд явуулсан үзлэг, нөхцөл байдлын талаарх мэдээлэл, хяналтын камерыг нэмэгдүүлэх, удирдлагын төвийг бий болгох чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох газрын удирдлагууд танилцуулж авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.Батзориг дүүрэг бүр хүлээсэн үүргийн дагуу цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг эрчимжүүлж дүүргийн харьяанд байгаа үйлчилгээний байгууллага, төлбөртэй зогсоолууд, томоохон зах худалдааны төвүүдэд хяналт хийж 50 метрийн цэвэрлэгээ үйлчилгээг байнга хийх дадлыг бий болгоход анхаарч, хариуцлагагүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийн хяналтыг сайжруулахыг анхаарууллаа.
Мөн хот нийтийн аж ахуй чиглэлээр ажиллаж байгаа техникийн хяналтыг сайжруулахад технологийн шийдлийг ашиглаж ажиллахыг чиглэл болгож, инженер хангамжийн чиглэлээр 3, хог хаягдал, менежментийг сайжруулах чиглэлээр 7, тохижилт ногоон байгууламжийн чиглэлээр 2, нийт 12 үүрэг даалгаврыг холбогдох чиг үүргийн байгууллагуудад өгч ажиллалаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Нийгэм
Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно
“Хийморь” төслийн хүрээнд зохион байгуулж буй дэлхийн хүчтэнүүд монгол үндэсний бөхөөрөө барилдах “Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан зохион байгуулагдах гэж байна.
1999 онд зохион байгуулагдсан тус барилдаан тэнцээгээр өндөрлөсөн бол ийнхүү 25 жилийн дараа энэ цагийн хүчтэнүүд хайнааг хагалах гэж байна.
“Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан 2024 оны 12 дугаар сарын 15-ны 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.