Нийгэм
Олон улсын хоршооллын жилийн нээлт болов
Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар НҮБ-ын Хоршооллын хөгжлийг дэмжих хороо (COPAC)-той хамтран энэ оны 7 дугаар сарын 9-ний өдөр Хоршооллын олон улсын өдрийг тохиолдуулан “2025 оны Олон улсын хоршооллын жил”-ийн нээлтийн арга хэмжээг зохион байгуулав.
Монгол Улс нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейн “Нийгмийн хөгжилд хоршооллын үүрэг” тогтоолын гол санаачлагчийн хувьд 2012 оныг Олон улсын хоршооллын жил болгон тэмдэглэсэн амжилт, туршлага дээрээ үндэслэн 2025 оныг дахин Олон улсын хоршооллын жилээр зарлуулах тухай тогтоолыг санаачлан өнгөрсөн 6 дугаар сарын 19-ний өдрийн Бүгд хуралдаанаар батлуулсан.
Арга хэмжээг Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр нээж, хүн төвтэй, ардчилсан бөгөөд тэгш зарчмаар ажилладаг бизнесийн нэгж болох хоршоолол нь аливаа улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд асар их үүрэг гүйцэтгэж байгааг дурдаад өдгөө төрөл бүрийн хэлбэрийн 3 сая орчим хоршоололд дэлхийн нийт ажил эрхлэгчдийн 12 хувь нь хамрагдаж байгаа ба өнгөрсөн оны мэдээллээр дэлхийн 300 орчим томоохон хоршоолол 2.4 тэрбум ам.долларын орлоготой ажилласныг хэлсэн үгэндээ цохон тэмдэглэв.
“Хоршоолол дэлхийн сайн сайхны төлөө” сэдвийн дор тэмдэглэх 2025 оны Олон улсын хоршооллын жилийн хүрээнд дэлхий нийтийн хоршооллын хөдөлгөөний хөгжлийг дэмжих, хоршооллын Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийн хэрэгжилтэд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилго дэвшүүлж байгааг дурдаж, гишүүн улсууд, холбогдох талуудыг хамтран ажиллахыг уриалав. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас жижиг бизнес, хоршооллыг дэмжих олон бодлого, үйл ажиллагаа хэрэгжүүлж буйн дотор 2024 онд “Шинэ хоршоо – Чинээлэг малчин” хөтөлбөрийг зарлаж, амжилттай хэрэгжүүлж эхэлснийг танилцуулав.
Нээлтийн арга хэмжээнд НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн дарга Паула Нарваез Ожеда, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Ерөнхий захирал Жильберт Хунгбо , НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн асуудал хариуцсан газрын албаны захирал Жон Вилмoт, Олон улсын хоршооллын холбооны Ерөнхийлөгч Ариэл Гуарко нар үг хэлснээс гадна Кени, БНЭУ тэргүүтэй гишүүн улсууд, Олон улсын хоршооллын холбооны Ази, Номхон далай, Америк тив, Африк, Европын бүс нутгийн төвүүдийн төлөөлөл оролцов.
“Хоршоолол дэлхийн сайн сайхны төлөө” сэдэвт 2025 оны Олон улсын хоршооллын жилийн НҮБ дээрх нээлтийн арга хэмжээнд оролцогчид Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэхэд хоршооллын гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх боломж болон 2025 оны турш олон улс, бүс нутаг, үндэсний түвшинд зохион байгуулах арга хэмжээний ерөнхий төлөвлөгөө, зарим тодорхой үйл ажиллагааны талаар ярилцаж, санал солилцов.
Тус арга хэмжээгээр хэлэлцсэн санал, санаачилгуудыг 2025 оны Олон улсын хоршооллын жилийн албан ёсны нээлтийг зарлах 2024 оны 11 дүгээр сарын 25-30-ны өдрүүдэд Энэтхэг Улсын Дели хотноо болох “Олон улсын хоршооллын холбооны глобал бага хурал” хүртэл хэлэлцэж нэгтгэнэ.
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.