Нийгэм
Сэлбэ голын эхэд байгуулсан хиймэл нуурын урсцыг тохируулан түр хааж, үерийн далангийн барилга угсралтын ажлыг хийж байна
Сэлбэ голын голдирлыг өөрчлөн барьсан “S’Outlet” дэлгүүрийн буулгасан талбай орчимд үерийн түшиц хана барих ажлыг эхлүүлсэн. Энэ хүрээнд Сэлбэ голын эхэд байгуулсан хиймэл нуурт усны урсцыг тохируулан түр хааж, тухайн талбай орчмын газрыг хуурай болгон, үерийн далангийн барилга угсралтын ажлыг хийж байна. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албаны дарга Ц.Төрхүү болон Усны зөвлөх инженер, техник ухааны доктор Ц.Сосорбарам нар дээрх байршлуудад ажиллалаа.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албаны дарга Ц.Төрхүү:
-Сэлбэ, Дунд гол дагуу үерийн хамгаалалтыг сайжруулах чиглэлээр 1982 оноос хойш ямар нэг ажил хийгдээгүй. Харин өнгөрсөн сараас эхлэн тухайн голуудын лаг хагшаасыг цэвэрлэж байгаатай холбоотойгоор иргэд олон нийт тухайн голууд ширгэж байна гэдэг шүүмжлэлийг илэрхийлээд буй. Гэвч нийслэлийн зүгээс усны холбогдох мэргэжлийн байгууллагуудын эрдэмтдийн судалгаан дээр үндэслэн уг ажлыг хийж байна. Энэ хүрээнд Сэлбэ голын эхэд байгуулсан хиймэл нуурт усны урсцыг тохируулан хааснаар лаг хагшаас цэвэрлэх, мод бургас зөөх, “S’Outlet” дэлгүүрийн буулгасан талбай орчимд үерийн түшиц хана барих ажлыг хэвийн үргэлжлүүлэх боломжтой болж байгаа юм. Мөн аль болох бороо хур ороогүй үед эл ажлаа хийхгүй бол тухайн голуудын далан дагуу арав гаруй байршилд усны шүүрэлт өгөөд эхэлсэн нь эрсдэл дагуулж буй. Уг ажлыг хийж дууссаны дараа усыг хэвэнд нь урсгаж болно хэмээлээ.
Усны зөвлөх инженер, техник ухааны доктор Ц.Сосорбарам:
-Сэлбэ голын эхэнд 13 га талбай бүхий газарт 300-500 мянган шоо метр нуур байгуулсан бөгөөд 1.5 жилийн дотор хур тунадсаар дүүргэх төлөвлөгөөтэй байсан. Гэвч өнгөрсөн оны долоодугаар сард орсон гурван өдрийн хур тунадсаар л уг нуур дүүрчихсэн. Хэрэв Сэлбийн эхэнд хиймэл нуур байгуулаагүй бол үерийн хохирол маш их байх байсан. Үертэй тэмцэх гол арга бол урсац тохируулгын усан санг байгуулах бөгөөд дэлхийн бүх улсад голын урсац тохируулгын усан сан байдаг. Жишээ нь, Япон манай улсын газар нутгаас дөрөв дахин жижиг боловч голын урсац тохируулгын 67 мянган усан сантай. Усан сан байгуулснаар Сэлбэ голын урсцыг тохируулах, хатаж ширгэсэн тохиолдолд экологийн зардлыг хэмнэж усаар тэжээх, үер болохоос сэргийлэх, ойр орчимд ой хээрийн түймэр болоход усны нөөцийг бий болгох зэрэг ач холбогдолтой юм гэв.
Манай улс 1941 оноос хойш гадаргын гол мөрний судалгааг эхлүүлж байсан түүхтэй. Ийн 1982 оны долоодугаар сарын 20-нд Сэлбэ голд их хэмжээний үер буусны дараа уг гол дагуу шороон далан барьсан. Үүнээс хойш ямар нэгэн ажил хийгдээгүй учир лаг хагшаас 1-1.5 метр өргөгдөн, усны түвшин нэмэгдэж үер буух давтамжийг улам бүр ихэсгэж байсан юм. Харин лаг хагшаасыг цэвэрлэснээр үерийн эрсдэлээс тодорхой хэмжээнд сэргийлж чадсан. Үүнтэй хот суурин газар үргэлж тэмцэх шаардлагатай гэдгийг тэрбээр мөн онцоллоо.
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.