Дэлхий дахинд
Бээжин утаанаасаа аажмаар салж байна
Дэлхийн хамгийн бохир агаартай хотоор нэрлэгдсэн Бээжин хотод 2018-2019 оны өвөл “амьгалж болохуйц өдрүүд олон тохиосон” гэж Жэнминь жибао сонин бичжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр Хятадын нийслэлд өнгөрсөн нэгдүгээр сард РМ 2.5 –ын дундаж түвшин 34 мкг/м3 байсан бөгөөд энэ нь Бээжин хотын түүхэн дэх хамгийн доод үзүүлэлт гэнэ. Харьцуулахад, 2013 онд энэ үзүүлэлт 90мкг/м³ байжээ.
Бээжингийн Хотын хорооны нарийн бичгийн дарга Цай Циний өгүүлснээр иргэд чухалд тооцож байсан зорилтдоо хүрч эхлэсэн бөгөөд энэ онд агаарын бохирдлоос сэргийлэх арга хэмжээнд илүү их хүчин чармайлт гаргах гэнэ.
Эргэн сануулахад, 2013 онд “Агаар цэвэршүүлэх таван жилийн төлөвлөгөө”-г Бээжин хотод танилцуулж байлаа. Энэхүү төлөвлөгөөнд найман зүйл заалтыг тусгаж байсан юм. Тэр дундаа нүүрсний хэрэглээг бууруулах, автомашины тоо хэмжээнд хяналт тавих, түлш зарцуулалтыг багасгах, бохирдолтой тэмцэж, хорт хаягдлыг бууруулах, агаарыг цэвэр байлгаж, тоосжилтын түвшнийг багасгах гэсэн зорилтуудыг энэхүү таван жилийн төлөвлөгөөнд багтаасан байв.
Улмаар 2017 онд Хятадын нийслэлийн эрх баригчид 700 тосгонд, 300 мянган өрхөд зориулан цэвэр эрчим хүчний салбарт шинэчлэл хийн агаарын бохирдлоос сэргийлэх хөтөлбөрийг идэвхийлэн хэрэгжүүлэх болсон юм. Түүний зэрэгцээ утаа ихээр ялгаруулдаг хуучин автомашинууд, 2 мянга гаруй жижиг, агаар бохирдуулагч үйлдвэрүүдийг бүрэн зогсоожээ.
Хүрээлэн буй орчныг бохирдуулах хорт хаягдлыг бууруулах гол арга хэмжээ нь нүүрсийг хийн түлшээр солих явдал байсан юм. Агаарын бохирдлоороо дэлхийд дээд амжилт тогтоосон Бээжин энэ асуудлаас үтэр түргэн салахын тулд цэвэр түлшинд шилжих ажиллагааг хурдавчлахаар бүхий л талын шахалт үзүүлсэн ч хийн түлш нийлүүлэгчид эрэлт эрс өсөхөд бэлэн байгаагүйн улмаас хэрэглэгчдийн хэрэгцээг хангаж чадалгүй, ид хүйтний үеэр халаалт дулаан тасалдаж байсан талаар эх сурвалжууд мэдээлж байв. Гэлээ ч энэ хүндрэл Хятадын эрх баригчдыг зогсоосонгүй, түүхий нүүрс хэрэглэх зэргээр байгаль орчныг бохирдуулж байгаа үйлдвэр аж ахуйн нэгжүүдийг торгох, эздийг баривчлах зэргээр “хатуухан гар”-аар асуудлыг шийдвэрлэхээр чармайж байгаа гэнэ.
Түүнчлэн зөвхөн хорьж цагдаж, хязгаарлан асуудлыг шийдэлгүй, харин шинийг санаачлах бүтээх замаар агаарын бохирдлыг арилгах арга замуудыг ч Хятад улс туршсаар байгаа юм. Тухайлбал, агаарын бохирдол, цаг уурын өөрчлөлттэй тэмцэхэд зорулсан, дэлхийн анхны “Ойн хот”-ыг байгуулахаар болжээ. Зүлэг ногоо, мод ургамлаар хучигдсан энэ хот жилд ойролцоогоор 10000 тонн нүүрсхүчлийн хий, 57 тонн бохирдуулагч бодисыг шингээж, 900 тонн хүчилтөрөгч гаргана гэж тооцоолсон байна. Дэлхий даяар экологийн төслүүд боловсруулдаг Stefano Boeri Architetti багийн боловсруулсан ирээдүйн Ойн хотод ойролцоогоор 30 000 хүн амьдрах бөгөөд 100 гаруй төрлийн 1 сая ургамал, 40000 мод ургуулснаар энэ хот агаарын дундаж хэмийг бууруулж, дуу чимээг багасгах гэнэ.
Энэ хот бүрэн бие даасан, худалдааны бүс, орон сууцны хороолол, амралт зугаалгын газар, эмнэлэг, хоёр сургуультай байхаар төлөвлөсөн бөгөөд Люжоу хоттой хурдны төмөр замаар холбогдох юм байна. Төслийг 2020 онд дуусгахаар төлөвлөж байгаагийн дээр төсөл амжилттай болвол бусад мужуудад ногоон хот байгуулах боломж бүрдэнэ гэж үзэж байгаа гэнэ.