Эдийн засаг
Өмнөговийн есөн жижиг, дунд бизнес эрхлэгчтэй 27.8 тэрбум төгрөгийн худалдан авалтын гэрээ байгуулав
Өмнөговь аймгийн ЗДТГ, “Оюу толгой” компани, Бизнесийн инноваци хөгжлийн төв хамтран жижиг, дунд бизнес эрхлэгчдийн экспог “Өмнөговьд үйлдвэрлэе” уриан дор тавдугаар сарын 23-24-ний өдрүүдэд Даланзадгад суманд зохион байгууллаа. Экспод оролцож буй Өмнөговь аймгийн 100 гаруй бизнес эрхлэгчдээс нэмэлтээр бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ авах боломжтой талаар тус аймагт үйл ажиллагаа эрхэлдэг уул уурхай, барилгын 15 гаруй томоохон компанийн төлөөлөл хүрэлцэн ирж судалж, цаашид хамтран ажиллах, түншлэл үүсэх боломжуудтай танилцлаа.
Өдөрлөгийн үеэр “Оюу толгой” компани жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжин оролцохын зэрэгцээ “Монголд үйлдвэрлэв” бодлогынхоо хүрээнд Өмнөговийн есөн жижиг, дунд бизнес эрхлэгчтэй нийт 10.5 сая ам.доллар буюу 27.8 тэрбум төгрөгийн худалдан авалтын гэрээ байгууллаа. Гэрээ байгуулсан компаниуд дунд анх удаа Манлай сумын компани багтсан. Энэхүү есөн гэрээний дүнд орон нутагт 128 ажлын байр шинээр бий болж буй нь онцлог юм.
Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч С.Мөнхбаяр уг үйл ажиллагааг нээж үг хэлэхдээ “Оролцогчдын талаас илүү хувь нь “Оюу толгой” компанийн гэрээт, туслан гүйцэтгэгч компаниуд байгаа нь тус компани орон нутагт олон ажлын байр бий болгоод зогсохгүй орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг харуулж байна. Бид энэ амжилтаа ахиулах, бусадтай туршлага хуваалцах, чанаржуулах зэрэг олон ажлыг хамтран хийхээр төлөвлөж байгаа” хэмээн онцлов. Өмнөговь аймгийн ЗДТГ-аас жижиг, дунд бизнес эрхлэгчдийн чадавхийг сайжруулах зорилго бүхий сургалтууд, ЖДҮ- ийг дэмжих тухай зөвлөгөөнийг холбогдох албаны хүмүүс, бизнес эрхлэгчдийн дунд зохион байгуулав.
Мөн “Оюу толгой” компанийн Худалдан авалтын газрын ерөнхий менежер Дэррик Хансэн ‘“Оюу толгой” компани жижиг, дунд үйлдвэрүүдийг түшиглэн найдвартай, өрсөлдөх чадвар бүхий дотоодын нийлүүлэлтийн сүлжээг хөгжүүлэхэд онцгой анхаарал хандуулдаг. Өмнөговь аймаг болон Бизнесийн инноваци хөгжлийн төвийн дэмжлэгтэйгээр бид орон нутгийн ханган нийлүүлэлтийн сүлжээг сайжруулахын төлөө тасралтгүй ажилласаар байх болно“ гэлээ.
Өдөрлөгийн өөр нэгэн онцлох үйл явдал нь Өмнөговь аймаг, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), “Говийн оюу хөгжлийг дэмжих сан” болон “Оюу толгой” компанитай хамтран байгуулсан “Бизнесийн инноваци хөгжлийн төв”-ийн Өмнөговь дахь салбарын нээлт юм. Энэхүү төвөөс орон нутгийн бизнес эрхлэгчид байгаль орчин, эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, бизнесийн ёс зүй, бизнесийн удирдлага, ханган нийлүүлэлтийн сүлжээний менежмент зэрэг бизнесийн удирлагад өндөр ач холбогдолтой олон чиглэлээр шаардлагатай сургалт зөвлөгөө авах боломжтой болж байгаа юм.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.