Дэлхий дахинд
В.Путин Монголоор дамжуулан БАЙГАЛИЙН ХИЙН ШУГАМ тавихыг үүрэг болголоо
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр (2019.09.09) “Газпром”-ын тэргүүн Алексей Миллерийг хүлээн авч уулзлаа
Миллер Хятадад энэ оны арванхоёрдугаар сараас эхлэн байгалийн хий нийлүүлж эхлэх болсноо Ерөнхийлөгч В.Путинд мэдэгдсэн юм.
Алексей Миллер “2019 оны арванхоёрдугаар сарын 1-нээс бид Хятадад байгалийн хий нийлүүлж эхэлнэ. Энэ бол түүхэн үйл явдал. Яагаад гэвэл дэлхийн хамгийн том байгалийн хийн нөөцтэй орон дэлхийн хамгийн том хэрэглэгчид хий нийлүүлэх болж байна. 30 жилд нэг их наяд куб метр байгалийн хий Хятадад нийлүүлэх болно” гэж мэдэгдлээ.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч Владимир Путин “Газпром”-ын тэргүүн Алексей Миллерт Хятадад нийлүүлэх байгалийн хийн хоолойг Монголоор дамжуулан тавихыг үүрэг болголоо.
“Газпром” Хятадын CNPC-тэй 2014 оны тавдугаар сард анх дорнод шугамаар байгалийн хий нийлүүлэх гэрээ байгуулж байсан. Мөн 2015 онд Баруун Сибириэс Хятадад “Сибирийн хүч 2” баруун шугамаар хий нийлүүлэх гэрээ байгуулсан юм. Гэвч “Сибирийн хүч 2” шугам нь Алтайн БНУ-ын дархан цаазат газраар дайрах тул байгаль хамгаалагчдын ширүүн эсэргүүцэлтэй тулгарсан.
Алексей Миллер Ерөнхийлөгч В.Путинтэй уулзахдаа өөр шугамаар байгалийн хий нийлүүлэхээр Хятадын талтай ярилцаж байгаа гэж мэдэгдсэн байна. Алс Дорнодын Сахалинаас хоолой татах хувилбар байгаа гэсэн ч В.Путинд энэ хувилбар таалагдсангүй.
В.Путин “Би урьд өмнө та нарт Монголоор дамжуулан хийн хоолой тавихыг санал болгож байсан. Хятадын талтай ч энэ талаар ярьсан. Ямала, Эрхүү муж, Красноярск хязгаарын байгалийн хийн нөөцийг эргэлтэд оруулах хэрэгтэй. Үүний тулд Монголоор дамжуулан шинэ шугам байгуулах нь ашигтай гэж урьдчилсан судалгаагаар гарсан. Хятад түншүүд маань ч Монголыг сонгож байгаа” гэж хэлжээ.
Нэг жилийн өмнө ОХУ, БНХАУ, Монголын тэргүүдийн уулзалт дээр В.Путин “Монголчууд байгалийн хийн хоолойг нутгаараа дамжуулах санал тавьсан. Бид дэмжиж байгаа. Гэхдээ техник-эдийн засгийн судалгаа хийх шаардлагатай” гэж хэлж байлаа.
Харин өнгөрсөн долоо хоногт Владивосток хотод болсон Дорнын эдийн засгийн форумын үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч, БНХАУ-ын тэргүүн нарт Монголоор дамжуулан хийн хоолой тавих асуудлыг судална, дэмжинэ гэж амласныг нь сануулсан байна.
ОХУ-ын шинжээчид Монголоор дамжуулан хийн хоолой тавих нь эдийн засгийн хувьд ашиггүй. Монголын хүн ам цөөн тул хэрэглэгч бага. Мөн гадаад улс орноор дамжуулахад эрсдэлтэй, ямар нэг улс төрийн маргаан гарахад Монголд л ашигтай болно гэж эсэргүүцэж байсан ч Ерөнхийлөгч В.Путин дэмжсэнээр их ажил эхлэх бололтой.
ОХУ-ын Эдийн засгийн их сургуулийн доцент Александр Тимофеев “2012 онд анх монголчууд ийм хүсэлт гаргаж байсан. Тэд Баян-Өлгий аймгаар дамжуулан, хийн хоолой тавих нь хямд төсөр гэж ярьж байсан. Энэ асуудлыг дээд түвшинд ярьж эхэлсэн нь сайн хэрэг. Алс Дорнодын эдийн засгийн форум дээр ОХУ, БНХАУ, Монголын төрийн тэргүүд харилцан ойлголцсон нь харагдаж байна. Монголын талтай харилцан ашигтай гэрээ байгуулсан бололтой. Магадгүй нийтэд зарлахгүй нууц гэрээ байх” гэж ярьжээ.