Нийгэм
Найзыгаа эхнэртэйгээ хардаж, амь насыг нь хохироожээ
Нийгэмд архидан согтуурсан үедээ биеэ хянах чадваргүй болж бусдын гарт хохирогч болох тохиолдол буурахгүй байгааг цагдаагийн байгууллагаас сануулсаар байдаг. Мөн иргэд согтуурсан үедээ хэт их сэтгэл хөөрөлд автаж гэмт хэрэг үйлдэн Эрүүгийн хэрэгтэн болсоор байгаа юм.
Түүнчлэн хардалт гэх сэтгэл зүйн нэгэн төрлийн эмгэгээс болж, гэр бүл салах, гэр бүлийн хүчирхийлэлд олон хүүхэд, эмэгтэйчүүд өртсөөр байна. Хардалтаас үүдсэн уур бухимдалдаа автан хормын төдий хүний аминд хүрсэн хэрэг гарсан байна. Хэргийг тодруулбал, 12-р сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн байгууллагын оффисын өрөөнд 39 настай эрэгтэй Т-г эхнэртэйгээ хардаж улмаар хүний аминд хүрчээ.
“Хүн амины хэрэг гарсан байна” гэх дуудлага мэдээллийг иргэнээс цагдаагийн байгууллагад ирүүлжээ. Дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн бие бүрэлдэхүүн, шинжээч эмч оролцуулан хэргийн газрын үзлэг хийхэд эрэгтэй 29 настай Т, эрэгтэй 37 настай Б нар нь “Манай эхнэртэй хамт архи уусан” хэмээн марган харилцан зодолдож 39 настай Т-г амийг нь хохироожээ.
Тодруулбал, тухайн хэрэг гарсан өдөр сэжигтэн болон түүний эхнэр хамт байсан хоёр эрэгтэй нар ажлын байран дээрээ архидан согтуурсан аж. Сэжигтэн хамт архидан согтуурсан ажлынхаа найзтайгаа маргалдан зодолдож хохирогч 39 настай Т нь гавалын ясандаа хүнд гэмтэл авч, газар дээрээ нас барсан байна. Тэд нэгэн банк бус санхүүгийн байгууллагад хамт ажилладаг байжээ. Хэргийн газрын үзлэгээр хохирогч Т нь толгойн зүүн хэсэг, зүүн чих хавдсан гэмтэлтэй нас барсан байжээ.
Уг хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Хэрэг бүртгэлийн ажиллагаа нээж, хэрэгт холбогдогчоор хамт архидан согтуурсан гэх этгээдүүдийг шалгаж эхэлсэн байна. Мөн хүний аминд хүрсэн гэх сэжигтэнг саатуулан мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ.
У.УРАНЦЭЦЭГ
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.