Нийгэм
Г.Батхүү агсан гадны нөлөөтэй нас барсныг илтгэх тодорхой болов
Төр нийгмийн зүтгэлтэн Г.Батхүү агсан өнгөрсөн оны тавдугаар сарын 17-нд Төрийн ордонд таалал төгссөн билээ. Уг хэргийг одоогоор хуулийн байгууллагаас шалгаж байгаа юм. Энэ асуудлаар талийгаачийн гэр бүлийнхэн анх удаа хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл хийв. Талийгаачийн хүү Б.Ганхөлөг, Б.Цэлмэг болон өмгөөлөгч Ж.Батхуяг нар мэдээлэл өглөө.
Энэ үеэр өмгөөлөгч Ж.Батхуяг “Хэрэг шийдвэрлэгдэхгүй найман сарын хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд хэрэг хаагдлаа, гаднын нөлөөгүй амиа алдсан гэх мэт мэдээллүүд хөвөрсөн. Сүүлийн үед хэргийг улстөржүүлэх, улс төрийн байдлаар ашиглах зорилго ажиглагдаж байна. Тиймээс өөрсдөдөө байгаа үнэн зөв мэдээллийг хүргэхээр мэдээлэл хийж байна. Нэгдүгээрт, шүүх эмнэлгийн шинжээчдийн багийн дүгнэлт гарсан. Дүгнэлтийг дэлгэрэнгүй унших боломжгүй. Анхаарал татсан хэдэн зүйлийг уншъя. Дүгнэлтэд талийгаачийн баруун нүдний чиглэлд хүч үйлчилснээр зовхинд цус хуралт, ухархайн дээд ханын хугарал үүссэн гэж байгаа юм. Хүзүүний зүүн хажууд 7х0.5 сантиметрийн улайлт үүссэн гэсэн байна. Энэ бол боолтын улмаас үүсэж болдог улайлт. Хэвлэл мэдээллээр талийгаачийг өвчний улмаас ухаан алдаж, цус харвасан гэж мэдээлж байсан. Задлан шинжилгээний дүгнэлтээр өвчний улмаас цус харваагүй. Гэмтлийн гаралтай цус харвалт тархинд үүссэн гэсэн дүгнэлт гарсан. Шүүх эмнэлгийн дүгнэлтийн хувьд ийм байна.
Дараа нь УИХ-ын нэр бүхий гишүүнээс үнэн худлыг шалгадаг багажаар тест авсан байна. Дүгнэлтээр асуусан асуултад хариулахдаа сэтгэл санааны хувьд гэм буруугийн түгшүүрийн мэдрэмж өндөр гэж гарсан байгаа юм.
Мөн хэргийн газрыг шалгах явцад талийгаачийн гар утсыг хураан авсан байдаг. Гар утсыг хурааж аваад үзлэг шинжилгээ хийгээд хохирогчид хүлээлгэж өгсөн. Хохирогч шинжилгээний дүгнэлтийг үзэхэд гар утсанд ямар нэгэн мэдээлэл байгаагүй. Үйлдвэрээс гарсан шинэ утас шиг байдалтай байсан. Шинжилгээний дүгнэлтээр ч гар утсанд ямар нэгэн мэдээлэл байхгүй, мэдээллийг сэргээх боломжгүй байна гэсэн дүгнэлт гарсан.
Хэргийг шалгах явцад талийгаачийн ар гэрийнхэн рүү нэр бүхий этгээд мессеж бичсэн. Хэргийн талаар “Би хэргийг харсан. Надад 13 секунтын бичлэг байгаа” гэсэн. Энэ мэдээллийг шалгах явцад нэг хүн тогтоогдсон. Тэр хүн одоо би мэдэхгүй, хараагүй гээд өөр хэрэгт шалгагдаж байгаа юм билээ. Цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа юм билээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад янз бүрийн асуудал байсан. Ялангуяа шүүх эмнэлэг байна. Задлан шинжилгээний явцад талийгаачийн ар гэрийнхэн МRI аппаратад оруулъя гэхэд шүүх эмнэлгийнхэн хүлээж аваагүй. Шинжилгээний явцад онош, шинжилгээг дутуу хийсэн нь тогтоогдсон.
Цагдаагийн байгууллага шинжээч томилохдоо эхлээд гар утсан дээр хурууны хээ байна уу, үгүй юү гэдгийг тогтоох ёстой байсан. Гэвч шууд дотор нь юу байсан бэ гэдгийг шалгахаар шинжээч томилсон. Иймэрхүү эргэлзээтэй асуудлууд байна” гэсэн юм.
Хүү Г.Ганхөлөг “Найман сарын хугацаанд бид маш тэвчээртэй хүлээж, ажиглаж суулаа. Бид хүндхэн өдрүүдийг туулж байна. Өвөө, эмээ, ээж минь байна. Хамгийн хэцүү нь дөрвөн настай бага дүү маань хоол идэхгүй, ярихгүй хэцүү байдалтай байна. Найман сарын өмнө бидэнд маш том хар толбо үлдээсэн өдөр байлаа. Ийм өдөр болно гэж хэзээ ч төсөөлж байсангүй. Аав маань Төрийн ордонд ажлын хэсгийн хуралтай гээд явсан. Төрийн тусгай хамгаалалттай газар руу өдрийн цагаар орсон. Буцаж гарч ирээгүй. Өндрөөс унасан л гээд байгаа юм. Энэ бол яалт ч үгүй гаднын нөлөөтэй. Баруун нүд нь хөхөрч хавдсан, хүзүү нь улайсан байдалтай байсан. Зүүн талаараа унасан гэсэн боловч унаагүй талын нүд нь хөхөрч хавдсан байна. Хүзүүний улайлт бол заамдалцсаны шинж шүү дээ. Бид ямар нийгэмд амьдарч байна вэ. Төр нийгмийн зүтгэлтэн, Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн хийж байсан хүн Төрийн ордонд нас барлаа. Жирийн иргэдэд амьд явах баталгаа байна уу. Бидний хувьд өнгөрсөн найман сарын хугацаанд маш хүнд байна. Аавыгаа санаж байна. Хуулийн байгууллага аавын минь амь насаа алдсан хэргийг шударга шийдвэрлэнэ гэдэгт итгэж байна” гэсэн юм.
Охин Г.Цэлмэг “Аавыгаа маш их санаж, үгүйлж байна. Эмээ, өвөө маань аавын маань зурагны өмнө олон цагаар сууж, залбирч байна. Ээж минь насаараа ханилсан ханиа алдаж, шимширч байна. Дөрвөн настай дүү маань аавыгаа нэхэж, хоолоо ч идэхгүй байна. Бид аавынхаа амийг нэхэх болно. Шударга ёсны төлөө тэмцэх болно” гэлээ.
Нийгэм
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах 11 арга хэмжээ төлөвлөснөө 100 хувь бүрэн хангалаа.
Улсын чанартай авто замын халтиргаа гулгаа үүсдэг хэсэг, зам, даваанд ашиглах хуурай элс, үнс, давсыг нөөцлүүлэх, шуурхай ажлын хэсэгт ажиллах машин механизмын засвар үйлчилгээг хийлгэж, бэлтгэж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг зөвлөгөөнийг удирдан явууллаа.
Шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 22 дугаар шуурхай хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн явцыг Хяналт, үнэлгээний газрын дарга Ц.Рэгзэдмаа танилцууллаа.
Хуралдааны дэгийн дагуу өвөлжилтийн бэлтгэл, давс бодисын нөөцлөлт болон хадгалалт хамгаалалтын нөхцөлийг сайжруулах хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээлэл, инженерийн хангамжийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах команд штабын дадлага сургуулилтын үр дүн, ус хангамж, ариутгах татуурга, инженерийн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэл, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд 2025 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөлт, сургууль цэцэрлэгүүдийн халаалт, нүүрсний нөөцлөлт, бэлэн байдалд явуулсан үзлэг, нөхцөл байдлын талаарх мэдээлэл, хяналтын камерыг нэмэгдүүлэх, удирдлагын төвийг бий болгох чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох газрын удирдлагууд танилцуулж авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.Батзориг дүүрэг бүр хүлээсэн үүргийн дагуу цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг эрчимжүүлж дүүргийн харьяанд байгаа үйлчилгээний байгууллага, төлбөртэй зогсоолууд, томоохон зах худалдааны төвүүдэд хяналт хийж 50 метрийн цэвэрлэгээ үйлчилгээг байнга хийх дадлыг бий болгоход анхаарч, хариуцлагагүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийн хяналтыг сайжруулахыг анхаарууллаа.
Мөн хот нийтийн аж ахуй чиглэлээр ажиллаж байгаа техникийн хяналтыг сайжруулахад технологийн шийдлийг ашиглаж ажиллахыг чиглэл болгож, инженер хангамжийн чиглэлээр 3, хог хаягдал, менежментийг сайжруулах чиглэлээр 7, тохижилт ногоон байгууламжийн чиглэлээр 2, нийт 12 үүрэг даалгаврыг холбогдох чиг үүргийн байгууллагуудад өгч ажиллалаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Нийгэм
Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно
“Хийморь” төслийн хүрээнд зохион байгуулж буй дэлхийн хүчтэнүүд монгол үндэсний бөхөөрөө барилдах “Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан зохион байгуулагдах гэж байна.
1999 онд зохион байгуулагдсан тус барилдаан тэнцээгээр өндөрлөсөн бол ийнхүү 25 жилийн дараа энэ цагийн хүчтэнүүд хайнааг хагалах гэж байна.
“Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан 2024 оны 12 дугаар сарын 15-ны 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.
-
Нийгэм8 цаг өмнө
Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо
-
Нийгэм7 цаг өмнө
12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй
-
Улс төр10 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
-
Нийгэм11 цаг өмнө
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
-
Эдийн засаг10 цаг өмнө
“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо
-
Улс төр7 цаг өмнө
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ
-
Нийгэм11 цаг өмнө
Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ
-
Улс төр5 цаг өмнө
Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв