Нийгэм
Зээлийн хүсэлтийг бусдаар
ДАМЖУУЛЖ ИРҮҮЛЭХ ШААРДЛАГАГҮЙ Монгол Улсын Хөгжлийн банкны Төслийн санхүүжилт зээлийн газрын Санхүүжилт болон Зээлийн тайлагналын хэлтсийн захирал Л.Мягмаржавтай ярилцлаа.
-Танд шинэ оны мэнд хүргэе. Монгол Улсын Хөгжлийн банкнаас зээл, санхүүжилт авах хүсэлт их ирж байна уу?
-Танд ч мөн шинэ оны мэнд хүргэе. Манай банк экспортыг дэмжсэн импортыг орлох төсөл хөтөлбөрийн хүсэлтийг жилийн турш хүлээн авдаг. 2020 он гарсаар Засгийн газраас баталсан Ноолуур хөтөлбөрийг үргэлжлүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн хүсэлтүүд түлхүү ирж байна.
-Танай банкнаас зээл авахад ямар шалгуур тавьдаг вэ? Засгийн газраас тодорхой аж ахуйн нэгжийн жагсаалт гаргаж зээл олгох асуудал байдаг уу? Төслөө яг ямар шалгуураар сонгодог вэ?
МУХБ-ны тухай хуулийг 2017 онд шинэчлэн баталсан. Энэ хуулийн 22, 23 дугаар зүйлд УИХ, Засгийн газар Хөгжлийн банкны эх үүсвэрээр санхүүжүүлэх төслийн жагсаалтыг тусгайлан батлахгүй гэсэн заалттай. Үүний дагуу 2017 оноос хойш экспортыг дэмжсэн томоохон төсөл хөтөлбөрт оролцох сонирхолтой аж ахуйн нэгжүүд Хөгжлийн банкинд хандах эрхтэй болсон. Өнгөрсөн оны хавар МУЗГ-аас Хөгжлийн банкинд шалгалт хийсний дараа зээлийн бодлого, журмандаа зарим өөрчлөлтүүдийг оруулсан.
Мөн Хөгжлийн банкны тухай хуулийн 10 дугаар зүйлд тодорхой шалгууруудыг зааж өгсөн байдаг. Эдийн засаг санхүүгийн үр ашигтай, зээлээ төлөх чадвартай, Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөгжлийн бодлогод нийцсэн, барьцаа баталгаагаар хангагдсан байх, техник эдийн засгийн үндэслэл зураг төсөл хийгдсэн байх гэх мэтчилэн шалгуур тавьсан. Хуулиас гадна бид зээлийн бодлогодоо нарийвчилсан шалгуур тавьсан. Өөрөөр хэлбэл Хөгжлийн банк аливаа төслийн 85 хүртэл хувьд оролцоно. Үлдсэн хувьд нь тухайн төсөл хэрэгжүүлэгч өөрөө хөрөнгөө гаргах эсвэл өөр банк болон санхүүгийн байгууллагуудаас хөрөнгөө босгох гэсэн олон хувилбараар шийдэх боломжтой. Ямар ч аж ахуйн нэгж эдгээр шаардлагыг хангасан, экспортыг дэмжсэн төсөл хэрэгжүүлэхээр зэхэж байгаа бол Хөгжлийн банкинд хандах эрх бүрэн нээлттэй. Манай цахим хаяг дээр ямар материалууд шаарддаг нь нээлттэй байгаа.
-Зээл хүссэн этгээд хүсэлтээ яаж өгдөг вэ? Зээлдэгч заавал өөрийн биеэр танайд хандах уу?
-Хөгжлийн банк 2017 оноос зээл санхүүжилтийн хүсэлтийг хүлээн авах цахим системийг нэвтрүүлсэн. Манай цахим системийн онцлог нь Хөгжлийн банкны шаардлагад нийцсэн төсөл мөн эсэхийг шалгуур асуулгуудаар нарийвчлан тодруулах, харилцагчаас шаардлагатай материалуудаа цахимаар илгээх боломжтойгоос гадна ирүүлсэн хүсэлтийг судлах, дүгнэлт гаргах зэрэг банкны үйл ажиллагаанд оролцогч ажилтнууд ч систем дээрээ ажиллаад явахаар цогц байдлаар нэвтрүүлсэн хийгдсэн юм.
Системийн давуу талыг их хэмжээний бичиг цаас бариад манай банкыг зорих шаардлагагүй болсноос харж болно. Гэхдээ хамгийн чухал нь үнэхээр манай шалгуур шаардлагыг хангасан компанийн хувьд зээл, санхүүжилтийн хүсэлт гаргахын тулд хэн нэгэн танил талаа хайгаад байх шаардлагагүй шууд цахим системээр дамжуулаад хүсэлтээ ирүүлэх, ирүүлсэн хүсэлтийнхээ судлах шийдвэрлэх явц нь ямар алхамд байгааг системээр дамжуулан мэдэх болсон юм.
Харин шалгуур шаардлагыг хангаж байгаа эсэхээ сайтар дүгнэх, бичиг баримтуудаа бүрэн бүрдсэн эсэхийг сайн нягтласны эцэст л хүсэлтээ илгээх нь зүйтэй. Хэрэв ямар нэгэн байдлаар дутуу, буруу материалтай хүсэлт илгээвэл банк хүсэлтэд татгалзах ба 6 сарын хугацаанд дахин зээлийн хүсэлт илгээх боломжгүй болно гэдгийг анхаарах хэрэгтэй.
-Хөгжлийн банкнаас зээл авахад туслалцаа үзүүлнэ, хүсэлт гаргахад зуучилна гэдэг асуудал сонсогдож байсан. Танайхаас хэн нэгэн хүнээр дамжуулаад зээл авах боломж байдаг юм уу?
-Манай банкинд ирж, зөвөлгөө мэдээлэл авч байгаа зарим хүмүүс танай банкинд хүсэлт өгөх гээд хүнээр дамжуулсан юм, тэр хүн надад хөөцөлдөж өгч байгаа гэсэн утгатай зүйл ярихыг сонсож л байсан. Бүр танайхаас зээл олгох зөвшөөрөл олгогдсон жагсаалтад манай байгууллага багтчихсан гэнэ, одоо материалаа яаж өгөх вэ гэж утасдсан тохиолдол ч гарсан. Гэтэл манай банкнаас зээл олгох жагсаалт батлах нь бүү хэл хуульд нь Засгийн газраас ч ийм тийм төсөлд зээл олго гэсэн тухайлсан шийдвэр гаргахгүйгээр зохицуулагдсан гэдгийг би дээр дурдсан. Тиймээс, зээл санхүүжилтийн хүсэлт гаргахад бусдаар зуучлуулах, дамжуулах, хөөцөлдүүлэх, болсон болоогүй зөвлөгөө авах ямар ч шаардлага байхгүй бөгөөд энэ нь цаг хугацаа, хөрөнгө мөнгөөр хохирол учруулж болзошгүйгээс гадна, буруу, дутуу мэдээлэл ирүүлснээс болж манай банкны саарал, хар жагсаалтад бүртгэгдэх эрсдэлтэй гэдгийг хэлэх нь зүйтэй байна.
Тухайн компанийн хэрэгжүүлэх төсөл нь банкны зорилго, шалгуурт нийцсэн эсэхээ манай систем дэх асуулгуудад хариулах замаар тодорхойлчихно, веб сайтад тодорхой заачихсан бүрдүүлэх бичиг баримтуудыг хавсаргаад хүсэлтээ илгээхэд л болох юм.
Хэрэв хүсвэл манай банкинд биеэр ирээд зөвлөгөө мэдээлэл авах бүрэн боломжтой. Манай ажилтнууд ирсэн хэн бүхэнд мэдээллийг нээлттэй өгөөд хэвшчихсэн.
-Тэгэхээр танай банкнаас 20.0 тэрбум төгрөгөөс доошхи зээл авах боломжгүй гэж ойлгох уу?
Хөгжлийн банкнаас шууд санхүүжүүлэх төсөлд тийм. Харин үүнээс доош хэмжээний зээл авах зээлдэгч, үйлдвэрлэл эрхлэгчид тус банкнаас арилжааны банкуудаар дамжуулан хэрэгжүүлэх санхүүжилтийн хөтөлбөрт оролцох боломж бий. Сүүлийн үед хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдээс хамгийн үр дүн сайтай байгаа нь дээр дурьдсан, Ноолуур хөтөлбөрийн хүрээнд арилжааны банкуудаар дамжуулан олгож байгаа санхүүжилтийн хөтөлбөрийг дурьдаж болох юм.
Үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд өөрийн харилцагч банкаараа дамжуулж хөтөлбөрт оролцож, өөрийн хүчин чадал, боломждоо тохирсон хэмжээний зээл авах боломжтой бөгөөд хөтөлбөрийн хүрээнд Хөгжийн банкнаас шууд олгож байгаа зээлүүдтэй хугацаа, хүү зэрэг нөхцөл нь адилхан байгаа.
Цаашид уул уурхайн бус экспортыг дэмжсэн санхүүжилт, гэр хороололын дахин төлөвлөлтийг дэмжсэн хөтөлбөр хэрэгжүүлэх зорилт тавиад, эх үүсвэрийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа. Одоогоор энэ чиглэлээр хүсэлт хүлээн аваагүй байгаа бөгөөд хөтөлбөр зарлагдсан даруйд нийтэд мэдээлэл өгөөд явна байхаа.
Ярилцсанд баярлалаа, Таны ажилд амжилт хүсье.
Эх сурвалж: itoim.mn
Нийгэм
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах 11 арга хэмжээ төлөвлөснөө 100 хувь бүрэн хангалаа.
Улсын чанартай авто замын халтиргаа гулгаа үүсдэг хэсэг, зам, даваанд ашиглах хуурай элс, үнс, давсыг нөөцлүүлэх, шуурхай ажлын хэсэгт ажиллах машин механизмын засвар үйлчилгээг хийлгэж, бэлтгэж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг зөвлөгөөнийг удирдан явууллаа.
Шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 22 дугаар шуурхай хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн явцыг Хяналт, үнэлгээний газрын дарга Ц.Рэгзэдмаа танилцууллаа.
Хуралдааны дэгийн дагуу өвөлжилтийн бэлтгэл, давс бодисын нөөцлөлт болон хадгалалт хамгаалалтын нөхцөлийг сайжруулах хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээлэл, инженерийн хангамжийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах команд штабын дадлага сургуулилтын үр дүн, ус хангамж, ариутгах татуурга, инженерийн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэл, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд 2025 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөлт, сургууль цэцэрлэгүүдийн халаалт, нүүрсний нөөцлөлт, бэлэн байдалд явуулсан үзлэг, нөхцөл байдлын талаарх мэдээлэл, хяналтын камерыг нэмэгдүүлэх, удирдлагын төвийг бий болгох чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох газрын удирдлагууд танилцуулж авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.Батзориг дүүрэг бүр хүлээсэн үүргийн дагуу цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг эрчимжүүлж дүүргийн харьяанд байгаа үйлчилгээний байгууллага, төлбөртэй зогсоолууд, томоохон зах худалдааны төвүүдэд хяналт хийж 50 метрийн цэвэрлэгээ үйлчилгээг байнга хийх дадлыг бий болгоход анхаарч, хариуцлагагүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийн хяналтыг сайжруулахыг анхаарууллаа.
Мөн хот нийтийн аж ахуй чиглэлээр ажиллаж байгаа техникийн хяналтыг сайжруулахад технологийн шийдлийг ашиглаж ажиллахыг чиглэл болгож, инженер хангамжийн чиглэлээр 3, хог хаягдал, менежментийг сайжруулах чиглэлээр 7, тохижилт ногоон байгууламжийн чиглэлээр 2, нийт 12 үүрэг даалгаврыг холбогдох чиг үүргийн байгууллагуудад өгч ажиллалаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Нийгэм
Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно
“Хийморь” төслийн хүрээнд зохион байгуулж буй дэлхийн хүчтэнүүд монгол үндэсний бөхөөрөө барилдах “Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан зохион байгуулагдах гэж байна.
1999 онд зохион байгуулагдсан тус барилдаан тэнцээгээр өндөрлөсөн бол ийнхүү 25 жилийн дараа энэ цагийн хүчтэнүүд хайнааг хагалах гэж байна.
“Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан 2024 оны 12 дугаар сарын 15-ны 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.
-
Нийгэм13 цаг өмнө
Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо
-
Нийгэм7 цаг өмнө
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
-
Нийгэм12 цаг өмнө
12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй
-
Улс төр14 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
-
Нийгэм15 цаг өмнө
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
-
Нийгэм9 цаг өмнө
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
-
Эдийн засаг14 цаг өмнө
“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо
-
Улс төр12 цаг өмнө
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ