Улс төр
С.Зориг айсуй цагийн өнгө төрхийг эхэлж мэдэрсэн нэгэн байв
Би МАХН-ын Төв Хорооны дэргэдэх Д.Сүхбаатарын нэрэмжит Намын дээд сургуулийн Шинжлэх ухааны коммунизмын онол (ШУКО)-ын тэнхмийн эрхлэгчээр ажиллаж байлаа. 1987-1988 оны хичээлийн жилд шиг санагдаж байна. Нэг өдөр МУИС-ийн ШУКО-ын тэнхмийн эрхлэгч, дэд эрдэмтэн, доцент Содномгомбо багш над руу утасдаж, ШУКО-ын аспирантурт элсэгчдийн шалгалт авна, чи комиссын даргаар ажиллана гэв. Ингээд МУИС дээр очиж шалгалт авлаа. Гурван хүн орсон шиг санагдаж байна. “Санжаасүрэн багшийн хүү, манай тэнхмийн Зориг шалгалтад орж байгаа. Би юу асуухав дээ, харин чи асуугаарай” гэж Со багш хэллээ.
Би “Соцалист нийгмийн улс төрийн системийн тухай онол, практикийн ойлголтоо хэлэхгүй юү” гэхэд Зориг тухайн цагийн онолын төвшний дээд хэмжээнд ёстой чинээнд нь тултал сайн хариулж билээ. Бас социалист нийгмийн улс төрийн системийн дутагдалтай талыг ч шударгаар, гэхдээ тун арга эвийг нь олсон байдалтай хариулж байв. Шалгалтаа ч “Онцсайн” дүнтэй өгсөн юм.
Би Со багшид “Танай энэ залуу чинь ёстой нэвтэрхий мэдлэгтэй, лут багш байна, их өснө дөө” гэж хэлж байж билээ. Ингэж би Санжаасүрэн багшийн хүү Зориг гэдэг залуу багшийг мэдэх болсон юм.
С.Зориг нялх багаасаа эрдэм номын орчинд өсөж, дунд сургуульдаа үеийнхнээ манлайлж, онцсайн дүнтэй суралцжээ. Үүний зэрэгцээ спорт сонирхоно, ширээний бөмбөгийг адтай сайн тоглоно. Бас гэрэл зураг сонирхож, ангийнхаа хүүхдүүдийн зургийг авна. Зургийн хальсаа нөхөддөө үзүүлж сонгосон зургийг нь угааж өгдөг, ер нь их нийтэч, нөхөрсөг хүү байжээ.
Тэрбээр дунд сургууль төгсөөд Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын их сургуулийн философийн ангид орж суралцан, 1985 онд философич мэргэжлээр дүүргэж, эх орондоо ирээд МУИС-ийн ШУКО-ын тэнхимд багшилжээ. Мэргэжилдээ гаргуун, их уншдаг, бясалгадаг сайн багш байсан гэж хамт ажиллаж байсан нөхөд нь үнэлдэг.
1988 оны өвөл МУИС-ийн ШУКО-ын тэнхимд С.Зоригийг хүрээлсэн оюутны бүлгэм бүрдсэн байна. Хичээл тарсаны дараа орой цугларч, Горбачёвын “Перестройка” болон тухайн үеийн улс төрийн байдлыг ярилцдаг байжээ.
1982 оны 12 дугаар сарын 9-нд “Залуучууд” зочид буудлын баруун талын залгаа танхимд С.Зориг, Ц.Элбэгдорж нарын залуус цугларч, хоёр цаг хэртэй ямар байгууллага байгуулах вэ гэж ярилцаад “Монголын ардчилсан хөдөлгөөн” нэрэн дээр тогтжээ. Тэндээсээ МУИС-ийн криминалистикийн лаборатори (лаборант нь Энхтүвшин байсан) руу очиж, шөнийн 12 цаг хүртэл мөрийн хөтөлбөр, дүрмээ боловсруулжээ. Эл ажилд 13 хүн оролцсон байна. Тиймээс “ардчиллын 13” гэж нэрлэгдсэн байна. Эл 13 гишүүн МоАХ-ыхоо үйл хэрэгт үнэнчээр зүтгэх тангараг өргөсний дараа Ерөнхий зохицуулагчаар С.Зоригийг сонгожээ.
Энэ өдрөөс хойш С.Зориг тэргүүтэй МоАХ-ныхон үйл ажиллагаагаа эрс идэвхжүүлэв. Ардчилсан холбооны уриалгаар Лениний музейн өмнөх талбай, Сүхбаатарын талбай зэрэг газруудад өргөн олны цуглаан болсоор байв. Тэр үеийн эрх баригчид жагсаал, цуглааныг хууль бус гэж үзэж байлаа. Улаанбаатар хотын Гүйцэтгэх захиргаа МоАХ-ын ерөнхий зохицуулагч С.Зориг нарыг дуудаж уулзалт хийжээ. Албан ёсны энэ уулзалтад МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны орлогч гишүүн, Улаанбаатар хотын Намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, Б.Лантуу, АИХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ц.Готов, Хотын захиргааны дарга Ц.Мөнхжаргал нар оролцож, уулзалт яриаг радио, телевизээр орон даяар дамжуулсан юм. Тэр уулзалтад МАХН-ын төлөөлөгчид асуулт тавихад тов тодорхой оновчтой хариулж байж билээ. “Танай холбоо гэгчийн мөрийн энэ хөтөлбөрт чинь “социализм” гэсэн үг огт алга байна шүү дээ. Энэ чинь ямар учиртай юм бэ? гэж Лантуу дарга асуухад “Хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм гэж томьёолсон” гэж хариулж байв.
Тэр цагаас хойш С.Зоригийн удирдсан МоАХ хэд хэдэн томоохон цуглаан зохион байгуулжээ. 1990 оны гуравдугаар сард МоАХ болон бусад хүчнүүд хамтран зохион байгуулсан цуглаанаас МАХН-ын Онц их хурлыг хуралдуулж, намын удирдлагыг өөрчлөх, намын үйл ажиллагааг төрөөс тусгаарлах, улс төрийн бүх хүчнийг тэгш эрхтэй оролцуулсан Ардын түр хурлыг байгуулах шаардлагыг эрх баригчдад хандан тавьжээ. Тэдний шаардлагыг төр засаг хүлээн аваагүй учир 1990 оны гуравдугаар сарын 7-ны өдрийн 14 цагт Сүхбаатарын талбайд улс төрийн өлсгөлөн зарласан юм. Өмнө нь тавьж байсан шаардлагууд дээр МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчоог бүрэн бүрэлдэхүүнээр нь 24 цагийн дотор огцруулах шаардлага нэмэгджээ. Өлсгөлөнгийн үед “Зориг нууц байдалд байгаа юм гэнэ ээ… Ноднин Тянь-Минийн талбайд манай эднүүс шиг ардчилсан үзэлтэй оюутнуудыг хятадууд яаж дарлаа, танкаар газартай нь тэгшилсэн шүү дээ. Манай эрх баригчид түүн шиг хүчирхийллийн ямар нэг алхам хийж магадгүй. Хэрвээ өлсгөлөн зарласан залуусыг шөнө дөлөөр ачаад явчихвал хариуд нь эсэргүүцлийн том цуглаан юм уу, нэг арга хэмжээ зохиож таарна, түүнийгээ ч төлөвлөсөн байлгүй. Энэ бүхнийг удирдаж байгаа Зоригийг нуусан гэсэн, энд харагдахгүй байхыг бодоход хамгаалалтад байгаа байх. НАХЯ-ныхан Зориг нарыг нуугдаж байгаа газраас нь барьж авбал яана аа” гэх зэргээр хүмүүс зовнин ярилцаж байлаа.
Яг өлсгөлөнгийн өдрүүдэд С.Зориг тэргүүтэй удирдах зөвлөлийн ихэнх гишүүд МоАХ-ын зөвлөх байсан доктор П.Нэргүйн байрны ажлын өрөөнд байрлаж, өлсгөлөн зарлагчдаас байнгын мэдээ авч байжээ. Улмаар С.Зориг тэргүүтэй шинэ ардчилсан хүчин МАХН-ын удирдлагатай зөвшилцлийн ширээнд суужээ.
Ийм хүнд үед МАХН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга Ж.Батмөнх асуудалд тун ухаалагаар хандаж, “хэрхэвч хүч хэрэглэж болохгүй” гэсэн хатуу зарчим баримталсан юм. Ингээд Ж.Батмөнх МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохоор болсныг радио, телевизээр мэдэгдэв. Өлсгөлөн ч зогсов. Өлсгөлөн зарлагчид 3 дугаар сарын 9-ний оройн 22 цагийн багцаанд тарсан юм.
МАХН-ын Төв Хорооны VIII бүгд хурал 1990 оны гуравдугаар сарын 12-нд болж, Улс төрийн Товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрон, БНМАУ-ын Үндсэн хуулийн Оршил дахь “БНМАУ-ын төр, нийгмийг удирдан чиглүүлэгч хүч бол бүхнийг ялагч марксист-ленинист онолыг үйл ажиллагаандаа удирдлага болгодог Монгол Ардын Хувьсгалт Нам мөн”, 82 дугаар зүйлийн “Улсын ба хөдөлмөрчдийн олон түмний бусад байгууллагын манлайлагч бөгөөд жолоодогч Монгол Ардын Хувьсгалт Намд ажилчид, хоршоолсон хөдөлмөрчид, хөдөлмөрч сэхээтний эгнээнээс шалгарсан хамгийн идэвхтэй, ухамсартай иргэд эвлэлдэн нэгдэнэ” гэсэн заалтаас татгалзах шийвэр гаргажээ.
Маргааш нь АИХ-ын арван нэг дэх удаагийн сонгуулийн VIII чуулган нээгдэж, МАХН-ын шийдвэрийг ёсоор болгосон түүхтэй.
Дараахан нь Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга П.Очирбат Сэлэнгэ аймгаар явахдаа сахилга дэг журам алдаж тавьтиргүйтсэн Алтангэрэл мэтийн хүмүүст хандаж “Төр төмөр нүүртэй байдаг шүү” гэж хэлсэн үг шинэ ардчилсан хүчнийхний дургүйцлийг хүргэж, сонин, хэвлэлээр шуугисан явдлаас, нөгөө талаар ардчилсан хүчнүүдээс АИХ-ын Тэргүүлэгчид, Сайд нарын Зөвлөл, МАХН-ын Төв Хороонд тулган шаардах бичиг ирүүлснийг бүрэн хүлээж аваагүйн улмаас МоАХ-ноос 1990 оны дөрөвдүгээр сард эсэргүүцлийн суулт (пикет) хийж, тулган шаардах бичиг өгсөн юм.
Уг тулган шаардах бичигт дөрвөн үндсэн асуудал тавьсан байдаг. Үүнд:
1. Ардын түр хурлыг нэн даруй байгуулах,
2. Ард түмний Онц зөвлөлийг улс төрийн хүчнүүдийн эрх тэгш оролцоотойгоор байгуулах,
3. МАХН-ын Төв Хорооны аппаратыг Засгийн газрын ордноос гаргаж, МоАХ-ны ажиллах нөхцөлийг хангах байр олгох,
4. Дээрх шаардлагыг бүрэн төгс биелүүлтэл согтууруулах ундааг худалдахыг дөрөвдүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн орон даяар зогсоох.
Шаардлагын хариуг дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн 12 цагт Сүхбаатарын талбайд цугларсан өргөн олны өмнө өгвөл зохино” гэсэн байлаа.
АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга П.Очирбат дөрөвдүгээр сарын 26-нд уг шаардах бичгийн хариуг радио, телевизээр өгсөн байна. Гэвч 27-ний өдрийн цуглаан Төрийн ордныг бүслэх маягтай болж, жаахан л дарвивал залуучууд цагдаагийн хүчтэй мөргөлдөж болох нөхцөл байдал үүссэн юм. Ийм үед МоАХ-ны зохицуулагч С.Зориг маш ухаалаг хандаж, асуудлыг зөв зохицуулсан билээ.
С.Зориг Монголын ардчилсан хөдөлгөөн олон улсын дэмжлэг авах шаардлагатай гэж үзэж байв. Ийм учраас тэрбээр ЗХУ, Унгар, БНАГУ, Чех, Польшоор явж, Москвад “Эхо планета” болон “Московские новости” сонинд ярилцлага өгч, Унгарт Унгарын чөлөөт ардчилсан нам зэрэг нам хүчний төлөөлөгчидтэй, Германд Загалмайтны ардчилсан нам, Чехэд Иргэний Чуулга хэмээх ардчилсан байгууллагынхантай, Польшид “Эв санааны нэгдэл”-ийнхэнтэй тус тус уулзжээ. Зөвлөлтийн сониныхонтой уулзахад “Ер нь зарим талаараа танай өөрчлөн байгуулалт манайхаас илүү аятайхан, эрчимтэй явагдаж байгаад сэтгэл хангалуун байна. Танайд улс төрийн тэмцэлд голцуу залуучууд оролцож байгаа явдал бидний анхаарлыг татаж байна. Манай залуучууд улс төрийн амьдралаас хол хөндий, голцуу ахимаг насны хүмүүс л шинэчлэлийн төлөө юм бодож мэрийж байна” гэж ярьж байжээ. Харин Унгарын чөлөөт демократ намынхан ардчилсан сонгууль явуулах арга барилаасаа хуваалцжээ. Польшийн “Эв санааны нэгдэл”-ийнхэн илүү зовлон бэрхшээл туулсны хувьд МоАХ-нд илүү бодитой тусална гэж амалжээ.
С.Зоригийн очсон орнуудын ардчилсан нам, байгууллагын төлөөлөгчид Монгол дахь ардчилсан хөдөлгөөнийхэнтэй эв санааны нэгдэлтэй төдийгүй дэмжин ажиллана гэдгээ илэрхийлснээр олон улсын баттай дэмжлэг авах нь тодорхой болсон юм.
1990 оны долдугаар сард болсон анхны олон намын тогтолцоотой чөлөөт ардчилсан сонгуулиар 28 настай С.Зориг чөлөөт нэр дэвшигчээр дэвшиж, Ардын Их Хурлын депутатаар сонгогдов.
БНМАУ-ын Ардын Их Хурал анхдугаар хуралдаанаараа Улсын Бага Хурлыг байгуулсан. МоАХ-аас БНМАУ-ын дэд ерөнхийлөгчид С.Зоригийн нэрийг дэвшүүлсэн бөгөөд хоёр дахь шатны санал хураалтаар АСХ-ний Гүйцэтгэх Зөвлөлийн дарга Р.Гончигдоржид тахимаа өгсөн юм. С.Зориг Монголын парламентын гүйцэтгэх хорооны даргаар сонгогдож, парламентын гадаад харилцааг өргөтгөх талаар чармайн ажиллан, шинэ Үндсэн хуулийг боловсруулан батлахад идэвх, санаачлагатай оролцсон билээ.
С.Зориг эвслийн Засгийн газар байгуулах саналыг хүлээн зөвшөөрөхгүй байв. Гэтэл эвслийн Засгийн газар байгуулж, МҮДН-аас Д.Ганболд Тэргүүн шадар сайд, МоАХ-аас Д.Дорлигжав Шадар сайд болсныг тэрбээр эрс буруушааж байв.
Улс төрийн тэмцэл гол төлөв парламентын гадна байхаа больсон шинэ нөхцөлд ажиллах арга барилаа хэрхэн сонгох талаар МоАХ байр сууриа тодорхойлох шаардлага үүссэн байна. 1991 оны зургадугаар сард хуралдсан МоАХ-ны их хурлаар Ч.Энхээ тэргүүтэй төлөөлөгчид С.Зоригийн баримталж байсан, бие даасан сөрөг хүчин байх байр суурийг ширүүн эсэргүүцэж, энэ нь МоАХ-ыг улс төрийн нам болгох гэсэн оролдлого гэж хурал хаяж гарчээ.
Хоёр сарын дараа С.Зориг Бүгд Найрамдах Нам (БНН) байгуулснаа зарлан МоАХ-ны удирдлагаас сайн дураараа огцорчээ. Улмаар тэрбээр 1992 оны хоёрдугаар сард намаа Чөлөөт хөдөлмөрийн нам, Г.Бошигтын тэргүүлсэн МоАХ-ын Иргэний ардчилсан жигүүртэй нэгтгэн, Нэгдсэн нам хэмээх улс төрийн шинэ нам байгуулж, өөрөө тэргүүлэх болсон юм.
1992 оны нэгдүгээр сарын 13-нд АИХ-ын хуралдаанаар Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг батлав. Эл хуулиар хууль тогтоох Улсын Их Хурал хэмээх нэг танхимтай парламентыг байгуулахаар зарлажээ. Шинэ Үндсэн хуулийн дагуу зарласан УИХ-ын чөлөөт ардчилсан сонгуульд С.Зоригийн нам МоАХ, МҮДН-тэй эвсэл байгуулж оролцсон боловч төдийлөн амжилт олсонгүй. Энэ сонгуульд МАХН үнэмлэхүй олонхын суудал авчээ. Харин С.Зориг намаасаа өөрөө л ганц суудал авсан юм.
С.Зориг маш шударга, хүний өөрийн гэхгүй хэлэх гэснээ хэлчихдэг хүн байв. Харин шууд хэлэхэд хувийн зохион байгуулалт төдийлөн сайнгүй нэгэн байсан гэх. Хааяа хурлаа тасалчихна, балгахаас буцахгүй. С.Зориг хэд хоног хуралд ирэхгүй байж байгаад нэг ирэхдээ үүдэн шүд нь нэмээд уначихсан, сахал нь ихэд ургасан байв. Улсын Их Хурлын гишүүн Р.Цагаанхүү гуайг үг хэлж байхад элдвээр хэлж байв. Р.Цагаанхүү гуай “Зориг, чи байж бай л даа. Дараа нь чи үгээ хэлнэ биз” гэж хэд дахин сануулав. Гэтэл С.Зориг дахиад нэлээд дайрсан, доромжилсон маягтай үг чулуудахад Р.Цагаанхүү гуай “Энэ нэг юм чинь ханзарсан орос бакаль шиг юу гээд байгаа юм” гэхэд танхим дүүрэн инээд болж, бараг инээдэггүй Н.Багабанди дарга хүртэл инээдээ барьж ядаж байсан гэдэг.
1992 оны аравдугаар сард сөрөг хүчнийхэн нэгдэж улс төрийн шинэ нам байгуулахад С.Зориг идэвхтэй оролцож, МҮАН-ын тэргүүнд өрсөлдөж, МҮАН-ын экс дарга Д.Ганболдод цөөн саналаар ялагджээ. Учир нь Улсын Их Хуралд ардчилсан шинэ хүчнийхэн намын бүлэг байгуулах төлөөлөлгүй байв. Гэлээ ч энэ үед шинэ ардчилсан хүчнийхэн цөөнхийн хяналтыг бий болгох гэж шаргуу ажиллаж байсан юм.
1996 онд Улсын Их Хурлын гишүүнийг сонгох хоёр дахь удаагийн сонгууль болов. Эл сонгуулиар С.Зориг Улсын Их Хурлын гишүүнээр дахин сонгогдов. Улсын Их Хурлын чуулганы анхдугаар хуралдаан дээр Улсын Их Хурлын гишүүн О.Дашбалбар түүнийг Улсын Их Хурлын дэд даргад нэр дэвшүүлэхэд нэрээ татаж авчээ. Харин түүнийг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар дэвшүүлэхэд татгалзаагүй юм. Тэрбээр хариуцсан чиглэлээрээ идэвх зүтгэлтэй ажиллаж байв.
С.Зориг эрх баригч “Ардчилсан холбоо” эвслийн бүлгийн нэр нөлөө бүхий зүтгэлтэн байсан бөгөөд харин Ерөнхий сайд М.Энхсайханы Засгийн газрын эдийн засгийн бодлогыг дэмждэггүй, түүнийг нэг бус удаа огцруулахыг шаардаж байв. Улмаар М.Энхсайханы Засгийн газар огцроход С.Зориг МоАХ-ын дарга Ц.Элбэгдоржийн Засгийн газарт Дэд бүтцийн хөгжлийн сайдаар томилогджээ. Ингэж “Ардчилсан холбоо” эвслийн Засгийн газар гурав дахь удаагаа огцорч, дараагийн Засгийн газар байгуулагдах завсар С.Зориг Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүргийг гүйцэтгэж байв.
Харамсалтай нь түүнийг дараагийн Ерөнхий сайд болох хүн гэж улс төрийн хүрээнд үздэг, нам эвсэл нь ч энэ талаарх саналаа гаргаад байсан үеэр буюу 1998 оны аравдугаар сарын 2-нд тэрбээр гэртээ, эхнэрийнхээ нүдэн дээр бусдын гарт хөнөөгдсөн аймшигт хэрэг явдал болсон юм.
С.Зориг бол айсуй цагийн өнгө төрхийг эхлэн мэдэрсэн Монгол дахь ардчилсан хөдөлгөөнийг оройлон манлайлагч, ардчиллын жинхэнэ алтан хараацай байсан билээ.
Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Ж.Болдбаатар
“Өнөөдөр” сонин 2020.10.02
Улс төр
Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 06 минутад гишүүдийн 52.4 хувийн ирцтэй эхэлж, Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг үргэлжлүүллээ.
Улсын Их Хурлын чуулганы 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн хуралдаанаар санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 68 гишүүний олонх дэмжив. Иймд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүллээ.
Дараа нь Цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенц соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, соёрхон батлахыг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжив. Мөн Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, соёрхон батлахыг дэмжих эсэхээр санал хураалт явуулсан. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 76 гишүүний 70 нь дэмжин, баталлаа. Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлэг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар эхэлсэн бөгөөд өнөөдрийн хуралдаанаар санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 76 гишүүний 90.8 хувь нь дээрх хуулийн төслийг соёрхон батлахыг дэмжлээ.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3-т “Улсын Их Хурал энэ хуулийн 46.1.2-т заасан хууль, тогтоолын эцсийн найруулгатай танилцаж ёсчлохыг зөвшөөрөх” гэж заасны дагуу Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон хамт баталсан хуулиудын эцсийн найруулгыг сонсов.
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Монгол Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу танилцууллаа.
Улсын Их Хурлаас 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр баталсан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгч 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр бүхэлд нь хориг тавьсныг Улсын Их Хурал 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авсан.
Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хамтарсан хуралдаанаас Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан хоригийг Улсын Их Хурал хүлээн авсантай холбогдуулан хууль, тогтоолыг хэрхэн хэлэлцэх талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан юм. Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу ажлын хэсгийг ахалж, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Д.Ганмаа, М.Нарантуяа-Нара, П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир, Х.Тэмүүжин, Г.Уянгахишиг, Б.Хэрлэн нар ажиллажээ.
Ажлын хэсэг 2 удаа хуралдаж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан “Хуралдааны дэгээр зохицуулаагүй асуудлыг хэлэлцэх журам”-ыг баримтлан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс бүхэлд нь тавьсан хоригийг Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх дэгийн тухай хуулийн төсөл боловсруулан энэ сарын 28-ны өдөр Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаанд танилцуулжээ.
Дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр, Н.Наранбаатар, Л.Мөнхбаясгалан, С.Эрдэнэбат, Ц.Идэрбат, Х.Ганхуяг, Ж.Батжаргал, Д.Ганбат, Ц.Даваасүрэн, С.Амарсайхан, Д.Батлут, З.Мэндсайхан, М.Бадамсүрэн нар асуулт асууж, хариулт авсан. Гишүүд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулан, Ерөнхийлөгч төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан тохиолдолд шийдвэрлэх зохицуулалтыг тусгах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлж, энэ талаар ажлын хэсгийн ахлагч болон Байнгын хороодын дарга нараас хариулт, тайлбарыг авсан юм. Түүнчлэн орон нутгийн төсвийн хэлэлцүүлгийн цаглавартай холбоотой тодруулгыг Сангийн сайдаас асууж, хариулт авсан.
Дараа нь Байнгын хороодын саналаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Монгол Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг эцэслэн батлахыг дэмжих санал хураалт явууллаа. Санал хураалтад Улсын Их Хурлын 81 гишүүн оролцож, 55 нь дэмжив. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулах бөгөөд Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжсэн бол эцэслэн баталсанд тооцно” гэж заасан байдаг.
Хуулийн төсөл ийнхүү батлагдаагүй учир Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.8, 90.9 дэх заалтыг баримтлан Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хороо хамтарсан хуралдаанаа хийж, холбогдох асуудлыг хэлэлцэхийг даалгав. Үүгээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Улс төр
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил оролцоо-2024” үндэсний чуулган Төрийн ордонд эхэллээ.
Чуулганаар “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, оролцоог хангах төрийн бодлого, ололт амжилт, тулгамдсан асуудал”, “Эрх зүйн орчны шинэчлэл”, “Нийгмийн оролцоог хангахад иргэний нийгмийн байгууллагын үүрэг, хариуцлага,” “Тогтвортой хөгжилд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо-Олон улсын байгууллагын дэмжлэг, хамтын ажиллагаа” зэрэг сэдвийг хэлэлцэж, зөвлөмж гаргах юм.
Мөн салбар хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн үүрэг, оролцоо, төр, хувийн хэвшил болон төр, иргэний нийгмийн байгууллагын түншлэл, хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ.
Үндэсний чуулганыг Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нээж хэлсэн үгэндээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, хөгжил, хамгаалал, оролцоо нь Ерөнхийлөгч, төр, засгийн бодлого, үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл гэдгийг тэмдэглэлээ.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжих, тэдний сайн сайхан амьдралын төлөөх аливаа бодлого, шийдвэр, санал, санаачилга, үйл ажиллагааг бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
“Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Цагаан алт”, “Эрүүл монгол хүн” болон “Хархорум хот” үндэсний хөдөлгөөнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ гэдгээ хэлэв.
Манай улсад 111 мянга гаруй иргэн хөгжлийн бэрхшээлтэй. Эдгээрийн 84 хувь буюу 93 мянга нь хөдөлмөрийн насных хэдий ч 15 мянга нь л ажил хөдөлмөр эрхэлж байна.
Иймээс төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүд тэднийг ажлын байраар хангах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх, орлого, амьжиргааг нь сайжруулах, нийгмийн хамгаалал, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх нь чухал байгааг тэмдэглэлээ.
Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүрийг баялаг бүтээгч, үйлдвэрлэгч болгохын төлөө ажиллах, санхүүжилтээ нэмэгдүүлэх, онцлогт нь тохирсон ажил, хөдөлмөрийн шинэлэг хэлбэр, үйлчилгээг өргөжүүлэх шаардлагатайг онцлов.
Орон сууцны зээлийн нөхцөлийг сайжруулах, түрээсийн, нийтийн, амины орон сууцны хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн болон ахуйн осол, гэмтлээс шалтгаалсан олдмол хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаад дүгнэлт хийж ажиллахыг Засгийн газарт чиглэл болголоо.
2017-2021 оны Засгийн газар Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв байгуулах, Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалтын үйлдвэрийг Хөдөлмөр, сургалт, хөгжлийн төв болгон өргөтгөх шийдвэр гаргаж байлаа.
Сүүлийн жилүүдэд ч тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр цөөнгүй арга хэмжээ хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг нь тодорхой хувиар нэмж, танхимын сургалт болон хөгжлийн үйлчилгээнд хамрагдах боломжгүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дэмжих үйлчилгээг хөгжүүлэх, орон нутагт Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөгжлийн төв, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвүүдийг байгуулж байна.
Улс төрийн оролцоог нь нэмэгдүүлэхэд анхаарсны дүнд УИХ-д хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлсөн хоёр гишүүн сонгогдсон. Мөн манай тамирчид Паралимпын наадмаас нэг алт, гурван мөнгөн медаль авсан нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд ахиц дэвшил, үр дүн гарч байгаагийн илрэл гэж Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ дурдлаа.
Дэлхийн улс орнууд ирэх сард тохиох “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн олон улсын өдөр”-ийг “Хүртээмжтэй, тогтвортой ирээдүйн төлөөх хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн манлайллыг нэмэгдүүлье” уриан дор тэмдэглэх юм.
Улс төр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны арванхоёрдугаар сарын 1-9-нд Саудын Арабын Хаант Улсын Эр-Рияд хотноо зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд (UNCCD COP16) оролцох үеэр Саудын Арабын Хаант Улс болон Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал тус тус хийнэ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд тус хурлын дараагийн даргалагчийн хувиар оролцож, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтлын асуудлаарх Монгол Улсын Засгийн газрын байр суурийг илэрхийлж, үндэсний түвшинд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулахын зэрэгцээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Аким Штайнер нартай тус тус уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мөн бага хурлын үеэр болох Усны дээд түвшний уулзалтад оролцож, Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират Улсад ажлын айлчлал хийх үеэр тухайн орнуудын удирдлагатай уулзаж, хоёр талын харилцааг хөгжүүлэх, эдийн засгийн агуулгаар баяжуулах, чингэхдээ хот бүтээн байгуулалт, цахим хөгжил, хиймэл оюун ухаан, төрийн үйлчилгээ зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар дэлгэрэнгүй санал солилцоно.
-
Нийгэм5 цаг өмнө
Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо
-
Нийгэм4 цаг өмнө
12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй
-
Улс төр7 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
-
Нийгэм8 цаг өмнө
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
-
Эдийн засаг7 цаг өмнө
“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо
-
Нийгэм8 цаг өмнө
Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ
-
Энтертайнмент8 цаг өмнө
“Тунгалаг тамир” роман франц хэлээр хэвлэгдлээ
-
Нийгэм7 цаг өмнө
ГССҮТ Вьетнам улсын Ханой хотын Анагаах ухааны их сургуультай хамтарч ажиллана