Улс төр
Э.Ганбат: Ажил хийе гэвэл гарц, шийдэл байж л байдаг
Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, НИТХ-ын 14-р тойрогт /СБД-ийн 1,2,3,4,5,6,7,8,9,10 дугаар хороонд / Ардчилсан намаас нэр дэвшигч Эрдэнийн Ганбаттай ярилцлаа.
-Сүхбаатар дүүргийн хувьд өнгөрсөн сонгуулиар АН ялсан цөөхөн дүүргийн нэг. Танай дүүргийнхэн нэг их улстөржөөд байдаггүй чимээгүй хийж, бүтээж чадаж байна уу гэж харагддаг?
-2016 оны орон нутгийн сонгуулийн үр дүнд манай Сүхбаатар дүүргийн иргэд АН-д итгэл үзүүлж, бид засаглаж байгаа. Сонгуулийн маргааш л бид төрийн албан хаагч болдог. Тиймээс иргэддээ үйлчилж, төрийн үйлчилгээг хурдан шуурхай хүргэж, иргэдийн дуу хоолой болж ажилладаг. Аливаа улс орны хөгжил нь нийслэл байдаг учир нийслэлийн төвийн дүүрэг нь тогтворгүй улстөржөөд байж болохгүй.
Тэр дундаа миний тухайд Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга учир дүүргийн парламентын төөлөгчидтэйгөө нам харгалзахгүй ойлголцож ажиллах ёстой. Өнгөрсөн 2012, 2016 онд тойргийн иргэд маань надад итгэл хүлээлгээд энэхүү ажлыг хийлгэж байна. Тиймээс дүүргийн иргэдийнхээ итгэлийг зүтгэлээр хариулахын тулд цаг, завгүй л ажиллаж байна даа.
-Сөрөг хүчин засаглаж байгаа гэдэг утгаараа эрх баригчдын зүгээс та бүхний ажлыг дэмжихгүй байх ч юм уу. Тийм бэрхшээл байдаг уу?
-Тийм тал бий. Бэрхшээлийг давж ажиллах хэрэгтэй л дээ. Төсвийн хүрээнд гэхэд л манай дүүрэг жил бүр нийслэлийн төсвийн 30 гаруй хувийг дангаараа төвлөрүүлдэг. Тодруулбал, 2017 онд 13.5 тэрбум төгрөг, 2018 онд 29.5 тэрбум төгрөг, 2019 онд 41.5 тэрбум төгрөгийн төвлөрүүлсэн бөгөөд 2020 онд 62.7 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр ажиллаж байна. Гэхдээ ажил хийхгүй гэвэл шалтаг мундахгүй, хийе гэвэл гарц байж л байдаг. Тиймээс бид өнгөрсөн хугацаанд шалтаг хэлээд зүгээр суугаагүй гарц хайгаад, боломжийн хэмжээнд хийж бүтээсэн. Тухайлбал, СБД-ийн ИТХ-ын анхдугаар хуралдаанаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2017-2020 онд хэрэгжүүлэх “Дэвжин дээшлэх Сүхбаатар дүүрэг” хөтөлбөрийг баталснаар Иргэдийн оролцоотой, Боловсролд ээлтэй, Амьдрахад таатай, Иргэндээ үйлчлэх, Дэвжин дээшлэх Сүхбаатар дүүрэг гэсэн таван үндсэн зорилт бүхий эдийн засаг, нийгмийн хөгжүүлэх жил бүрийн үндсэн чиглэлийг баталж , амжилттай ажилласан. Сүхбаатар дүүрэгт 2017-2020 онд дүүргийн төсвийн 53.4 тэрбум төгрөгийн санхүүжилтээр нийт 503 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэн ажилласан байна. Тухайлбал, Иргэдийнхээ аюулгүй, амар тайван, ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэхээр 2017-2020 онд 2000 гаруй гэрэлтүүлэг, 500 орчим камержуулалтын асуудлыг цогцоор шийдсэнээр гэмт хэрэг, зөрчлийн тоо эрс буурсан үзүүлэлттэй байна. Мөн боловсролын салбарт 8 тэрбум төгрөгийн 77 төсөл арга хэмжээ хэрэгжүүлсний дотроос дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 150 хүүхдийн ортой шинэ цэцэрлэг, 100 хүүхдийн ортой 143 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийг барьж байна. Түүнчлэн эрүүл мэндийн салбарт 15.6 тэрбум төгрөгийн 14 төсөл арга хэмжээг хэрэгжүүлснээс анх удаа дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 250 ортой дүүргийн нэгдсэн эмнэлгийн барилгыг шинээр барих төсвийг хэлэлцэн шийдвэрлэсэн нь 2016-2020 оны бүрэн эрхийн хугацаан дахь түүхэн шийдвэрүүдийн нэг байлаа.
-Таны ажлын тайлантай танилцаж суухад ИТХ-ын завгүй ажлын хажуугаар хүмүүнлэгийн чиглэлийн ажил нэлээд дагнаж хийсэн байна. Юунаас болоод энэ чиглэлийн үнэ төлбөргүй ажлыг хийхээр зорих болсон юм бэ?
-Намайг төрөх үед Оросын хүй хайчилдаг цахилгаан хайч их хэрэглэдэг байсан. Тухайн үед тэр цахилгаан хайчнаас болоод надтай хамт төрсөн олон хүүхэд амиа алдаж байсан. Гэтэл би золоор амьд үлдсэн байдаг. Багадаа нэлээн хөдөлгөөнтэй хүүхэд байлаа. Таван настай байхдаа зусланд байсан айлууд нүүхдээ орхиод явсан цахилгааны утаснаас бариад, өндөр хүчдэлд цохиулаад амиа алдах шахсан. Ингээд бодоход би амьд явах хувь тавилантай юм байна гэж боддог. Алтан гартай эмч нар маань надад хоёр ч удаа амьдрал бэлэглэсэн. Тиймээс ч би бусдад амьдрал бэлэглэхийг хүсдэг.
-Ямар чиглэлээр хүмүүнлэгийн ажил хийдэг юм бэ. Таныг ийм, тийм ажил хийчихлээ гээд телевизээр яриад байхыг чинь би нэг их хараагүй юм байна?
-Гэр бүлийн хүмүүжил, зөв дадал зуршил, зан чанар гээд маш олон зүйл нөлөөлдөг байх. Өнгөрсөн хугацаанд би Ротари клубын анхдагч гишүүнээс эхлээд бүсийн захирагч, клубийн Ерөнхийлөгчийг нь хүртэл хийлээ. Мөн JCI Капитал салбарын гишүүн, JCI Монгол байгууллагын оны шилдэг гишүүн болж байлаа. Мөн дүүргийн Улаан Загалмайн хорооны даргын албан тушаалыг хашиж байхдаа хийсэн бүтээсэн зүйлээрээ попрохыг урьтал болгоогүй. Тиймээс ч намайг та телевизээр нэг их хараагүй байх. Хүмүүнлэгийн олон ажил хийж байхад тухайн хүмүүсийн баярын нулимс, сэтгэлийн үгийг сонсоход сэтгэл бахдам сайхан байдаг. Би 2002 онд Солонгос улсад очоод олон сайхан хүмүүнлэгийн ажил хийдэг Олон улсын Ротари клубын Солонгос хүмүүстэй танилцсан. Тэгээд Монгол Улсдаа ирээд Туул Ротари клубыг 2004 онд үүсгэн байгуулалцаад, өнөөдрийг хүртэл олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Өнгөрсөн хугацаанд Ротари клубынхан маань 11 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар хүмүүнлэгийн ажил хийсэн байна. Эдгээр ажлаас онцолж хэлбэл, зүрхний ховдол тосгуурын цоорхойтой 314 хүүхдийг зүрхний мэс засалд оруулах төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Энэ олон хүүхдүүдэд шинэ зүрх, шинэ амьдрал бэлэглэж чадсан гэдгээрээ бахархдаг. Мөн агаар, орчны бохирдлоос болоод манай улсад ургийн гажиг буюу сэтэрхий уруултай, тагнай нь цоорхой хүүхдүүд маш олон төрж байна. Эдгээр хүүхдүүдийг мэс засалд оруулах ажлыг мөн зохион байгуулсан. Түүнчлэн шар элсний нүүдлийг зогсоох төсөл хэрэгжүүлж, Солонгос Улсын 17 дүүргээс дэмжлэг аваад 2005 онд Өмнөговь аймгийн Даланзадгад хотоос эхлээд таван аймгийн нутаг дэвсгэрт нийтдээ 230 га газар мод тарьж, хүлэмж барих, худаг гаргах, бүс нутгийн хөгжлийг сайжруулах талаар олон ажил хийсэн.
-Өнгөрсөн хугацаанд 314 хүүхдийг шинэ зүрхтэй болгож, олон хүүхдийн цоорхой тагнай, сэтэрхий уруулын мэс засалд орууллаа гэлээ. Эдгээр хүүхдүүд та бүхэнд өөрсдөө ханддаг юм уу. Эсвэл та бүхэн өөрсдөө судалж байгаад сонголтоо хийж эмчилгээнд хамруулдаг юм уу?
-Бид мэргэжлийн байгууллага буюу эмнэлгүүдтэй харилцаж, төлбөрийн чадваргүй болон эмчилгээ нэн яаралтай шаардлагатай байгаа хүүхдүүдийг сонгосон. Аль болох хүн бүрт хүрч ажиллах үүднээс Эх нялхсын Эрүү нүүрний мэс заслын н.Аянга эмч, Мэс заслын тасгийн эрхлэгч н.Болормаа эмч нартайгаа хамтраад алслагдсан аймгуудын болоод нийслэлийн хүүхдүүдээ хамруулж чадсан. Бид хүүхдүүдээ Солонгос Улс руу явуулахдаа эмч нараа чадваржуулахын тулд эмч нарын багийг хамт явуулж бэлтгэсэн. Одоо манай эмч нарын баг маань хүүхдүүдэд мэс засал хийж байна. Мэс засал хийх үед нь Сөүл эмнэлгийн Ким эмч ирж, бэлтгэсэн эмч нарынхаа чадварыг ирж харж байсан. Бэлтгэгдээд ирсэн эмч нар маань маш олон хүүхдэд амьдрал бэлэглэж байгаа мэдээг сонсоход үнэхээр таатай байдаг. Шаардлага их байгаа тул бид тун удахгүй эдгээр төслөө дахин хэрэгжүүлэхээр Солонгосын Ротаричуудтайгаа ярилцаж байгаа.
-Утаа, түгжрэл, агаарын бохирдол, хүнсний аюулгүй байдал гээд олон асуудал нүүрлэж байгаагаас болж ургийн гажиг зэрэг асуудал үүсч байгаа. Тэгвэл энэ бүх асуудлыг шийдэхийн тулд та дүүргийн болоод нийслэлийн хэмжээнд ямар ажлуудыг хийх ёстой гэж төлөвлөж байгаа вэ?
-Энэ чиглэлийн ажлыг би дүүргийн түвшинд хийгээд ирсэн л дээ. Тухайлбал,Солонгосын KTL, KICT байгууллагуудтай хамтраад Дамбадаржаад цэвэрлэх байгууламж барьж өгсөн. Өдөрт 80 айл, найман аж ахуйн нэгжийн 20 шоо метр усыг цэвэршүүлдэг цэвэрлэх байгууламжийг 2013 оноос хойш ажиллуулаад явж байна. Саарал усаар орчны тоосонцрыг бууруулахын тулд зам арчилгаанд ашиглах, мод ургамал услах, Сэлбэ голын урсацад нөлөөлөх талаар ажиллаж байгаа. Нийслэлийн хөрсний бохирдол 80 хувьд хүрчихээд байгаа. Гэр хороололтой ойр сургуулийн яг хажууд нь нүхэн жорлонгууд байдаг. Тиймээс хүүхдүүдийн өдөр тутамдаа ууж байгаа ус цэвэр аюулгүй байж чадахгүй байна. Энэ хүрээнд би Солонгосчуудтай хамтраад Сүхбаатар дүүргийн гурван сургуульд үнэ төлбөргүй ус цэвэршүүлэх төхөөрөмж тавьж өгсөн. Одоог болтол бид арчилгаа үйлчилгээг нь хариуцаад хүүхдүүдээ үнэ төлбөргүй цэвэршүүлсэн ус уулгаад явж байгаа. Нийслэлд маань утаа гэхээсээ сүүлийн үед угаарын асуудал толгойн өвчин болоод байна. Тиймээс би Солонгос Улсын байгаль орчны яамтай нь хамтраад хүнсний хаягдал тосоор ажилладаг, цаас, мод, нүүрс шатаадаггүй зуух бүтээсэн. Энэ зуухыг тавьсан айл бүтэн өвлийн турш 50 мянган төгрөгөөр өвөлжих боломжтой. Өөрөөр хэлбэл, сайжруулсан түлш чинь шуудай нь 3750 төгрөг гэж бодохоор нийтдээ 13 шуудай түлшний мөнгөөр л өвөлжих боломжтой гэсэн үг. Шингэн хог хаягдал буюу хүнсний хаягдал тос хөрсөнд шингэж олон төрлийн вирус үүсгэдэг. Тэгвэл энэхүү инновацийн бүтээгдэхүүн маань агаар, угаарын бохирдлыг бууруулахаас гадна орчны бохирдол буюу хог хаягдал, хөрсний бохирдлыг бууруулаад айл өрхийн эдийн засагт хэмнэлтийг бий болгож өгч чадаж байгаа. Энэхүү зуухыг 2018 онд бүтээгээд, сайжруулсаар одоо тав дахь загвар маань гарсан байгаа. Эхний ээлжид энэ зуухнаасаа 80 айлд үнэ төлбөргүй суурилуулсан. “Өгөөж”, “Талх чихэр” компаниуд төслийг маань дэмжээд хаягдал тосоо үнэ төлбөргүй нийлүүлж байгаа. Төсөл маань үргэлжилж л байгаа. Энэ жил 300 зуухыг иргэддээ тараана. Солонгосын байгаль орчны яамтайгаа хамтраад ирэх жил 1000 зуухыг хийхээр төлөвлөж байгаа.
-Ингэхэд та чинь ямар мэргэжилтэй хүн болоод зуух хүртэл зохион бүтээгээд байна вэ. Бид чинь шахмал түлшнийхээ зуухыг зөв, буруу гээд маргаж байхад, та бүр өөр технологийн дэвшилтэт бүтээл хийчихсэн байх юм?
-Товчхондоо Монгол арга ухаан гээд хэлчихэд болно доо. Монгол хүнд хийе, бүтээе гэвэл боломж байгаа. Заавал мөнгө, санхүү байна, байхгүй гэдэг асуудал биш. Санхүүг яагаад босгож болохгүй гэж. Иргэдийн оролцоог хангаад асуудлыг шийдэх боломж үргэлж байдаг. Манай нийслэлчүүд өдөрт 250 мянган тонн хог хаягдал үйлдвэрлэдэг. Энэ хогийг Нарангийн энгэр, Улаанчулуутын хогийн цэгт аваачаад булдаг. Тиймээс эдгээр хогийн цэгийг ангилан ялгаад, ялзмаг үүсгэх хогноос метан хий, газ гаргаад, газнаасаа эрчим хүч гаргаж ашиглах боломжтой. Би энэ асуудлыг судалж хөөцөлдөж үзсэн. Гэтэл энэ нь төр, засгийн хэмжээнд яригдах асуудал учир ажил хэрэг болгож чадаагүй. Гэхдээ би шантарч зогсоогүй. Хог хаягдлыг яаж ангилах, хэрхэн ашиглаж болох вэ гэдэг судалгаа хийж явсаар энэ хаягдал тосоор ажилладаг зуухыг бүтээсэн. Манайхан хаягдал тосоо 00 руугаа хийдэг, гэр хорооллын айлууд ч жорлон руугаа хийдэг юм билээ. Тэр халуун тос тухайн айлдаа, байрандаа бөглөрдөггүй юм гэхэд байрны гадна гараад бөглөрдөг. Тиймээс Ус суваг, цэвэрлэх байгууламжид л асуудал нь очдог гэсэн үг. Энэ мэтээр би дүүргийн хэмжээнд асуудлыг шийдэн ажиллаад ирсэн. Одоо харин нийслэлийн хэмжээнд хийж бүтээхийг хүсэж байна.
-Сүхбаатар дүүрэг төвийн дүүрэг учир хамгийн их түгжирдэг дүүрэг шүү дээ. Энэ асуудлыг яаж зохицуулах ёстой юм бэ. Шинээр зам бариад ч түгжрэлийг шийдэж чадахгүй байна?
-2017 оны байдлаар Улаанбаатар хотын авто замын сүлжээ нь нийт 858 км хатуу хучилттай авто замтай байсан. Тэгвэл энэ замыг нэмж тавих гэхээсээ бидэнд зөв бодлого л хэрэгтэй байна. Ер нь бол шууд түгжрэл гэж ярихаасаа илүүтэй эхлээд хүн амын төвлөрөл, өсөлтийн асуудлыг ярих хэрэгтэй. Өнөөдөр Улаанбаатар хотод маань байнгын оршин сууж буй болон байнга ирж, очиж байдаг иргэд нийлээд 1.7 сая хүн ам амьдарч байна гэсэн судалгаа байгаа. Тэгвэл энэ байдлаараа 2040 он хүртэл үргэлжилбэл 2.4 сая хүн Улаанбаатар хотод амьдрахаар дүр зураг харагдаж байна. Мөн сургууль, цэцэрлэгийн асуудал түгжрэлд томоохон үүрэг гүйцэтгэж байгаа. Тухайлбал, Манай Сүхбаатар дүүрэгт одоогийн байдлаар ерөнхий боловсролын сургууль гэхэд төрийн 23, төрийн бус 25, цэцэрлэгийн тухайд төрийн 38, хувийн 31 цэцэрлэг байдаг. Мөн одоогийн байдлаар 150 мянга гаруй оюутан залуус суралцаж байна.Тэгвэл эдгээр сургууль цэцэрлэг төв дүүрэгт байна гэдэг нь хүн амын нягтрал бий болоход том нөлөө үзүүлж байгаа юм. Энэ хүн амын хэт төвлөрөл чинь түгжрэлийн гол шалтгаан. Тэгвэл бид энэ мэт асуудлуудад бэлтгэлтэй байж цаашид хүн амын төвлөрөлтийг задалж чадвал 10, 20 жилийн дараа түгжрэлийг шийдэж чадна. Өөрөөр хэлбэл, 4-5 жилийн дараа нийслэлчүүд дугаарын хязгаарлалт хийхгүйгээр түгжрэхгүй явах боломжийг бид харж байгаа. Гэхдээ би энэ мэтээр нийслэлийн асуудлыг ярих гэхээр шийддэг бодлого гаргадаг хүмүүс нь биш байгаад байна. Нийслэлийн удирдлагууд л энэ асуудлыг оновчтой зөв шийдвэр гаргаж байж шийдэх асуудал л даа.
-Таныг Улаанбаатар хотын энэ мэт тулгамдсан асуудлыг шийдэх, шийдвэр гаргах түвшинд ажилахаар НИТХ-д нэр дэвшиж байгаа гэж ойлгож болох уу?
-Тэгж ойлгож болно. Дүүргийн иргэд маань надад итгэл хүлээлгэж хоёр ч удаа төлөөлөгчөөр сонгож, ажиллах хугацаандаа Сүхбаатар дүүрэгтээ олон ч төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүллээ. Дүүрэгтээ тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэж нэлээн сайн туршлагатай болсноос гадна иргэд маань миний хийсэн бүтээснийг дэмждэг. Тиймээс олж авсан туршлагадаа тулгуурлан нийслэлд хуримтлагдсан асуудлуудыг шийдвэрлэхэд дорвитой хувь нэмэр оруулж чадна гэдэгтээ итгэлтэй байна.
Улс төр
Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 06 минутад гишүүдийн 52.4 хувийн ирцтэй эхэлж, Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг үргэлжлүүллээ.
Улсын Их Хурлын чуулганы 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн хуралдаанаар санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 68 гишүүний олонх дэмжив. Иймд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүллээ.
Дараа нь Цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенц соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, соёрхон батлахыг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжив. Мөн Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, соёрхон батлахыг дэмжих эсэхээр санал хураалт явуулсан. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 76 гишүүний 70 нь дэмжин, баталлаа. Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлэг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар эхэлсэн бөгөөд өнөөдрийн хуралдаанаар санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 76 гишүүний 90.8 хувь нь дээрх хуулийн төслийг соёрхон батлахыг дэмжлээ.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3-т “Улсын Их Хурал энэ хуулийн 46.1.2-т заасан хууль, тогтоолын эцсийн найруулгатай танилцаж ёсчлохыг зөвшөөрөх” гэж заасны дагуу Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон хамт баталсан хуулиудын эцсийн найруулгыг сонсов.
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Монгол Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу танилцууллаа.
Улсын Их Хурлаас 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр баталсан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгч 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр бүхэлд нь хориг тавьсныг Улсын Их Хурал 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авсан.
Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хамтарсан хуралдаанаас Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан хоригийг Улсын Их Хурал хүлээн авсантай холбогдуулан хууль, тогтоолыг хэрхэн хэлэлцэх талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан юм. Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу ажлын хэсгийг ахалж, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Д.Ганмаа, М.Нарантуяа-Нара, П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир, Х.Тэмүүжин, Г.Уянгахишиг, Б.Хэрлэн нар ажиллажээ.
Ажлын хэсэг 2 удаа хуралдаж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан “Хуралдааны дэгээр зохицуулаагүй асуудлыг хэлэлцэх журам”-ыг баримтлан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс бүхэлд нь тавьсан хоригийг Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх дэгийн тухай хуулийн төсөл боловсруулан энэ сарын 28-ны өдөр Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаанд танилцуулжээ.
Дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр, Н.Наранбаатар, Л.Мөнхбаясгалан, С.Эрдэнэбат, Ц.Идэрбат, Х.Ганхуяг, Ж.Батжаргал, Д.Ганбат, Ц.Даваасүрэн, С.Амарсайхан, Д.Батлут, З.Мэндсайхан, М.Бадамсүрэн нар асуулт асууж, хариулт авсан. Гишүүд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулан, Ерөнхийлөгч төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан тохиолдолд шийдвэрлэх зохицуулалтыг тусгах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлж, энэ талаар ажлын хэсгийн ахлагч болон Байнгын хороодын дарга нараас хариулт, тайлбарыг авсан юм. Түүнчлэн орон нутгийн төсвийн хэлэлцүүлгийн цаглавартай холбоотой тодруулгыг Сангийн сайдаас асууж, хариулт авсан.
Дараа нь Байнгын хороодын саналаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Монгол Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг эцэслэн батлахыг дэмжих санал хураалт явууллаа. Санал хураалтад Улсын Их Хурлын 81 гишүүн оролцож, 55 нь дэмжив. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулах бөгөөд Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжсэн бол эцэслэн баталсанд тооцно” гэж заасан байдаг.
Хуулийн төсөл ийнхүү батлагдаагүй учир Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.8, 90.9 дэх заалтыг баримтлан Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хороо хамтарсан хуралдаанаа хийж, холбогдох асуудлыг хэлэлцэхийг даалгав. Үүгээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Улс төр
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил оролцоо-2024” үндэсний чуулган Төрийн ордонд эхэллээ.
Чуулганаар “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, оролцоог хангах төрийн бодлого, ололт амжилт, тулгамдсан асуудал”, “Эрх зүйн орчны шинэчлэл”, “Нийгмийн оролцоог хангахад иргэний нийгмийн байгууллагын үүрэг, хариуцлага,” “Тогтвортой хөгжилд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо-Олон улсын байгууллагын дэмжлэг, хамтын ажиллагаа” зэрэг сэдвийг хэлэлцэж, зөвлөмж гаргах юм.
Мөн салбар хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн үүрэг, оролцоо, төр, хувийн хэвшил болон төр, иргэний нийгмийн байгууллагын түншлэл, хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ.
Үндэсний чуулганыг Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нээж хэлсэн үгэндээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, хөгжил, хамгаалал, оролцоо нь Ерөнхийлөгч, төр, засгийн бодлого, үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл гэдгийг тэмдэглэлээ.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжих, тэдний сайн сайхан амьдралын төлөөх аливаа бодлого, шийдвэр, санал, санаачилга, үйл ажиллагааг бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
“Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Цагаан алт”, “Эрүүл монгол хүн” болон “Хархорум хот” үндэсний хөдөлгөөнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ гэдгээ хэлэв.
Манай улсад 111 мянга гаруй иргэн хөгжлийн бэрхшээлтэй. Эдгээрийн 84 хувь буюу 93 мянга нь хөдөлмөрийн насных хэдий ч 15 мянга нь л ажил хөдөлмөр эрхэлж байна.
Иймээс төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүд тэднийг ажлын байраар хангах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх, орлого, амьжиргааг нь сайжруулах, нийгмийн хамгаалал, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх нь чухал байгааг тэмдэглэлээ.
Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүрийг баялаг бүтээгч, үйлдвэрлэгч болгохын төлөө ажиллах, санхүүжилтээ нэмэгдүүлэх, онцлогт нь тохирсон ажил, хөдөлмөрийн шинэлэг хэлбэр, үйлчилгээг өргөжүүлэх шаардлагатайг онцлов.
Орон сууцны зээлийн нөхцөлийг сайжруулах, түрээсийн, нийтийн, амины орон сууцны хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн болон ахуйн осол, гэмтлээс шалтгаалсан олдмол хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаад дүгнэлт хийж ажиллахыг Засгийн газарт чиглэл болголоо.
2017-2021 оны Засгийн газар Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв байгуулах, Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалтын үйлдвэрийг Хөдөлмөр, сургалт, хөгжлийн төв болгон өргөтгөх шийдвэр гаргаж байлаа.
Сүүлийн жилүүдэд ч тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр цөөнгүй арга хэмжээ хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг нь тодорхой хувиар нэмж, танхимын сургалт болон хөгжлийн үйлчилгээнд хамрагдах боломжгүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дэмжих үйлчилгээг хөгжүүлэх, орон нутагт Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөгжлийн төв, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвүүдийг байгуулж байна.
Улс төрийн оролцоог нь нэмэгдүүлэхэд анхаарсны дүнд УИХ-д хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлсөн хоёр гишүүн сонгогдсон. Мөн манай тамирчид Паралимпын наадмаас нэг алт, гурван мөнгөн медаль авсан нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд ахиц дэвшил, үр дүн гарч байгаагийн илрэл гэж Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ дурдлаа.
Дэлхийн улс орнууд ирэх сард тохиох “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн олон улсын өдөр”-ийг “Хүртээмжтэй, тогтвортой ирээдүйн төлөөх хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн манлайллыг нэмэгдүүлье” уриан дор тэмдэглэх юм.
Улс төр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны арванхоёрдугаар сарын 1-9-нд Саудын Арабын Хаант Улсын Эр-Рияд хотноо зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд (UNCCD COP16) оролцох үеэр Саудын Арабын Хаант Улс болон Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал тус тус хийнэ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд тус хурлын дараагийн даргалагчийн хувиар оролцож, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтлын асуудлаарх Монгол Улсын Засгийн газрын байр суурийг илэрхийлж, үндэсний түвшинд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулахын зэрэгцээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Аким Штайнер нартай тус тус уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мөн бага хурлын үеэр болох Усны дээд түвшний уулзалтад оролцож, Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират Улсад ажлын айлчлал хийх үеэр тухайн орнуудын удирдлагатай уулзаж, хоёр талын харилцааг хөгжүүлэх, эдийн засгийн агуулгаар баяжуулах, чингэхдээ хот бүтээн байгуулалт, цахим хөгжил, хиймэл оюун ухаан, төрийн үйлчилгээ зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар дэлгэрэнгүй санал солилцоно.
-
Нийгэм6 цаг өмнө
Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо
-
Нийгэм5 цаг өмнө
12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй
-
Улс төр8 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
-
Нийгэм9 цаг өмнө
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
-
Эдийн засаг8 цаг өмнө
“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо
-
Нийгэм9 цаг өмнө
Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ
-
Улс төр5 цаг өмнө
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ
-
Энтертайнмент8 цаг өмнө
“Тунгалаг тамир” роман франц хэлээр хэвлэгдлээ