Улс төр
Гурван улсын Эдийн засгийн коридорыг хөгжүүлэх төсөл амь орлоо
Дөрвөн жил хагасын өмнө Монгол, Орос, Хятадын төрийн тэргүүн нарын гурав дахь уулзалтын үеэр баталсан гурван улсын Эдийн засгийн коридорыг хөгжүүлэх ажил одоо л хэрэгжих шат руугаа орж байна.
Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гаригт буюу 2020 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр Монгол, Орос, Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хэрэгжилтийг урагшлуулах Хамтарсан ажлын хэсгийн дарга нарын (дэд сайдын түвшний) анхдугаар уулзалт цахимаар зохион байгууллаа.
Монголын талын төлөөлөгчдийг Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин, ОХУ-ын талыг Эдийн засгийн хөгжлийн орлогч сайд П.В.Засельский, БНХАУ-ын талыг Хөгжил, шинэчлэлийн хорооны орлогч дарга Нин Жиже нар тус тус ахалсан байна.
Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар Монгол, Орос, Хятад гурван улсын төрийн тэргүүн нарын уулзалтыг 2014, 2015, 2016 онд ШХАБ-ын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтын үеэр зохион байгуулсан. Хөрш гурван улсын төрийн тэргүүн нарын уулзалтын хамгийн гол үр дүнгийн нэг нь Гурван улсын Эдийн засгийн коридорыг хөгжүүлэх хөтөлбөрийг 2016 онд Ташкент хотноо баталсан явдал юм. Маш их хүчин чармайлт, зүтгэл, харилцан зөвшилцлийн дүнд нийтдээ 32 төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр талууд харилцан тохиролцсон боловч өнөөг хүртэл бодитой ажил болсон үгүй байсан билээ.
Өнгөрсөн долоо хоногт болсон Ажлын хэсгийн дарга нарын уулзалтаар талууд тэргүүлэх ач холбогдол бүхий төслүүдийг урагшлуулах, түүний дотор Монгол, Орос, Хятадын Эдийн засгийн коридорын Төмөр замын төв коридорыг шинэчлэн хөгжүүлэх техник, эдийн засгийн үндэслэлийн ажлыг эхлүүлэх тухай Хамтарсан мэдэгдэл, Төмөр замын төв коридорыг шинэчлэн хөгжүүлэх техник, эдийн засгийн үндэслэлийн Ажлын төлөвлөгөөний төслийг эцэслэн тохиролцож, гурван улсын Төрийн тэргүүн нарын ээлжит уулзалтын үеэр гарын үсэг зурахаар тохиролцлоо.
2016 онд баталсан 32 төсөл хөтөлбөр нь дэд бүтэц, зам тээвэр, эрчим хүч, аж үйлдвэр, хил гааль, шинжлэх ухаан технологи, хөдөө аж ахуй зэрэг есөн салбарыг хамарч байгаа юм. Энэхүү 32 төслийг хэрэгжүүлсэнээр Монгол улс бүс нутгийн эдийн засгийн интеграцид өөрийн гэсэн байр суурийг эзлэх боломжтой болох учиртай. 32 төслийг харилцан тохиролцон батлах процесс багагүй цаг хугацаа, харилцан зөвшилцөл шаардсаныг тухайн үед Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан Л.Пүрэвсүрэн Ташкент хотноо сэтгүүлчдэд мэдэгдэж байсан. Ялангуяа БНХАУ-ын зүгээс маш олон (190 гаруй) төсөл хөтөлбөрийг санал болгож байсан бөгөөд эдгээрээс Монголын талд ашигтай гэж үзсэн 32-ыг сонгох зам тийм ч амар байгаагүй юм.
Эдийн засгийн коридорыг хөгжүүлэх 32 төслийн хамгийн их жин дарж байгаа нь тээврийн дэд бүтцийн төслүүд бөгөөд нийтдээ 13 хөтөлбөр багтсан. Өнгөрсөн долоо хоногт гурван тал төмөр замын төслүүдийг юун түрүүн урагшлуулахаар санал нэгдсэн байна.
“Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрийн баримт бичигт дурдсанаар хамтын ажиллагааны чиглэлүүд нь нэгд, Тээврийн дэд бүтцийн харилцан уялдаа бүхий хөгжлийг дэмжих, хоёрт, Хилийн боомтуудыг хөгжүүлэх, гаалийн болон хорио цээрийн хяналтыг боловсронгуй болгох, гуравт, Аж үйлдвэр болон хөрөнгө оруулалтын салбарт хамтын ажиллагааг бэхжүүлэх, дөрөвт, Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, тавд, хүмүүнлэгийн солилцоо, хамтын ажиллагааг өргөжүүлэх, зургаад, Хүрээлэн буй орчныг хамгалах, экологийн салбар дахь хамтын ажиллагааг бэхжүүлэх, долоод, Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оршино. Хөтөлбөрийн хэрэгжилтийг Монголын талаас Гадаад хэргийн яам, БНХАУ-ын талаас хөгжил, шинэтгэлийн хороо, ОХУ-ын талаас Эдийн засгийн хөгжлийн яам хариуцах юм.
“Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэхээр тохиролцсонтөсөл, хөтөлбөрийг эргэн сануулахад,
Тээврийн дэд бүтцийн чиглэлээр:
1.Төмөр замын Төв коридор (Улаан Үд-Наушки-Сүхбаатар-Улаанбаатар-Замын Үүд-Эрээн-Улаанцав-Жанчхүү-Бээжин-Тяньжин)-ыг иж бүрэн шинэчлэн хөгжүүлэх, хос зам барих, цахилгаанжуулах эдийн засгийн үндэслэлийг судлах,
2.Төмөр замын Хойд коридор (Курангино-Кызыл-Цагаантолгой-Арц суурь-Овоот-Эрдэнэт-Салхит-Замын Үүд-Эрээн-Улаанцав-Жанчхүү-Бээжин-Тяньжин)-ын төслийг судалж, эдийн засгийн үндэслэлтэй тохиолдолд хэрэгжүүлж эхлэх,
3.Төмөр замын Баруун коридор (Курангино-Кызыл-Цагаантолгой-Арц суурь-Ховд-Такашикэн-Хами муж- Цонжийн хотон үндэстний өөртөө засах тойрог-Өрөмч)-ын төслийг судалж, эдийн засгийн үндэслэлтэй тохиолдолд хэрэгжүүлж эхлэх,
4.Төмөр замын Зүүн коридор (Борзя-Соловьевск-Эрээнцав-Чойбалсан-Хөөт-Бичигт-Шилийн гол (Зүүн хатавч)-Улаанхад-Чаоян-Жиньжоу/Паньзинь)-ын төслийг судалж, эдийн засгийн үндэслэлтэй тохиолдолд хэрэгжүүлж эхлэх,
5.”Түмэн голын тээврийн коридор” (“Далайн эрэг-2) (Чойбалсан-Сүмбэр-Рашаан-Улаанхот-Чанчунь-Яньзи-Хуньцүнь-Зарубино)-ыг төслийг судалж, эдийн засгийн үндэслэлтэй тохиолдолд хэрэгжүүлж эхлэх,
6.Төмөр замын тээврийн “Далайн эрэг-1” коридор (Чойбалсан-Сүмбэр-Рашаан-Манжуур-Цицихар-харбин-Муданьзян-Суйфэньхө- Владивосток-Находка)-ыг төслийг судалж, эдийн засгийн үндэслэлтэй тохиолдолд хэрэгжүүлж эхлэх,
7.Москва-Бээжин чиглэлийн өндөр хурдны төмөр замын шугамыг Монгол улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих хэтийн боломжийг судлах,
8.Гурван талын ложистикийн компани байгуулах асуудлаар хамтарсан яриа хэлэлцээ өрнүүлэх,
9.Азийн автозамын сүлжээний АН-3 (Улаан Үд-Хиагт/Алтанбулаг-Дархан-Улаанбаатар-Сайншанд-Замын Үүд/Эрээн-Бээжингийн гаднах тойрог-Тяньжин) чиглэлийг дамжин өнгөрөх тээвэрлэлтэд идэвхтэй ашиглах, тус чиглэлд хурдны автозам барих эдийн засгийн үндэслэлийг судлах,
10.Азийн автозамын сүлжээний АН-3 (Новосибирьск-Барнаул-Горно Алтайск-Ташанта/Улаан байшинт-Ховд-Ярантай/Такашикэн-Өрөмч-Каши-Хонкираф) чиглэлийг бүтээн байгуулж дамжин өнгөрөх тээвэрлэлтэд идэвхтэй ашиглах,
11.Автозамын Зүүн коридор (Борзя-Соловьевск-Эрээнцав-Чойбалсан-Баруун Урт-Бичигт-Зүүн хатавч-Си-Уджимчин-Ци-Улаанхад/Шилийн гол-Чаоянь/Чэндэ-Жиньжоу/Паньзинь/Тяньжин чиглэлд)-ын төслийг судалж, эдийн засгийн үндэслэлтэй тохиолдолд хэрэгжүүлж эхлэх,
12.Азийн авто замын сүлжээгээр олон улсын авто тээвэр гүйцэтгэх тухай Монгол улс, ОХУ, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулж, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх /АНДЭЗНК/,
13.Харилцаа холбооны дэд бүтцийг байгуулах ажлыг илүү идэвхжүүлж, Улаан Үд-Хиагт/Алтанбулаг-Дархан-Улаанбаатар-Сайншанд-Замын Үүд/Эрээн-Улаанцав-Бээжин-Тяньжин чиглэлийн дамжин өнгөрөх тээврийн коридоруудын технологийн үйл ажиллагааг удирдах, аюулгүй байдлыг хангах талбарыг байгуулах,
Аж үйлдвэрийн салбарын чиглэлээр:
14.Монгол, Орос, Хятадын Эдийн засгийн коридорын тэргүүний жишиг бүсийг байгуулах ажлыг эрчимжүүлж, гурван улсын хоорондын үйлдвэрлэлийн хамтын ажиллагааны кластерийг байгуулах боломжийг судлах,
15.Хейлунжин муж (БНХАУ), ОХУ-ын холбогдох субъект, Өвөр Монголын Өөртөө засах орон (БНХАУ), Монгол улсын хооронд эдийн засгийн хамтын ажиллагааны жишиг бүс байгуулах үндэслэлийг судлах,
Хилийн боомтыг шинэчлэх чиглэлээр:
16.ОХУ-ын төмөр замын Забайкальск, авто замын Пограничный, Краскино, Монд хилийн боомтыг сэргээн засварлах, БНХАУ-ын Манжуур, Суйфэньхэ, Хунчунь, Эрээний хилийн боомтыг шинэчлэх, Монгол улсын төмөр зам, авто замын боомтуудыг шинэчлэх, бүтээн байгуулах,
Эрчим хүчний чиглэлээр:
17.Монгол, Оросын цахилгаан эрчим хүчний сүлжээг шинэчлэхэд Хятадын аж ахуйн нэгжүүд оролцох боломжийг судлах,
Худалдаа, гааль, мэргэжлийн хяналт шалгалт, хорио цээрийн чиглэлээр:
18.2015 оны долдугаар сарын 9-ний өдөр байгуулсан Монгол, Орос, Хятадын хилийн боомтын хөгжлийн салбарт хамтран ажиллах тухай Ерөнхий хэлэлцээр болон Монгол улс, ОХУ, БНХАУ-ын гаалийн албад хооронд Гурван улсын хоорондын худалдааны хөгжлийг дэмжих таатай нөхцөл бүрдүүлэх талаар хамтран ажиллах тухай Санамж бичгийг хэрэгжүүлэх,
19.Зарим нэр төрлийн бараанд хийсэн гаалийн хяналтын үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол улсын Гааль, татварын ерөнхий газар, ОХУ-ын Холбооны Гаалийн алба, БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар хоорондын хэлэлцээр байгуулахыг дэмжиж, хэрэгжүүлэх,
20.”Бүс, зам” санаачилгын хүрээнд Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын салбар дахь хамтын ажиллагааны тухай Монгол, Орос, Хятадын 2015 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдрийн Хамтарсан мэдэгдлийг хэрэгжүүлж, хүнсний бүтээгдэхүүний хил дамнасан худалдааны хяналтын хамтын ажиллагааг бэхжүүлэн, худалдааны нөхцөлийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх,
21.Монгол улс, ОХУ-ын эрх бүхий байгууллагууд болон БНХАУ-ын Чанарын хяналт, шалгалт, хорио цээрийн ерөнхий газрын хоорондын хамтын ажиллагааны Ерөнхий хэлэлцээрүүдэд гарын үсэг зурахад дэмжлэг үзүүлэх, үүнд: хилээр нэвтрэх /орж, гарах/ амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүний хорио цээрийн салбар дахь хамтын ажиллагааг бэхжүүлэх, хил дамнасан мал, ургамлын гоц халдварт өвчин, хортой биологийн тархалтаас урьдчилан сэргийлэх, мал, ургамлын гаралтай бүтээгдэхүүний худалдааны аюулгүй байдлыг хангах,
Хүрээлэн буй орчныг хамгаалах болон экологийн чиглэлээр:
22.Байгалийн тусгай хамгаалалттай газар нутгийн чиглэлээр гурван талын харилцан ашигтай хамтын ажиллагааг хангах практик хамтын ажиллагааг эрчимжүүлэх, холбогдох харилцаа холбоог бэхжүүлэх, зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулах, Монгол, Орос, Хятадын хамтарсан “Дагуурын дархан цаазат газар”-ын үйл ажиллагааны хүрээнд харилцан ашигтай хамтын ажиллагааг идэвхжүүлэх,
23.Монгол, Орос, Хятадын хил дамнасан экологийн коридоруудыг байгуулах, зэрлэг ургамал болон амьтны аймаг, ус, намгархаг газартай холбогдох эрдэм шинжилгээний хайгуул, хяналт шинжилгээ хийж, зэрлэг ан амьтан, ургамал, нүүдлийн шувуудыг хамгаалах салбар дахь хамтын ажиллагааг бэхжүүлэх,
24.Хүрээлэн буй орчныг хамгаалах болон экологийн салбарт хамтарсан удирдлагын болон мэдээлэл солилцох тогтолцоог бий болгох боломжийг судлах, түүнчлэн байгаль орчныг хамгаалах сэдвээр семинар зохион байгуулах,
Шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны чиглэлээр:
25.Гурван улсын шинжлэх ухаан, техникийн парк, инновацийн талбар хоорондын, мөн түүнчлэн эрдэм шинжилгээний болон боловсролын байгууллагуудын хооронд тээвэр, хүрээлэн буй орчныг хамгаалах болон байгалийн нөөцийн зүй зохистой ашиглалт, амьдрахуйн шинжлэх ухаан, мэдээлэл, харилцаа холбооны технологи, нано систем ба материал, эрчим хүч, эрчим хүчийг хэмнэх ба хог хаягдлыг бууруулах, хөдөө аж ахуйн шинжлэх ухаан, аж үйлдвэрийн шинэ технологи, байгалийн болон технологийн гаралтай гамшгийн зэрэг салбарт хамтын ажиллагааг бэхжүүлэх,
26.Талуудын шинжлэх ухаан, технологийн хөгжлийн тухай мэдээллийн солилцоог урагшлуулж, эрдэм шинжилгээний ажилтнуудыг солилцох, дадлагажуулахад дэмжлэг үзүүлэх,
27.Сурагчдын харилцан солилцоо болон оюутнуудыг гадаадад харилцан суралцуулах хүрээг өргөжүүлэх, боловсролын байгууллагуудын нөөц бололцоонд тулгуурлан залуучуудын боловсролын солилцоог урагшлуулах,
Хүмүүнлэгийн хамтын ажиллагааны чиглэлээр:
28.Хил дамнасан бүс нутаг хоорондын аялал жуулчлалын чиглэлүүдийг хөгжүүлэх, тухайлбал, Монголын Хөвсгөл нуур, ОХУ-ын Байгаль нуур, БНХАУ-ын Хөлөнбуйр нуурыг оруулсан “Их нууруудын гурвалжин”, мөн түүнчлэн Монгол-Орос-Хятадын аялал жуулчлалын тойргийг бий болгох,
29.Монгол-Орос-Хятадын аялал жуулчлалын “Цайны их зам” брэндийг бий болгох,
30.Гурван улсын киноны арилжаа солилцоог урагшлуулах, хамтарсан кино үйлдвэрлэлийг хөгжүүлэх,
Хөдөө аж ахуйн чиглэлээр:
31.Хамтран ажиллах эрмэлзлэлийн тухай Монгол улсын Мал эмнэлэг, үржлийн газар, ОХУ-ын Мал эмнэлэг, ургамал, хорио цээрийн хяналтын Холбооны алба болон БНХАУ-ын Мал эмнэлгийн алба хоорондын 2015 оны есдүгээр сарын 12-ны өдрийн Протоколыг хэрэгжүүлэх,
Анагаах ухааны чиглэлээр:
32.Анагаах ухаан болон эрүүл мэндийг хамгаалах олон улсын семинар хамтран зохион байгуулах, хүн амын эрүүл мэндийг хамгаалах салбарт хамтын ажиллагааг хэрэгжүүлэх.
Улс төр
Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 06 минутад гишүүдийн 52.4 хувийн ирцтэй эхэлж, Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг үргэлжлүүллээ.
Улсын Их Хурлын чуулганы 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн хуралдаанаар санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 68 гишүүний олонх дэмжив. Иймд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүллээ.
Дараа нь Цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенц соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, соёрхон батлахыг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжив. Мөн Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, соёрхон батлахыг дэмжих эсэхээр санал хураалт явуулсан. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 76 гишүүний 70 нь дэмжин, баталлаа. Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлэг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар эхэлсэн бөгөөд өнөөдрийн хуралдаанаар санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 76 гишүүний 90.8 хувь нь дээрх хуулийн төслийг соёрхон батлахыг дэмжлээ.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3-т “Улсын Их Хурал энэ хуулийн 46.1.2-т заасан хууль, тогтоолын эцсийн найруулгатай танилцаж ёсчлохыг зөвшөөрөх” гэж заасны дагуу Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон хамт баталсан хуулиудын эцсийн найруулгыг сонсов.
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Монгол Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу танилцууллаа.
Улсын Их Хурлаас 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр баталсан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгч 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр бүхэлд нь хориг тавьсныг Улсын Их Хурал 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авсан.
Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хамтарсан хуралдаанаас Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан хоригийг Улсын Их Хурал хүлээн авсантай холбогдуулан хууль, тогтоолыг хэрхэн хэлэлцэх талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан юм. Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу ажлын хэсгийг ахалж, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Д.Ганмаа, М.Нарантуяа-Нара, П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир, Х.Тэмүүжин, Г.Уянгахишиг, Б.Хэрлэн нар ажиллажээ.
Ажлын хэсэг 2 удаа хуралдаж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан “Хуралдааны дэгээр зохицуулаагүй асуудлыг хэлэлцэх журам”-ыг баримтлан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс бүхэлд нь тавьсан хоригийг Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх дэгийн тухай хуулийн төсөл боловсруулан энэ сарын 28-ны өдөр Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаанд танилцуулжээ.
Дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр, Н.Наранбаатар, Л.Мөнхбаясгалан, С.Эрдэнэбат, Ц.Идэрбат, Х.Ганхуяг, Ж.Батжаргал, Д.Ганбат, Ц.Даваасүрэн, С.Амарсайхан, Д.Батлут, З.Мэндсайхан, М.Бадамсүрэн нар асуулт асууж, хариулт авсан. Гишүүд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулан, Ерөнхийлөгч төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан тохиолдолд шийдвэрлэх зохицуулалтыг тусгах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлж, энэ талаар ажлын хэсгийн ахлагч болон Байнгын хороодын дарга нараас хариулт, тайлбарыг авсан юм. Түүнчлэн орон нутгийн төсвийн хэлэлцүүлгийн цаглавартай холбоотой тодруулгыг Сангийн сайдаас асууж, хариулт авсан.
Дараа нь Байнгын хороодын саналаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Монгол Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг эцэслэн батлахыг дэмжих санал хураалт явууллаа. Санал хураалтад Улсын Их Хурлын 81 гишүүн оролцож, 55 нь дэмжив. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулах бөгөөд Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжсэн бол эцэслэн баталсанд тооцно” гэж заасан байдаг.
Хуулийн төсөл ийнхүү батлагдаагүй учир Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.8, 90.9 дэх заалтыг баримтлан Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хороо хамтарсан хуралдаанаа хийж, холбогдох асуудлыг хэлэлцэхийг даалгав. Үүгээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Улс төр
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил оролцоо-2024” үндэсний чуулган Төрийн ордонд эхэллээ.
Чуулганаар “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, оролцоог хангах төрийн бодлого, ололт амжилт, тулгамдсан асуудал”, “Эрх зүйн орчны шинэчлэл”, “Нийгмийн оролцоог хангахад иргэний нийгмийн байгууллагын үүрэг, хариуцлага,” “Тогтвортой хөгжилд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо-Олон улсын байгууллагын дэмжлэг, хамтын ажиллагаа” зэрэг сэдвийг хэлэлцэж, зөвлөмж гаргах юм.
Мөн салбар хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн үүрэг, оролцоо, төр, хувийн хэвшил болон төр, иргэний нийгмийн байгууллагын түншлэл, хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ.
Үндэсний чуулганыг Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нээж хэлсэн үгэндээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, хөгжил, хамгаалал, оролцоо нь Ерөнхийлөгч, төр, засгийн бодлого, үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл гэдгийг тэмдэглэлээ.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжих, тэдний сайн сайхан амьдралын төлөөх аливаа бодлого, шийдвэр, санал, санаачилга, үйл ажиллагааг бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
“Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Цагаан алт”, “Эрүүл монгол хүн” болон “Хархорум хот” үндэсний хөдөлгөөнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ гэдгээ хэлэв.
Манай улсад 111 мянга гаруй иргэн хөгжлийн бэрхшээлтэй. Эдгээрийн 84 хувь буюу 93 мянга нь хөдөлмөрийн насных хэдий ч 15 мянга нь л ажил хөдөлмөр эрхэлж байна.
Иймээс төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүд тэднийг ажлын байраар хангах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх, орлого, амьжиргааг нь сайжруулах, нийгмийн хамгаалал, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх нь чухал байгааг тэмдэглэлээ.
Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүрийг баялаг бүтээгч, үйлдвэрлэгч болгохын төлөө ажиллах, санхүүжилтээ нэмэгдүүлэх, онцлогт нь тохирсон ажил, хөдөлмөрийн шинэлэг хэлбэр, үйлчилгээг өргөжүүлэх шаардлагатайг онцлов.
Орон сууцны зээлийн нөхцөлийг сайжруулах, түрээсийн, нийтийн, амины орон сууцны хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн болон ахуйн осол, гэмтлээс шалтгаалсан олдмол хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаад дүгнэлт хийж ажиллахыг Засгийн газарт чиглэл болголоо.
2017-2021 оны Засгийн газар Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв байгуулах, Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалтын үйлдвэрийг Хөдөлмөр, сургалт, хөгжлийн төв болгон өргөтгөх шийдвэр гаргаж байлаа.
Сүүлийн жилүүдэд ч тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр цөөнгүй арга хэмжээ хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг нь тодорхой хувиар нэмж, танхимын сургалт болон хөгжлийн үйлчилгээнд хамрагдах боломжгүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дэмжих үйлчилгээг хөгжүүлэх, орон нутагт Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөгжлийн төв, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвүүдийг байгуулж байна.
Улс төрийн оролцоог нь нэмэгдүүлэхэд анхаарсны дүнд УИХ-д хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлсөн хоёр гишүүн сонгогдсон. Мөн манай тамирчид Паралимпын наадмаас нэг алт, гурван мөнгөн медаль авсан нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд ахиц дэвшил, үр дүн гарч байгаагийн илрэл гэж Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ дурдлаа.
Дэлхийн улс орнууд ирэх сард тохиох “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн олон улсын өдөр”-ийг “Хүртээмжтэй, тогтвортой ирээдүйн төлөөх хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн манлайллыг нэмэгдүүлье” уриан дор тэмдэглэх юм.
Улс төр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны арванхоёрдугаар сарын 1-9-нд Саудын Арабын Хаант Улсын Эр-Рияд хотноо зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд (UNCCD COP16) оролцох үеэр Саудын Арабын Хаант Улс болон Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал тус тус хийнэ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд тус хурлын дараагийн даргалагчийн хувиар оролцож, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтлын асуудлаарх Монгол Улсын Засгийн газрын байр суурийг илэрхийлж, үндэсний түвшинд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулахын зэрэгцээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Аким Штайнер нартай тус тус уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мөн бага хурлын үеэр болох Усны дээд түвшний уулзалтад оролцож, Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират Улсад ажлын айлчлал хийх үеэр тухайн орнуудын удирдлагатай уулзаж, хоёр талын харилцааг хөгжүүлэх, эдийн засгийн агуулгаар баяжуулах, чингэхдээ хот бүтээн байгуулалт, цахим хөгжил, хиймэл оюун ухаан, төрийн үйлчилгээ зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар дэлгэрэнгүй санал солилцоно.
-
Нийгэм9 цаг өмнө
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
-
Нийгэм14 цаг өмнө
Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо
-
Нийгэм13 цаг өмнө
12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй
-
Улс төр16 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
-
Нийгэм17 цаг өмнө
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
-
Нийгэм11 цаг өмнө
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
-
Эдийн засаг16 цаг өмнө
“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо
-
Улс төр13 цаг өмнө
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ