Улс төр
Лидерүүд нь зугтаж, лойдорууд нь цогшсон АН
Г.Гэрлээ
Амралтын өдрүүдэд нам жимдүүхэн хуралдсан АН-ын их хурал улс төрийн хүрээнийхний анхаарлын татаж байсан ч иргэдэд хахь хамаагүй мэт байсан нь эгэл жирийн гишүүдийнх нь сэтгэлд нийцсэнгүй. Ардчиллыг өмчилсөн мэт авирладаг 1990 оны цэл залуу хөвгүүд, өнөө цагийн 50 гаруй настнууд болох буурал үстэй,багагүй гүзээтэй, төр улсыг товхинуулсанаа гайхуулдаг Ардчиллын хараацай мараацайнууд нь хүртэл нэг л нам жим энэ хурал үнэндээ ёслоод өнгөрсөн.
Иддэгээ, идээд, уудгаа уучихсан, авахаа аваад, аль хэдийнэ баяжчихсан Ардчиллынханд бол 30 жилийн босгон дээр хуралдсан энэ их хурал тийм үнэ хүндгүй байв уу, нам бүү хэл нэр дотроо ч багтахаа байсан хагарал нь тэднийг нэгтгэх чадамжгүй их хурал хуралдуулахад хүргэв үү гэдэг даанч ойлгомжгүй байсаар дуусчихав.
Уг нь амралтын өдрүүдэд зарлагдсан энэ их хурлаас олон чухал зүйлийг харж чадах байв. Үгүй ядаж л ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд АН хэрхэн оролцох чадамжтай байгааг харж болохоор байв. Харамсалтай нь АН гэсэн малгайтай шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг ашиг сонирхлоо нэгдүгээрт тавьсан ардчиллын нэр баригсад намд тулгарсан зовлонд дуусгах биш удам дэвэргэхээр цугларсан мэт байсан нь гутамшиг.
АН-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Туваан намын түр удирдлагын хувьд ҮБХ-оо хуралдуулж, их хурлаа зохион байгуулсан. Ингээд уг хурлаар намын даргаа бүх гишүүдийн хурлаар сонгодог дүрмийг өөрчилж, ҮБХ, Их хурал гэсэн хоёр шатлалтай сонгох асуудлыг хэлэлцүүлэн дэмжүүлсэн. Харин хуучин дарга С.Эрдэнэд энэ байдал таалагдсангүй. Дургүй нь хүрсэн тэрбээр, хэвлэлд өгсөн ярилцлагадаа, Ц.Тувааныг дүрмийн бус зүйл хийж байгаа учраас түүний гаргасан шийдвэрүүдий хүчингүй хэмээн мэдэгдэж, Улсын бүртгэл дээр АН-ын дарга С.Эрдэнэ хэвээрээ байгаа шүү хэмээн сануулах, заналхийлэхийн завсар өндөлзөв. Тэр бүү хэл Ц.Тувааныг АН-ын даргаас чөлөөлсөн А49 хэмээх тушаал гаргаж, их хурлын үеэр нийт гишүүддээ танилцуулав.
Ийм нэгэн дуулиан шуугианыг Д.Сосорбарам улам өрдөв. Тэрбээр “Би АН-ын хуралд оролцоогүй, Х.Баттулгын гарт орсноор АН сүйрч байна” гэсэн бол намын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Туваан “бүх зүйл дүрийн дагуу явагдаж байгаа” хэмээн тайлбарлав. “УИХ-д манай нам олонхи болж чадаагүй, Тиймээс дүрмийнхээ дагуу намын удирдлага болох намын дарга нар, ерөнхий нарийн бичгийн дарга бүрэн бүрэлдэхүүнээр огцордог. Харин дараагийн намын даргыг сонгогдох хүртэл аль нэг дэд дарга нь үүрэг гүйцэтгэх ёстой. Энэ дагуу би ажиллаж байна. Үүнийг дүрмийн бус гэж хэлэх өрөөсгөл” хэмээн тайлбарласан.
Харин АН-ын их хурал гишүүдийнхээ хүлээж байсан үр дүнд даанч хүрсэнгүй. Гишүүд хоёр талд маргалдсаар өөх ч биш булчирхай ч биш бөөн хэрүүл хийсэн хоёр хоног өнгөрч, намын тамга хэний гарт байгаа, эрх мэдэл хаана гацсан нь тодорхойгүй өнгөрлөө. Харин үнэхээр намын тамга С.Эрдэнийн гарт байгаа бол амралтын хоёр өдөр үргэлжилсэн намын их хурал ямар ч үр дүнгүй, тэр бүү хэл дүрмийн бус байж таарлаа гэсэн үг.
Ингээд намын хурал үндсэн агуулгаасаа төөрсөөр өндөрлөв. Харин ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгууль болдогоороо болох нь ойлгомжтой. Тэр үед АН ямархуу саналтай, хэнийг нэр дэвшүүлэх нь ойлгомжгүй байгаа нь харамсалтай. Эрх баригч намын хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд гурван удаа дараалж, өвдөг шороодсон гашуун түүхтэй, ирэх сонгуулийг угтаж буй. Мэдээж, айдас бий, бас илт унаж байгаа намын нэр хүнд, өнөөдрийг хүртэл ард түмний “хүсэмжит” улс төрчгүй байгаа зэргээс үүдэж айдас маш их бий энэ үед сөрөг хүчний хүчтэй бодлого даанч хийцгүйрч байгаа нь харамсалтай.
Улс төрчдийн рейтинг тогтоодог судалгааны байгууллагуудаас гаргаж байгаа дүнгээр Монголын тэргүүлэгч улс төрчөөр нэгдүгээр У.Хүрэлсүх, аман хүзүүнд Х.Баттулга явж байгаа гэдэг. Энэ утгаараа 100 жилийн ой нь болж буй МАН-ын хувьд ирэх гуравдугаар сард ойгоо тэмдэглэж, нэг сумаар олон туулай буудах зорилго тавьж буй. Харин АН-ын хувьд УИХ-ын сонгуульд хоёронтоо өвдөг шороодсон учир шороотой бөх ууртай байх ёстой ч өвөр зуурын дайндаа өөрсдийгөө нядлаад өндийж чадахгүй сөрөг намынхаа бахыг хангаж буй нь гачлан. Лидер ч үгүй лойдор ч үгүй болсон энэ намын хувьд цогшсон итгэлээ мөн л хаа нэгтээ гээчихсэн нь гамшиг илт анзаарагдаж байгаа завсрын цаг үеийг туулах гэж залуучууд нь хүч тарамдан самгардаж байх шиг.
АН-ын дотоод талцал, маргаанаа шийдвэрлэж чадахгүй байсаар Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож мэдэх байдал үүсээд байгаа нь өнгөрсөн амралтын өдрүүдэд хуралдсан намын их хурлын нөхцөл байдлаас харагдаж байгаа. Энэ чигээрээ явсаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэгдэж чадахгүй оролцвол үр дүн гэж огт харагдахгүй нь ойлгомжтой. Нөгөөтэйгүүр намын лидерт тооцогддог нөхдөөс намаасаа гарсан, намын үйл ажиллагаанд нөлөө бүхий улс төрчид нь оролцохоо больсон. Одоо байгаа залуусаа дэмжихгүй, нөгөөдүүл нь хүлээн зөвшөөрөгдөж чадахгүй ийм нөхцөлд үнэндээ энэ нам 30 жилийн түүхэндээ хамгийн доод шатандаа хүртэл унав. Шударга бусын хонгил ярьсаар өөрсдөө шургалсан, шударга ёс ярьсаар өөрсдөө мөн шударга бус аашилсан энэ цаг үед эрх баригч намыг үл ялах аваас сөрөг хүчин буюу АН дахин сэргэхэд маш хүнд нөхцөлд цаашид хэдэн жил тарчлахыг өнөөдөр хэн ч таашгүй юм. Бод, бод, бодын шийрийг дөрөв гээд гацах биш, гарц, орц олж гацаанаасаа гарч, илүү шуналтай эрх баригчдад зогсоол гаргаж өг…
Улс төр
Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 06 минутад гишүүдийн 52.4 хувийн ирцтэй эхэлж, Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг үргэлжлүүллээ.
Улсын Их Хурлын чуулганы 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн хуралдаанаар санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 68 гишүүний олонх дэмжив. Иймд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүллээ.
Дараа нь Цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенц соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, соёрхон батлахыг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжив. Мөн Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, соёрхон батлахыг дэмжих эсэхээр санал хураалт явуулсан. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 76 гишүүний 70 нь дэмжин, баталлаа. Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлэг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар эхэлсэн бөгөөд өнөөдрийн хуралдаанаар санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 76 гишүүний 90.8 хувь нь дээрх хуулийн төслийг соёрхон батлахыг дэмжлээ.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3-т “Улсын Их Хурал энэ хуулийн 46.1.2-т заасан хууль, тогтоолын эцсийн найруулгатай танилцаж ёсчлохыг зөвшөөрөх” гэж заасны дагуу Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон хамт баталсан хуулиудын эцсийн найруулгыг сонсов.
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Монгол Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу танилцууллаа.
Улсын Их Хурлаас 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр баталсан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгч 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр бүхэлд нь хориг тавьсныг Улсын Их Хурал 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авсан.
Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хамтарсан хуралдаанаас Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан хоригийг Улсын Их Хурал хүлээн авсантай холбогдуулан хууль, тогтоолыг хэрхэн хэлэлцэх талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан юм. Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу ажлын хэсгийг ахалж, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Д.Ганмаа, М.Нарантуяа-Нара, П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир, Х.Тэмүүжин, Г.Уянгахишиг, Б.Хэрлэн нар ажиллажээ.
Ажлын хэсэг 2 удаа хуралдаж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан “Хуралдааны дэгээр зохицуулаагүй асуудлыг хэлэлцэх журам”-ыг баримтлан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс бүхэлд нь тавьсан хоригийг Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх дэгийн тухай хуулийн төсөл боловсруулан энэ сарын 28-ны өдөр Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаанд танилцуулжээ.
Дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр, Н.Наранбаатар, Л.Мөнхбаясгалан, С.Эрдэнэбат, Ц.Идэрбат, Х.Ганхуяг, Ж.Батжаргал, Д.Ганбат, Ц.Даваасүрэн, С.Амарсайхан, Д.Батлут, З.Мэндсайхан, М.Бадамсүрэн нар асуулт асууж, хариулт авсан. Гишүүд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулан, Ерөнхийлөгч төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан тохиолдолд шийдвэрлэх зохицуулалтыг тусгах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлж, энэ талаар ажлын хэсгийн ахлагч болон Байнгын хороодын дарга нараас хариулт, тайлбарыг авсан юм. Түүнчлэн орон нутгийн төсвийн хэлэлцүүлгийн цаглавартай холбоотой тодруулгыг Сангийн сайдаас асууж, хариулт авсан.
Дараа нь Байнгын хороодын саналаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Монгол Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг эцэслэн батлахыг дэмжих санал хураалт явууллаа. Санал хураалтад Улсын Их Хурлын 81 гишүүн оролцож, 55 нь дэмжив. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулах бөгөөд Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжсэн бол эцэслэн баталсанд тооцно” гэж заасан байдаг.
Хуулийн төсөл ийнхүү батлагдаагүй учир Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.8, 90.9 дэх заалтыг баримтлан Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хороо хамтарсан хуралдаанаа хийж, холбогдох асуудлыг хэлэлцэхийг даалгав. Үүгээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Улс төр
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил оролцоо-2024” үндэсний чуулган Төрийн ордонд эхэллээ.
Чуулганаар “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, оролцоог хангах төрийн бодлого, ололт амжилт, тулгамдсан асуудал”, “Эрх зүйн орчны шинэчлэл”, “Нийгмийн оролцоог хангахад иргэний нийгмийн байгууллагын үүрэг, хариуцлага,” “Тогтвортой хөгжилд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо-Олон улсын байгууллагын дэмжлэг, хамтын ажиллагаа” зэрэг сэдвийг хэлэлцэж, зөвлөмж гаргах юм.
Мөн салбар хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн үүрэг, оролцоо, төр, хувийн хэвшил болон төр, иргэний нийгмийн байгууллагын түншлэл, хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ.
Үндэсний чуулганыг Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нээж хэлсэн үгэндээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, хөгжил, хамгаалал, оролцоо нь Ерөнхийлөгч, төр, засгийн бодлого, үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл гэдгийг тэмдэглэлээ.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжих, тэдний сайн сайхан амьдралын төлөөх аливаа бодлого, шийдвэр, санал, санаачилга, үйл ажиллагааг бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
“Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Цагаан алт”, “Эрүүл монгол хүн” болон “Хархорум хот” үндэсний хөдөлгөөнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ гэдгээ хэлэв.
Манай улсад 111 мянга гаруй иргэн хөгжлийн бэрхшээлтэй. Эдгээрийн 84 хувь буюу 93 мянга нь хөдөлмөрийн насных хэдий ч 15 мянга нь л ажил хөдөлмөр эрхэлж байна.
Иймээс төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүд тэднийг ажлын байраар хангах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх, орлого, амьжиргааг нь сайжруулах, нийгмийн хамгаалал, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх нь чухал байгааг тэмдэглэлээ.
Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүрийг баялаг бүтээгч, үйлдвэрлэгч болгохын төлөө ажиллах, санхүүжилтээ нэмэгдүүлэх, онцлогт нь тохирсон ажил, хөдөлмөрийн шинэлэг хэлбэр, үйлчилгээг өргөжүүлэх шаардлагатайг онцлов.
Орон сууцны зээлийн нөхцөлийг сайжруулах, түрээсийн, нийтийн, амины орон сууцны хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн болон ахуйн осол, гэмтлээс шалтгаалсан олдмол хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаад дүгнэлт хийж ажиллахыг Засгийн газарт чиглэл болголоо.
2017-2021 оны Засгийн газар Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв байгуулах, Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалтын үйлдвэрийг Хөдөлмөр, сургалт, хөгжлийн төв болгон өргөтгөх шийдвэр гаргаж байлаа.
Сүүлийн жилүүдэд ч тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр цөөнгүй арга хэмжээ хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг нь тодорхой хувиар нэмж, танхимын сургалт болон хөгжлийн үйлчилгээнд хамрагдах боломжгүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дэмжих үйлчилгээг хөгжүүлэх, орон нутагт Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөгжлийн төв, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвүүдийг байгуулж байна.
Улс төрийн оролцоог нь нэмэгдүүлэхэд анхаарсны дүнд УИХ-д хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлсөн хоёр гишүүн сонгогдсон. Мөн манай тамирчид Паралимпын наадмаас нэг алт, гурван мөнгөн медаль авсан нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд ахиц дэвшил, үр дүн гарч байгаагийн илрэл гэж Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ дурдлаа.
Дэлхийн улс орнууд ирэх сард тохиох “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн олон улсын өдөр”-ийг “Хүртээмжтэй, тогтвортой ирээдүйн төлөөх хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн манлайллыг нэмэгдүүлье” уриан дор тэмдэглэх юм.
Улс төр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны арванхоёрдугаар сарын 1-9-нд Саудын Арабын Хаант Улсын Эр-Рияд хотноо зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд (UNCCD COP16) оролцох үеэр Саудын Арабын Хаант Улс болон Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал тус тус хийнэ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд тус хурлын дараагийн даргалагчийн хувиар оролцож, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтлын асуудлаарх Монгол Улсын Засгийн газрын байр суурийг илэрхийлж, үндэсний түвшинд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулахын зэрэгцээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Аким Штайнер нартай тус тус уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мөн бага хурлын үеэр болох Усны дээд түвшний уулзалтад оролцож, Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират Улсад ажлын айлчлал хийх үеэр тухайн орнуудын удирдлагатай уулзаж, хоёр талын харилцааг хөгжүүлэх, эдийн засгийн агуулгаар баяжуулах, чингэхдээ хот бүтээн байгуулалт, цахим хөгжил, хиймэл оюун ухаан, төрийн үйлчилгээ зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар дэлгэрэнгүй санал солилцоно.
-
Нийгэм11 цаг өмнө
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
-
Нийгэм17 цаг өмнө
Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо
-
Нийгэм16 цаг өмнө
12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй
-
Улс төр18 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
-
Нийгэм19 цаг өмнө
Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ
-
Нийгэм19 цаг өмнө
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
-
Нийгэм13 цаг өмнө
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
-
Эдийн засаг19 цаг өмнө
“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо