Улс төр
Шүүхийн тухай хуулийн төсөл эхнийхээ давааг хэрхэн туулав?
УИХ-ын чуулганы баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар Шүүхийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооны ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудтай холбогдуулан асуулт асууж тодруулсан гишүүдийн асуултад Байнгын хорооны дарга болон ажлын хэсгийн гишүүд хариулт өгч, саналын үндэслэлээ тайлбарласан юм. Ингээд хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналуудаар үргэлжлүүлэн санал хураалт явуулж шийдвэрлэв. Тухайлбал, “Шүүхийн сахилгын хороо” гэсэн хуулийн төслийн 100 дугаар зүйлийг дараах агуулгаар өөрчлөн найруулахыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 76.4 хувь нь дэмжив. Үүнд, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл оногдуулах чиг үүрэг бүхий биө даасан байгууллага болох Шүүхийн сахилгын хороо /цаашид “Сахилгын хороо” гэх/ ажиллах бөгөөд улсын хэмжээнд нэг байна.
Сахилгын хороо орон тооны есөн гишүүнээс бүрдэх бөгөөд Сахилгын хорооны бүрэлдэхүүнд орох шүүгч гишүүн нь шүүгчээр 10-аас доошгүй жил ажилласан, сахилгын шийтгэлгүй, бусад гишүүн нь хууль зүйн өндөр мэргэшилтэй, эрх зүйч мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан, төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрээгүй, сүүлийн таван жил шүүгч, улс төрийн албан тушаал болон улс төрийн намын удирдах албан тушаал эрхэлж байгаагүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй Монгол Улсын иргэн байна. Сахилгын хорооны бүрэлдэхүүнд хяналтын шатны шүүхээс нэг, давж заалдах шатны шүүхээс хоёр, анхан шатны шүүхээс нэг шүүгчийг Нийт шүүгчийн чуулганаас нууц санал хураалтаар сонгож, Сахилгын хорооны бүрэлдэхүүнд орох бусад таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр Улсын Их Хурал томилох бөгөөд эдгээр гишүүн шүүгчээр ажиллаж байгаагүй иргэн байх, Сахилгын хорооны гишүүний бүрэн эрхийн хугацаа зургаан жил байх бөгөөд зөвхөн нэг удаа сонгогдож, томилогдоно гэж зохицуулахаар болов.
Мөн Сахилгын хорооны шүүгч гишүүнд нэр дэвшүүлэх, сонгох ажиллагаанд хараат бус, нээлттэй, ил тод байдлыг хангах болон үүссэн асуудлыг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай дэгийг Нийт шүүгчийн чуулганаар батлах, харин Сахилгын хорооны шүүгч биш гишүүнийг сонгон шалгаруулж, томилох ажиллагаанд хараат бус, нээлттэй, ил тод байдлыг хангах журмыг Байнгын хороо энэ хуульд нийцүүлэн батлахаар тогтов. Түүнчлэн Сахилгын хорооны бүрэлдэхүүнд Ерөнхий зөвлөлийн гишүүн, шүүхийн захиргааны байгууллагын ажилтан, өмгөөлөгч, прокурор, төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн болон сүүлийн таван жилд улс төрийн албан тушаал болон улс төрийн намын удирдах албан тушаал эрхэлж байсан иргэн орохыг хориглох нь зүйтэй гэж үзэв.
Сахилгын хорооны даргыг гишүүд дотроосоо нэг жилийн хугацаагаар олонхын саналаар нууц санал хураалтаар зөвхөн нэг удаа сонгох бөгөөд Сахилгын хорооны даргын сул орон тоо гарснаас хойш 14 хоногийн дотор даргыг сонгоно. Сахилгын хороо бүрэн эрхийнхээ хүрээнд өргөдөл, мэдээлэл, гомдол, эсэргүүцэл, сахилгын хэргийг дангаар болон хамтын зарчмаар хянан хэлэлцэж, илээр санал хурааж, шийдвэрээ олонхын саналаар гаргана гэж зохицуулахаар тогтов. Мөн Сахилгын хорооны үйл ажиллагааны үндсэн хэлбэр хуралдаан байх бөгөөд хорооны гишүүдийн гуравны хоёр нь бүрдсэнээр түүнийг бүрэн эрхээ хэрэгжүүлэх бүрэлдэхүүнтэйд тооцох, Сахилгын хороо ажлын албатай байх бөгөөд бүтэц, орон тоо, үйл ажиллагааг зохицуулах дүрэмтэй байх, Сахилгын хороо бие даасан төсөвтэй байх бөгөөд чиг үүргээ хэрэгжүүлэх, үйл ажиллагаагаа тасралтгүй явуулах нөхцөлийг төр хангахаар зохицуулахыг дэмжлээ.
Түүнчлэн “Сахилгын хорооны гишүүн, даргын бүрэн эрх” гэсэн төслийн 102 дугаар зүйл, “Сахилгын хорооны дарга, гишүүний үүрэг, хориглох зүйл” гэсэн 103 дугаар зүйл, “Сахилгын хорооны гишүүнийг огцруулах, сахилгын бусад шийтгэл оногдуулах” гэсэн 104 дүгээр зүйл, “Шүүгчид холбогдох сахилгын хэргийг хянан шийдвэрлэх ерөнхий нөхцөл” гэсэн 105 дугаар зүйл, “Өргөдөл, мэдээлэл гаргах, хүлээн авах, хуваарилах” гэсэн 107 дугаар зүйлийг тус тус өөрчлөн найруулах саналууд дэмжигдэв.
Хуулийн төсөлд “Шинжээчийн дүгнэлт”, “Тэмдэглэл” гэсэн 112, 113 дугаар зүйл нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 79.1 хувийн саналаар дэмжив. Ингэснээр “Тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд илтгэгч гишүүн өөрийн санаачилгаар, эсхүл сахилгын хэргийн оролцогчийн хүсэлтээр шинжээч томилж болно. Шинжээч шинжилгээ хийж дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтална” гэсэн агуулгатай 112 дугаар зүйлийг төсөлд нэмэхээр болов.
Мөн “Сахилгын хорооны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх тохиолдолд хуралдааны тэмдэглэл үйлдэнэ. Хуралдааны тэмдэглэлийг ажлын алба хөтөлж, хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж байгаа гишүүн албажуулна. Тэмдэглэлд ямар ажиллагаагхэн, хэзээ, хаана явуулсан, эхэлсэн, дууссан цаг, ажиллагаанд оролцсон болон байлцсан хун нэг бүрийн ургийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, ажиллагааны дараалал, явц, илэрсэн нөхцөл байдлыг бичнэ. Тэмдэглэлийг уг ажиллагаа явуулахад оролцсон болон байлцсан хүнд танилцуулах бөгөөд тэмдэглэлд засвар оруулахаар санал гаргах эрхтэйг тайлбарлана.” гэсэн агуулгатай 113 дугаар зүйлийг нэмж зохицуулахаар тогтов.
Түүнчлэн төслийн 113 дугаар зүйлийг “Шүүгчийн сахилгын хэргийн бүртгэл, тайлан болон шийдвэрийн ил тод байдал” гэсэн 120 дугаар зүйл болгож, өөрчлөн найруулахаар тогтов. Уг санал дэмжигдсэнээр Сахилгын хорооны Ажлын алба шүүгчийн сахилгын хэргийн бүртгэл хөтөлж, Сахилгын хорооны үйл ажиллагааны тайланг гаргана. Энэ хуулийн 120.1-д заасан бүртгэл, тайланд хамаарах мэдээлэл хөтлөх журамтай байх бөгөөд тайланг цахим хуудаст байршуулна. Сахилгын хорооны үйл ажиллагааны тайланг жил бүрийн эхний улиралд багтаан Улсын Их Хуралд хүргүүлнэ. Сахилгын хорооны магадлал, хяналтын тогтоол, Улсын дээд шүүхийн хяналтын шатны сахилгын хэргийн хуралдааны тогтоолыг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 21 хоногийн дотор цахим хуудаст байршуулах юм байна.
Хуулийн төслийн 114 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг “Энэ хуулийг 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэж өөрчлөн найруулах саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон 68 гишүүний 52 нь буюу 76.5 хувь нь дэмжлээ.
Дараа нь хуулийн төслийн талаарх найруулгын чанартай дөрвөн багц саналууд болон Байнгын хорооноос дэмжигдээгүй 16 саналын томьёоллоор нэгбүрчлэн санал хурааж шийдвэрлэв. Энэ үеэр зарчмын зөрүүтэй санал гаргасан гишүүд саналын үндэслэлээ тайлбарлаж үг хэлэв.
Эцэст нь уг хуулийн төсөлтэй хамт өргөн баригдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянн шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай зэрэг хууль тогтоомжийн төслүүдийн талаар ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулж шийдвэрлэлээ.
Мөн Монгол Улсын шүүхийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн талаарх саналын томьёоллуудаар санал хурааж шийдвэрлэсэн. Тухайлбал, хуулийн төслийн 1 дүгээр зүйлийг “Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 20.9-д заасан ажлын хэсэг Нийт шүүгчийн чуулганыг уг хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 120 хоногийн дотор зохион байгуулж Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүнийг сонгоно.” гэж, төслийн 8 дугаар зүйлийг “Улсын Их Хурал Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 120 хоногийн дотор Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч биш гишүүнийг сонгон шалгаруулж, томилно.” гэж тус тус өөрчлөн найруулахаар болов.
Төслийн 11 дүгээр зүйлийг “Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 47.2 дахь хэсгийн дагуу шүүгчид олгох “онцгой нөхцөлийн, төрийн албанд ажилласан хугацааны, докторын зэргийн” нэмэгдлийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн олгоно.” гэж өөрчлөн найруулах, төсөлд “Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/- ийн 49.7 дахь хэсгийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэсэн агуулгатай 12 дугаар зүйл нэмэхээр тогтлоо.
Түүнчлэн төсөлд “Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн дагуу байгуулагдах Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны 2021 оны үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгийг Засгийн газар холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэнэ” гэсэн агуулгатай 13 дугаар зүйл, “Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 75.2 дахь хэсгийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэсэн агуулгатай 14 дүгээр зүйлийг тус тус нэмэхийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив.
Ингээд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж дуусган төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
Улс төр
Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 06 минутад гишүүдийн 52.4 хувийн ирцтэй эхэлж, Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг үргэлжлүүллээ.
Улсын Их Хурлын чуулганы 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн хуралдаанаар санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 68 гишүүний олонх дэмжив. Иймд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүллээ.
Дараа нь Цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенц соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, соёрхон батлахыг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжив. Мөн Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, соёрхон батлахыг дэмжих эсэхээр санал хураалт явуулсан. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 76 гишүүний 70 нь дэмжин, баталлаа. Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлэг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар эхэлсэн бөгөөд өнөөдрийн хуралдаанаар санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 76 гишүүний 90.8 хувь нь дээрх хуулийн төслийг соёрхон батлахыг дэмжлээ.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3-т “Улсын Их Хурал энэ хуулийн 46.1.2-т заасан хууль, тогтоолын эцсийн найруулгатай танилцаж ёсчлохыг зөвшөөрөх” гэж заасны дагуу Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон хамт баталсан хуулиудын эцсийн найруулгыг сонсов.
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Монгол Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу танилцууллаа.
Улсын Их Хурлаас 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр баталсан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгч 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр бүхэлд нь хориг тавьсныг Улсын Их Хурал 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авсан.
Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хамтарсан хуралдаанаас Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан хоригийг Улсын Их Хурал хүлээн авсантай холбогдуулан хууль, тогтоолыг хэрхэн хэлэлцэх талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан юм. Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу ажлын хэсгийг ахалж, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Д.Ганмаа, М.Нарантуяа-Нара, П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир, Х.Тэмүүжин, Г.Уянгахишиг, Б.Хэрлэн нар ажиллажээ.
Ажлын хэсэг 2 удаа хуралдаж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан “Хуралдааны дэгээр зохицуулаагүй асуудлыг хэлэлцэх журам”-ыг баримтлан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс бүхэлд нь тавьсан хоригийг Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх дэгийн тухай хуулийн төсөл боловсруулан энэ сарын 28-ны өдөр Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаанд танилцуулжээ.
Дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр, Н.Наранбаатар, Л.Мөнхбаясгалан, С.Эрдэнэбат, Ц.Идэрбат, Х.Ганхуяг, Ж.Батжаргал, Д.Ганбат, Ц.Даваасүрэн, С.Амарсайхан, Д.Батлут, З.Мэндсайхан, М.Бадамсүрэн нар асуулт асууж, хариулт авсан. Гишүүд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулан, Ерөнхийлөгч төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан тохиолдолд шийдвэрлэх зохицуулалтыг тусгах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлж, энэ талаар ажлын хэсгийн ахлагч болон Байнгын хороодын дарга нараас хариулт, тайлбарыг авсан юм. Түүнчлэн орон нутгийн төсвийн хэлэлцүүлгийн цаглавартай холбоотой тодруулгыг Сангийн сайдаас асууж, хариулт авсан.
Дараа нь Байнгын хороодын саналаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Монгол Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг эцэслэн батлахыг дэмжих санал хураалт явууллаа. Санал хураалтад Улсын Их Хурлын 81 гишүүн оролцож, 55 нь дэмжив. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулах бөгөөд Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжсэн бол эцэслэн баталсанд тооцно” гэж заасан байдаг.
Хуулийн төсөл ийнхүү батлагдаагүй учир Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.8, 90.9 дэх заалтыг баримтлан Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хороо хамтарсан хуралдаанаа хийж, холбогдох асуудлыг хэлэлцэхийг даалгав. Үүгээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Улс төр
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил оролцоо-2024” үндэсний чуулган Төрийн ордонд эхэллээ.
Чуулганаар “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, оролцоог хангах төрийн бодлого, ололт амжилт, тулгамдсан асуудал”, “Эрх зүйн орчны шинэчлэл”, “Нийгмийн оролцоог хангахад иргэний нийгмийн байгууллагын үүрэг, хариуцлага,” “Тогтвортой хөгжилд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо-Олон улсын байгууллагын дэмжлэг, хамтын ажиллагаа” зэрэг сэдвийг хэлэлцэж, зөвлөмж гаргах юм.
Мөн салбар хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн үүрэг, оролцоо, төр, хувийн хэвшил болон төр, иргэний нийгмийн байгууллагын түншлэл, хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ.
Үндэсний чуулганыг Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нээж хэлсэн үгэндээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, хөгжил, хамгаалал, оролцоо нь Ерөнхийлөгч, төр, засгийн бодлого, үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл гэдгийг тэмдэглэлээ.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжих, тэдний сайн сайхан амьдралын төлөөх аливаа бодлого, шийдвэр, санал, санаачилга, үйл ажиллагааг бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
“Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Цагаан алт”, “Эрүүл монгол хүн” болон “Хархорум хот” үндэсний хөдөлгөөнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ гэдгээ хэлэв.
Манай улсад 111 мянга гаруй иргэн хөгжлийн бэрхшээлтэй. Эдгээрийн 84 хувь буюу 93 мянга нь хөдөлмөрийн насных хэдий ч 15 мянга нь л ажил хөдөлмөр эрхэлж байна.
Иймээс төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүд тэднийг ажлын байраар хангах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх, орлого, амьжиргааг нь сайжруулах, нийгмийн хамгаалал, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх нь чухал байгааг тэмдэглэлээ.
Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүрийг баялаг бүтээгч, үйлдвэрлэгч болгохын төлөө ажиллах, санхүүжилтээ нэмэгдүүлэх, онцлогт нь тохирсон ажил, хөдөлмөрийн шинэлэг хэлбэр, үйлчилгээг өргөжүүлэх шаардлагатайг онцлов.
Орон сууцны зээлийн нөхцөлийг сайжруулах, түрээсийн, нийтийн, амины орон сууцны хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн болон ахуйн осол, гэмтлээс шалтгаалсан олдмол хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаад дүгнэлт хийж ажиллахыг Засгийн газарт чиглэл болголоо.
2017-2021 оны Засгийн газар Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв байгуулах, Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалтын үйлдвэрийг Хөдөлмөр, сургалт, хөгжлийн төв болгон өргөтгөх шийдвэр гаргаж байлаа.
Сүүлийн жилүүдэд ч тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр цөөнгүй арга хэмжээ хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг нь тодорхой хувиар нэмж, танхимын сургалт болон хөгжлийн үйлчилгээнд хамрагдах боломжгүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дэмжих үйлчилгээг хөгжүүлэх, орон нутагт Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөгжлийн төв, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвүүдийг байгуулж байна.
Улс төрийн оролцоог нь нэмэгдүүлэхэд анхаарсны дүнд УИХ-д хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлсөн хоёр гишүүн сонгогдсон. Мөн манай тамирчид Паралимпын наадмаас нэг алт, гурван мөнгөн медаль авсан нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд ахиц дэвшил, үр дүн гарч байгаагийн илрэл гэж Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ дурдлаа.
Дэлхийн улс орнууд ирэх сард тохиох “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн олон улсын өдөр”-ийг “Хүртээмжтэй, тогтвортой ирээдүйн төлөөх хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн манлайллыг нэмэгдүүлье” уриан дор тэмдэглэх юм.
Улс төр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны арванхоёрдугаар сарын 1-9-нд Саудын Арабын Хаант Улсын Эр-Рияд хотноо зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд (UNCCD COP16) оролцох үеэр Саудын Арабын Хаант Улс болон Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал тус тус хийнэ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд тус хурлын дараагийн даргалагчийн хувиар оролцож, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтлын асуудлаарх Монгол Улсын Засгийн газрын байр суурийг илэрхийлж, үндэсний түвшинд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулахын зэрэгцээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Аким Штайнер нартай тус тус уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мөн бага хурлын үеэр болох Усны дээд түвшний уулзалтад оролцож, Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират Улсад ажлын айлчлал хийх үеэр тухайн орнуудын удирдлагатай уулзаж, хоёр талын харилцааг хөгжүүлэх, эдийн засгийн агуулгаар баяжуулах, чингэхдээ хот бүтээн байгуулалт, цахим хөгжил, хиймэл оюун ухаан, төрийн үйлчилгээ зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар дэлгэрэнгүй санал солилцоно.
-
Нийгэм13 цаг өмнө
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
-
Нийгэм18 цаг өмнө
Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо
-
Нийгэм17 цаг өмнө
12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй
-
Улс төр20 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
-
Нийгэм21 цаг өмнө
Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ
-
Нийгэм21 цаг өмнө
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
-
Нийгэм14 цаг өмнө
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
-
Эдийн засаг20 цаг өмнө
“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо